Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 62

 

О.Н, Б.Г, Б.Г,

 О.М нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: Ц.Ариунжаргал,

Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/251 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч О.Н, Б.Г, О.М, Б.Г нарт холбогдох 2028001560131   дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн  танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ам бүл 5, эхнэр, охин, зээ нарын хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

2.  Монгол Улсын иргэн, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

3. Монгол Улсын иргэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

4. Монгол Улсын иргэн, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух, урьд нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 99/а дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 5 хоногийн хугацаагаар хорих ял, Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, 

Яллагдагч О.Н, О.М, Б.Г, Б.Г нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 05 дугаар сарын 26-наас 27-ны өдөр нутаг дэвсгэр “Баганат” гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуул явуулж 1,9 грамм алт олборлосон гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь шүүгдэгч О.Н, О.М, Б.Г, Б.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Н,  Б.Г, О.М, Б.Г нарт холбогдох эрүүгийн 2028001560131 дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг Прокурорын газарт очтол яллагдагч О.Н, О.М, Б.Г, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жижиг цагаан хуванцар савтай 1.9 грамм алт, жижиг цагаан хуванцар савтай электрон жин дээр тавихад жинлэгдэхгүй алт, “Голд монстер-1000” загварын металл хайгч 1 ширхэг, “GPX-4000” гэсэн бичигтэй металл хайгч 1 ширхэг, “TEKNETICS G-2” гэсэн бичигтэй металл хайгч 1 ширхгийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Даваасүрэнд даалгаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Ариунжаргал нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “...Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж “...эд мөрийн баримтаар хураагдсан онцлог шинж бүхий үнэт металл алт мөн болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт бүрэн бус, хуульд заасны дагуу гаргаагүй, уг үнэт металлын битүүмжлэл, лац алдагдсан, хэмжээг нь нарийвчлан тогтоогоогүйн дээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн зөрчлүүд тогтоогдсон” гэх үндэслэлээр яллагдагч О.Н, О.М, Б.Г, Б.Г нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан байна.

Шүүгчийн захирамжийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: Яллагдагч Б.Г нь боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй, мөн төлбөрийн чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдсон тул түүнд улсын өмгөөлөгч Э.Дөлгөөн мөрдөн шалгах ажиллагааны үеэс хууль зүйн туслалцаа үзүүлсэн нотлох баримтууд хэрэгт авагдсан. Б.Г-ыг 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр прокурорын 2028001560131 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба тогтоолыг өмгөөлөгчийн хамт танилцуулсан. Энэхүү ажиллагаанд өмгөөлөгч оролцон, мэдүүлэг авсан ажиллагааны тэмдэглэлд прокурорын тогтоолтой танилцаж, ойлгосон эсэх талаар мөрдөгчийн асуултад “прокурорын тогтоолтой танилцаж ойлголоо” гэж тэмдэглэгдсэнээр нотлогдоно. Яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн долдугаар бүлэгт заасан яллагдагчийн эрх, үүргийг бүхэлд нь танилцуулсан байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчсөн, мөн хуулийн долдугаар бүлэгт заасан яллагдагчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

О.Н, О.М, Б.Г, Б.Г нар нь Т.Э, О.М, О.У нарын хамт 2 тээврийн хэрэгслээр Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг дэвсгэрт ирсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоолд Т.Э-ийн нэрийг дурдаагүй боловч түүнийг О.М, О.У нарыг О.Н, О.М, Б.Г, Б.Г нартай бүлэглэн алт хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн эсэх асуудлыг шалгаж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй тул үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Мөн О.Н, О.М, Б.Г, Б.Г нар нь гэмт хэрэг үйлдэхдээ 2 ширхэг мятал хайгч ашиглаж, улмаар алт олборлосон. Машинд байсан мотор, молдок, хүрз зэргийг автомашинаас гаргаагүй нөхцөл байдал хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд ашиглах болон ашиглахыг завдсан идэвхтэй үйлдэл хийгээгүй болох нь гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр нотлогдсон байхад шүүхээс дээрх эд зүйлсийг хэнийх болохыг тогтоох, хураан авч, улсын орлого болгох шаардлагатай гэж үзсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь заалтуудтай нийцэхгүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан алт гэх шар өнгийн металлыг алт мөн эсэх, алт бол сорьцыг тогтоолгохоор Геологийн төв лабораторийг шинжээчээр томилсон. Геологийн төв лабораториос 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шинжилгээний дүн гаргасан бөгөөд тус лабораториос гаргасан шинжилгээний дүнг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Шинжээчээс мэдүүлэг авч, хэрэгт ач холбогдолтой асуудлыг тодруулсан тул шинжилгээний дүнг шинжээчээс авсан мэдүүлэг, эд мөрийн баримтууд, бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судалж, хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой. Түүнчлэн дээрх газраас гаргасан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хэргийг хянан шийдвэрлэж байгаа практик тогтсон байгааг дурдах нь зүйтэй.

...Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1,9 грамм болон жинлэгдэхгүй хэмжээний буюу овор хэмжээ багатай, гулдмайлах боломжгүй бага хэмжээний алтыг Монгол банкны Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааны журмын дагуу хүлээн аваагүй, хадгалуулаагүй, үнэт металлын битүүмжлэл, лац алдагдсан талаар шийдвэртээ дурдсан нь буруу байна.

Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/251 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг тус шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Ариунжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ бүрэн дэмжиж байна. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/251 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бичсэн 07 дугаартай эсэргүүцлээр хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Өмнөговь аймгийн  Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/19 дугаартай тушаалаар Өмнөговь аймгийн Номгон сумын Богт баг, Баганат гэх газарт иргэд хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх хэрэг бүртгэлийн 202800156 тоот хэргийн хохирогч, нэхэмжлэгчээр Байгаль орчин, аялал жуулчлалын газрын газар, газрын хэвлий, түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, байгаль орчны үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Буяндэлгэрийг томилсугай гэсэн байхад мөрдөгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Өмнөговь аймгийн  Байгаль орчин, аялал жуулчлалын газрыг томилоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2, 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан заалтуудыг зөрчсөн байна.

Алт олборлох зорилгоор Сэлэнгэ аймгаас ирж тухайн газарт авчирсан байсан техник хэрэгслийг буцааж өгсөн эд зүйл хүлээлгэн өгсөн 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн /хх-37-38/ тэмдэглэлүүдэд “Isuzu Bighorn Bighorn” маркийн авто машиныг эзэмшигч Т овогтой Э, “Toyota Land Criuser-80” маркийн авто машиныг эзэмшигч Б овогтой Б нарт  ямар үндэслэлээр хүлээлгэн өгсөн болохыг тусгаагүй байна.

Прокурор нь хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзэж яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т “хохирол хор уршгийн талаарх мэдээлэл”-ийг яллах дүгнэлтийн хавсралтад тусгана гэсэн хуулийн заалтыг биелүүлэлгүй яллах дүгнэлт үйлдсэн байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шийдвэрийн үндэслэлийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй тул хяналтын прокурорын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг тус шүүхэд буцаах тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хяналтын прокурор Ц.Ариунжаргалын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/251 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                           Х.ГЭРЭЛМАА

                                                                                                    Т.БЯМБАЖАВ