| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2024/0199/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/206 |
| Огноо | 2024-09-12 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,
Орчуулагч М.Цогбаяр,
Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Ж, С.Ш, М.Жнарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Ж, С.Ш, М.Жнарт холбогдох эрүүгийн 2419002450264 дугаартай хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Ж.Ж,
Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн, С.Ш,
Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн, М.Ж.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Ж, С.Ш, М.Жнар нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг Хулангийн уурхай гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох Зүүнгарын гоёог түүсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэрч С.Эийн “... Зүүнгарын гоёо гэх ургамал нь манай аймгийн ер нь элсэрхэг сумдаар ургадаг. Ер нь бол урд сумдаар ургадаг. Энэ ургамал нь элс ихтэй газар ургадаг. Хармагийн үндэс дээр шимж амьдардаг ургамал юм. Энэ ургамал нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар ховор ургамлын жагсаалтад орсон ургамал юм... Энэ ургамлыг Монгол улсын Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйл дээр Иргэн аж ахуй нэгж байгууллага нь ховор ургамлыг судалгаа шинжилгээ болон ахуйн зориулалтаар зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яам, Сум дүүргийн Засаг даргын шийдвэрээр зөвшөөрөл олгоно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дугаар тал),
Гэрч Ю.Тий “... Манай Х Ю С Х ХХК-д Ж (), С.Ш (), М.Ж() энэ гурван хүн нь жолооч, оператор ажил хийдэг хүмүүс байгаа юм. 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрээн хот Замын-Үүд боомтоор хөдөлмөрийн визтэй ажил хийх зорилгоор манай Х ХХК-д ирсэн хүмүүс байгаа юм. Энэ гурван хүн нь өглөө бол бүгд ажилд гарсан. Өдөр цайны цагийн дараа бүгдийг нь цэвэрлэгээнд гарсан. Орой ажил дууссаны дараа манай ажилчид газар ухаж, ургамлын үндэс түүсэн талаар мэдсэн. Сумын төлөөлөгч нь хэлсэн... би Ж, С.Ш, M Ж энэ гурвыг дуудаж асуусан чинь тэр гурав хэлэхдээ “Бид гурав ургамлын үндэс түүж байх үед малчин хүн ирээд зураг дараад явсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2117 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг ургамал нь... Гоёоны овгийн... Зүүнгарын гоёо зүйл байна... Зүүнгарын гоёо нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал байна... Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтаар “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ”-ний 1 дүгээр хавсралтын дагуу... Зүүнгарын гоёо зүйлийн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоолж үзэхэд... 4,514.1 төгрөг байна... Байгаль орчныг хамгаалан тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дугаар заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоолж үзэхэд... 22,570.5 төгрөг байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 31-35 дугаар тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9 дүгээр тал/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10-12 дугаар тал/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Ж, С.Ш, М.Ж нар нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг Хулангийн уурхай гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох Зүүнгарын гоёог түүсэн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь хэрэгт цугларсан гэрч С.Эийн “... Зүүнгарын гоёо гэх ургамал нь манай аймгийн ер нь элсэрхэг сумдаар ургадаг. Ер нь бол урд сумдаар ургадаг. Энэ ургамал нь элс ихтэй газар ургадаг. Хармагийн үндэс дээр шимж амьдардаг ургамал юм. Энэ ургамал нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар ховор ургамлын жагсаалтад орсон ургамал юм... Энэ ургамлыг Монгол улсын Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйл дээр Иргэн аж ахуй нэгж байгууллага нь ховор ургамлыг судалгаа шинжилгээ болон ахуйн зориулалтаар зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яам, Сум дүүргийн Засаг даргын шийдвэрээр зөвшөөрөл олгоно...” гэх мэдүүлэг,
Гэрч Ю.Тий “... Манай Х Ю С Х ХХК-д Ж, С.Ш, М.Ж энэ гурван хүн нь жолооч, оператор ажил хийдэг хүмүүс байгаа юм. 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрээн хот Замын-Үүд боомтоор хөдөлмөрийн визтэй ажил хийх зорилгоор манай Х ХХК-д ирсэн хүмүүс байгаа юм. Энэ гурван хүн нь өглөө бол бүгд ажилд гарсан. Өдөр цайны цагийн дараа бүгдийг нь цэвэрлэгээнд гарсан. Орой ажил дууссаны дараа манай ажилчид газар ухаж, ургамлын үндэс түүсэн талаар мэдсэн. Сумын төлөөлөгч нь хэлсэн... би Ж, С.Ш, M.Ж энэ гурвыг дуудаж асуусан чинь тэр гурав хэлэхдээ “Бид гурав ургамлын үндэс түүж байх үед малчин хүн ирээд зураг дараад явсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2117 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг ургамал нь... Гоёоны овгийн... Зүүнгарын гоёо зүйл байна... Зүүнгарын гоёо нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал байна... Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтаар “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ”-ний 1 дүгээр хавсралтын дагуу... Зүүнгарын гоёо зүйлийн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоолж үзэхэд... 4,514.1 төгрөг байна... Байгаль орчныг хамгаалан тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дугаар заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоолж үзэхэд... 22,570.5 төгрөг байна...” гэсэн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Ж, С.Ш, М.Ж нар нь Ховор ургамлыг түүж, Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Ж.Ж, С.Ш, М.Ж нарт Ховор ургамлыг түүж, Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хохирлын тухайд:
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3-д байгаль орчинд учруулсан хохирлыг ургамалд учруулсан хохирол, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор хуульчилсан.
Зүүнгарын гоёо ургамал нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал байна... Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтаар “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ”-ний 1 дүгээр хавсралтын дагуу... Зүүнгарын гоёо зүйлийн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоолж үзэхэд... 36.7 гр нь 4,514.1 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан бөгөөд шүүгдэгч нар нь хэдийгээр байгаль орчны уур амьсгалд 22,570.5 төгрөгийн хохирол учруулсан боловч илүү 90429,5 төгрөгийг Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нөхөн сэргээлтийн төрийн сангийн ... тоот дансанд илүү тушаасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч нар нь илүү тушаасан 90.429,5 төгрөгийг буцаан авахгүй хохиролдоо үлдээнэ гэсэн тул шүүгдэгч нарын Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нөхөн сэргээлтийн төрийн сангийн ... тоот дансанд тушаасан 113.000 төгрөгийг буцаан гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ж.Ж, С.Ш, М.Ж нарыг ховор ургамлыг түүж Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ж.Ж, С.Ш, М.Ж нар нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нар нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ж.Ж, С.Ш, М.Ж нарыг тус бүрийг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг Хулангийн ус гэх газарт байрлах Х ХХК-ий ажилчдын байранд түр оршин сууж байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ дээр Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг нэмж давхардуулан авах нь зүйтэй байна.
Мөн Зүүн гарын гоёо ургамал нь цусны даралт ихдэх, чихрийн шижин, мэдрэлийн хэрлэг өвчин, толгой өвдөх, үе мөч өвдөх, элэг бөөрний үрэвсэл зэрэг өвчнийг анагаахад түлхүү хэрэглэгдэх бөгөөд ходоод, өвдөг, бөөр нуруу зэргийг эмчлэхэд уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэдэг эмийн ургамал тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8.6 грамм, 18.5 грамм, 9.6 грамм нийт 36.7 грамм бүхий 3 ширхэг Зүүнгарын гоёо ургамлыг хэрэгцээний дагуу Дорноговь аймгийн Уламжлалт, анагаах ухаан, рашаан сувиллын төвд шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ж.Ж, С.Ш, М.Ж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор ургамлыг түүж Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Ж.Ж, С.Ш, М.Ж нарыг тус бүрийг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Ж.Ж, С.Ш, М.Ж нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ дээр Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсугай.
6. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4 дүгээр зүйлийн 3, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 2.3-т тус тус зааснаар Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нөхөн сэргээлтийн төрийн сангийн ... тоот данснаас 113.000 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8.6 грамм, 18.5 грамм, 9.6 грамм нийт 36.7 грамм бүхий 3 ширхэг Зүүнгарын гоёо ургамлыг хэрэгцээний дагуу Дорноговь аймгийн Уламжлалт, анагаах ухаан, рашаан сувиллын төвд шилжүүлсүгэй.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР