Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 02182

 

Т СӨХ -ны нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/01958 дугаар шийдвэртэй,

Т СӨХ-ны нэхэмжлэлтэй, Н.А-т холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний болон нотариатын зардалд 662 488 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т СӨХ  Хан-Уул дүүргийн 1, 2 дугаар хороонд байрлах 32, 33, 37, 56 дугаар байр, 2 дугаар хорооны 31 дүгээр байруудыг хамруулан үйл ажиллагаа явуулдаг. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 56 дугаар байрны 49 тоотод оршин суух, орон сууцны эзэмшигч Н.А нь сууц өмчлөгчдийн холбооны гишүүний татварыг 2015 оны 03 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны төлбөрийг төлөөгүй байна. Иймд эд хөрөнгийн засвар, үйлчилгээний төлбөрт 655 088 төгрөг, нотариатын хөлс 7 400 төгрөг, нийт 662 488 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-дахь хэсэгт зааснаар Б.А-ээс дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 662 488 төгрөг гаргуулах тухай Т СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2018.04.16-ны өдөр төлсөн 20 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Хариуцагч Н.А 2015 оны 03 дугаар сараас сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөөгүй. Т СӨХ -ны нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 03 дугаар сарын СӨХ-ны нэг сарын төлбөр болох 17 363 төгрөгийг гаргуулах хэсэг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д заасан хэсгийг зөрчсөн гэж үзэх боломжтой. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахаас татгалзаж шийдвэрлэх боломжтой байсан ба нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 03 дугаар сарын төлбөр 17 363 төгрөгийг хасч 644 795 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж огнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч “Т” Сууц өмчлөгчдийн холбоо хариуцагч Н.А-т холбогдуулан 2015 оны 03 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 655 088 төгрөг, нотариатын зардалд 7 400 төгрөг нийт 662 488 төгрөг гаргуулах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Н.АХан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 19 дүгээр хороолол АПУ-ийн 56-49 тоотын оршин суугч ба  уг орон сууц нь “Т” Сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагддаг болох нь 18/14 дугаартай гэрчилгээгээр тогтоогджээ. /хэргийн 5 дугаар тал/

Нэхэмжлэгч нь 2015 оны 03 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарыг дуустал дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 655 088 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан 2015 оны 04 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сарыг дуустал хугацаагаар тооцох нь зүйтэй.

Орон сууцны зориулалттай байшингийн сууц өмчлөгч нь заавал сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар хуульд заасны дагуу сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээнтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх, дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хариуцагч Н.А2015 оны 03 сараас 2018 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд СӨХ-ны төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж, 2015 оны 04 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны зардал 637 395 төгрөг, нотариатын зардал 7400 төгрөг нийт 644 795 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т СӨХ -д олгуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.А нь хуульд заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг гардан аваад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.  

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/01958 дугаар шийдвэрт “Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.А-ээс 644 795 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т СӨХ -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 693 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтад “үлдээсүгэй” гэснийг үлдээж, хариуцагч Н.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 19 994 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т СӨХ -д олгосугай” гэж өөрчлөлт оруулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

                                                                                                          Д.БАЙГАЛМАА