Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 136/шш2022/00003

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн ...... сумын .... тоотод оршин суух, Б овогт Ц.Б /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Дорноговь аймгийн ...... сумын ..... гэх газарт оршин суух Б овогт Д.М /РД:....../-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Дорноговь аймгийн ....... сумын ..... тоотод оршин суух М овогт Ц.Ц /РД:......./-д,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Дорноговь аймгийн ..... сумын ..... тоотод оршин суух Б овогт Ц.Д /РД:...../-д,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Дорноговь аймгийн ..... сумын .... гэх газарт оршин суух Б овогт Д.Г /РД:....../-д,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Дархан-Уул аймгийн ..... сумын ..... тоотод оршин суух Б овогт Д.Г /РД:...../-д,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Дорноговь аймгийн ..... сумын .... тоотод оршин суух Б овогт Д.Ж /РД:....../ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 4 ханатай гэр, 388 тооны мал, өвөлжөө, хаваржааны иж бүрэн хашаа, 15-33 ДГА улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашины өв залгамжлагчаар тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Б,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын төлөөлөгч Д.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Б би айлын бага охин дээрээ дөрвөн ах дөрвөн эгчтэй. Оршин суугаа хаяг минь Сайншанд сум 2 дугаар багт байдаг хэдий ч Дэлгэрэх сумын 3 дугаар баг Бумбат багт оршин суудаг ээждээ хамгийн ойр, байнга хамтран амьдардаг байсан хүн нь ганцхан би. Ээжийн минь үлдээсэн эд хөрөнгийг дор дурдъя: Дөрвөн ханатай гэр 1 ширхэг, нийт малын тоо 388 ширхэг, өвөлжөө, хаваржааны иж бүрэн хашаа, УАЗ 469 маркийн машин 1 ширхэг. Эдгээр эд хөрөнгө болно. Өв залгамжлах эд хөрөнгийн талаар тус тусад нь дэлгэрүүлэн дурдах нь зүйтэй байхаа гэж бодлоо.

1. 4 ханатай гэр: Ц.Б би ээжийгээ 2019 оны 08 дугаар сард алдаад сэтгэлээр унан суухдаа хаашаа л харна эмээгийнх нь эд зүйл харагдах болов уу гэж бодоод хамт амьдарч байсан дүүгээ өрөвдөөд гэрээ будаад, угааж янзлаад 49 хоног тасралтгүй зул өргөж нутаг усаа ариулж янзлаад ирсэн. Тэр өдрөөс хойш хэдэн хүүхдүүдээс нь нэг ч хүн нэг ч удаа зул гийгүүлсэнгүй өдгөө 2 жилийн нүүр үзлээ. Ц.Б би 1 дүгээрт буянаа бодож хэл амнаас сэргийлсэн. 2 дугаарт ээжийгээ алдаад хэдхэн сарын дараа аваарт орж одоогоор хэвтэрт хүний асаргаанд амьдардаг. Гэрийн хувьд ах дүү нартаа ярьж хэлээд авчраад өгнө үү хэмээн гуйсан. Одоо би гэрээ бариад гал голомтоо сэргээгээд сууж байна. 7 хоногийн өмнө ирсэн.

2. Нийт малын тоо: Малын тухайд манайх таван хошуу малтай байсан хэдий ч нүүж суудаг уналгад ашигладаг байсан тэмээгээ хулгайд алдсан. 2 жил хиртээ дандаа хүний машин гуйж нүүж суудаг байгаад миний хүү хурдан морио зараад УАЗ 469 маркийн авто машиныг авч ээж минь унаатай золгосон юм. Түүнчлэн малын тоо толгойг ээжээс минь гадна би мэддэг, эрхэм байгаа болохоор адуугаа байнга маллаж, хөдөлмөрлөдөг, уядаг учраас ах Мэндсайхан шилжүүлэн тоолуулсан. Үхэр 28 ширхэг, хонь 260 ширхэг, ямаа 100 ширхэг эдгээр малыг 2019 оны 11 дүгээр сард Дэлгэрэх сумын ЗДТГ-т өргөдөл хүсэлтээ өгөөд хуулийн дагуу шийдвэрлүүлсэн нь үнэн болно. Материалыг захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгсөн байгаа. Би дахин зардал мөнгө гаргаж явж сууж чадахгүй нь ээ. Малын задаргааг ард хавсаргав.

3. Өвөлжөө хаваржааны иж бүрэн хашаа: Газрын эзэмших эрхийн гэрчилгээ надад байсныг намайг аваарт ороод ухаангүй эмнэлэгт хэвтэж байхад минь ах Мэндсайхан хулгай хийж аваад явсан байсан. Мөн гэрчилгээний хувийг Дэлгэрэх сумын ЗДТГ-аас гаргуулан авах боломжтой хэдий ч сумын засаг дарга болоод түүний мэргэжилтнүүдэд хуулийн мэдлэг бүү хэл 10 жилийн боловсролгүй хүмүүс байгаа билээ. Үүний учир шүүхээс баримт бичгийг гаргуулан авах нь зүйтэй хэмээн үзэж байна.

4. УАЗ 469 маркийн авто машины тухайд Д.Б Д.Г Д.Г Д.Д Ц Х би 2020 оны 08 дугаар сард буюу өвлөх эрх жилийн ард эрх нь үүснэ гэсний дагуу 2020 оны 06 дугаар сард ядарсан биетэй хэцүүхэн хүн тэтгэврийнхээ мөнгөөр жижиг тэрэг хөлсөлж очоод сумын тамгын газарт өргөдөл, хүсэлтээ өөрийн биеэр өгөөд 8 сард үүсгүүлж байсан. Одоогоор машин маань миний нэр дээр байгаа хэдий ч өвлөх эрхийг цуцалсан учир аймгийн журмын хашаанд бүтэн нэг жил байж л байна. Ах Жаргалсайханы хүү Батсайхан хулгай хийж унаад ирж юу ч үгүй тоносон. Би хөөцөлдөж явж журмын хашаанд хийлгүүлсэн.” гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Ц.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. Дүү Д.Б Д.Г Д.Г Д.Д Ц Х нь манай гэрийн бага хүүхэд юм. Ээжээс үлдсэн нэг хөрөнгө нь мал юм. Д.Б Д.Г Д.Г Д.Д Ц Х нь хамгийн бага хүүхэд учраас бүх хөрөнгийг өвлөх эрхтэй. Сүүлийн хэдэн жил ганцаараа ээжийгээ харж хандсан нь худлаа юм. Д.Б Д.Г Д.Г Д.Д Ц Х нь өөрөө ажил хайна, тухайн ажилдаа тэнцэхгүй, халагдана дараагийн ажилд орох хугацаанд нь би очиж хардаг байсан. Ээжтэй хамт байж асардаг байсан нь бол худлаа юм. Ээжтэй хамт амьдарч байсан хүн бол зээ хүү Д.Баянмөнх, Д.М нар юм. Энэ хоёр хавар, намрын цагт очиж цай, хоолыг нь хийж өгч, ойр зуурын ажилд нь тусалж байсан. Д.Гэрэлчимэг, Д.Гэрэлцэцэг зээ охин Баярцэцэг нар нь ээлжлэн асарч байсан нь үнэн юм. Д.Б Д.Г Д.Г Д.Д Ц Х нь архи ууж, хэрүүл маргаан хийгээд ажил албанд тохирохгүй ажилгүй болсон үедээ очиж байсан. Тэр үедээ ээж болон бусадтай таарч тохирохгүй хэрүүл маргаан хийдэг байсан. Ээж маань ямар ч сайн даа Д.Б Д.Г Д.Г Д.Д Ц Хг нааш нь битгий явуул гэж хэлхэв дээ. Ээж харваад өвчтэй байх үед Д.Б Д.Г Д.Г Д.Д Ц Хгийн гэр эмнэлэгт ойр байдаг учраас хамт байдаг байсан. Тухайн үед гадуур эмчилгээ хийлгэдэг байсан. Дараа нь Д.Дамбарэнчин, бэр Цэцэгбаяр, Д.М бэр Хишигжаргал нар ээжийг харч, асрах гээд очихоор энэ хэдтэй хэрүүл, маргаан хийгээд  хөөж туугаад явуулдаг байсан. Ээжийг Ц.