Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 61

 

А.Н-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: Б.Амармөрөн /онлайнаар/

Яллагдагчийн өмгөөлөгч: Э.Наранцацрал

Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/228 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч А.Н-т холбогдох 2029001160096 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн  танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

Яллагдагч А.Н нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хашаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно, мөн дүрмийн 10.14-т бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэснийг зөрчсөний улмаас Д.Б-г дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн нь яллагдагч А.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Н-т холбогдох эрүүгийн 2029001160096 1 /нэг/ хавтас бүхий эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол А.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Амармөрөн нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх хэргийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчийн өмгөөлөгч Э.Наранцацралаас гаргасан хүсэлтээр хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж, шүүгчийн 2020/ШЗ/228 дугаартай захирамжаар яллагдагч А.Н-т холбогдох эрүүгийн 2029001160096 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

-Шүүгч захирамждаа: “...Хэргийн бодит байдлыг тогтоох, нотолбол зохих байдлыг нотлохын тулд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа Б.Б болон Б.Б нарын хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй ба мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн хуулийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасныг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,4-д “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал” зэрэг нотолбол зохих байдал тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна гэжээ.

Хэрэгт цугларсан гэрч Ц.Э-н “...Тэр өдөр би гэртээ жаахан архи уучихсан байж байхад Б, Н нар хагас шил архи барьчихсан гаднаас орж ирээд бид нар хувааж уусан. Н, Б нар архи уусан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 87-р хуудас/

Гэрч Б.Г-н “...Тэр өдөр манай нөхөр Н нь А-тай хамт гэртээ ирснийхээ дараа орж ирээд хань нь хүн дайрчих шиг болох юм үгүй байлгүй дээ гэж нэг удаа хэлсэн. Тэр үед би гэрээс гарч хажуу айл руу орох гэж байсан болохоор архи уусандаа болоод тэгж байна гэж бодоод юу солиороод байгаа юм гээд гэрээсээ гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-р хуудас/

Яллагдагч А.Н-с 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр авсан “...Хишиг дэлгүүр лүү очиж би 0,75 литр багтаамжтай ерөөл архи орж аваад А-н гэрт очоод би машинаа хашаанд нь оруулаад байшингийн довжооны өмнө тавьж байрлуулаад А болон А-н ах Э, охин Д бид 4 А-н гэрт ороод бид гурав авсан архиа хувааж ууцгаасан. Тэгэхэд А жоохон архи ууж байгаад тасраад унтаад өгсөн. Би А-н ахтай хамт үлдсэн архиа хувааж уугаад дуусаж байтал А-н найз Б гэх залуу ганцаараа 0,75 литр ерөөл архи авчихсан А-н гэрт ирсэн. Тэгээд Э, Б бид 3 нөгөө архиа хувааж уугаад сууж байтал Б-н ах нь гээд нэг хүн Б-г авч явсан...” гэх мэдүүлэг,

2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...А-н гэрт очоод авч очсон архиа бид нар хувааж уусан. Тэгээд архи ууж дуусгаагүй байхад Ариунболд согтоод унтаад өгсөн. Үлдсэн хагасыг нь талийгаач бид 2 юм ярингаа хувааж уугаад дуусгасан. Тэгээд гэрээс нь гарах гэж байхад гаднаас Б нь 1 шил 0,75 литр архи, ундаа барьж орж ирсэн. Тэр архийг Б, талийгаач бид 3 хувааж уугаад сууж байхад Б-н ах нь гээд нэг хүн орж ирээд Б-г аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 120-122-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар яллагдагч А.Н-г тухайн хэрэг учрал болох үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь тогтоогдсон, хэргийн бодит байдалтай илтэд зөрсөн зүйл огт байхгүй гэж үзэж байна.

Уг хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд, шаардлагатай гэж үзвэл гэрч Б.Б, Б.Б нараас шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлэг авах зэргээр шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагааг хийж шийдвэрлэх бүрэн боломжтой байхад шүүх үндэслэлгүйгээр прокурорт буцаасан байна.

Иймд яллагдагч А.Н-т холбогдох эрүүгийн 2029001160096 дугаартай хэргийн талаарх Анхан шатны шүүхийн дүгнэлт нь дээрх байдлаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж, ял оногдуулахад нөлөөлөхгүй ба яллах дүгнэлтийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтад тал бүрээс нь бүрэн, бодитой үнэлэлт дүгнэлт өгч, яллагдагчийг гэм буруутайд тооцуулах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/228 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Б.Амармөрөн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр яллагдагч А.Н-т хууль сануулж мэдүүлэг авсан байдаг. Тухайн үед мэдүүлэг өгөхдөө талийгаач Б болон А, гэрчээр байцаалгах гээд байгаа Б нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгээ хэлдэг. Үүний дараа 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тогтоол танилцуулаад мэдүүлэг авахад тухайн хэргийн процесс болохоос өмнө хамт архи уусан гэдгээ хэлсэн байдаг. Шүүхээс нэмэлт гэрчээр байцаах шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж би үзэхгүйгээр энэ гэрчүүдийг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны гэм буруугийн болон хариуцлагын шатанд дуудан оруулах боломжтой гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс гаргасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Э.Наранцацрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: “Миний зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж шинжээчийн дүгнэлт болон энэ асуудлыг хэлэлцүүлсэн. Энэ шинжээчийн дүгнэлт гаргах хэсэг нь хэргийн товч утга дээр дүгнэлтээ гаргасан нь эргэлзээтэй харагддаг. Зам тээврийн ослын зөрчлийн материал болон А.Н-тай холбоотой 112 хуудас хэргийн материал буюу хоёр хэргийн материалыг үндэслэж дүгнэлт гаргасан нь эргэлзээтэй байна гэсэн саналыг анхан шатны шүүхэд гаргаж байсан. Яллагдагч А.Н-ын хувьд хэрэг болохоос өмнө Б болон З гэдэг хоёр хүнтэй уулзсан. Энэ хоёр хүн нь миний архи уусныг бүрэн дүүрэн нотолдог гэсэн зүйлийг ярьдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хоёр хүнийг хэрэгт гэрчээр асуугаагүй байдаг. Би энэ хоёр хүнийг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулъя гэсэн хүсэлт гаргасан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хоёр хүн байхгүй. Тиймээс энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрэн хийгдээгүй учраас хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн саналыг анхан шатны шүүхэд гаргасан. Анхан шатны шүүхээс хүсэлтийг хангаж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймээс прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөний 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бичсэн эсэргүүцлээр хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрч А.Н-ыг асуусан тэмдэглэлд /хх-68-/ “...Би А-ын ахтай хамт үлдсэн архиа хувааж уугаад дуусаж байтал А-ын найз Б гэх залуу ганцаараа 0,75 л ерөөл архи авчихсан А-ын гэрт ирсэн. Тэгээд Э, Б бид гурав нөгөө архиа хувааж ууцгаасан” гэж мэдүүлсэн байхад хавтас хэрэгт хамт байсан Б гэх хүнээс мэдүүлэг аваагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “мөрдөгч мэдүүлгийг мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд авна. Шаардлагатай бол мэдүүлгийг тухайн хүний байгаа газарт очиж авч болно” гэж заасан тул прокурорын “...гэрч Б.Б, Б.Б нараас шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлэг авах” гэсэн эсэргүүцлийн үндэслэлийг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй.

Иймд хяналтын прокурорын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хяналтын прокурор Б.Амармөрөний эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/228 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                       

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                           Х.ГЭРЭЛМАА

                                                                                                    Т.БЯМБАЖАВ