Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 396

 

М.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүү нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0377 дугаар магадлалтай, М.М-ын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр: 1.Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/41 тоот “Албан тушаал бууруулах тухай” тушаалыг хүчингүй болгож, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд М.М-ыг эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж, 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан М.М-ын цалингийн зөрүү 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх цалинтай тэнцэх олговор, зөрүүг гаргуулан татвар суутгал, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү /нягтлан бодогч/-д даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0377 дугаар магадлалаар: Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг баримтлан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, М.М-ын гаргасан “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/41 дүгээр тушаалыг хүчингүй болгож, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилуулах, цалингийн зөрүүг гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Б.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  “Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

  1. Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл заалыг хэрэглээгүй тухайд:

1.1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-д зааснаар захиргааны байгууллага нь нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах үүргийг хүлээдэг ба Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлээгүй. Авлигатай тэмцэх газрын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/7467 дугаартай албан бичгээс өөр ямар нэг нотлох баримт, М.М- нь өргөдөл гомдол хүлээн авч барагдуулах ажлыг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлсэн эсэх, 800.000 төгрөгийг “Түнт хүрээ” ХХК-ийн захирал н.Батжаргалаас авсан уу, эсхүл тус компанийн захирал 800.000 төгрөгийг ямар зорилгоор үлдээсэн зэргийг шалган тогтоох ажиллагааг хийлгүйгээр М.М нь ажлын чиг үүрэгт үл хамаарах асуудлаар 800.000 төгрөг авсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд үүнийг захиргааны байгууллага нотлох үүргээ биелүүлээгүй байхад давж заалдах шатны шүүхээс ийнхүү үндэслэл муутай дүгнэлтийг хийж, хариуцагчийг хууль бусаар зөвтгөсөн хэрэг боллоо.

1.2. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар нэхэмжлэгч М.М нь захиргааны актыг зорилгодоо нийцсэн эсэхийг хянуулахаар гомдол гаргах эрхтэй ба хариуцагчийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/41 дугаартай “Албан тушаал бууруулах” гэх тэргүүтэй, хууль зүйн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн тухай тушаалыг гаргасан ба энэхүү тушаалын зорилго нь, тушаалын 1-д заасан заалтаас үзвэл зорилгодоо нийцээгүй болохыг нотолж байна. Тус тушаалын 2 дугаар заалтаар өөр албан тушаалд шилжүүлэхийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ш.Г-д даалгасан гэх боловч түүнийг архивын тасгийн даргын ажилд томилж байгаа тухай тушаалыг хожим нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан нь дахин шинээр захиргааны актыг гаргаж байгаа хэрэг болохоос түүнийг төрийн албанаас халсан тушаалыг зөвтгөх үндэслэл болохгүй атал давж заалдах шатны шүүх ийнхүү Захиргааны ерөнхий хуулийн заалтыг огт тайлбарлан хэрэглэлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.

2. Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй тухайд:

2.1. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож буй үндэслэлдээ ...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 буюу “албан тушаал /ажлын байрны/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаалаас бууруулах заалтыг үндэслэсэн байхад анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартай холбогдуулан уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулж болохгүй тухай зохицуулалтыг баримтлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй... гэсэн байна. Энэ нь харин үндэслэлгүй болох нь дараах байдлаар нотлогдож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөелөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь хуульд заасан нотлох баримт бөгөөд түүнд үндэслэн шийдвэрлэж байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж байна. Нөгөө талаас Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан заалтыг давж заалдах шатны шүүх огт тайлбарлаагүй төдийгүй, хариуцагчийн зорилгодоо нийцээгүй захиргааны актыг зөвтгөх үндэслэл болж байгаа нь энэхүү заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн болохыг маш тодорхой харуулж байна. Анхан шатны шүүх энэхүү хуулийн заалтыг зөв ойлгож, тайлбарлаж хэрэглэсэн байтал давж заалдах шатны шүүх ямар нэг тайлбар хийлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна.

2.2. Хариуцагчийн төлөөлөгч Ч.Энхболдын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар /энэхүү хариуцагчийн төлөөлөгч Ч.Энхболд нь М.М-ыг хууль зүйн хэлтсийн даргын ажлаас чөлөөлөх, албан тушаал бууруулах тушаалын төслийг бэлтгэж, М.М-т захиргааны актыг танилцуулж, тайлбарласан албан тушаалтан болохын хувьд түүнээс өөр хэн ч актын зорилго, агуулга, хууль зүйн үндэслэлийг мэдэхгүй/ нь хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэгдэх боломжтой, нөгөө талаас захиргааны актандаа тусгаагүй ч шүүх хуралдаан дээр тайлбарласан үндэслэл бүхий нотлох баримтыг анхан шатны шүүх хуульд заасны дагуу үнэлж Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан тухай тайлбарласаар байтал давж заалдах шатны шүүх энэхүү тайлбарыг хариуцагчид ашигтайгаар анхааралгүй орхиж, захиргааны байгууллагад ашигтайгаар шийдвэрлэх ёстой мэтээр тайлбарлаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг хэрэглээгүй, энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоход шууд нөлөөлсөн нь М.М-ын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтойгоор хохироож байна.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тухайд:

3.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3-д заасныг зөрчин нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүйгээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болсон байна.

3.2. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын ТОГТООХ хэсгийн удирдлага болсон хуулийн зохицуулалтаас үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйл, 121 дүгээр зүйл зэрэг хуулийн зүйл, заалтыг баримталсан байх ба үүнээс үзвэл магадлалын ТОГТООХ хэсгийн заалт нь ХЯНАВАЛ хэсгийн агуулгатай зөрүүтэй энэ нь хуулийг тайлбарлан хэрэглэхдээ нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн болохыг харуулж байна.

3.3. Мөн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн 2015 оны үр дүнгийн гэрээний гүйцэтгэлийг 91.8 буюу “маш сайн” гэж дүгнэсэн ч Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтын явцад тогтоогдсон зөрчил нь энэхүү үр дүнгийн гэрээг дүгнэхэд мэдэгдээгүй, мэдэгдэх боломжгүй байснаас гадна дээр дурдсан тус газрын албан бичиг хүчинтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй...гэсэн байх ба уг асуудлаар 2015 оны 05 дугаар сард иргэн Л.С-ын гаргасан зөрчлийг шалгаж гэм буруугүй болсон байх ба “Түнт хүрээ” ХХК нь хууль бусаар иргэн Л.С-аас 900.000 төгрөг авсныг таслан зогсоож нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр журмын хашаа ажиллуулж байгаа компанийн дур зоргоороо авирлаж, хууль бусаар төлбөр авсан асуудлыг шалгах явцад илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтсийн дарга М.М-ын гомдлыг авилгатай тэмцэх газар шалгаад өөрийн харъяалан шийдвэрлэх асуудал биш гэж үзсэний үндсэн дээр Орхон аймгийн Цагдаагийн газар 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлж, Орхон аймгийн Цагдаагийн газраас шалгаж, улмаар 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байх ба энэ үед нь Орхон аймгийн Засаг дарга, тамгын газар уг асуудлыг мэдэж байсан атлаа түүнд ямар нэгэн сахилгын зөрчил, шийтгэл ногдуулах, албан тушаал бууруулах арга хэмжээ аваагүй зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байхад 1 жил гаруй хугацаа өнгөрсөн хойно ийнхүү албан тушаал бууруулах нэртэй, төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүхээс уг асуудлаар илтэд үндэслэл муутай дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

3.4. Мөн маргаан бүхий захиргааны акт болох Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.С-ийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/41 дугаартай захирамжийн хувьд зорилгодоо нийцээгүйгээс гадна Авилгын эсрэг хуульд байхгүй 7 дугаар зүйлийн 7.16 /хуульд байхгуй заалт/ гэх заалтыг хэрэглэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5, 40.3 зэрэг заалтуудыг зөрчсөн байгааг давж заалдах шатны шүүх анхааралгүй орхигдуулсан байна.

4. Хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн тухайд:

4.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч М.М-ыг Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”-ийг хориглох заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн байх бөгөөд М.М-ын албан тушаалын /ажлын байр/-ны тодорхойлолтонд заасан иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шалгах барагдуулах ажлыг зохион байгуулах гэх үндсэн зорилгын агуулыг хариуцагч талд ашигтайгаар тайлбарлан хэрэглэсэн нь ойлгомжгүй байна. Ингэж үзэх учир нь нэхэмжлэгч нь иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх үндсэн чиг үүргээс гадна Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн ажлыг давхар хариуцан ажилладгийн хувьд журмын хашааны үйл ажиллагааг нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр гүйцэтгэж байгаа “Түнт хүрээ” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хохирсон иргэний хохирлыг барагдуулах ажиллагааг гүйцэтгэж байгаа нь дээрх албаны эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх хуулийн хориглосон заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэх ямар ч үндэслэл, нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад ийнхүү дүгнэж байгаа нь хууль бус байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

            Дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” Б/41 дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Авлигатай тэмцэх газрын 2016 оны 01/7467 тоот албан бичгийг тус тус үндэслэн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтыг зөрчсөн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга М.М-ыг Авлигатай тэмцэх газрын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/7467 дугаартай албан бичгийн дагуу албан тушаал бууруулж, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс Хууль зүйн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, М.М-ыг албан тушаал бууруулсантай холбогдуулан Төрийн захиргааны албан тушаалаар хангах ажлыг зохион байгуулахыг Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст үүрэг болгожээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.М Хууль зүйн хэлтсийн даргын албан тушаалыг эрхэлж байх хугацаандаа иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж байна гэх шалтгаанаар 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “Түнт хүрээ” ХХК-ийн захирал Б.Б-с иргэн Л.С-т өгнө хэмээн 800.000 төгрөгийг хүлээн авч, 4 сарын дараа буюу 12 дугаар сарын 24-ний өдөр Л.С-т өгсөн болох нь Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч М.М-ын энэхүү үйлдэлд авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр Орхон аймгийн прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 5/128 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” прокурорын тогтоол гаргасан болох нь баримтаар хэрэгт авагджээ.

М.М-ын дээрх зөрчил нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” буюу тухайн албан тушаалтны хувьд хийх ёсгүй үйлдэл юм.

Маргаан бүхий актаар М.М-ыг зөрчил гаргасан хэмээн үзэж Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан дараах хариуцлага хүлээлгэнэ”, 33.1.2-д “...энэ хуулийн 7.1-д заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах, хэрэв албан тушаалыг нь бууруулах боломжгүй албан тушаал бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан болох Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга сахилгын хариуцлага хүлээлгэжээ.

М.М-ын гаргасан зөрчилд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга хариуцлага хүлээлгэхдээ Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг баримтлаагүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. 

Өөрөөр хэлбэл Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлд заасан зөрчилд  хүлээлгэх сахилгын хариуцлагыг тухайн ажилтныг томилох буюу дээд шатны албан тушаалтан хүлээлгэдэг бөгөөд мөн хуульд хөөн хэлэлцэх хугацааг тусгайлан заагаагүй учир Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх учиртай. Тухайн тохиолдолд М.М-т сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад Авлигатай тэмцэх газрын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/7467 дугаартай албан бичгийн дагуу албан тушаалаас бууруулж, үүрэгт ажлаас чөлөөлж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэсэнтэй нийцэхгүй байна.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн нэг үндэслэл болох Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1-д тус тус зааснаар Авлигатай тэмцэх газрын 2016 оны 01/7467 дугаар албан бичигт гомдол гаргах эрхийг нэхэмжлэгчид эдлүүлээгүй, хязгаарласан гэсэн дүгнэлт тухайн маргаанд хамааралгүй, талууд маргаагүй үйл баримт болно.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн Авлигын эсрэг хуульд заасан зөрчил гаргасныг зөв дүгнэсэн боловч сахилгын хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг анхаараагүй буруутай.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0377 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН