Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 112/2013/0218/з |
Дугаар | 221/МА2017/0069 |
Огноо | 2017-01-18 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2017/0069
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, гуравдагч этгээд “******* майнинг” ХХК-ийн өмгөөлөгч Н.Анхбаяр, Б.*******элийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 803 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******гийн гаргасан давж заалдах гомдлоор “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/246 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 815 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/755 дугаар захирамжийн Б.*******элд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 803 дугаар шийдвэрээр:
“Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33 дугаар зүйлийн 33.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн зарим шаардлагыг ханган, нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/246 дугаар захирамжийг хүчингүй болгож, нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 815 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 182 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/755 дугаар захирамжийн Б.*******элд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Нэг. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 815 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 61 дүгээр тогтоолд “...Хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын хурлын дүгнэлт, Улаанбаатар-Москва хотын хамтын ажиллагааны 2002 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрийг үндэслэн “Москва” орон сууцны хорооллыг анхлан барих шийдвэрийг гаргасан байдаг.
Тус хэлэлцээрт “Москва” орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэгийн барилгыг барихаар харилцан тохиролцож хэлэлцээрийг хийсэн тухай хавтаст хэрэгт Архивын газраас нотлох баримтаар ирүүлсэн байдаг.
2002 оны Улаанбаатар-Москва хотын хамтын ажиллагааны хэлэлцээр, тус оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлийн Засаг даргаас “Москва” орон сууцны хорооллын дунд 1.35 га газарт сургууль, цэцэрлэг барих “Төсөл сонгон шалгаруулах” тухай 2004 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 286 дугаар захирамж гаргасан. 2004 оны 7 дугаар сарын 10 ны өдөр нэхэмжлэгч “*******” ХХК сургууль, цэцэрлэгийн барилгын төслөөр оролцож шалгарсан. Төсөл сонгон шалгаруулалтад оролцож байсан төслийн танилцуулга, зураг төсөл, хүчин чадал зэрэг сургууль, цэцэрлэгтэй холбогдох материалыг хавтаст хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгчээс өгсөн.
Нийслэлийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” 366 дугаар захирамжаар нийслэлийн Засаг даргын 2004 оны 286 дугаар захирамжийн дагуу зарлагдсан байршлууд дээр явуулсан газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан. “*******” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Талх Чихэр” ХК-ийн зүүн талд сургууль, цэцэрлэгийн зориулалтаар 1.35 га газрыг олгосон.
Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий архитектор М.Цэлмэг /Газрын алба, Өмчийн харилцааны газар, Хөрөнгө оруулалтын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар/ 2004 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1 дүгээр мэдэгдлээр “...“*******” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Талх Чихэр” ХК-ийн зүүн талд сургууль, цэцэрлэгийн зориулалтаар 1.35 га газрыг олгосон” болохыг мэдэгдсэн.
Эдгээр Улаанбаатар-Москва хотын хамтын ажиллагааны хэлэлцээр, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжууд, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий архитектор /Газрын алба, Өмчийн харилцааны газар, Хөрөнгө оруулалтын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар/-ын мэдэгдэл тус тус нотлох баримтаар хэрэгт авагдсан.
Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...төсөл сонгон шалгаруулалт явагдсаныг нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмших эрх олгосон гэсэн хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн байдаг.
Нийслэлийн Архивын газрын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04/62 дугаар албан бичигт “...“*******” ХХК-тай холбогдох төсөл сонгон шалгаруулалт явагдсан ...баримт хадгалагдаагүй болно” гэснээс харахад бидний тодруулахыг хүссэн баримтууд хадгалагдаагүй байна гэсэн агуулгыг илэрхийлсэн байх бөгөөд энэ нь төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй гэдгийг нотлох баримт болохгүй. Төсөл сонгон шалгаруулалт явагдсан тухай нотлох баримтууд төрийн захиргааны байгууллага буюу хариуцагчид, эсхүл түүний харьяа архивын байгууллагад хадгалагдах ёстой бөгөөд ийнхүү хадгалаагүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй.
Мөн төсөл сонгон шалгаруулалтад оролцсон дээрх нотлох баримтууд хавтаст хэрэгт байсаар байтал шүүх нийслэлийн Архивын газрын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04/62 дугаар албан бичигт “...баримт хадгалагдаагүй болно” гэснийг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Илтгэх хуудаст “...тухайн үеийн Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Газрын албанаас 2004 оны 6 дугаар сард зарлагдсан сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга барих сонгон шалгаруулалтад “*******” ХХК шалгарч нийслэлийн Засаг даргын 2004 оны 366 дугаар захирамжаар 1.35 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх эрх олгосон” талаар дүгнэсэн, мөн гэрчийн мэдүүлгээр нотолсон байна.
2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Үүргийн биелэлтийн тухай” нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Батмөнхийн 11/4170 дугаар албан бичгийн 2 дугаар хэсэгт “...2004 онд сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга барих төсөл сонгон шалгаруулалтад “*******” ХХК оролцож шалгарсан...”, 3 дугаар хэсэгт “...Газар зохион байгуулалт, төлөвлөгөөг үндэслэн батлагдсан нийслэлийн Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 286 дугаар төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмших эрх олгож, нийслэлийн Засаг даргын 2004 оны 366 дугаар захирамжаар 1.35 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон” болохыг хариуцагч зөвшөөрсөн байдаг.
Мөн 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Энхтуяа, Хяналт шинжилгээ, үнэлгээний хорооны дарга Б.Эрдэнэтулга, мэргэжилтэн Л.Бямбасүрэн нарын нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд бичсэн “*******” ХХК-ийн газрын маргааны тухай” илтгэх хуудсанд “...тус компанид нийслэлийн Засаг даргын 2004 оны 366 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Москва” хорооллын зүүн хойд талд /одоогоор/ сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын зориулалтаар 1.35 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна” гэж нийслэлийн Засаг дарга хүлээн зөвшөөрсөн.
Нийслэлийн Засаг даргын 2004 оны 366 дугаар захирамж, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан үүргээ нийслэлийн Газрын алба биелүүлээгүй нэхэмжлэгчийг 6 жилийн хугацаанд хохироож ирсэн. Бид тус хугацаанд 2004 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газрын дарга М.Цэлмэгийн мэдэгдэх хуудасны дагуу “*******” ХХК-д даалгасан 1-9 тоот ажлуудыг хийж гүйцэтгэж ирсэн.
Нийслэлийн Засаг даргын 2004 оны 366 дугаар захирамж, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, Улаанбаатар-Москва хотын хамтын ажиллагааны 2002 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээр биелүүлэхийг Газрын албанаас гэрээ, гэрчилгээг гаргаж өгөх тухай хүсэлт, шаардлагыг тухай бүрд нь хүргүүлж, биечлэн уулзаж байсан. Газрын албанаас тодорхой хариу өгөөгүй болохыг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “*******” ХХК-ийн газар эзэмшлийн байдалд хяналт шинжилгээ хийсэн тухай илтгэх хуудас, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Үүргийн биелэлтийн тухай” хариуцагч нийслэлийн Засаг даргын Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн албан бичигт дурдсан байдаг.
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 815 дугаар захирамж нь илт хүчин төгөлдөр бус юм. Энэ нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-32.5-д заасны дагуу газар эзэмшигч “*******” ХХК-иас ямар нэгэн хүсэлт, албан бичгийг огт гаргаагүй байхад нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 815 дугаар захирамжаар “*******” ХХК-ийн эзэмшлийн газрын хэмжээг багасгасан нь хууль бус.
Тус захирамжийн хавсралтад нийслэлийн Засаг даргын 2004 оны 366 дугаар захирамжийг үндэслэн 5000 м.кв болгон багасгасан нь хууль бус юм. Учир нь, нийслэлийн Засаг даргын 2004 оны 366 дугаар захирамжаар олгосон газрын хэмжээ 13.500 м.кв байсан.
Нэхэмжлэгч нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 815 дугаар захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагыг гаргасан. Хариуцагчаас нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын хэмжээг 5000 м.кв болгон багасгахдаа ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан байдаг.
Хариуцагч Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нийслэлийн Газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн дүгнэлтийг хянан үзсэн. 2010 оны 12 дугаар сарын 7-ны өдөр нэхэмжлэгчийн 13.5 га газрыг эзэмших эрх хүчин төгөлдөр байсан бөгөөд нэхэмжлэгчээс эзэмшиж буй газрын хэмжээгээ багасгах талаар хүсэлт гаргаагүй.
Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно” гэж заасан зохицуулалт байдаг.
Гэтэл хариуцагч газар эзэмшигчийн хүсэлтгүйгээр, өөрийн дур зоргоороо, хууль зүйн тодорхой үндэслэлгүйгээр маргаан бүхий захиргааны акт гаргасан нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх хангалттай үндэслэл болно.
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 815 дугаар захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2004 оноос хойш удаа дараа нийслэлийн Засаг дарга, газрын албанд гомдол гаргаж байсан боловч албан бичгээр ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд нэхэмжлэгчээс 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 47 дугаар гомдлыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд өөрийн биеэр очиж уулзаж өгөхөд өмнө нь өгч байсан хүсэлт, албан бичгүүд, шүүгчийн захирамж, эвлэрлийн гэрээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас огт очиж байгаагүйг мэдсэн.
Тус гомдлыг дагуу хариуцагч нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс болон нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Батмөнхөөр ахлуулан ажлын хэсэг байгуулан шалгах тухай үүрэг даалгавар өгсний дагуу 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн илтгэх хуудаст “...2010 онд нийслэлийн Газрын алба газар эзэмших эрх олгож гэрээ байгуулахдаа өөрсдийн давхцуулан олгосон газрын хэмжээг үндэслэлгүйгээр хасч 5000 м.кв болгосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна” гэж хариуцагч тал дүгнэсэн байна.
Мөн нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Энхтуяа, Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэтулга, мэргэжилтэн Л.Бямбасүрэн нарын 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн “*******” ХХК-ийн газрын маргааны тухай илтгэх хуудаст “...“*******” ХХК нийслэлийн Засаг даргын 366 дугаар захирамжаар сургууль, цэцэрлэгийн зориулалтаар 1.35 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшдэг, дээрх захирамжийн хэрэгжилтийг хангаж “*******” ХХК-ийн кадастрын зургийг мэдээллийн санд оруулаагүй байсан нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7-т заасныг зөрчсөн, улмаар нийслэлийн Засаг даргын 2010 оны 815 дугаар захирамжаар тус компаний эзэмшил газрын хэмжээг 5000 м.кв болгож багасгасан үндэслэл тодорхойгүй байгаа...”-г хүлээн зөвшөөрсөн байна.
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 815 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргасан боловч шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 1346 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 151 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон.
Тус шүүхийн тогтоолд “...тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр нэхэмжлэгч нийслэлийн Засаг даргын 2010 оны 815 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Түүнийг шүүх маргаан бүхий захиргааны актын талаар мэдэж байсан уг асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй нь тогтоогдсон тул нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 71.4, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар “*******” ХХК-ийн эзэмшиж байсан газрын шүүхэд маргаан үүссэн бөгөөд хариуцагч талаас тухай захиргааны хэргийн тухайд хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий “Эвлэрлийн гэрээ”-г байгуулсан уг гэрээний 3.2-т “...13.500 мкв газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг шинээр олгоно” гэж заасан байх тул дээрх зохицуулалтын дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна.
Мөн “*******” ХХК-д нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 14/4170 дугаар албан бичгээр бодит нөхцөл байдлыг тогтоосон байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үндэслэлээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасныг баримтлан тайлбарлаж байна.
Өөрөөр хэлбэл “...нийслэлийн Засаг даргаас ...2010 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 815 дугаар захирамжийг хүчингүй болгох захирамжийн төсөл боловсруулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгасан боловч өнөөдрийг хүртэл гаргаагүй”.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэлийн гомдлыг хангаж тогтоосон. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.3 дахь хэсэгт зааснаар энэ тогтоол эцсийн шийдвэр болно” гэж дүгнэсэн.
Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэгч тухайн үед 815 дугаар захирамжтай маргаагүй бөгөөд уг захирамж хүчин төгөлдөр болсон байна” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасныг зөрчсөн бөгөөд шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн болохыг тогтоосон шүүхийн эцсийн шийдвэр байсаар байтал анхан шатны шүүх маргаагүй гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна.
Хоёр. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/755 дугаар захирамжийн Б.*******элд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх эрх...” нь нийслэлийн Засаг даргын эрх хэмээн хуульчилсан байдаг.
Гэтэл хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актаар Б.*******элд 2000 м.кв талбай бүхий газрын эзэмших эрх олгосон нь нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд халдсан, өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлсэн, өөрт олгогдоогүй эрх эдэлсэн. Газрын тухай 33 дугаар зүйлийн 33.1.2-т “Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан.
Гэтэл гуравдагч этгээд Б.*******элд 2000 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрх олгохдоо, түүнчлэн эзэмшиж буй газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ ч дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүй, гуравдагч этгээдийн гаргасан хүсэлт нь 1200 м.кв газрыг н.Юмсүрэнгээс худалдан авч 1900 м.кв газар олгож өгнө үү” гэж хүсэлт гаргасан боловч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 65 дугаар захирамжаар хүсэлт гаргасан хэмжээнээс 100 м.кв илүү газрыг нэмэгдүүлж олгосон нь өөрөө тус захирамж хууль бус болохыг нотолж байна.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн захирамжаар гуравдагч этгээд Б.*******элийн эзэмшиж буй газрын хэмжээг нэмэгдүүлэн 8789 м.кв болгосон нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд үүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн илтгэх хуудаст “...2011 онд газрыг хэмжээг нэмэгдүүлэн 8789 м.кв болгосон нь Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын захирамж гарахаас өмнө кадастрын нэгдсэн мэдээллийн санд хууль бусаар оруулсан” гэсэн байдаг.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Б.Энхтуяа, Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэтулга, мэргэжилтэн Л.Бямбасүрэн нарын илтгэх хуудаст “...Б.*******элийн эзэмшил газрын талбайн хэмжээг нэмсэн нь зохих шатны Засаг даргын шийдвэр гараагүй байхад газрын кадастрын мэдээллийн санд мэргэжилтэн н.Мөнх 2008 онд 8789 м.кв-аар оруулж бүртгэсэн нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7, 23.4.2, 34 дүгээр зүйлийн 34.1, нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2013 оны А/528 дугаар “Газрын кадастрын мэдээллийн санг хөтлөх, хяналт тавих журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5, 6-д заасныг тус тус зөрчсөн.
Б.*******эл нь газрын дуудлага худалдааны үнэ 19.118.000 төгрөгийг Улаанбаатар хотын банкны 2601002693 тоот дансанд төлсөн гэх боловч төлбөрийн нэхэмжлэлийг хэн тооцож бичсэн нь тодорхойгүй байгааг тогтоосон байна.
Уг төлбөрийн дүнг газрын эзэмшүүлсэн хэмжээтэй харьцуулахад Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаалаар батлагдсан газрын дуудлага худалдааны анхны үнэ тогтоох аргачлалын дагуу бодогдоогүй” гэж дүгнэсэн.
Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны төлбөрийн байцаагч Л.Уранчимэгийн нийслэлийн Өмчийн харилцааны газрын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст гаргасан тайлбар бичигт “...Б.*******эл нь 2013 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотын банкны 2601002693 тоот дансанд 19.118.000 төгрөг тушаасан байна. Холбогдох архив материал, дүүргийн газрын албанаас ямар нэгэн төлбөрийн нэхэмжлэл аваагүй болно” гэж тайлбарласан.
Мөн тус илтгэх хуудаст “...гуравдагч этгээд Б.*******элийн эзэмшиж буй газар нь газрын төлбөрийн нэгдүгээр бүст хамаарагдаж байна” гэж тогтоосон. Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаалаар
Д/д | Газар эзэмшил, ашиглалтын төрөл | Засварлах итгэлцүүр | ||||
1-р бүс | 2-р бүс | 3-р бүс | 4-р бүс | 5-р бүс | ||
1 | Бүх төрлийн үйлчилгээний зориулалтаар | 0.36 | 0.30 | 0.25 | 0.20 | 0.15 |
2 | Yйлдвэрлэл/ ХАА-аас бусад/-ийн зориулалтаар | 0.50 | 0.40 | 0.30 | 0.2 | 0.15 |
3 | ХАА-н үйлдвэрлэлийн зориулалтаар | 0.18 | 0.15 | 0.12 | 0.09 | 0.06 |
4 | Нефть, шатдаг хийн бүтээгдэхүүний агуулах, түгээх станцын зориулалтаар | 0.75 | 0.60 | 0.50 | 0.40 | 0.30 |
а/ Энэ тохиолдолд Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу нийслэлийн 1 м.кв газрын суурь үнэлгээ 44000.0 төгрөг болохыг тогтооно;
б/ Тухайн газар нийслэлийн үнэлгээний бүсийн 1 дүгээр бүсэд байрлаж байгаа тул хүснэгт 1-ийн дагуу 0.36 гэсэн итгэлцүүр харгалзан” гэж заасан.
Б.*******элийн эзэмшиж буй 8789 м.кв X44.000=139.217.760 төгрөгийг төлөхөөр тогтоосон. Гэтэл шүүхээс “...19.118.000 төгрөг тушаасныг хууль зөрчөөгүй гэж 120.099.760 төгрөгийг дутуу төлсөөр байтал дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 504 дүгээр албан бичгээр нотлогдсон...” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэх судлах хуулийн шаардлагыг хангаагүй.
Гурав. Гуравдагч этгээд “******* майнинг” ХХК-ийн тухайд:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 61 дүгээр тогтоолд “...Хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын хурлын дүгнэлт, Улаанбаатар-Москва хотын хамтын ажиллагааны 2002 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрийг үндэслэн “Москва” орон сууцны хорооллыг анхлан барих шийдвэрийг гаргасан.
Нийслэлийн Хот байгуулалт, газар зохион байгуулалт, мэргэжлийн комиссын 2004 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар анх 27.400 м.кв “Зарубежстрой” ХХК-д олгохоор шийдвэрлэж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 93 дугаар тогтоолоор 2004 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 27400 м.кв газрыг “Зарубежстрой” ХХК-д олгосон. “Зарубежстрой” ХХК 2007 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр нийслэлийн Газрын албатай газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээг авсан байдаг.
2010 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 235 дугаар албан бичгээр “Москва” хорооллын 2 дугаар ээлжийн 0000069 дугаар албан бичгээр “Газар ашиглах хугацаа дууссан тул сунгаж өгөх” тухай хүсэлтийг гаргасан. 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 744 дүгээр захирамжаар 2004 оны 93 дугаар захирамжийг үндэслэн “Зарубежстрой” ХХК-д олгосон 27400 м.кв газар ашиглах эрхийг сунгах тухай захирамжийг гаргасан байдаг.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “*******” ХХК-ийн газар эзэмшлийн байдалд хяналт шинжилгээ хийсэн тухай дүгнэлт, нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Энхтуяа, Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэтулга, мэргэжилтэй Л.Бямбасүрэн нарын 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн илтгэх хуудаст “Зарубежстрой” ХХК нь газар эзэмшиж байх хугацаандаа газрын байршил болон хэмжээгээ өөрчилье гэсэн хүсэлт гаргаж байгаагүй байхад нийслэлийн Өмчийн харилцааны газрын кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7, 23.4.2, 34 дүгээр зүйлийн 34.1, нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2013 оны А/528 дугаар “Газрын кадастрын мэдээллийн санг хөтлөх, хяналт тавих журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5, 6 дахь заалтуудыг тус тус зөрчиж нийслэлийн кадастрын нэгдсэн мэдээллийн санд давхцуулан оруулсан болохыг тогтоосон.
“Зарубежстрой” ХХК-ийн захирал А.Г.Потатурко Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбар бичигт “...сургууль, цэцэрлэгийн зориулалттай нийт 1.35 га газар нь “Москва” хорооллын 2 дугаар хорооллын гадна “Г” хэлбэртэй байрлаж байгаа ба тухайн хорооллын бүс нутгийн гадна талд байрлаж байгаа болно” гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл ямар нэгэн давхцал байхгүй байсныг тогтоосон байдаг.
2005 онд Улаанбаатар хотын ерөнхий архитектор Г.Сайнбуян, 2005 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн УМХГ-ын ЭМХХ-ийн хэлтсийн дарга н.Оюунчимэг, Гамшгаас хамгаалах ерөнхий газрын 2006 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн Ч.Ганболд дарга, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдорж 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр, Улсын экспертиз 2006 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн тус тус баталгаажуулж нотлох баримтаар шүүхийн хавтаст хэрэгт хавсаргасан бөгөөд “Москва” хорооллын 2 дугаар ээлжийн барилга “*******” ХХК-ийн сургууль, цэцэрлэгийн барилгын газар хоорондоо огт давхцалгүй болохыг нотолж байгаа.
Шүүхийн шийдвэрт “...“******* майнинг” ХХК-ийн эзэмшлийн газрын байршлыг 2010 онд өөрчлөлт оруулсан талаар нэхэмжлэгч болон гэрчийн мэдүүлэгт дурдаж байгаа боловч...” гэж шүүхээс буруу ойлгосон бөгөөд 2010 онд “Зарубежстрой” ХХК эзэмшиж байсан зөвхөн 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “Москва” хорооллын 2 дугаар ээлжийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй дуусаагүй 2 барилгын суурийг “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр худалдаж авсан байдаг.
Шүүхийн шийдвэрт “...“*******” ХХК-ийн эзэмшил газрын талаарх мэдээлэл газрын кадастрын мэдээллийн санд байхгүй тул “******* майнинг” ХХК газартай давхацсан болохыг нотлох боломжгүй байна” гэж дүгнэсэн нь илт хууль бус юм. 2010 онд “Зарубежстрой” ХХК, “*******” ХХК-иудын эзэмшиж байсан газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй байсан. Гэхдээ тус компаниуд схем зургаар давхцалгүй. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж хуульчилсан байдаг. Газар эзэмшихийг хүссэн иргэн, хуулийн этгээдэд нэг ижил нөхцөл, боломжийг олгож, хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргах ёстой.
Гэтэл хариуцагчаас гаргасан шийдвэрүүд нь харилцан адилгүй бөгөөд гуравдагч этгээдэд бусдаас илүү байдал бий болгосон зэргээр шударга бус, тэгш бус байдлаар хандсан нь Газрын тухай хуулийн суурь зарчмыг ноцтой зөрчиж байна.
Шүүх нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын байршлын кадастрын зургийг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй нь түүнийг буруутгах нэг үндэслэл хэмээн үзсэн байдаг. Гэтэл Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3, 23.4.3, 23.4.4-т зааснаар газрын мэдээллийн санг эрхлэх, эзэмшил газрын кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх, газрын кадастр эрхлэх нь хариуцагчийн газрын албаны чиг үүрэгт хамаардаг.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын кадастрын зургийг газрын мэдээллийн санд оруулж бүртгэх нь хариуцагчийн бүрэн эрх бөгөөд хариуцагч бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байдлыг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулах нөхцөл, үндэслэл болохгүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудын зарим хэсгийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээгүй бөгөөд тухайн нотлох баримтууд шүүх хуралдаан болж байхад шүүгчийн туслахын сейф-нд байсан байдаг. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн хэрэг мөн.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй орхигдуулсан гэж үзэж болохоор, мөн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байх тул дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “*******” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийслэлийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 366 дугаар захирамжаар анх эзэмшүүлсэн 1.35 га газраа эзэмшихийг хүссэн, харин хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд 1.35 га газрын кадастрын зургийг нэхэмжлэгч хийлгээгүйгээс гадна кадастрын мэдээллийн нэгдсэн санд энэ талаар ямар ч мэдээлэл бүртгэгдээгүй байна.
Гэвч нийслэлийн Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 286 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Талх чихэр” ХК-ийн зүүн талд байршуулан сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын зориулалтаар 1.35 га газрыг төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Засаг даргын мөн оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 366 дугаар захирамжаар уг газрыг төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан гэсэн үндэслэлээр “*******” ХХК-д зориулалтын дагуу эзэмшүүлсэн, 2 дугаар хавтаст хэргийн 181 дэх талд авагдсан “Зарубежстрой” ХХК-д олгогдсон 2.9 га газарт баригдах “Москва” хорооллын 2 дугаар ээлжийн барилгын ерөнхий төлөвлөгөөний зурагт “орон сууц болон барилга байгууламжийн тодорхойлолт хэсгийн 6-д сургууль төлөвлөх талбай болох 1.35 га-г байршлын хувьд “г” хэлбэртэйгээр уг хорооллын эзэмшил газрын зүүн талд хил залгаа байхаар тусгасан байх бөгөөд энэ нь Улаанбаатар хотын ерөнхий архитекторын баталсан орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөний схем зурагт мөн адил төлөвлөгдсөн байгаагаас үзэхэд хэдийгээр нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 1.35 га газрын кадастрын зураг хийгдээгүй, мэдээллийн санд тусгагдаагүй ч дээрх баримтуудаас тухайн газрын байршлыг тодорхойлох бүрэн боломжтой байна.
Тухайн үед “Зарубежстрой” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Белорус Улсын иргэн Потатурко А.Г нь тус компанид эзэмшүүлсэн барилга барих газарт сургууль, цэцэрлэгийн зориулалттай олгогдсон 1.35 га газар багтаагүй талаар бичгээр тайлбар гаргаснаас гадна 2 дугаар хавтаст хэргийн 185 дахь талд авагдсан Б.Загдсамбарын үйлдсэн 2010 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөр огноолсон нэгж талбарын 18636310603485 дугаар бүхий газрын байршлын кадастрын зураг нь дээрх ерөнхий төлөвлөгөөний зурагтай тохирч байгаа эсэхийг нягтлан шалгах шаардлагатай байна.
Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 815 дугаар захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газрын хэмжээг чухам ямар үндэслэлээр 5000 м.кв болгож багасгасан нь тодорхойгүй, энэ талаар хариуцагчийн тайлбарт дурдсанчлан үнэхээр л тухайн үед төсөл сонгон шалгаруулалт явагдсан эсэх нь тодорхойгүй, магадгүй тийм ажиллагаа огт явагдаагүй байсан тохиолдолд дээрх захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болголгүйгээр харин газрын хэмжээг багасгах болсон үндэслэлийг хариуцагчаас тодруулах шаардлагатай.
Анхан шатны шүүхийн “нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед 5000 м.кв газар эзэмшүүлсэнд маргаагүй” гэж дүгнэснийг буруутгах аргагүй ч нэгэнт энэхүү захирамжийн өөрт холбогдох хэсгийг “илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” нэмэгдүүлсэн шаардлага гарсныг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 151 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон тул Засаг даргын 2010 оны 815 дугаар захирамжтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын талаарх дээрх дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт зааснаар “хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал” гэдэгт хамруулах үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг тухайн үед маргаагүй гэх байдлаар бус харин ч холбогдох ажиллагааг явуулсны дараа захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх нь зүйтэй.
Тухайлбал 5000 м.кв газрыг эзэмшүүлж, улмаар гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон талаар нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэрт дүгнэсэнчилэн уг захирамжаар олгогдсон газрыг хүлээн зөвшөөрч байсан гэх агуулгаар бус харин “...Б.Загдсамбар эхний ээлжинд энэхүү гэрээг байгуулж бай, дараа нь газрыг нэмэгдүүлж олгоно гэсний дагуу гэрээ хийсэн...” гэсэн тайлбар болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Үүргийн биелэлтийн тухай” 14/4170 дугаар албан бичиг болон “Илтгэх хуудас”-т “...хууль тогтоомж зөрчсөн нийслэлийн Өмчийн харилцааны газрын Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбарт хариуцлага тооцох арга хэмжээ авах саналыг тус тус нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд гаргасан” зэргийг тодруулж, нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай.
Мөн дээрх албан бичигт “...иргэн Б.*******элд эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлсэн захирамж гараагүй байхад тухайн иргэний эзэмшил газар нэмэгдсэн зургийг газрын кадастрын мэдээллийн санд оруулсан байгаа...” талаар;
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Илтгэх хуудас”-т “...“Заубежстрой” ХХК газар эзэмшиж байх хугацаанд газрын байршил хэмжээнд өөрчлөлт ороогүй “*******” ХХК-ийн газартай ямар нэгэн давхцалгүй байсан бөгөөд 2010 онд “******* майнинг” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ 4459 м.кв газрыг “*******” ХХК-ийн газартай үндэслэлгүйгээр давхцуулж, мэдээллийн санд оруулсан, иргэн Б.*******элийн эзэмшил газрыг 2011 онд нэмэгдүүлэн 8789 м.кв болгож эзэмшүүлэхдээ 1289 м.кв газрыг “*******” ХХК-ийн үндэслэлгүйгээр давхцуулж мэдээллийн санд оруулсан...” гэж дүгнэснээс үзэхэд яагаад Засаг даргын захирамж гараагүй байхад иргэн Б.*******элд нэмэгдүүлж эзэмшүүлсэн газрын кадастрын зургийг мэдээллийн нэгдсэн санд урьдчилан оруулсан болох, анх “Зарубежстрой” ХХК-д эзэмшүүлсэн газрыг “******* майнинг” ХХК-д шилжүүлэн олгохдоо тухайн газрын байршлыг өөрчилсөн эсэхийг шалгаж тодруулах нь зүйтэй.
Түүнээс гадна эдгээр албан бичиг, дүгнэлтийн аль алинд нь “*******” ХХК-ийг 2004 оны сургууль, цэцэрлэгийн барилга барих сонгон шалгаруулалтад шалгарсан” гэж дүгнэсэн, иймд хариуцагчаас чухам ямар үндэслэлээр сонгон шалгаруулалтын талаар зөрүүтэй байрь суурь илэрхийлж байгааг ч нягтлах шаардлагатай.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 163 дугаар тогтоолоор “...1.35 га газрыг эзэмших эрхийг дахин олгох талаар нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 540 дүгээр захирамж хэрэгжих боломжгүй, уг газар нь бусдын эзэмшил газартай давхцалтай болох нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал илэрсэн...” гэх үндэслэлээр уг захирамжийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсний дараа нийслэлийн Засаг даргын 2013 оны А/246 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр “******* майнинг” ХХК-ийг татсан атлаа нэхэмжлэгчид 2004 онд анх эзэмшүүлсэн 1.35 га буюу 13500 м.кв газрын хэмжээ 2010 онд 5000 м.кв болж багассаны зөрүү болох 8500 м.кв газрыг ямар хэмжээгээр гуравдагч этгээд “******* майнинг” ХХК болон иргэн Б.*******элд нарт хуваан эзэмшүүлсэн болохыг шалгаж тогтоогоогүй, мөн нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 781 дүгээр захирамжаар тус компанид эзэмшүүлсэн 27400 м.кв газрын кадастрын зураг анх “Москва” хорооллыг барих үеийн тойм зургийн дагуу хийгдсэн эсэхийг тодруулалгүйгээр зөвхөн “*******” ХХК-ийн эзэмшил газрын талаарх мэдээлэл кадастрын мэдээллийн нэгдсэн санд байхгүй гэсэн үндэслэлээр “******* майнинг” ХХК-ийн газартай давхацсаныг нотлох боломжгүй...” гэж дүгнэсэн нь хангалтгүй.
“*******” ХХК одоогийн бодит байдалд 9000 орчим м.кв газрыг хашаалсан гэх бөгөөд энэ нь “******* майнинг” ХХК-ийн эзэмшлийн газарт орсон эсэх, 1 дүгээр хавтаст хэргийн 57 дахь талд авагдсан 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Далай гурван өндөр” ХХК-иар хийлгүүлсэн 8301 м.кв газрын эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг ямар учиртай болох, хэмжээний хувьд харилцан адилгүй эдгээр газар болон анхны эзэмшүүлсэн 1.35 га газар нь гуравдагч этгээд нарын эзэмшил газартай хэрхэн давхцаж байгаа болохыг тогтоох, 2 дугаар хавтаст хэргийн 215 дугаар талд авагдсан сургууль, цэцэрлэгийн цогцолборын ерөнхий төлөвлөгөөгөөр тусгагдсан 1.35 га газрын байршил “Москва” хорооллын ерөнхий төлөвлөгөөг баталсан зурагт тусгагдсан сургууль, цэцэрлэгийн байршилтай тохирч байгааг эсэхийг тодруулан шалгасны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин илтгэх хуудаст дүгнэснээр “2004 онд “*******” ХХК-д эзэмшүүлсэн газрын 800 м.кв талбайд 2012 онд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны цогцолбор барилга баригдсан байгааг шүүх дахин хэргийг шийдвэрлэхдээ анхаарах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 803 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН