| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2024/0191/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/199 |
| Огноо | 2024-08-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Норжинлхам,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,
Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ад холбогдох эрүүгийн 2419003040262 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.А.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.А нь 2024 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” баарны гадна О.Хтай хэрүүл маргааны улмаас түүнийг үстэж, зодон эрүүл мэндэд нь зүүн гарын ядам хурууны хумс уналт, баруун тохой, хүзүү, цээж, зүүн гуянд цус хуралт, баруун гуя, зүүн бугалганд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А нь 2024 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” баарны гадна О.Хтай хэрүүл маргааны улмаас түүнийг үстэж, зодон эрүүл мэндэд нь зүүн гарын ядам хурууны хумс уналт, баруун тохой, хүзүү, цээж, зүүн гуянд цус хуралт, баруун гуя, зүүн бугалганд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч О.Хгийн “...Би... баарнаас гараад баарны үүд хэсгийн хойд талд гаран утсаар ярих гэж байхад 4 эмэгтэй миний хажуугаар зөрөөд явах үед нь нөгөө хүнийг утсаа аваач гэж хэлэх таарсан чинь тэр 4 эмэгтэй хүмүүсийн нэг эмэгтэй нь “Утсаа аваач гэж шааж байна” гэж хэлэхээр нь би “Хөөе юу гээд байгаа юм” гэсэн чинь “Чамтай яриагүй пизда минь, гичий минь” гэх үгээр хэлж намайг хараахаар нь “Та хэд баарнаас гарч ирж байгаа юм бол ядаж насанд хүрсэн юм уу. Бичиг баримт чинь байна уу” гэхэд нөгөө 4 эмэгтэй хүний 2 нь над руу ойртож ирээд миний баруун гар, зүүн гарын хажууд зогсоод шууд миний үснээс үстэж газарт унагаахад, 4 эмэгтэй миний дээрээс өшиглөж, дэвсээд байсан. Би толгойгоо гараараа хамгаалаад хэвтэж байсан чинь ажлын ах Б гарч ирэн намайг биеэрээ хааж зогсоод тэр хэдээс салгахаар нь би “Цагдаа дуудна” гэж орилсон чинь тэр хэд... таксинд суугаад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22- 23 дугаар тал),
Гэрч Б.Бын “... Би ... баарнаас гарч тамхи татахаар баарны баруун талд зогсож байсан чинь миний хойд талд хүмүүс муудаад байх шиг байхаар нь харсан чинь ажлын О.Х нь 2-оос 3 эмэгтэй хүнтэй муудаж бахаар нь би тэд нар дээр очоод О.Хг “Боль. Юу болоод байгаа юм. Яагаад хүнтэй муудаад байгаа юм” гэж хэлэхэд О.Хтай муудаж байсан хүмүүс хойшоо яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар тал),
Гэрч Н.Нийн “...Сийн гарыг тэр эмэгтэй түлхэхээр нь Г.Аа нь Сийн өмнүүр орсон чинь Г.Аийн үснээс тэр эмэгтэй үстэн барихад Г.Аа нөгөө эмэгтэйн үснээс бас үстэн газарт унан хоёр биеэ өшиглөөд цохихоор нь С бид хоёр тэр хоёрыг салгах гэж оролдоход тэр хоёр салахгүй байхаар нь би Г.Ааг “Боль чи” гэж хэлэн гараас нь татаж болиулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр тал),
Гэрч Н.Гын “...Сарангоо эгчийн мөр лүү тэр эмэгтэй түлхэхээр нь Г.Аа Сийн урдуур ороод “Та манай эгчийг яагаад байгаа юм” гэж хэлсэн чинь тэр эмэгтэй... аймар үгээр доромжлон Г.гийн үснээс үстсэн чинь Г.Аа бас тэр эмэгтэйн үснээс үсэдсэн чинь тэр хоёр газарт унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр тал),
Гэрч Н.Сийн “...тэр эмэгтэй намайг аягүй хүчтэй түлхсэн чинь Г.А “Хүүш ээ та яаж байна аа” гэж хэлэн гарыг нь түлхсэн чинь тэр эмэгтэй шууд Г.Аг үстэн шууд газарт дарж унасан чинь Г.Агийн гар утас, савхин куртик эд нэр нь газарт тарж унасан. Би Г.Аг болон нөгөө эмэгтэй хоёрыг болиулах гээд үстэлцсэн байсан гараас нь татсан чинь тэр эмэгтэй миний үснээс шууд татаж доош даран, хөлийн шилбэнээс базсан. Г газарт унасан зүйлийг газраас авч байсан. Н бид хоёр салгах гэж татаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар тал),
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 02/325 дугаартай “...О.Хгийн биед зүүн гарын ядам хурууны хумс уналт, баруун тохой, хүзүү, цээж, зүүн гуянд зулгаралт, цээж, баруун гуя, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 9 дүгээр тал)...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Г.А нь хохирогч О.Хгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №02/325 дугаартай шинжээчийн дүгнэлтээр О.Хгийн биед зүүн гарын ядам хурууны хумс уналт, баруун тохой, хүзүү, цээж, зүүн гуянд зулгаралт, цээж, баруун гуя, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн байх бөгөөд прокуророос шүүгдэгч Г.Агийн үйлдэлд холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Г.А нь О.Хг үстэж, зодож байгаа үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд зүүн гарын ядам хурууны хумс уналт, баруун тохой, хүзүү, цээж, зүүн гуянд зулгаралт, цээж, баруун гуя, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба Г.А нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл, хохирогчийн дагзанд шарх бүхий хөнгөн хохирол, хор уршиг учирсан хоёрын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.А нь хохирогч О.Хгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь хохирол төлбөргүй, гомдол саналгүй талаар бичгээр хүсэлт гаргасан /хх 38-рт/ байх тул шүүгдэгч Г.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Г.Ад танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Иймд шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Г.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Г.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Г.Ад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР