| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 101/2024/01207/И |
| Дугаар | 001/хт2025/00114 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 001/хт2025/00114
“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/00827 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2025/00511 дүгээр магадлалтай,
“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“Б” ХХК-д холбогдох,
30,180,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан 30,180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/00827 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас 28,380,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “О” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 1,800,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “О” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 361,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-аас 299,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “О” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2025/00511 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/00827 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 299,850 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Б” ХХК-д холбогдох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.01.29-ний өдрийн 191/ШШ2025/00827 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.03.26-ны өдрийн 210/MA2025/00511 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч хянуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.
4.1 Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлээгүй. Мөн урьдаас хөдөлбөргүй тогтоосон баримт мэтээр шууд дүгнэсэн. Нэхэмжлэгчээс зуурмагийг хүлээлгэн өгсөн гэх нэг талын баримтыг шүүхэд гарган өгсөн боловч түүнийг хариуцагчаас хэн, хэрхэн хүлээж авсан нь тодорхойгүй, бодитоор хүлээн авсан нь тогтоогдож, нотлогдохгүй байгаа баримтыг шууд үндэслэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” суурь зарчмыг зөрчсөн. Бетон зуурмагийг хүлээн авсан этгээд “Б” ХХК-ийн төлөөлөл мөн эсэх нь тодорхойгүй байхад тухайн баримтыг нотолгооны баримт гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй юм. Нийт хэдэн м.кв, ямар маркийн зуурмагийг өгсөн, авсан баримт байхгүй. Талууд тоо хэмжээ, м.кв, марк дээрээ маргаж байхад үүнийг тогтоохгүйгээр маргааныг шийдвэрлэх боломжгүй.
4.2 Нэхэмжлэлийн дүн, бетон зуурмагийн марктай холбоотой зөрүүг тогтоогоогүй. Магадлалын үндэслэх хэсгийн 4.2-т “2022.05.24-ний өдөр 150 маркийн 18 м3 3,420,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг, 2022.07.08-ны өдөр 250 маркийн 90 м3 22,500,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийт 25,920,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг хүлээлгэн өгсөн болох нь бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогджээ” гэж шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна. Тухайлбал:
Бетон зуурмагийн марктай холбоотой зөрүү
Нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч “М150 маркийн зуурмаг 18 м3, М350 маркийн зуурмаг 90 м3 нийт 25,920,000 төгрөгийн үнэ бүхий 108 м3 зуурмаг нийлүүлсэн” гэдэг. Гэвч шүүхийн магадлалд М250 маркийн 90 м3 зуурмаг нийлүүлсэн гэж дүгнэсэн байна. Гэтэл ийм маркийн зуурмагийг, уг хэмжээгээр огт аваагүй.
Гэрээний нөхцөлтэй тулгалт хийгдээгүй
Бетон зуурмагийн үнэ нь маркаасаа шууд хамаардаг. Үнэхээр нэхэмжлэгчийн зуурмаг хүлээлгэн өгсөн баримтыг хөдөлбөргүй үнэн гэж дүгнэж, магадлалын үндэслэл болгож буй тохиолдолд бетон зуурмагийн марк М350, М250 гэж зөрүүтэй байгааг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдлыг тогтоох зорилгоор тал бүрээс нь харьцуулан судалж дүгнээгүй. Гэтэл нэхэмжлэгч М350 маркийн 90 м.куб бетон зуурмагийн 1 м.куб=250,000, 90м.куб*250,000=22,500,000 гэж гэрээний заалт дээрх үнийн дүнгээс зөрүүтэй өндөр дүнгээр нэхэмжилсэн.
Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 3.1-д тусгагдсан зуурмагийн үнийн хүснэгт, үнэ, марк зэргийг дээрх бетон зуурмаг хүлээлгэн өгсөн гэх баримтуудтай харьцуулан үнэлээгүй нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судалж дүгнээгүйг харуулж байна.
Нэхэмжлэлийн шаардлагад марк М150, бетон зуурмаг баримтад марк М150, (зөрүүгүй),
нэхэмжлэлийн шаардлагад хэмжээ 15, бетон зуурмаг баримтад хэмжээ 15, (зөрүүгүй),
нэхэмжлэлийн шаардлагад үнэ 3,420,000 төгрөг, бетон зуурмаг баримтад үнэ 3,420,000 төгрөг, (зөрүүгүй),
нэхэмжлэлийн шаардлагад марк М350, бетон зуурмаг баримтад марк М250, (маркийн чанар зөрүүтэй),
нэхэмжлэлийн шаардлагад хэмжээ 90 м3, бетон зуурмаг баримтад хэмжээ 90 м3, зөрүүгүй,
нэхэмжлэлийн шаардлагад үнэ 22,500,000 төгрөг, бетон зуурмаг баримтад үнэ 18,900,000 төгрөг, 3,600,000 төгрөгийн үнийн зөрүүтэй,
нэхэмжлэлийн шаардлагад нийт үнэ 25,920,000 төгрөг, бетон зуурмаг баримтад нийт үнэ 22,320,000 төгрөг, 3,600,000 төгрөгийн зөрүүтэй.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй байх үндсэн зарчмыг зөрчсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2, 40.3-т заасныг зөрчсөн болно.
4.3 Хариуцагчид хэргийн материалыг танилцуулаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн оролцогч хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй болно.
Гэвч шүүхээс хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцуулаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлд зааснаар эрх тэгш байдлын үндсэн дээр мэтгэлцэх зарчмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй.
Мөн шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хариуцагчид хэргийн материал танилцуулаагүй атлаа, нэхэмжлэгчээс баримтуудыг ирүүлснийг шүүх хариуцагч талд танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, түүнээс тэмдэглэл хийх” гэж заасан эрхээр хангаагүй гэж үзэж байна.
Хариуцагчид 2024.08.30-ны өдөр хэргийн материалыг танилцуулсан байх ба уг өдрөөс хойш хэрэгт цугларсан материалыг танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлд заасан “шүүхийн өмнө эрх тэгш байх”, “мэтгэлцэх зарчим”-ын үндсэн дээр хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.
4.4 Иргэний хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Магадлалын үндэслэх хэсгийн 6.1-д “28,380,000 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 236 дугаар зүйлийн 236.2 дахь хэсэгтэй нийцсэн” гэж дүгнэсэн.
Иргэний хуулийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.”, мөн Иргэний хуулийн 243.2-т “Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгчээс зуурмагийг худалдан авагчийн өмчлөлд хэрхэн шилжүүлсэн, худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй бөгөөд энэ байдлыг нотолсон, тогтоосон баримт хэрэгт байдаггүй болно.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг буцааж өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.05.22-ны өдрийн 001/ШХТ2025/00532 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-гийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан 40,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 8 ширхэг цонх суурилуулсан төлбөрт 7,000,000 төгрөг хасч, нийт 30,180,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, шаардлагын үндэслэлээ “...2022.05.17-нд хийгдсэн бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу М100-М400 маркийн бетон зуурмагийг 1 м3 зуурмагийн үнийг 180,000-240,000 төгрөгөөр тохиролцон бетон зуурмаг нийлүүлэхээр болсон. ...Гэрээний төлбөрийн 50 хувийг бэлэн мөнгөөр үлдсэн 50 хувийг бартераар буюу тухайн төслөөс орон сууц авах тохиролцоотойгоор гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу 2022.05.24-ний өдрөөс 2022.07.08-ны өдрийг хүртэл М150 маркийн зуурмаг 18 м3, М350 маркийн зуурмаг 90 м3-ыг нийт 25,920,000 төгрөгийн үнэ бүхий 108 м3 зуурмаг нийлүүлсэн бөгөөд ингэж нийлүүлэхдээ носасны машин түрээсэлж авсан бөгөөд энэ төлбөр нь 1,200,000 төгрөг болсон. Гэтэл хариуцагч гэрээний дагуу бартерын орон сууцуудаа шилжүүлэх гэрээгээ хийгээгүй. Мөн гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар бэлэн өгөх төлбөрөө авах зуурмагийнхаа хэмжээгээр тооцож төлбөрийг 2 хоногийн өмнө шилжүүлэх ёстой боловч шилжүүлээгүй. ... Хариуцагч “Б” ХХК-тай байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 4.3-т заасны дагуу алдангийг тооцохдоо төлбөр төлөх ёстой байсан 2022.05.22-ны өдрөөс хойш өнөөдрийг буюу 2023.12.04-ний өдрийг хүртэл тоолоход 518 хоног болж байгаа ба үүнийг гэрээнд заасан 0,3 хувиар бодоход нэг өдрийн алданги 81,360 төгрөг, нийт/518*81,360/= 42,019,500 төгрөг болж байна. ... “О” ХХК-ийн захирал Х.