Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/52

 

 

               2024        09           16                                          2024/ШЦТ/52

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Э.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.А-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Чын Б-д холбогдох 2440000040000 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                                                          

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 28ы өдөр С аймгийн Б суманд  төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд  боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт Х аймгийн Б сумын 1 дүгээр баг нийтийн байрны 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл

-Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .. оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200,000 төгрөгийн торгох ял,

-Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн ... оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

-Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, О овогт Ч-ын Б. /РД:00/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Геологийн 16-14 тоотод оршин суудаг  Н.Цы гэрт бусадтай архи уух явцдаа Л.Гтэй маргалдаж, улмаар гараараа түүний толгойн тус газар 2-3 удаа цохиж, нүүрэн тус газар өвдөглөж зодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б “...Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Эрүүгийн 24400000400025 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Хохирогч Л.Гийн “...Би 2023 оны 12 сарын 05-нд үдийн өмнө малчин дэлгүүрийн хойд талын гудамжинд явж байгаад Ч.Бтай таарсан юм. Тухайн үед Ч.Б надаас утсаар чинь ярих гэсэн юм ахаа гэхээр нь миний утасны цэнэг дууссан байна гэхэд би цэнэглээд ирье гээд аваад явсан юм... шар дэлгүүрийн хойно замын хажуугаар хойшоо алхаж байхаар нь хойноос нь нэхэж хойно явж байтал с Ц буюу Цогтсайханы гэрт орсон. Би араас нь ороход Ч.Б гэрийнх нь хойд хэсэгт салтаандаа 1 шил архи тавьсан сууж байсан. Би ороод дүү утас хүргэж өгөхгүй яасан бэ гэхэд би чиний утсыг аваагүй, битгий дэмий юм яриад бай гэхээр нь би чиний аавтай чинь хамт ажиллаж байсан хүн шүү гэхэд тэр пизда чинь намайг 2 настай байхад хаяад явсан юм гээд намайг гараа зангидаад цохиж унагасан. Үүнээс хойш толгой  руу цохиж, өшиглөж байсан шиг санаж байна. Би ухаан алдсан байсан. Үүнээс хойш сайн санахгүй байна... Миний эмчилгээнд 3,960,000 орчим төгрөг болсон,баримтаар үүнийг нэхэмжилнэ, мөн гар утсаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12, 137-141 дүгээр хуудас/

2.Гэрч Д.Ц-ын ...Би он сарыг сайн санахгүй байна, бусад хүмүүсийн ярьж байгаагаар 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 16 цаг өнгөрч байхад би архи дарс уугаагүй эрүүл байхдаа с-Ц буюу Н.Цтай уулзах гээд гэрт нь ороход Бямбаа, Л.Г, Ц-, Ц- нар нэг шил архи уугаад дуусаж байсан ба намайг ороод ердөө удаагүй 10-20 минут болж байхад Л.Г Б- нар нэг гар утас ярьж байгаад муудалцсан. Яг нарийн учрыг нь би сайн ойлгоогүй, тэгээд Бямбаа Н.Цы баруун талын орон дээр Л.Гийг дарж унаад 2-3 удаа цохисон. Тэгээд Цоодол бид хоёр салгасан, удалгүй хэсэг хугацааны дараа мөн баруун талын орон дээр Л.Г ахыг үсдэж арагш нь дарж байгаад нүүрэнд нь нэлээн хүчтэй 2 удаа өвдөглөсөн. Энэ үед би эрүүл байсан учраас чи аав шигээ хүнийг яаж байгаа юм гээд салгаад Л.Г ахыг хүргэж өгье гээд аваад явсан. Тэгээд гэр нь байдаг гудманд нь оруулж өгөөд ингээд шууд хариарай гээд би буцаж явсан.  Надад өөр мэдэх юм алга. Л.Г ахын нүүр тухайн үедээ нээх мэдэгдээгүй, 2 хоногийн дараа гудманд таарахад нүүр нь нил хаван, яасан бэ гэхэд нөгөө Бямбаад зодуулснаас болоод ийм болчихлоо гэж байсан, дахин уулзаагүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30 дугаар хуудас/

3.Гэрч Г.Х-ийн “...Би Б сумын төвд нөхөр Л.Гийн хамт оршин суудаг ба би Улаанбаатар хотруу 2023 оны 11 сарын 30-ны өдөр эмчилгээнд яваад 2023 оны 12 сарын 11-нд сумандаа ирсэн. Намайг гэртээ ирэхэд Б сумын иргэн Ц- гэгч нь манайд манай нөхрийн хамт байсан. Яг намайг орж ирэхэд манай нөхөр гэртээ унтаж байсан. Ц гарч байх нь таарсан. Ингээд архидлаа гээд би загнаад явуулсан. Энэ үед манай нөхөр Л.Г ч араас нь гараад явсан, 2 хоногийн дараа гэртээ ирээд тархи толгой өвдөөд байна хүнд зодуулсан гэж ярьсан, асуухаар хэнд зодуулсанаа хэлэхгүй байсан юм. Тэгээд сумын эмнэлэгт үзүүлсэн чинь тэр дор нь үзүүлэхгүй яасан юм бэ хаван хөөх эм тариа хийж өгье гээд гадуур эм тариа хийж өгсөн. Ингээд гадуур эмчилгээ хийлгэж байгаад хөл гар нь сулраад яриа хэл нь цаашаа ороод юм ярьж өгөхгүй болохоор нь 2023 оны 12 сарын 21-ний өдөр сумын эмнэлэгт хэвтүүлсэн ба сумын эмнэлгээс Улаанбаатар хот яаралтай явж толгойны зураг авахуул оношилгоо тодруулж ир гэсэн тул 2023 оны 12 сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод очиж улсын 2 дугаар эмнэлэгт тархины хагалгаанд орсон. Онош энтэрийг нь би суманд үлдсэн болохоор мэдэхгүй байна...Нөхөр хэзээ нь юм мэдэхгүй гар утсаа алга болгочоод утсаар ч ярихгүй байж байгаад намайг ирүүлсэн. Би хаана хэнтэй архи уусан талаар нь мэдэхгүй байна. Сүүлдээ хэн хамаагүй хүнтэй архи уусан юм болов уу гэж бодож байна. Намайг хотоос ирэхэд манайхаас гарч байсан Ц гэгчтэй уулзахад надад ярихдаа он cap өдрийг нь тодорхой хэлээгүй с Ц гэх айлд ороход тэднийд Л.Г ахыг Бямбажагай /нэрийг нь арай өөрөөр хэлж байж магадгүй/ зодож байсан. Би салгаж Л.Г ахыг аваад гарсан гэж ярьсан, өөр надад мэдэх зүйл алга...Манай нөхөр нэг залуу гар утсаа өгчих утсаар яриад өгье гэхэд цэнэггүй байна гэж хэлтэл нөгөө залуу нь цэнэглээд яриад аваад ирье гээд аваад яваад эргэж ирээгүй тэгээд хайж яваад с Ц гэх айлд ороод утаснаасаа болоод хэрүүл болоод зодуулсан гэж хэлж байсан....Би одоо яг санахгүй байна. Миний бодож байгаагаар 2023 оны 12 сарын 09-10-ны хооронд Б суманд ирэхэд гар утас байхгүй гэртээ хэвтэж байхаар нь тэр өдрөө дагуулж гараад тэгтэл бие нь өвдөөд явж чадахгүй байсан. Гансүх нь Б сумын Т ресторанд харуулаар ажилладаг байсан. Тэрний цалин болох 500,000 мянган төгрөгийг эзэн Э гэх хүнээс аваад бид 2 хамт Юнителийн төв рүү очиж 350,000 төгрөгөөр А12 маркийн гар утсыг худалдаж авсан...гэх мэдүүлэг   /хх-ийн 17-18 дугаар хуудас/

4.Гэрч Н.Цы “...2023 оны 12 сарын 05-ны өдөр ойролцоогоор 15-16 цагийн орчим болов уу Л.Г, Баябажавтай хамт гаднаас нэг шил архитай орж ирсэн, тэр хоёрыг хаана таараад орж ирсэнийг бол мэдэхгүй, аль аль нь халамцуу байсан, би ч бас халамцуухан гэртээ ганцаараа сууж байсан юм. Манайд бас Цоодол байсан яг хэзээ нь орж ирсэнийг сайн санахгүй байна. Ц нэлээн сүүлд гаднаас орж ирсэн байх. Ингээд Л.Гийн авчирсан 0.5 л хараа архийг хувааж ууцгаагаад дараа нь ямар ч байсан 1, 2 шил архи авч уусан. Хэн нь авсаныг санахгүй байна, бодвол бүгдээрээ нийлүүлж мөнгө босгосон юмуу, нэг нь мөнгөтэй байсан юм уу ямар ч байсан архи авч уусан. Ингээд Л.Г, Б хоёр гар утас яриад муудалцаад байсан ямар учиртай утас яриад байсан юм мэдэхгүй байна. Тэр хоёр манайд байхдаа гэрийн баруун талд байх орон дээр муудалцаад ноцолдоод Б нь Л.Гийгээ орон дээр дарж унаад гараараа толгой орчим руу нь 2-3 удаа цохихыг нь би харсан. Тэр үед би уурлаад та нар гарцгаа зүгээр ууж идэж чадахгүй байна уу гээд хөөгөөд гаргасан. Тэр манайхаас гараад гэрийн зүүн урд хэсэгт зодолдоод байх шиг байсан, би гарч хараагүй. Харин тэр үед Ц яагаад ч юм гараад салгасан юм билээ. Мөн Ц манайд гаднаас ирээд эрүүл байсан учраас Л.Гийг гэрлүү нь хүргэж өгсөн юм билээ. Ц, Цоодол нар дараа нь энэ талаар надад ярьсан юм. Харин би Б Л.Гийг манай гэрийн баруун талд байх орон дээр ноцолдоод Л.Гийгээ зодоод байхыг бол сайн санаж байна...Яг зодуулсан даруйдаа нүүр ам хөхөрсөн аль талынх нь нүд билээ хавдаж тагларсан байсан...гэх мэдүүлэг   /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

5.Гэрч Б.Ц-ын “...Би хааяа уулзаж архи уудаг с-Ц хочтой Н.Ц ахынд 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 16 цаг өнгөрч байхад очсон /цагийг бага зэрэг зөрөөтэй ярьж байж магадгүй/. Би жаахан халамцуу очсон гэхдээ нэг их согтуу байгаагүй, намайг тэднийд очиход Н.Ц ах гэртээ ганцаараа байсан бид хоёрыг суух байхад Л.Г ах гаднаас халамцуу орж ирсэн тэгээд халааснаасаа 20,000 төгрөг гаргаж ирээд би кантенейрын дэлгүүр орж 1 шил 0,75л Шар-Хараа архи нэг ундаатай хамт аваад Н.Ц ахынд ирж уусан. Бид гурав архиа ууж байхад гаднаас Бямбажав халамцуу орж ирсэн мөн Ц эрүүл орж ирсэн. Бид ууж байсан архинаасаа Бямбаад өгсөн тэр үед Бямбаа, Л.Г нар нэг гар утас яриад л хэрэлдээд унасан, бид сайн учрыг нь олоогүй, тэгээд Н.Ц баруун орон дээр ноцолдоод Б Л.Г ахын толгой рүү баруун хөлөөрөө хэд хэдэн удаа өвдөглөөд байсан, Л.Г ах энэ үед болио гээд байсан, энэ үед Ц бид хоёр очиж салгаад Ц Л.Г ахыг шууд хүргэж өгнө гээд аваад явсан...би сайн санаж байна гэрээс гараагүй баруун талынх нь орон дээр болсон асуудал юм. Ямар ч байсан Л.Г ахын нүүр лүү өвдөглөөд байсан...Н.Ц ах зарим нэг зүйлээ жаахан зөрүүтэй ярьж байна, бас архи уусан байсан болохоор андуурч хольж сольж ярьсан байх, би маш сайн санаж байна. Н.Ц ах бид хоёр тэднийд сууж байх үед Л.Г ах, хэсэг хугацааны дараа Бямбаа ирсэн юм. Харин Л.Г ах 20,000 төгрөгтэй ирсэн юм.

...Би Гахыг түрүүлж орж ирсэн юм уу гэж бодоод байсан юм, гэхдээ би олон хоногийн өмнө согтуу байхад болсон асуудлыг ярьсан учраас сайн санахгүй буруу ярьсан байж магадгүй гэж бодож байна сайн санахгүй байна...Хоёулаа гар утас яриад хэрэлдээд байсан хэн нь хэнээсээ нэхсэнийг бол ойлгоогүй байж байгаад л хэрүүл болсон юм...гэх мэдүүлэг   /хх-ийн 26-27, 143 хуудас/

6.Гэрч Ч.Б-н “...Би 2023 оны 04 сарын 04-ний өдөр Ж.Э-нд очсон. Тэднийд хүмүүс архидаад байгаа бололтой байсан Л.Г байсан, архи уусан болохоос хэвийн байсан, би амбаарт нь хийсэн юмаа авах гэж очоод аваагүй буцсан юм...гэх мэдүүлэг   /хх-ийн 135 хуудас/

7.Шинжээч Э.Б-ын “...Ерөнхий хөдөлмөрийн чадвар гэдэгт тухайн хүний ердийн өөртөө үйлчлэх чадварыг хамааруулж ойлгоно. Л.Г нь Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хурааг авах мэс ажилбарт орж дээрх цусан хураа авагдсан ба 2023 оны 12 дугаар 23 болон 2023 оны 12 дугаар 26-ны өдрийн толгойн компьютер томографи шинжилгээг дүрс оношилгооны шинжээч эмчээр уншуулахад тархины дух чамархай, зулай хэсгийг хамарсан 0.9см хүртэл зузаантай, холимог нягтралтай архаг субдурал цус хуралттай гэж дүгнэсэн тухайн үлдэц нь эмчилгээний үр дүнд өөрөө хэвийн эргэн шимэгдэх боломжтой мөн тархины эдэд өөр ямар нэгэн гэмтэл, няцрал байхгүй байсан тул цаашид ерөнхий хөдөрлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэж дүгнэсэн...гэх мэдүүлэг   /хх-ийн 164 дүгээр хуудас/

 8.Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1321 дугаартай шинжээчийн “1.Л.Гийн биед тархины баруун тал бөмбөлөгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт   /хх-ийн 37-39 дүгээр хуудас/

9.Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 632 дугаартай шинжээчийн “1.Л-н Г-ийн сэтгэцэд 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 2.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. 3.Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай. 4.Шинжилгээний явцад хэрэгт нэмэлт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй...гэх дүгнэлт   /хх-ийн 176-179 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Геологийн 16-14 тоотод оршин суудаг  Н.Цы гэрт бусадтай архи уух явцдаа Л.Гтэй маргалдаж, улмаар гараараа түүний толгойн тус газар 2-3 удаа цохиж, нүүрэн тус газар өвдөглөж зодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ямар нэгэн маргаангүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

 Шүүгдэгч Ч.Б нь хохирогч Л.Гийн толгойн тус газар 2-3 удаа цохиж, нүүрэн тус газар өвдөглөж зодсон үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хүнд гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Ч.Б нь гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэхдээ би өвдөглөөгүй, гараараа л цохисон санагдаад байгаа юм гэх мэдүүлэг нь:

 -хохирогч Л.Гийн  “...намайг гараа зангидаад цохиж унагасан. Үүнээс хойш толгой  руу цохиж, өшиглөж байсан шиг санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 137-141 дүгээр хуудас/,

-гэрч Д.Цын ...тэгээд Б Н.Цы баруун талын орон дээр Л.Гийг дарж унаад 2-3 удаа цохисон. Тэгээд Цоодол бид хоёр салгасан, удалгүй хэсэг хугацааны дараа мөн баруун талын орон дээр Л.Г ахыг үсдэж арагш нь дарж байгаад нүүрэнд нь нэлээн хүчтэй 2 удаа өвдөглөсөн. Энэ үед би эрүүл байсан учраас чи аав шигээ хүнийг яаж байгаа юм гээд салгаад Л.Г ахыг хүргэж өгье гээд аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

-гэрч Б.Ц-ын “...тэгээд Н.Ц баруун орон дээр ноцолдоод Б Л.Г ахын толгой рүү баруун хөлөөрөө хэд хэдэн удаа өвдөглөөд байсан, Л.Г ах энэ үед болио гээд байсан, энэ үед Ц бид хоёр очиж салгаад Ц Л.Г ахыг шууд хүргэж өгнө гээд аваад явсан...би сайн санаж байна гэрээс гараагүй баруун талынх нь орон дээр болсон асуудал юм. Ямар ч байсан Л.Г ахын нүүр лүү өвдөглөөд байсан...”  /хх-ийн 26-27 дугаар хуудас/ мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.Быг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч  нарын согтууруулах ундааны зүйлийн зохисгүй хэрэглээ, хэтрүүлэн хэрэглэсэн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

          Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Гийн биед тархины баруун тал бөмбөлөгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн хацарт цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсан ба шүүгдэгч Ч.Баас  хохирогч Л.Гийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3,965,229 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Гэд олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар  Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

           Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн хүнд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, өмнө нь 3 удаагийн ял шийтгэлтэй, хохирол төлөөгүй болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд оруулан тооцох...” дүгнэлтийг,

 

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Таас: “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцож байгаа, ажил төрөл хийж хохирол барагдуулахаа илэрхийлж буй байдал зэргийг харгалзан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргав.

          

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна. 

           Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар шүүгдэгч  нь 43 настай, ам бүл 2, ээжийн хамт Х аймгийн Б сумын 1 дүгээр баг Нийтийн байрны 4-8 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 3 удаагийн ял шийтгэл эдэлж байсан гэх хувийн байдал тогтоогдсон болно. 

 

           Шүүгдэгч Ч.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтсон орлогогүй, түүнчлэн хохирогчид учруулсан хохирол төлөөгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

           Шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлөөгүй, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

          

Шүүгдэгч Ч.Б нь энэ гэмт хэргийн улмаас 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 55 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж зааснаар шүүгдэгч Ч.Бын цагдан хоригдсон 55 хоногийг хорих ялын 55 хоногоор тооцож, ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь  зүйтэй.

 

Хохирогч Л.Гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 632 дугаартай шинжээчийн “...энэ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна, цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэсэн дүгнэлт гарсан байна.

 

Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тооцохдоо хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан гэмт хэрэг үйлдэгдэхэд мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 6,600,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Баас гаргуулан хохирогч Л.Гэд олгохоор шийдвэрлэлээ.

 

Хохирогч Л.Г нь энэ гэмт хэргийн улмаас 2024 онд Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр Эрүүл мэндийн даатгалын сангаас 5,734,830 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан байна.

           Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр заасан байх тул шүүгдэгч Ч.Баас 5,734,830 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгох нь зүйтэй.   

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Бд урьд авсан “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч О овогт Ч-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Орлой зээрд овогт Ч-ын Б-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Орлой зээрд овогт Ч-ын Б-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бын цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнд авсан “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3,965,229 /гурван сая, есөн зуун жаран таван мянга, хоёр зуун хорин ес/ төгрөг гаргуулан хохирогч Ч овогт Л-ийн Г-д олгосугай.

          6. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баас хохирогч Л.Гийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 6,600,000 /зургаан сая, зургаан зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Л.Гэд олгосугай.

         7.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ч.Баас 5,734,830 /таван сая, долоон зуун гучин дөрвөн мянга, найман зуун гучин/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгосугай. 

         8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

          9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

         10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Бд авсан “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.БОЛОР-ЭРДЭНЭ