Цэцэгмаа нь ээжид хэрэгцээтэй эм, тариа, хоол хүнс хангаж авч өгч байсан. Биднийг ээжийгээ харахаар очих гэхээр хөөгөөд байсан болохоор олигтой харж чаддаггүй байсан. Ирсэн ах дүү нарыг элдэв хэл, амаар доромжилж хөөж туугаад явуулдаг байсан. Энэ явдлыг ээждээ мэдэгдэхгүй, сэтгэлийг нь зовоохгүй байхын тулд бид чимээгүй үгэнд ороод яваад өгдөг байсан. Одоо бодоход ээжийн мал, хөрөнгийг авахын тулд эртнээс төлөвлөсөн байсан. Ээж минь нэг өдөр учиргүй их уйлаад энэ Д.Б Д.Г Д.Г Д.Д Ц Х чинь миний А дансыг тавиад машин авна гэж нөхөртэйгөө ярьж байна гэхэд нь би ...тийм юм болохгүй таныг амьд байхад яалаа гэж тэгэх вэ... гэж хэлж байсан. Бид ээжийн 49 хоногийг хураагаад бүгд цугласан үедээ ярилцаад хэдэн малыг нь тэнцүү хуваагаад авах тухай ярилцаж байхад Д.Б Д.Г Д.Г Д.Д Ц Х өөрөө очоогүй байж утсаар яриад ... та нарт ямар ч эрх байхгүй, мал авсан байв.. гээд элдэв дээдээр харааж зүхээд байсан. Тухайн үед Д.Б Д.Г Д.Г Д.Д Ц Хд бүгд тэнцүү хувааж аваад гэр орон, илүү гэр, гэрийн эд хогшил хашаа хороо, УВЗ 469 маркийн машин зээ хүү Д. Баянмөнхөд өгөөд өөрсдийн хэмжээнд бичиг баримт үйлдэж бүх хүн гарын үсэг зураад эхний удаадаа Баянмөнх малаа маллаж байхаар тохиролцсон байсан. Дараа нь дүү Д.Б Д.Г Д.Г Д.Д Ц Х биднийг элдэв үгээр доромжилж байсан. Манай ээж өвчтэй байх үедээ өөрийн ах Баатартай утсаар ярьж байхад хол ойр ойр, хов, жив яриад байна гээд загнаад утсыг таслуулж байсан. Д.Б Д.Г Д.Г Д.Д Ц Х ээжийн гэр орныг өөрөө будаж засварласан юм шиг бичсэн нь худлаа юм.  Цэцэгмаа нь будаг авч өгөөд хүргэн Баасанжав, охин Гэрэлтчимэг, хүү Дамбарэнчин нар хана үдэж, угааж будаж янзалсан. Тэгэхэд Д.Б Д.Г Д.Г Д.Д Ц Х нь хүний хийсэн ажлыг өөрийн болгож ярьсан байна. Д.Б Д.Г Д.Г Д.Д Ц Х нь ганцаараа зул барьсан гэж байна. Энэ бол худлаа бид бүгдээрээ зул барьсан. Манай эрчүүд Гандангаар ном уншуулсан энэ нь бидний үүрэг юм. Ээжийн минь тухайн үед нуруу нь цоорсон байсан. Тухайн шохойг нь цэвэрлэхдээ Д.Б Д.Г Д.Г Д.Д Ц Хгаа өвчин намдаах хийлгэхийг хүсээд байхад үгүй гээд Гэрэлчимэгтэй маргалдаж гэр орноосоо хөөж тууж байсан. Ээжийгээ асарч байгаа Гэрэлчимэг, Гэрэлцэцэг нарт хоол унд өгөхгүй түлэгдсэн будаа 4 хоног болгож байсан. Д.Б Д.Г Д.Г Д.Д Ц Хгийн хувьд ямар хүн бэ гэхээр өөрсдөө согтуу хүүхдээр машин бариулж яваад аваарт ороод тухайн хүүхэд нь эмнэлэгт маш хүнд хэвтэж байхад ах, дүүс бүгд чадах чинээгээрэй мөнгө, төгрөг цуглуулаад хамт хот авч яваад эгч Гэрэлчимэг асарч хоёр хөл дээр нь босгож байхад намайг дээрээс бурхан татаж авсан гэж хэлж байсан хүн шүү дээ. Мөн сумынхаа засаг захиргааны боловсон хүчин боловсролгүй гэж бичсэн байна. Энэ арай хэтэрч байна. Д.Б Д.Г Д.Г Д.Д Ц Х нь зээ Баянмөнхөд өгсөн гэрийг авч ирээд өөрөө ороод суучихсан тэр хүүг илүү гэрт нь үлдээсэн байсан. Зээ хүү Баянмөнх нь Д.Б Д.Г Д.Г Д.Д Ц Хгаас нууж өвчин намдаагч тариаг авчирч нууцаар тариулж эмээгийнхээ түр ч болов намдааж байсан. Д.Б Д.Г Д.Г Д.Д Ц Х нь өөрийгөө энхийн цагаан тагтаа мэтээр бодож бусад хүмүүс нь хар хэрээ мэтээр бичсэн байна. Дээрх байдал нь маш онцгүй санагдаж байна. Тэнд ч гэсэн хүн байгаа шүү дээ, бид бүгд П.Цэрэндулам гэдэг хүний мах цусны тасархай иймд бүгд тэгш эрхтэй юм. Ийм учраас дээрх маргалдаж байгаа эд хөрөнгийг бид бүгдийг өмчлөгчөөр тогтоож өгнө үү ..” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.... Миний нэхэмжлэлийн гол шалтгаан нь ураг удам, өвөг дээдэс, нутаг ус юм. Хоёрдугаар ээжтэйгээ хамтран амьдарч байсан, мал ахуйг мэддэг гэх утгаараа нэхэмжлэл гаргасан. Гуравдугаарт улс төр, айл өрх ч бай ялгаагүй нэг толгойтой, нэг чихтэй цаашаа явна гэхээс биш шуудайнд хийсэн ямааны эвэр шиг олон толгойтой айл хэзээ ч цаашаа ахидаггүй гэдэг үүднээс нэхэмжлэл гаргаж шүүх хуралдаанд оролцож байна. Би айлын бага гэдгээ өмнөө барихгүй. Нэхэмжлэлийн гол шалтгаан нь нэхэмжлэлд дурдсан. Нэхэмжлэлийн шаардлагаа өв залгамжлах эрх сэргээлгэх, 4 ханатай гэр, 388 тооны мал, өвөлжөө, хаваржааны иж бүрэн хашаа, УАЗ 469 маркийн автомашины өв залгамжлагчаар тогтоолгох. Өв залгамжлах эрх нь 2019 оны 08 сарын 17-ны өдөр нээгдсэн байсныг 2020 оны 01 сард иргэний шүүхээр цуцлагдсаныг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өв залгамжлал цуцлагдсан шийдвэрээс хойш 1 жилийн хугацаа өнгөрч байхад нэг ч хүн сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаагүй, би л сэргээлгэх нэхэмжлэл гаргаж байна. Гол асуудлаа шүүх хуралдаан эхлэхэд ярьсан. Гарч болзошгүй эрсдэлээс сэргийлнэ. Шүүхийн шийдвэр яаж гарахыг мэдэхгүй. Ямар нэгэн байдлаар дараа нь гарах эрсдэлийг хэн хүлээх вэ, үүнийг би заавал хатуу анхаарна. Би шүүхийг хүндэтгэж, асуудлыг маргаан гаргахгүй гэсэн үүднээс ярихгүй байна. 49 хоног болохоос 2 хоногийн өмнө явж эд хөрөнгийг өөрийн нэр дээр болгосон гэж ярьж байна. Малыг тоог 2019 оны 11 сарын 28-ны өдөр гэж тодорхой бичсэн. Энэ өдөр би Засаг даргын тамгын газарт хүсэлтээ хуулийн дагуу өгсөн. Би үйлээ үзтэл хуулийн байгууллагаар явсан. Бүгдээрээ намайг эсэргүүцэж, ах дүү нарийн хариу тайлбарт айхтар юм бичсэн байсан болохоор би уур хүрж, гомдоод танилцаагүй. Яаж доромжилж чадаж байна, энэ хэл ам цаашид үргэлжилнэ. Үүнээс хамгаалж би хуулийн дагуу хүсэлтээ өгсөн. Хоёрдугаарт миний мал гэж ярихгүй. Миний нас барсан ах надаас 1 насаар ах, миний ээж бид гурвын 1990 онд өгч байсан цэнхэр, ягаан тасалбарыг мал болгож авч байсан. Манай ээж залуу байхдаа манай ах, эгч нарт 1 үхэр зааж өгч байхад надад тугал зааж өгдөг байсан.  Би 1 жил ч өвлийн идэш хийж үзээгүй өсгөсөн мал. Би малд шунаад авах гээд байгаа юм биш, миний нэр дээр бүх эд хөрөнгө байхаас би гар хүрэхгүй. 2 хүн хог дээр хаягдсан. 10 гаруй жил мал малласан хүн бид хоёр хог дээр хаягдсан. Би бол тоохгүй. Би ямар ч зүйлээс босож ирэх чадалтай. Мэндээ ахыгаа мал маллаж байгаа урмыг нь бодож та үр хүүхдүүдээ малжуул гэж хэлэхэд нөгөө юмаа яриад байна. 200, 300 малыг хувааж яах гээд байгаа юм...” гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад ээжийн маань малыг шингээх ходоод байхгүй. Тиймээс малаа хуваая, үлдсэн малыг нь Д.Б Д.Г Д.Г Д.Д Ц Хд өгье гэж байгаа. Ах дүү нарт малаа хувааж малыг үрэх, өсгөхөө өөрсдөө мэдэг л гэж хэлээд байна. Би шуналтай хүн биш, Үхрийг голдуу нэхэмжлэгч авч байгаа. Миний ээж нас барахдаа 7,000,000 төгрөгийн зээлтэй байсан. Тухайн зээлийг би малаас нь төлсөн. Тухайн үлдсэн малын зарцуулалтын хувьд сувай үхрийг нь борлуулж өрийг нь дарах гэж байсан. Намайг эмнэлэгт хэвтэж байх хооронд нэг үхэр, 11  дүгээр сард нэг үхэр, хавар нэг үхэр хийж тус тус авсан байдаг. Нэхэмжлэгч нь тухайн малаа өөрийн нэр дээр болгож 10,000,000 төгрөгийн зээл авсан байсан. Дээрх зээлийг л төлөөд байгаа юм шиг байсан. Д.Б Д.Г Д.Г Д.Д Ц Х нь өөрийнхөө авч хэрэглэж байгааг хэлэхгүй бид нарыг үрлээ гээд байна. Бид нарыг хоорондоо зодоон зохион болно гэж яриад байна. Одоо бид нарын хувьд 50, 60 нас хүрч байгаа хүмүүс тэгэхгүй. Намайг мал маллаж байх хугацаанд Баянмөнх нь нэг ч удаа мал услаагүй. Баянмөнх нь ер нь машин унаад л явж байдаг. Би өчигдөр Баянмөнхөд “...би  шүүх хуралд орох гээд байна мал харж бай гэхэд...”  шөнө араас хүрээд ирсэн байсан...” гэв.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 7/, өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай /хх-ийн 20/, Багийн засаг даргын тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого /хх-ийн 22-24/, өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгуулах тухай /хх-ийн 25/, татвар төлсөн баримт /хх-ийн 26/, төлбөрийн даалгавар /хх-ийн 28/, Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн 30/, мал, тэжээвэр амьтад, худгийн 2019 оны тооллого өрхийн бүртгэлийн дугаар /хх-ийн 31/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 32/, өвлөх эрхийн гэрчилгээ /хх-ийн 33/, Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын тодорхойлолт /хх-ийн 34/, Дорноговь аймгийн засаг даргын статистикийн   хэлтсийн  Дорноговь аймгийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Эрдэнэцэцэгт ирүүлсэн тайлбар /хх-ийн 35/, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн 36/, нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай /хх-ийн 37/, Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн 38/, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын засаг даргын тамгын газрын тодорхойлолт /хх-ийн 39/, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын засаг даргын тамгын газарт гаргасан өргөдөл /хх-ийн 40-45/, Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх статистикийн хэлтсийн нэхэмжлэгчид гаргасан мэдээлэл хүргэх тухай /хх-ийн 46/, Дорноговь аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тухай /хх-ийн 47/, Дорноговь аймаг дэлгэрэх сумын засаг дарга аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариу тайлбар хүргүүлэх тухай /хх-ийн 48/, Монгол улсын үндэсний статистикийн хорооны даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/192 дугаартай тушаал /хх-ийн 49/, Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-ийн 50/, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн 51/, Дорноговь аймаг Дэлгэрэх сумын засаг даргын өвлүүлэгчийн эд хөрөнгөд хамгаалал тогтоох тухай захирамж /хх-ийн 52/, Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн66/, Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхэд нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай /хх-ийн 67-68/, Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн 69/, Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 83-85/, Ц.Б төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 93/, П.Ц алдарт эхийн одонгийн судалгаа /хх-92/ нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-94/, Ц.Н төрсний бүртгэлийн лавлагаа /хх-94/, Ц.Нийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-95/ зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс гаргасан хариу тайлбар /хх-ийн 79/, итгэмжлэл, Ц.Ц, Ц.Д, Д.Г, Д.Г, Д.М, Д.Ж нарын хүсэлт /хх-ийн 70/, Итгэмжлэл /хх-ийн 77/, Ц.Ц, Ц.Д, Д.Г, Д.Г, Д.М, Д.Ж нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 78/ зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь 4 ханатай гэр, 388 тооны мал, Дорноговь аймгийн дэлгэрэх сумын 3-р багийн нутагт байрлах Бунхантын өвөлжөө, гашуун сүүжийн хаваржаа, 1533 ДГА улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашины өв залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эд хөрөнгийг Д.М,  Д.М, Ц.Д, Д.Г, Д.Г, Д.Ж, Ц.Ц хамт тэнцүү хэмжээгээр хуваах ёстой гэж, өмчлөгчөөр тогтоолгохоор бие даасан шаардлага гаргасан байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.М, Ц.Д, Д.Г, Д.Г, Д.Ж, Ц.Ц нар нь шүүхэд төлөөлөх эрхээ Д.Мд итгэмжлэлээр олгожээ. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар харилцан адил байр суурьтай байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.М нь өөрийгөө болон бусад гуравдагч этгээд нарыг төлөөлөн оролцох боломжтой гэж үзлээ. 

Нэхэмжлэгч Ц.Бд олгосон Дэлгэрэх сумын засаг даргын тамгын газрын нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэгч П.Э 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 5 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 136/ШШ2021/00016 дугаартай шийдвэр /хх-8/-ээр хүчингүй болсон бөгөөд өвлөгч нарын хооронд маргаантай байх тул өвлөх эрхийн гэрчилгээ дахин олгогдоогүй байжээ. 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт “Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй: 520.1.1. нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх;” гэж заасан ба Д.М,

Д.М, Ц.Д, Д.Г, Д.Г, Д.Ж, Ц.Ц нар нь хууль ёсны өвлөгч болох нь иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5, 78/, П.Цалдарт эхийн одонгийн судалгаа /хх-92/ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөхөөр заасан ба 4 ханатай гэр, 388 тооны мал, өвөлжөө, хаваржааны иж бүрэн хашаа, УАЗ 469 маркийн автомашин нь өвлөгдөх эд хөрөнгө ба тухайн эд хөрөнгө буюу өвийг хүлээн авах, хүлээн авахаас татгалзах журмыг хуулиар зохицуулжээ.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзэхээр заажээ.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт энэ хуулийн 528.1 дэх хэсэгт зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэн, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. Тус хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.М нь ээжийг нас барсны дараа ах дүү бид нар уулзаж эд хөрөнгийнх нь талаар хуралдаад тэнцүү хуваахаар тохиролцсон. Бүгд санал нэгдсэн бөгөөд Ц.Бгаас саналыг нь утсаар авсан. Энэ талаар нотариатад мэдэгдэхээр очиход бүгдээрээ ирэх шаардлагатай гэсэн тул буцаад явцгаасан. Хоорондоо тохиролцсон юм чинь хуваасан хөрөнгөө үрнэ үү, зарна уу, өөрсдөө мэд гээд орхисон гэх агуулгатай тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна. Нэхэмжлэгч Ц.Бгаас тухайн хуралд би байгаагүй, мэдээгүй байсан гэж Д.Мы тайлбарыг үгүйсгэжээ.

Дээрх тайлбараас үзэхэд Д.М, Ц.Д, Д.Г, Д.Г, Д.Ж, Ц.Ц нар өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авах хүсэлтэй байсан боловч хуульд заасан хугацаанд буюу өвлөгчид нь өв нээгдсэн өдөр болох 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс хойш нэг жилийн дотор өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж  нотариат буюу баг, сумын Засаг даргад өргөдөл гаргаагүй, гаргасан болох нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар тэднийг өвийг хүлээн авахаас татгалзсан гэж үзэх үндэслэлтэй.

Мөн Д.М, Ц.Д, Д.Г, Д.Г, Д.Ж, Ц.Ц нар нь өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан болон хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэхүү хугацааг өнгөрөөсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Өвлөгдөх эд хөрөнгө болох дөрвөн ханатай гэр, Дорноговь аймгийн дэлгэрэх сумын 3-р багийн нутагт байрлах Бунхантын өвөлжөө, гашуун сүүжийн хаваржаа, 15-33 ДГА улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашин, 388 тооны мал нь П.Ц өмч болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.  

Нэхэмжлэгч Ц.Б нь П.Ц нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан талаар тайлбар гаргаж байх ба нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн тайлбараар нотлогдож байна. Иймд Ц.Бг дөрвөн ханатай гэр, Дорноговь аймгийн дэлгэрэх сумын 3-р багийн нутагт байрлах Бунхантын өвөлжөө, гашуун сүүжийн хаваржаа, 1533 ДГА улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашин, 388 тооны малын өвлөгчөө тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

Зохигч П.Ц нь нөхөргүй байсан, 10 хүүхэд төрүүлснээс н.Г, н.Г, Ц.Н нар нас барсан гэх тайлбарыг гаргаж байх ба Ц.Н нь нас барсан болох нь 214401001822 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Харин П.Цэрэндулам нөхөртэй байсан эсэх, н.Г, н.Г нар нас барсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх боловч Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан хугацаанд эдгээр хүмүүс нь өв хүлээн авахаар хүсэлт гаргаагүй байх тул өвийг хүлээн авахаас татгалзсан гэж үзэж Ц.Бг өвлөгчөөр тогтооход саад болохгүй гэж дүгнэлээ.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс бие даасан шаардлагад дутуу төлсөн улсын тэмдэгтийг хураамж 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар П.Ц хууль ёсны өвлөгчөөр Ц.Бг тогтоож, хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохыг хүссэн Д.М,  Ц.Д, Д.Г, Д.Г, Д.Ж, Ц.Ц нарын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс бие даасан шаардлагад дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.ГОНЧИГСУМЛАА