Н-ын гэрт 26 м.кв бүхий 8 ширхэг цонх суурилуулсан төлбөрт 7,000,000 төгрөгийг хасах талаар захирал зөвшөөрсөн. Ингээд нэхэмжлэлийн шаардлагаа 7,000,000 төгрөгөөр багасгаж 20,120,000 төгрөг болгож байна. Уг үнийн дүнгээс алдангиа бодож 10,500,000 төгрөг, нийт 30,180,000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Гэрээгээр нэхэмжлэгч нь манай байгууллагад бетон зуурмаг нийлүүлсэн хэдий ч нэхэмжлэлд дурдсан 25,920,000 төгрөгийн үнэ бүхий 108 м3 хэмжээний бетон зуурмагийг хүлээлгэн өгөөгүй. Захирал Х.Н нь манайд нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөртөө өөрийн амьдардаг Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 1 дүгээр байр, 55 тоот орон сууцанд шилэн цонх, хаалгыг хийж суурилуулах болон ажлын хөлсийг багтаан тооцуулахаар харилцан тохиролцсон. Ийнхүү тохиролцсоны дагуу манай байгууллага 2022.11.10-ны өдөр гэрт нь очиж, хаалга, цонхнуудын хэмжээг аваад, 2022.12.10-ны өдөр бэлтгэж дуусгаад, дараа нь гэрт очиж 26 м.кв хэмжээтэй 8 ширхэг цонх, 2 хаалга суурилуулж өгсөн. Гэтэл харилцан тохиролцсоны дагуу бетон зуурмаг нийлүүлсэн төлбөрт нь цонх болон хаалга хийж суурилуулах ажлыг гүйцэтгэсэн, өр төлбөргүй болсон байхад бетон зуурмагийн төлбөр болон гэрээний алдангийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. ...” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх “... 2022.05.17-ны өдрийн бетон зуурмаг нийлүүлэх гэрээнд талууд хүсэл зоригийн илэрхийллээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв. Нийлүүлэгч буюу нэхэмжлэгч “О” ХХК нь гэрээнд заасны дагуу захиалагч “Б” ХХК-д 2022.05.24-ний өдөр 3 удаагийн захиалгаар М150 маркийн бетон зуурмаг нийт 18 м3, 2022.07.08-ны өдөр 10 удаагийн захиалгаар М250 маркийн бетон зуурмаг 90 м3, нийт 108 м3 бетон зуурмаг хүлээлгэн өгсөн болох нь бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтуудаар тогтоогдлоо. Хариуцагч “Б” ХХК нь нийлүүлэгч талаас 25,920,000 төгрөгийн буюу 108 м3 бетон зуурмаг хүлээн аваагүй, хүлээн авсан бетон зуурмагийн үнийг нийлүүлэгч талын захирал Х.Н-ын гэрт цонх, хаалга хийж суурилуулан төлбөрийг дуусгасан гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, энэ нь нотлогдоогүй. Хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгч “О” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Н-ын гэрт тодорхой ажил гүйцэтгэн төлбөрийг төлж дуусгасан гэдгээ нотлоогүй хэдий ч нийлүүлэгч тал 8 ширхэг цонх суурилуулсан хэмээн зөвшөөрч, тухайн ажлын хөлсөнд 7,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох талаараа тайлбарлаж байх тул нэхэмжлэгч талын хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр ажлын хөлсийг тооцох үндэслэлтэй. Нэхэмжлэгч “О” ХХК нь 27,120,000 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг хасч үндсэн төлбөр 20,120,000 төгрөг, алданги 10,060,000 төгрөг, нийт 30,180,000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд ... төлбөрийг гэрээнд заасны дагуу хугацаандаа төлөөгүй хариуцагч “Б” ХХК алданги төлөх үүрэгтэй. ... нийлүүлэгч тал насост машин түрээсэлсэн төлбөрт 1,200,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцох үндэслэлтэй. ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “...Анхан шатны шүүх нэхэмжлэгч “О” ХХК-ийн шаардсан бетон зуурмагийн гэрээний үлдэгдэл төлбөр 20,120,000 төгрөгөөс насосны машин түрээсэлсэн 1,200,000 төгрөгийг хасч 18,920,000 төгрөг, алдангид 9,460,000 төгрөг нийт 28,380,000 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Хэргийн 35 дугаар тал дахь баримтаас үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан байна. Шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарлахдаа өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, хууль зүйн зөвлөгөө авах талаар тайлбарлалгүй, дутуу ойлгомжгүй тайлбарласан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Хэргийн 58-64 дүгээр тал дахь шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүгч талуудаас шүүхэд гаргах хүсэлт бий эсэхийг асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авах, нотлох баримт гаргах талаар хүсэлт гаргаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2024.08.30-ны өдөр гардан авснаас шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл өдөр хүртэл хангалттай хугацаа байсан гэж үзэж шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 84 дүгээр зүйл, 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаас бусад үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгчийг татгалзахгүй гэж зохицуулсан тул шүүгчийг татгалзан гаргах хүсэлт нь үндэслэлгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024.08.30-ны өдрөөс 2025.01.29-ний өдөр хүртэлх 5 сар гаруй хугацаанд өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хууль зүйн туслалцаа авах хангалттай хугацаанд эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй байна. Түүнчлэн, 2025.01.20-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдсэн байх ба 2025.01.29-ний өдрийг хүртэлх хугацаанд хэргийн материалтай танилцах боломжтой байжээ. Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцахыг хязгаарласан хориглосон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Шүүхээс талуудыг эвлэрэн хэлэлцэх боломжийг олгосон болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.” гэсэн дүгнэлт хийжээ.
11. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг худалдах-худалдан авах гэрээ гэж адил тодорхойлсон боловч нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс тооцооны алдаа гаргасан байх ба энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
12. Зохигч талуудын хооронд 2022.05.17-ны өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээ бичгээр байгуулагдсан, уг гэрээгээр нийлүүлэгч буюу “О” ХХК нь захиалагч буюу “Б” ХХК-ийн барилгын талбайд бетон зуурмаг нийлүүлэх, нийлүүлсэн бетон зуурмагийн үнийг “Б” ХХК нь нийт үнийн дүнгийн 50 хувийг бэлэн мөнгөөр, 50 хувийг бартераар тухайн төслийн орон сууцнаас өгөх, бүтээгдэхүүний үнийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам талууд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувиар алдангийг сүүлийн бетон зуурмаг нийлүүлсэн өдрөөс тооцохоор тохиролцсон талаар маргаагүй бөгөөд хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж тодорхойлж, хуулийг зөв хэрэглэсэн.
13. Харин зохигч талууд хариуцагчид нийлүүлсэн бетон зуурмагийн хэмжээ, үнийн талаар маргасан ба хоёр шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ тооцооллын алдаа гаргасан байгааг хяналтын шатны шүүхээс залруулна.
Талуудын хооронд 2022.05.17-ны өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээ буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр бөгөөд гэрээний дагуу нэхэмжлэгч нь шаардлага хангасан бетон зуурмаг нийлүүлэх, хариуцагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
14. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч “О” ХХК-аас хариуцагч “Б” ХХК-д М150 төрлийн 18 м3 бетон зуурмаг, М250 төрлийн 90 м3 бетон зуурмагийг тус тус нийлүүлсэн болох нь тогтоогдсон гэж үзнэ.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” мөн хуулийн 107.3-т “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана.” гэж нотолгооны үүргийн талаар заасан.
Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох, хариуцагч татгалзлаа нотлох үүрэгтэй ба энэхүү маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтын талаар хариуцагч үгүйсгэж мэтгэлцэж байгаа бол эсрэг талын гаргасан тайлбар, нотлох баримтыг няцаасан байх шаардлагатай.
Тухайлбал нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 108 м3 хэмжээтэй, нийт 25,920,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн төлбөрийг хариуцагчийг төлөөгүй гэж, үүнийгээ нотлохоор “Бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт”-ыг тус тус ирүүлсэн.
Хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгчээс бетон зуурмаг хүлээн авснаа үгүйсгээгүй боловч гагцхүү бетон зуурмагийн төрөл, хэмжээг зөвшөөрөхгүй байгаагаас гадна үнийг ажил гүйцэтгэсний хөлсийг тооцуулж төлсөн тул төлбөргүй гэж тооцооллын талаар маргасан боловч энэхүү татгалзлаа нотлоогүй, шүүхэд ямар нэгэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.
Анхан шатны шүүх хариуцагчийг татгалзлаа нотлоогүй гэж үзэж нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтыг үндэслэсэн нь нотлох үүргийн зарчим болон нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй.
15. Гэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь “М150 маркийн 18 м3 бетон зуурмаг, М350 маркийн 90 м3 бетон зуурмаг, нийт 25,920,000 төгрөгийн үнэ бүхий 108 м3 зуурмаг нийлүүлсэн.” гэж нэхэмжилсэн боловч бетон зуурмагийн төрөл нь М350 биш, М250 болох нь хэрэгт авагдсан дээрх “Бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт”-аар тогтоогдож байгаа талаар зөв дүгнэсэн атлаа тооцооллыг хийхдээ үнийг буруу тооцсон тул шийдвэр, магадлалд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулна.
16. Талууд 2022.05.17-ны өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 3.1-д М150 маркийн үнийг 1 м3 нь 190,000 төгрөг байхаар, М250 маркийн үнийг 1 м3 нь 210,000 төгрөг байхаар тохиролцсон байх ба нэхэмжлэгч нь нийт 108 м3 хэмжээтэй бетон зуурмагийг хүлээлгэн өгснөө нотолсон тул хариуцагч гэрээгээр хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй.
Тодруулбал, М150 маркийн 18 м3 бетон зуурмаг буюу 3,420,000 /18*190,000/ төгрөг, М250 маркийн 90 м3 бетон зуурмаг буюу 18,900,000 /90*210,000,000/ төгрөг, нийт 22,320,000 төгрөгийг төлөх ёстой ба үүнээс нэхэмжлэгч “О” ХХК-ийн захирал Х.Н-ын гэрт 26 м2 бүхий 8 ширхэг цонх суурилуулсан төлбөрт 7,000,000 төгрөгийг хасч тооцохыг нэхэмжлэгч зөвшөөрсөн тул хасч бетон зуурмагийн үнэ нийт 15,320,000 төгрөгийг хариуцагч “Б” ХХК төлөхөөр байна.
17. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.”, 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж зааснаар зохигч талууд гэрээний 4.3-т “Захиалагч тал бүтээгдэхүүний үнийг тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийлүүлсэн бүтээгдэхүүний төлөгдөөгүй байгаа төлбөрийн нийт дүнгийн 0.3 хувьтай тэнцэхүйц алдангийг нийлүүлэгчид төлөх ба энэхүү алданги нь сүүлийн бетон зуурмагийг захиалагч талд нийлүүлсэн өдрөөс тооцогдоно.” гэж анзын талаар тохиролцсон тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь төлбөрийг гэрээнд заасны дагуу хугацаандаа төлөөгүй тул дээрх хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцоход 7,660,000 /15,320,000*50%/ төгрөгийн алданги, нийт 22,980,000 төгрөг /15,320,000+7,660,000/-ийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
18. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.5-д “Бетон зуурмаг шахагч насост машин түрээслэх болон түрээсийн төлбөр тооцооны талаар энэхүү гэрээний 3.1-д заасны дагуу мөрдөнө.”, 3.1-д “...Нийлүүлэгчээс насост машин түрээслэх тохиолдолд 1м³ зуурмаг шахалтын үнийг тухайн цутгалт бүрийн өмнө талууд харилцан тохиролцож 100% бэлэн мөнгөөр тооцох бөгөөд энэ нь бетон зуурмагийн үнээс тусдаа тооцогдоно.” гэж заасан, нэхэмжлэгч ийнхүү насост машин түрээсэлсэн төлбөрт 1,200,000 төгрөг нэхэмжилсэн боловч хоёр шатны шүүх энэ шаардлагыг баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн нь нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй, дүгнэлт үндэслэлтэй.
19. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гомдолдоо шүүх хариуцагчид хэргийн материал танилцуулаагүй, хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн агуулгыг дурдсан боловч энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэсэн байхаас гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хяналтын шатны шүүхээс энэ үндэслэлээр хүлээн аваагүй болно.
20. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2025/00511 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/00827 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас 22,980,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “О” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “О” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 272,850 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-гийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “Б” ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.05.01-ний өдөр төлсөн 299,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД