| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2024/0190/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/198 |
| Огноо | 2024-08-28 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,
Хохирогч С.Ө /цахимаар/,
Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Бод холбогдох эрүүгийн 2419001940233 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт: Монгол улсын иргэн, Ж.Б.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Б нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн ... баг Хөрс шатахуун түгээх станцын урд талын босоо тэнхлэгийн ... дугаартай авто зам дээр ... улсын дугаартай сувдан цагаан өнгийн “...” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх, 12.4 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна талд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх, 12.6 /в/ дэх хэсэгт заасан “Хурдны хязгаар таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн хурдыг уг тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж замын зорчих хэсгээс гарч осолдсоны улмаас С.Өын эрүүл мэндэд “...1 дүгээр нугалмын их бие, зүүн талын ламин дайрсан шахагдсан бяцарсан хугарал, баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн шуунд зулгаралт...” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Дээрх үйл баримт нь шүүгдэгч Ж.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хохирогчийнхоо хохирлыг ямар ч байсан барагдуулна. Би тухайн цаг хугацаанд саад гарч ирээд зогсоож чадаагүй нь миний буруу. Өөрийн болгоомжгүй байдлаас болж хүн хохироосон. Ямар ч байсан энэ хүний хохирлыг нь барагдуулна гэх мэдүүлэг,
Хохирогч С.Ө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний бие С.Ө нь урд говьд Ханги мандлын чиглэлд нүүрс тээврийн хувийн машин барьдаг ажилтай байсан. Би 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа явахаар Говь-Алтай аймгаас хот ороод хотоосоо Дорноговь аймгийн Мандах сумын чиглэлд ажил дээрээ очихоор явсан. Тэгээд хотоос вокзал дээрээс Ж.Б гэдэг залуугийн Альфард машинд суугаад замдаа явж байгаад Даланжаргалан сумын нутаг дэвсгэр дээр 25 километрт осолд ороод ийм байдалтай болсон. Ж.Бын мэдүүлэг таарч байна. Миний мэдүүлэг адилхан байгаа. Би тухайн үед унтчихсан байсан. Тэгээд сэрэхэд ойж буугаад л замын цөмөрхий дээгүүр дэгдээд ийм асуудал болсон. Тухайн үед 65 километр цагийн хурдтай явсан гэсэн мэдүүлэг өгсөн байна лээ. Миний бодлоор 65 километр цагийн хурдтай явахад арай ч хүний биед гэмтэл учраад машин тэрэг ийм айхтар эвдрэхгүй болов уу гэж бодож байгаа. Тухайн үед ийм асуудал болсон гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-11-рт/,
Хохирогч С.Өын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Явж байгаад хэсэг унтсан нэг сэрэхэд автомашин ойж буугаад би таазанд цохигдоод буцаж суудал дээр буухад нуруу хугарсан, сэртэн яс хугарсан, нурууны булчин мах язарсан... машины дугуй обуд хагарсан харагдаж байсан. Дорноговь аймгийн Д сумын нутаг дэвсгэрт колонкийн орчимд болсон... Хурд хэтрүүлсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх 39-рт/,
Техникийн эвдрэлийн дүгнэлт /хх 45-52-рт/,
Ашид Билгүүн ХХК-ний 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №887 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 54-59-рт/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №6365 дугаартай дүгнэлт /хх 63-65-рт/,
Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гаргасан магадалгаа /хх 68-69-рт /,
Иргэний нэхэмжлэгч Ч.Цын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өгсөн “...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний дүүгийн хүүхэд болох Ж.Б нь надаар Бэрс Финанс ХХК-ний банк бусаар худалдаж авхуулаад өөрөө зээлийг нь төлдөг. ... дугаартай тээврийн хэрэгслийн эд хөрөнгийн хохирлын үнэлгээ 3,970,000 төгрөг гарсан байна. Ж.Б уг тээврийн хэрэгслийн зээлийг өөрөө төлдөг тул надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх 82-рт/,
Шүүгдэгч Ж.Бын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “... Дорноговь аймгийн Д сум 25 дугаар зөрлөг орчимд орж иртэл замын хойд талд зам дээр зогсож байсан машины хойд талаас хар өнгийн нохой гараад ирсэн. Тэгэхээр нь би нохойг дайрахгүй гээд баруун гар тал руу дарсан. Тэгтэл замын хажуу руу шороо руу даялаад гарсан. Тэгтэл машин бөгс шарваад үрүүл булаагдаж зүүн тал руу буюу эсрэг урсгал руу дарагдсан. Тэгээд эсрэг урсгалд орохоор нь тоормос гишгэтэл машин эсрэг урсгалаас ирж байхаар нь тоормосоо авч чигээрээ замын хажуу тал руу гарсан. Тэгтэл Овгор шороо мөргөөд обуд хагараад тоормос гишгэх боломжгүй болсон. Тэгээд чигээрээ яваад шатахуун түгээх станцын замын боржуур дээгүүр гараад зам хөндлөн гарч шороон дээр гараад өөр хагархай дугуйгаараа зуурагдаад төв зам руу харж зогссон. Дугуй хагарсан тул тоормос гишгээд онхолдох байх гээд тоормос гишгээгүй... Би 65 орчим километр цагийн хурдтай явж байсан. 50 км цагаас дээш хурдтай явахыг хориглосон тэмдэглэгээг цанаас гарч ирэхэд харагдаагүй. Харин осол гарсны дараа харсан... Би өөрийн буруугаа хүлээж зөвшөөрч байна. Би хүнийхээ хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх 84-85-рт/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж дүгнэлээ.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн үндэс шинжийг хуульчилсан ба мөн зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд /2015/ заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.
Тиймээс тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй, хэрэв уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүсэж бий болох гэнэтийн осол, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байх үүрэг бүхий этгээд юм.
Шүүхээс тогтоосон дээр дурдсан хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хохирол, хор уршигт хүргэсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, бүрэн төгссөн гэмт хэрэг байна гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Ж.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх, 12.4 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна талд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх, 12.6 /в/ дэх хэсэгт заасан “Хурдны хязгаар таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн хурдыг уг тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж замын зорчих хэсгээс гарч осолдсоны улмаас С.Өын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбар мэдүүлгээр хэргийн нөхцөл байдлыг сэргээн тогтоовол шүүгдэгч Ж.Б нь 2024 оны 05 дугаар 06-ны өдөр Дорноговь аймгийн ... дугаар баг Хөрс шатахуун түгээх станцын урд талын босоо тэнхлэгийн А0102 дугаартай авто зам дээр ... улсын дугаартай сувдан цагаан өнгийн “...” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн дээр дурдсан заалтуудыг зөрчиж замын зорчих хэсгээс гарч осолдсоны улмаас С.Өын эрүүл мэндэд “...1 дүгээр нугалмын их бие, зүүн талын ламин дайрсан шахагдсан бяцарсан хугарал, баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн шуунд зулгаралт...” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан байна.
Тиймээс прокуророос шүүгдэгч Ж.Бын үйлдлийг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...”, 2-т “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг хор уршигт тооцно...” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Ж.Боос замын зардалд 2.126.759 төгрөг, эмчилгээний зардал 1.710.562 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, Банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн 1 жилийн төлбөрт 15.363.600 төгрөгийг тус тус нэхэмжилсэн бөгөөд шүүхээс баримтаар нотлогдож буй замын зардалд 2.126.759 төгрөг, эмчилгээний зардал 1.710.562 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 11.220.000/660.000*17=11220000/ төгрөг, нийт 15.057.321 төгрөгийг гаргуулан хохирогч С.Өад олгож, хохирогчийн нэхэмжилсэн ББСБ-аас авсан зээлийн төлөлтөнд 15.363.600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Учир нь Банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн 1 жилийн төлбөрт нэхэмжилсэн 15.363.600 төгрөг нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол биш байх бөгөөд хохирогч С.Ө, ... ОМЗ ББСБ нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээтэй холбоотой иргэний эрх зүйн маргаан тул тус нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй юм. Тиймээс уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал, мөн түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 сая төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс торгох ялын саналыг дэмжиж, хохирогчийн зүгээс ямар нэгэн санал гаргаагүй.
Шүүгдэгч Ж.Бод эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдал, улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 06 сарын хугацаагаар хасаж 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй зэргийг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 06 сарын хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 06 сарын хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Ж.Бод оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Ж.Боос замын зардалд 2.126.759 төгрөг, эмчилгээний зардал 1.710.562 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 11.220.000 төгрөг, нийт 15.057.321 төгрөгийг гаргуулан хохирогч С.Өад олгож, хохирогчийн нэхэмжилсэн ББСБ-аас авсан зээлийн төлөлтөнд 15.363.600 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР