| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 135/2024/02068/И |
| Дугаар | 001/ХТ2025/00119 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2025/00119
“М” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн
2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 307/ШШ2025/00181 дүгээр шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 209/МА2025/00022 дугаар магадлалтай,
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“Э” ХХК-д холбогдох
Хамтран үүрэг гүйцэтгэгч болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“М” ХХК нь “Э” ХХК-д холбогдуулан хамтран үүрэг гүйцэтгэгч болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 307/ШШ2025/00181 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагч “Э” ХХК-ийг “И” ХХК-аас 31,972,680,401.15 төгрөгийг гаргуулж “М” ХХК-д олгуулах шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үүрэгт хамтран үүрэг гүйцэтгэгч болохыг тогтоож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Э” ХХК-ийн барьцаа нэр бүхий 10 үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангуулахыг **** газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Э” ХХК-аас 140,400 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
3.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 209/МА2025/00022 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 307/ШШ2025/00181 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хэсгийг тайлбарлахдаа “... үүрэг гүйцэтгүүлэгч нь уг үүргийн гүйцэтгэлийг нэг удаа шаардах эрхтэй ...” гэж тайлбарласан. Хэдийгээр “Э” ХХК-ийг “И” ХХК-тай хамтран үүрэг гүйцэтгэгч мөн болохыг тодорхойлж өгсөн боловч дээрх тайлбарын дагуу шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Гэтэл “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэх тодорхойлолтод хэдэн удаа шаардах эрхтэй талаар биш үүрэг гүйцэтгүүлэгчид үүргийн гүйцэтгэлийг хэнээс шаардах, сонгох эрхийн хүрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчдийн аль нэгээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардаж болох тухай тодорхойлж өгсөн зохицуулалт юм. ... магадлалд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.6-д заасныг буруу тайлбарласан бөгөөд “нэг удаа шаардах эрхтэй” гэх дүгнэлттэй эсрэг дүгнэлт хийсэн ба дээрх заалт нь тусгайлан эрх олгосон заалт юм.
4.1.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл болж байна гэсэн. Хуульд “...үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан нь “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад” гэж хязгаарлаагүй бөгөөд мөн “Э” ХХК-д холбогдох зээлийн гэрээний дагуу үүссэн хамтран гүйцэтгэх үүрэг дуусаагүй болохыг илэрхийлж байна. Мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 239 дүгээр зүйлийн 239.2, 240 дүгээр зүйлийн 240.1-д заасан үндэслэл бүрдээгүй байхад шаардах эрхээ хэрэгжүүлсэн үндэслэлээр хамтран үүрэг гүйцэтгэгчийг үүргээс чөлөөлөх, түүнд холбогдох үүргийг аливаа байдлаар дуусгавар болгох нь Иргэний хуульд нийцэхгүй байна.
4.2.Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.08-ны өдрийн 102/ШШ2021/03280 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт барьцааны гэрээний асуудлыг тусдаа шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй гэж дүгнэсэн ч давж заалдах шатны шүүх эрхгүй мэтээр тайлбарлан нэгэнт шийдвэрлэсэн асуудлыг хууль зөрчин дахин шийдвэрлэсэн байна. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.06.06-ны өдрийн 001/ШХТ2025/00599 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээв.
7.Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлийн үндэслэлээ “...2018.10.05-ны өдөр зээлдэгч “И” ХХК, хамтран зээлдэгч “Э” ХХК нартай зээлийн гэрээ байгуулан 10,000,000 ам.долларын зээлийг жилийн 9,24 хувийн хүүтэйгээр, хэсэгчлэн олгохоор байгуулсны дагуу нийт 9,825,000 ам.долларыг олгосон. Улмаар зээлдэгч болон хамтран зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 2019.12.30-ны өдөр зээлийн гэрээг шинэчлэн байгуулж, ам.долларын зээлийг төгрөгт хөрвүүлж, зээлийн үлдэгдлийг 26,856,932,250 төгрөг болгон өөрчилсөн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч “И” ХХК-аас 31,972,680,401.15 төгрөгийг гаргуулж, тус компанийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. “И” ХХК нь шүүхийн шийдвэр гарснаас хойш зээлийн өр төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй учраас хамтран хариуцагчаас хамтран үүрэг хүлээх үүргийн хүрээнд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага үүссэн. Иймд “Э” ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгч болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн шаардлага гаргаж байна” гэж тодорхойлсон.
Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, “... хамтран үүрэг гүйцэтгэгчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Манай компани нэг ч төгрөг аваагүй. “И” ХХК-ийг сонгоод маргаанаа шийдүүлсэн учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..., “Э” ХХК-ийн барьцаа гэдэг нь нөхөх үүрэг биш. Зээлийн гэрээний үүргийг шийдвэрлэсэн учир үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг хангах үндэслэлгүй” гэж маргасан.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийг “...Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгч бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.08-ны өдрийн 102/ШШ2021/03280 дугаартай шийдвэрт “...барьцааны гэрээний нэг тал болох “Э” ХХК-ийг хариуцагчаар оролцуулаагүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах боломжгүй, ...энэхүү шийдвэр нь “Э” ХХК-тай холбоотой барьцааны гэрээний маргааныг шийдвэрлэхэд саад болохгүй...” гэж дурдсан байх тул маргааны талаар хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж үзэхгүй гэж дүгнэсэн.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо: “М” ХХК нь хамтран үүрэг гүйцэтгэгчид болох “И” ХХК, “Э” ХХК-иудаас нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй болох нь харагдаж байна..., гэвч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.08-ны өдрийн 102/ШШ2021/03280 дугаартай шийдвэрээс үзвэл “М” ХХК нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу “И” ХХК-ийг хариуцагчаар татаж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ..., нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлж, зээлийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа дахин бусад хамтран үүрэг гүйцэтгэгчийг хариуцагчаар татаж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.6-д заасан “Үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч нэг этгээдэд шаардлага гаргаснаар бусад үүрэг гүйцэтгэгчдэд шаардлага гаргах эрхээ алдахгүй.” гэсэн зохицуулалтад нийцээгүй, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусад хамтран үүрэг гүйцэтгэгчийг хариуцагчаар татаж, түүнд холбогдуулан шаардлага гаргах эрхийг олгосон заалт байна..., энэ маргааны талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчсөн, улмаар Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, түүнчлэн “М” ХХК нь “И” ХХК-ийг хариуцагчаар татаж маргааныг хянан шийдвэрлэх явцад “Э” ХХК-ийг хариуцагчаар татах, түүнд холбогдуулан шаардлага гаргаагүйд тус компанийг буруутгах үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг хийжээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүх зөрүүтэй шийдвэр гаргасан” үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хэргийн оролцогч нь “М” ХХК болон “И” ХХК-ийн хоорондох маргааныг шийдвэрлэсэн буюу “Э” ХХК-д холбогдох шийдвэр гараагүй байхад давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар хүчин төгөлдөр шийдвэр гарсан гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх хэрэгт байгаа баримтад тулгуурлан хариуцагчийн үүргийг зөв тодорхойлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй боловч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тайлбарлаж, барьцааны үүргийн дарааллын талаар нэмж дүгнэлт хийх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс үзэв.
10.“М” ХХК нь 2018.10.05-ны өдөр “И” ХХК, “Э” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 ам.долларыг жилийн 9,24 хувийн хүүтэй, зээлийн эхний олголтыг хийснээс хойш 7 жилийн хугацаанд экспортод чиглэсэн гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэр барих төслийн хэрэгжилтэнд зориулж зээл олгох, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018.10.05-ны өдөр БГ-ЭИ-ТТ 2018-185, 183, 186 дугаартай барьцааны гэрээнүүд байгуулж, “И” ХХК, “Э” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан байх ба талууд зээл олголт, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тохиролцжээ. (хх 11-18, 36-39 дэх тал)
Улмаар талууд 2019.12.30-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээл 10,000,000 ам.долларыг төгрөгт хөрвүүлж 26,856,932,250 төгрөгийг жилийн 12,92 хувийн хүүтэйгээр, 2025.10.16-ны өдөр төлж дуусгахаар тохирсон байх ба 2020.03.23-ны өдөр уг зээлийн гэрээ, барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулжээ. (хх 19-34, 41-42 дахь тал)
11.“М” ХХК нь “И” ХХК-д холбогдуулан 33,788,444,479.28 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон хариуцагчийн бусад хөрөнгөөр хангуулах, барьцааны гэрээнд заагаагүй гурилын үйлдвэрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмж, хийгдсэн ажлын үр дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.08-ны өдрийн 102/ШШ2021/03280 дугаартай шийдвэрээр хариуцагч “И” ХХК-аас 31,972,680,401.15 төгрөгийг гаргуулж “М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,815,764,078.13 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “И” ХХК-ийн өмчлөлийн барьцаалсан эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, харин “Э” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээний эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. (хх 63-68 дахь тал)
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу 2022.06.28-ны өдөр 22370685 дугаартай тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгүүдийн үнэлгээ тогтоож, албадан дуудлага худалдаа явуулж байгаа боловч төлбөр авагч “М” ХХК-ийн хүсэлтээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулжээ. (хх 116-148 дахь тал)
12.Талуудын хооронд байгуулсан 2018.10.05-ны өдрийн зээлийн гэрээ, 2019.12.30-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ, 2018.10.05-ны өдрийн барьцааны гэрээнүүд, 2020.03.23-ны өдрийн барьцааны нэмэлт гэрээгээр хариуцагч “Э” ХХК үүрэг хүлээсэн байх ба эдгээр гэрээ нь хүчин төгөлдөр талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.08-ны өдрийн 102/ШШ2021/03280 дугаартай шийдвэрээр барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ барьцааны гэрээний нэг тал болох “Э” ХХК-ийг хариуцагчаар оролцуулаагүй учир түүнд холбогдох барьцааны гэрээний үүргийг шийдвэрлэх үндэслэлгүй болохоос гадна энэ шийдвэр нь “Э” ХХК-тай холбоотой барьцааны гэрээний маргаан шийдвэрлэхэд саад болохгүй талаар дүгнэсэн, иймд энэ маргааны талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болохоос гадна Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т заасан хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэжээ.
12.1.“М” ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ “... “И” ХХК нь шүүхийн шийдвэр гарснаас хойш зээлийн өр төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй учраас хамтран хариуцагчаас хамтран үүрэг хүлээх үүргийн хүрээнд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага үүссэн. Иймд “Э” ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгч болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргаж байна...” гэж тодорхойлсон бөгөөд барьцааны зүйлээс үүргийг хангуулах шаардлагын үндэслэл нь хариуцагч “Э” ХХК хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн агуулгаар тодорхойлсон байна.
Энэ утгаар анхан шатны шүүх барьцааны үүргийг зээлийн гэрээний салшгүй хэсэг гэж үзэж, шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч “Э” ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр тогтоож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.
12.2.Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019.12.30-ны өдөр ЗГ-ЭИ-З 2019-28 дугаартай Зээлийн гэрээний 3.1.12-т барьцаа хөрөнгө хэсэгт: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан 2018.10.05-ны өдрийн БГ-ЭИ-ҮХХ 2018-183 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ, 2018.10.05-ны өдрийн БГ-ЭИ-ГЭ 2018-184 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээ, 2018.10.05-ны өдрийн БГ-ЭИ-ТТ 2018-185 дугаартай Тоног төхөөрөмж барьцаалах гэрээ, 2018.10.05-ны өдрийн БГ-ЭИ-ҮХХ 2018-186 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ, 2018.10.05-ны өдрийн БГ-ЭИ-ИБХ 2018-188 дугаартай Ирээдүйд бий болох эд хөрөнгө барьцаалах гэрээ, 2019.12.30-ны өдрийн БГ-ЭИ-ГЭ 2019-129 дугаартай гэрээнд дурдсан зээлдэгч “И” ХХК, хамтран зээлдэгч “Э” ХХК-ийн хөрөнгө, хөрөнгийн эрхийг барьцаалсан байна.
Улмаар хариуцагч “Э” ХХК нь 2019.12.30-ны өдрийн ЗГ-ЭИ-З 2019-128 дугаартай Зээлийн гэрээгээр хамтран зээлдэгчээр оролцож, 2018.10.05-ны өдрийн БГ-ЭИ-ГЭ 2018-184 дугаартай Газар эзэмших эрх барьцаалах гэрээ, 2019.12.30-ны өдрийн БГ-ЭИ-ГЭ 218-184/1, 2020.03.23-ны өдрийн БГ-ЭИ-ГЭ 2018-184/2 дугаар бүхий Барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд, 2018.10.05-ны өдрийн БГ-ЭИ-ҮХХ 2018-186 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2019.12.30-ны өдрийн БГ-ЭИ-ҮХХ 2018-186/1 дугаартай Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр өөрийн эзэмшлийн ******** хаягт байрлах 24,750 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар Э-******24, НТД-******4, үйлдвэрлэлийн зориулалттай газар болон тус газар дээр орших 9 блок бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан байна. Үүнд:
-******** хаягт байрлах, 703 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******3 дугаартай, 552,300,000 төгрөгийн үнэ бүхий, гурилын үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-******** хаягт байрлах, 160 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******2 дугаартай, 111,580,000 төгрөгийн үнэ бүхий, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-******** хаягт байрлах, 30 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******43 дугаартай, 16,100,000 төгрөгийн үнэ бүхий, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-******** хаягт байрлах, 303,6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******44 дугаартай, 291,060,000 төгрөгийн үнэ бүхий, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-******** хаягт байрлах, 931 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******45 дугаартай, 508,340,000 төгрөгийн үнэ бүхий, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-******** хаягт байрлах, 274,92 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******46 дугаартай, 96,040,000 төгрөгийн үнэ бүхий, спорт заалны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-******** хаягт байрлах, 60 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******47 дугаартай, 42,000,000 төгрөгийн үнэ бүхий, подстанцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-******** хаягт байрлах, 72 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******48 дугаартай, 38,220,000 төгрөгийн үнэ бүхий, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-******** хаягт байрлах, 80 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******49 дугаартай, 3,640,000 төгрөгийн үнэ бүхий, гүний худагны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө буюу нийт 1,659,280,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, ипотекийн гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн (хх 42-50 дахь тал), гэрээ хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.4-т зааснаар барьцааны эрх нь үндсэн шаардлага, түүнтэй холбоотой бусад дагалдах эрх болон энэ хуулийн 88 дугаар зүйлд заасан үр шимд нэгэн адил хамаардаг тул хариуцагч “Э” ХХК нь барьцааны гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч бөгөөд барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д нийцжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.08-ны өдрийн 102/ШШ2021/03280 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу зээлийн үүргийг “И” ХХК биелүүлэх үүрэгтэй байна. Ийнхүү “И” ХХК-аас зээлийн үүргийг хангуулах шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул тэргүүн ээлжинд тухайн шийдвэрт заасан барьцааны зүйлээс үүргийг хангуулж, улмаар энэ шийдвэрийн дагуу “Э” ХХК-ийн өмчлөлийн барьцааны зүйлээс үүргийг хангуулах нь зохистой гэж үзэв.
Дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 209/МА2025/00022 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 307/ШШ2025/00181 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН