Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/197

 

 

 

 

   

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                         

           Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням /томилолтоор/,

Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мд холбогдох эрүүгийн 2419000000251 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Э.М.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.М нь 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг “Минерал” баарны гадна  хохирог Н.Утэй үл ярих зүйлийн улмаас маргалдаж улмаар түүний түлхэж газарт унагаж эрүүл мэндэд дагзанд шарх бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.М нь 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг “М” баарны гадна  хохирог Н.Утэй үл ярих зүйлийн улмаас маргалдаж улмаар түүний түлхэж газарт унагаж эрүүл мэндэд дагзанд шарх бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Н.Утэй “...2024 оны 06 дугаар сарын 22-аас 23-нд шилжих шөнө 01 цагийн орчимд найз А, М, А, нөхөр Б нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд байр М баарны караокед орсон. 0,75 литрийн Виски, 0,5 литрийн Cass пиво хэд хэдийг уусан. Баарнаас 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шөнийн 03 цаг 42 минутын гадаа үүдэнд А, А, М нарын хамт юм яриад зогсож байхад Х гэх зүс таних эрэгтэй Э гэх хүнтэй муудаад байхаар нь би Х дээр очиж муудаж болохгүй гэж хэлээд байж байтал Хтэй цуг явж байсан Э.М гэх эмэгтэй намайг мэдээгүй байхад түлхэж газар унагаахаар нь би босож ирээд гарт байсан пиво Э.М руу шидсэн чинь оноогүй. Тэгээд би Э.Мын үснээс нь барьсан чинь Э.М миний үснээс зулгаан “М” баарны ханыг толгой хэсгээр минь нэг удаа мөргүүлэхэд хажууд байсан найзууд салгасан....Э.М гэх хүнтэй муудсаны улмаас миний сэтгэл санаанд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Би сэтгэл санааны хор уршгийн дүгнэлт гаргуулахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,

              2. Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №02/277 дугаартай “...Н.Уийн биед дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-р тал/

            3. Учирсан гэмтлүүд нь нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт/хх 16-17-рт/,

        Шүүгдэгч Э.Мын “...М баарны гадна танил Хүслэнг хар хүрэн өнгийн цамцтай, бараан өнгийн хувцастай, дунд зэргийн нуруутай эмэгтэй хүн Хийн эгчийг элдэв бусаар хэлж Хг өшиглөхөөр нь би Хг өшиглөсөн эмэгтэйг “болио, эмэгтэй хүн байж” гэж хэлээд түлхсэн чинь арагш болсон. /газарт ойчсон үгүйг мэдэхгүй байна./ тэгээд тэр эмэгтэй миний толгой хэсэг рүү баруун гараараа цохин миний үснээс зулгаан доош унан, миний үснээс тавихгүй доошоо дараад байхаар нь би арай гэж гарыг нь тавиулсан. ... Надаас Н.У гэж хүн миний толгой өвдөөд байна, өвчин намдаах эм авмаар байна 30.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн орой Хаан банкны ... данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/, зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Э.М нь хохирогч Н.У эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

          Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

 

          Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

          

           Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №02/277 дугаартай шинжээчийн “Н.Уийн биед дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон байх бөгөөд прокуророос шүүгдэгч Э.Мын үйлдэлд холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

 

          Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Э.М нь Н.Уийг түлхэж газарт унаж байгаа үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд дагзанд шарх бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба Э.М нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл, хохирогчийн дагзанд шарх бүхий хөнгөн хохирол, хор уршиг учирсан хоёрын шалтгаант холбоо тогтоогдож байна.

          

            Иймд шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Э.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол төлбөрийн талаар:       

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.М нь хохирогч Н.У эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогчид 2.000.000 төгрөгийг хуваарь гарган төлөхөөр харилцан тохиоролцож, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.Моос 2.000.000 төгрөгийг гаргуулах хохирогч Н.Ут олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Э.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

         Шүүгдэгч Э.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Э.Мд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

          

            Иймд шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй дурдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Э.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            4. Шүүгдэгч Э.Мд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Моос 2.000.000 төгрөг гаргуулан хохирогч Дорноговь аймаг ... тоотод оршин суух Б овогт Н.У /РД:.../-т олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОДБАЯР