| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2024/0195/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/203 |
| Огноо | 2024-09-06 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч З.Алтанцэцэг,
Шүүгдэгч Г.Г, Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г, Г.Д нарт холбогдох эрүүгийн 2419002130256 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Г.Г,
Монгол Улсын иргэн, Г.Д.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.Г, Г.Д нар нь бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн орчимд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ... орон сууцны гадна цагдаагийн алба хаагч О.Цийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан толгой хэсэгт нь гараараа цохих, газар унаган өшиглөх зэргээр нь 2 удаа гараараа цохиж, өмсөж байсан дүрэмт хувцсыг гэмтээх зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Г, Г.Д нар нь бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн орчимд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ... орон сууцны гадна цагдаагийн алба хаагч О.Цийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан толгой хэсэгт нь гараараа цохих, газар унаган өшиглөх зэргээр нь 2 удаа гараараа цохиж, өмсөж байсан дүрэмт хувцсыг гэмтээх зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримтууд тус тус тогтоогдож байна.
Дээрх үйл баримтууд нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Г.Гын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тухайн өдөр Г.Дтай хамт пиво уугаад гарч явах замдаа ажлын залуутайгаа маргалдаад цагдаатай таарсан. Цагдаа харьж амар муудахаа боль гэхээр нь цагдаатай хэрэглэж маргалдсан. Тэгсэн Г.Д мен гарч ирээд цагдаатай маргалдсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Дын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Тухайн өдөр ажлынхаа Г.Гтой пиво уугаад гэртээ хэвтэж байсан чинь цонхон дор хүмүүс хэрэлдээд байхаар нь би гарсан. Тэгээд гараад очсон чинь Г.Г цагдаатай муудалцаж байсан. Цагдаа аваад ор гэхээр хоёулаа согтуу байсан болохоор орж чадахгүй зууралдаж унаад байсан. Тэгсэн цагдаа чи яагаад давраад байгаа юм гээд Г.Гыг цохисон. Тэгэхээр нь би болиоч дээ гэсэн чинь намайг бас цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд цохисон. Буруу зүйл хийсэндээ харамсаж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч О.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлын хангах тасгийн ... өртөөний хэсгийн цагдаагаар ажилладаг... Би 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 12 цагаас 14 цаг 50 минут хүртэл хугацаанд Төмөр замын 720 дугаар гарам дээр гармын аюулгүй байдал 2 нэгдсэн арга хэмжээний хүрээнд хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Цийн хамтаар ажиллаж дуусаад 25 буюу Олон овоо дээр очиж сургуулийн урд байцаагчаас салаад гэр лүүгээ өөрийн автомашинтайгаа яваад гэрийн гадаа буюу Говийн тайхрын 12 дугаар байрны гадаа зогсоод гэр лүүгээ орох гэтэл орцноос нэг эрэгтэй хүн гүйж гарч ирээд “Араас хүн хөөгөөд агсам тавиад байна” гээд хэлж байх хооронд Г.Г гэдэг залуу гарч ирээд Б гэх залуугийн нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Бат-Энх зөрүүлээд Г.Гын мөр лүү цохисон. Би цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор тухайн иргэдэд шаардлага тавьж салгахад Б “Цагдаад дуудлага өгнө” гээд утсаа авахаар гэр лүүгээ орсон ба зөрөөд Г.Д гэх залуу гарч ирсэн. Би Г.Даас “Энэ хүнийг таних уу” гэхэд “Танина. Хамт архи уусан” гэхээр нь... Г.Д, Г.Г нарт хууль ёсны шаардлага тавихад Г.Г суучхаад босохгүй болохоор нь Г.Дын хамтаар өргөөд босгоход Г.Г миний араас хөл рүү өшиглөсөн. “Та согтуу байна. Гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлж би таныг гэртээ орж амар гэж хэлсэн. Та яагаад намайг өшиглөж байгаа юм бэ?” гэхэд “Чамайг өшиглөхөөр яадаг юм” гээд заамдаж авахад Г.Д дундуур орж салгах хооронд Г.Г миний нүүр лүү 2 удаа цохисон. Би гарыг нь тавиулаад түлхэхэд цемент дээр унах гэж байхад нь би гараас нь татаад босгосон. Тэгэхэд Г.Д намайг “Хүн зодлоо. Түлхэж унагаалаа” гээд миний чих рүү 2 удаа гараараа цохисон. Би Г.Дтай зууралдаж байхад Г.Г араас ирээд тэвэрч аваад миний хөдөлгөөнийг хориод Г.Д миний нүүр лүү 10 орчим удаа цохиж унагаад дээрээс цохисон. Би босоод байцаагч Цогтгэрэл рүү залгахад... Г.Д миний нүүр, толгой руу цохиод байсан. Чих рүү цохисон. Г.Г нь ардаас гуя руу өвдөглөөд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар тал),
Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Би 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 14-өөс 15 цагийн орчимд 12 айлын орц руу... орох гэтэл орцонд Г.Г согтуу байсан. Намайг гэр лүү оруулахгүй гээд “Б пизда минь” гээд зууралдаад байхаар нь би гэр лүүгээ орсон. Араас ирээд гэрийн хаалга нүдээд байхаар нь хаалгаа онгойлгоход миний нүүр лүү цохисон. Би зөрүүлээд цохих гэтэл оноогүй. Би салаад гадаа гартал О.Ц цагдаа байрны гадаа байхаар нь “Г.Г тайван байлгахгүй зодно гээд байна. амгалан тайван байдал алдагдуулаад байна” гэхэд Г.Г миний нүүр лүү цохисон. Би зөрүүлээд цохисон оноогүй. О.Ц цагдаа дундуур орж салгахад би дуудлага дуудах гээд гэр лүүгээ утсаа авахаар ороход Г.Д шатан дээр зөрөөд гарсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Цийн “...2024 оны 05 дугаар сарын 24-ний 14 цаг 58 минутад манай хэсгийн цагдаа О.Ц над руу утсаар залгаад “2 давхрын гадаа байна” гэсэн. Цаана нь хүмүүс маргаад байх шиг сонсогдсон... Тэгээд би 2 давхрын гадаа яваад очиход Г.Г гэх залуу О.Цийг заамдаад зогсож байсан. Би салгах хооронд Г.Г О.Цийн нүүр лүү 3 удаа цохисон...” гэх мэдүүлэг,
Гэрч М.Уын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...байрны гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гараад очтол байрны гадаа Г.Д, Г.Г, цагдаа гурав байсан. Г.Г цагдаа хувцастай хүнтэй ноцолдож байсан. Харин Г.Д хажуунаас нь “Чи цагдаа байж хүн зодлоо” гэж хэлээд цагдааг хажуу талаас нь очоод нүүр, толгой хэсэгт гараараа цохиод байсан. Тухайн үед Г.Г ноцолдсон хэвээрээ байсан. Тэгээд цагдааг газар унагаагаад Г.Д гараараа цохиод байсан... Цагдааг Г.Г, Г.Д нар голдоо хийгээд... аль аль нь цохиод байсан...” гэх мэдүүлэг,
Цагдаагийн ахлах ахлагч О.Цийг шилжүүлэн томилох тухай Б/22 дугаартай тушаал, албан тушаалын тодорхойлолт,
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/039 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд захны зүүн талын залгаас оёдолны дагуу 173 мм хэмжээтэй оёдлын дагуу ханзарч урагдсан гэмтэл байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцас нь хэрэглээний явцад нэг удаагийн хүчтэй татах, чангаах хүчин зүйлийн улмаас үүссэн оёдлын дагуух ханзарсан урагдалт байна...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар дээрх үйл баримт нь нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлүүд нь “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг хангасан, шүүгдэгч нарын үйлдэл болон хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч З.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлэн зөвшөөрч байгаа. Мөн прокурорын зүгээс сонсгосон торгуулийн арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн тул уг ялыг хуульд зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна гэв.
Хууль сахиулагч гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно гэж хуульчилсан.
Дээрхи нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.Г, Г.Д нар нь бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн орчимд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар баг Олон овоо зөрлөгийн Говийн тайхрын 12 орон сууцны гадна цагдаагийн алба хаагч О.Цийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан толгой хэсэгт нь гараараа цохих, газар унаган өшиглөх зэргээр нь 2 удаа гараараа цохиж, өмсөж байсан дүрэмт хувцсыг гэмтээх зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн байх тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хууль сахиулагчийг эсэргүүцэх...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд санаатай гэмт хэргийн тухайд гэм буруутай этгээд нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсч хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа дээрх гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээс ялгагддаг.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “...Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Г, Г.Д нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хууль сахиулагчийг эсэргүүцэх...” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Г, Г.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хууль сахиулагчийг эсэргүүцэх...” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.7 дугаар зүйлийн гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг журамлаагүй нь техникийн шинжтэй алдаа гэж үзэн шүүхийн зүгээс уг алдааг залруулан шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Хохирлын тухайд: Гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч Г.Г, Г.Д нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч Г.Г, Г.Д нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж Хууль сахиулагчийг эсэргүүцэх...” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч нарт танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.Г, Г.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус бүрийг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар ямар нэгэн саналыг гаргаагүй.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Иймд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, сэдэлт, санаа зорилго, нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шүүгдэгч нарын хувийн байдал болон хохирол төлбөргүй байдал, улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тогтоон, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г.Г, Ч овогт Г.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Г.Д нарыг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Г.Д нарт оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Г.Г, Г.Д нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР