| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2024/0196/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/204 |
| Огноо | 2024-09-09 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,
Шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Дд холбогдох эрүүгийн 2419000000261 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Э.Д.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.Д нь 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа Т.Гг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцэн түүний энгэрээс заамдан авч зууралдан, зүүн шанаа хэсэгт цохиж хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Д нь 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа Т.Гг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцэн түүний энгэрээс заамдан авч зууралдан, зүүн шанаа хэсэгт цохиж хүч хэрэглэж эсэргүүцсэн үйл баримтууд тус тус тогтоогдож байна.
Дээрх үйл баримтууд нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Э.Дгийн “...Тухайн өдөр би гэртээ ганцаараа байсан. Эхнэр 2 хүүхдээ аваад хот явсан байсан. Урд өдөр нь ажилтай байсан болохоор унтаж байсан. Унтаж байгаад сэрэхэд Ууганбаяр гэх зүс таних залуу яриад хаана байна вэ? гэсэн гэртээ байна гэхэд хүрээд очъё гэсэн. Тэгээд Т гээд таньдаг залуутай 2 ширхэг 0.72 литрийн архитай, торонд хэдэн пиво хийчихсэн 2-лаа ирсэн. Хөдөө уурхайд ажиллаж байгаа. Маргааш буцаад явна гээд авчирсан юмыг нь ууж байтал тэр 2 хоорондоо ам зөрөөд байхаар нь явуулсан. Тэгээд хагас шил архи үлдсэн байхаар нь халуун өдөр байсан болохоор гэрийн гадаа сүүдэрт уугаад сууж байсан тэр чигээрээ унтаад өгсөн байсан. Нэг мэдсэн цагдаа ирээд авч явна гэж яриад байсан. Би тухайн үед согтоод унтсан байсан болохоор цагдаагийн газар очоод болж байгаа үйл явдлыг бүрэн гүйцэд ухаарсан. Тэгээд тэр өдрөө эрүүлжүүлэхэд хоноод өглөө нь намайг цагдаагийн алба хаагч үүргээ гүйцэтгэж байхад эсэргүүцэл үзүүлсэн асуудал гаргасан гэж хэлсэн. Тухайн цагдаагийн алба хаагч орж ирээд болсон явдлыг тайлбарласан. Эрүүлжүүлэхээс гараад цагдаагийн алба хаагчаас уучлалт гуйгаад явсан...”, хохирогч Т.Ггийн “... Би 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би жижүүрийн жолоочоор томилгоотой ажиллаж байсан. Тухайн үед 17 цагийн орчимд байхаа тэгж санаж байна цагдаагийн газрын жижүүрийн ... дугаарын утсанд иргэн Ууганбаяраас Сайншанд сумын 7 дугаар баг Ганган зээрд авто засварын хойд талд хутга барьсан хүн хөөгөөд байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Би дуудлага мэдээлэлд тухайн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч М.Нд болон дэд ахлагч 3.Н нарын хамт албаны ... Улсын дугаартай Сонота-7 маркийн авто машинтай дуудлага мэдээлэлд очсон. Дуудлага дээр очоод дуудлага өгсөн У гэх хүнтэй уулзаж хутга бариад байгаа хүний гэрийг заалгаад очсон. Гэрт нь очиход Э.Д гэх залуу монгол гэрийн гадаа сүүдэрт хэвтэж байсан. Бид 3 гэрийн хажууд нь очоод амрыг эрье та босоод ирэх үү гэж хэлэхэд дээгүүрээ нүцгэн хэвтэж байсан Э.Д гэх залуу босоод ирсэн. Босож ирээд яасан гээд өөдөөс уурласан өнгө аястай хэлэхээр нь бид нар иргэний гаргасан гомдол мэдээллийн дагуу ирсэн байна аа. Энд юу болоод байгаа талаараа ярина уу та гэж хэлсэн чинь Э.Д гэх залуу яасан гэж намайг авч явах гээд байгаа юм гэхээр нь таныг авч явах гэсэн хүн алгаа энд юу болсон талаараа та хэлдээ, хутга шөвөг бариад хүн амьтан айлгаад байгаа юм биш үү гэсэн чинь миний урдаас юу гээд байгаа нь мэдэгдэхгүй хараалын үг хэлээд байхаар нь за тэгвэл машинд суучих цагдаагийн газар дээр очиж байгаад юу болсон талаар тодруулъя гэж хэлээд машин руу нь суулгах гэж байсан чинь хувцсаа өмсөөд ирье гэхээр, за та тэгвэл хувцсаа өмчих гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө Э.Д гэх залуу чинь гэр рүүгээ орох гэж байснаа эргэж хараад зүүн гараараа миний фодвалкны захнаас заамдаад авсан. Тэгэхээр би зөрүүлээд гарыг бариад яаж байна аа гэж хэлээд тавиулах гэтэл 2 гараараа улам чанга заамдаж байгаад баруун гараа зангидаж байгаад миний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон чинь манай хамт явж байсан цагдаа Н, Нд 2 Э.Дгийн хоёр талаас нь гарыг салгах гэсэн чинь Э.Д гараа тавихгүй надтай зууралдаж /нэлээд удаан зууралдсан/ байгаад гарыг тавиулаад тусгай мэх хэрэглэж гарыг нь ард талд гавлаж цагдаагийн газар авчирсан... гэх мэдүүлэг, гэрч З.Нын “... Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад жижүүрээс 17 цагийн орчимд хутгатай хүн ална гээд туугаад байна гэсэн дуудлага мэдээлэл ирлээ жижүүрийн жолоочийг явууллаа гэж хэлсэн. Жижүүрийн жолооч цагдаагийн дэд ахлагч Т.Г 10 минутын дараа дэд ахлагч Нд бид 2-ыг Сайншанд сумын 3 дугаар багт байрлах гэр бүлийн талбай дээрээ ирж аваад Сайншанд сумын 4 дүгээр багт байрлах Ганган зээрд авто засварын хойд талд дуудлага мэдээлэлд очсон. Дуудлагад өгсөн хүнтэй холбогдоод тухайн хутга бариад байгаа хүний гэрийг заалгаад ортол хашаанд дотор 1 гэр гэрийн хажуу талын сүүдэрт цээж нүцгэн, хөмсөг нь зүсэгдсэн цус гоожсон байдалтай эрэгтэй хүн хэвтэж байсан. Очоод амрыг эрье гээд уулзтал босч ирээд би яасан юм бэ гэхээр нь таныг хамт архи уусан хүн чинь хутга бариад туусан гэж байна тэрний дуудлагын дагуу бид нар ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд би тэр хооронд гэр рүү ороод хутга шөвөг байна уу гэж үзчихээд хашаанаас гарч дуудлага өгсөн хүнээ хайсан чинь байхгүй байсан. Тэгэхээр нь гар утас руу нь залгаад та хаана байна аа гэж асуусан чинь эмээ, өвөө 2 ирээд аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаад нөгөө хашаа руугаа орсон нөгөө залуу чинь манай 2 цагдаатай маргалдаад зогсож байсан. Тэгээд дэд ахлагч Т.Г машинд суучих цагдаагийн газар очиж шалгах шаардлагатай байна гэж хэлэхэд дэд ахлагч Т.Г рүү яасан гэнээ писда минь гэж хэлээд баруун гараараа цохисон. Тэгээд би Нд бид 2 гарыг бариад авсан. Тэгээд Т.Ггийн хувцаснаас нь зуралдаад байхаар нь гарыг тавиулж байгаад ард нь гавлаад машинд суулгаж авчирсан. Хутга бариад байна гэхээр нь хутга нь хаана байгаа талаар асуух гэсэн хэлж өгөхгүй болохоор нь цагдаа дээр ирээд тухайн иргэнийг шалгах гэж авч явах гэсэн чинь явахгүй гээд эсэргүүцсэн...” гэх мэдүүлэг, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын жижүүр, харуул, эргүүл, постод үүрэг гүйцэтгэх алба хаагчдын 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ажиллах хуваарь зэрэг нотлох баримтуудаар дээрх үйл баримт нь нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг хангасан, шүүгдэгчийн үйлдэл болон хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хууль сахиулагч гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно гэж хуульчилсан.
Дээрхи нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Э.Д нь 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа Т.Гг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцэн түүний энгэрээс заамдан авч зууралдан, зүүн шанаа хэсэгт цохиж хүч хэрэглэж эсэргүүцсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хууль сахиулагчийг эсэргүүцэх...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд санаатай гэмт хэргийн тухайд гэм буруутай этгээд нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсч хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа дээрх гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээс ялгагддаг.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “...Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хууль сахиулагчийг эсэргүүцэх...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хохирлын тухайд:
Гэмт хэргийн улмаас бусдад хохирол учраагүй байх тул шүүгдэгч Э.Дг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч Э.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж Хууль сахиулагчийг эсэргүүцэх...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Э.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Э.Дд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргасан бөгөөд шүүгдэгчийн зүгээс өөрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар ямар нэгэн саналыг гаргаагүй.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, сэдэлт, санаа зорилго, нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон хохирол төлбөргүй байдал, улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4-т зааснаар шүүгдэгч Э.Дд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Э.Дд оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР