| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 142/2017/0120/э |
| Дугаар | 00123 |
| Огноо | 2017-05-01 |
| Зүйл хэсэг | 254.1., |
| Улсын яллагч | Т.Ганзориг |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 00123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Улсын яллагч Т.Ганзориг
Шүүгдэгч Б.Ө-
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хулан нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт Б-ы Ө-т холбогдох 201514000546 тоот эрүүгийн хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгчийн биеийн байцаалт
Х- овгийн Б-ы Ө-, Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр **** төрсөн, 0 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д ороогч ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт *** аймгийн **** сум, *** баг 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх /регистрийн дугаар хх00000000/
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Ө- нь 2015 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө *** аймгийн *** сум *** багийн нутагт үл таних 3 залуу хүчиндсэн гэх 201514000546 дугаартай хэрэгт 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор тогтоогдон байцаах үед худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Шүүгдэгч Б.Ө-ын хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчоор өгсөн “Би 2015 оны 10 сарын 10-ны өдөр 11 цагийн үед Д-, А-, Б- гурав хороололд Чка бааранд архи уугаад сууж байна гэхээр нь явж очсон. Тэнд буудлын өрөөнд юм яриад архи уугаад сууж байхад Д-, Б- хоёр түрүүлээд тасраад буудлын орон дээр унтаад өгсөн. Би А-тай хамт юм ярьж сууж байгаад хуурай дүү Б-г гар утсаар дуудсан. Шөнө сэрээд цаг харсан чинь шөний 4 цаг болж байсан. Надтай Б- хамт унтаж байсан. Найз Д-, А-, Б- гурав байхгүй байсан. Би харих гээд гарахад Чка буудлын үүдэнд эрэгтэй хүн унтаж байхаар нь онгойлгоод өг гэж гарч замын хойд талд гараад такси барих гээд зогсож байхад нэг бараан өнгийн такси ирээд шууд суусан чинь дотор нь 3 эрэгтэй хүнтэй такси байсан. гэр хорооллоос зайдуу гарч зогсоод архи задлаад өөрсдөө хийж уугаад надад хийж өгөхөөр нь уухгүй гэсэн чинь даарч байгаа байлгүй нэг татчих гээд татуулаад би нойр байсан болохоор буцаад согтоод эхэлсэн. Тэгсэн нэг залуу намайг тэвэрч аваад үнсээд байхаар нь цааш нь түлхээд болиоч гэхэд зүгээрээ гээд намайг тэврээд үнсээд эхэлсэн. Би ганцаараа байсан болохоор эсэргүүцэл үзүүлээгүй, бэлгийн ажил хийсэн. Дараа нь нэг залуу нь бас бэлгийн ажил хийгээд байх шиг байсан. Би тухайн үед архинаас 3 хундага уусан байсан болохоор буцаад согтоод эхэлсэн. Тэгээд нөгөө залуучууд намайг уртын гол багийн нэг гудамжинд буулгаад яваад өгсөн. Би нөгөө машины номер, дугаар, маркийг нь харж амжаагүй, ямар ч байсан япон машин, буруу талдаа үрүүлтэй машин байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 06-р хуудас/
2. Шүүгдэгч Б.Ө-ын “Гэртээ харихгүй бол нөхөр загнах байх гэж бодоод шөнө гарч явсан. Намайг сэрэхэд Б- ганцаараа унтаж байсан. Д-, А- хоёр харихаар явсан. Харин Б-, Б- бид 3 буудалд байсан. Б-гийн найз гэх залуу орж ирээд нэг шил архи уусан. Чка буудлаас Б-, Б- сүүлд ирсэн 3 залуутай нь хамт гараад хорооллын эцэс дээр дэлгүүрээс нэг шил архи хувааж уугаад Б- бид хоёр нөгөө залуучуудаас салаад Чка буудалд өрөөндөө орж хамт хоносон. Өглөө сэрээд 6-7 цагийн үед сэрээд гэр рүүгээ ирэхэд нөхөр Анхбаяр уурлаад хэнтэй янхандаж яваад, хаана хоноод ирж байгаа юм бэ, гээд бөөн уур болоод хэнтэй явсан гээд байхаар нь би Д-, А-, Б-, Б- нартай архи уугаад хоносон гэхэд итгэхгүй байсан. Өглөө архи гараагүй орсон болохоор намайг алгадаад авсан. Чи эрэгтэй хүнтэй хоносон тэр хүнийг чинь ална гээд байхаар нь өглөө гарч яваад 3 танихгүй хүн машиндаа суулгаж авч яваад хүчиндсэн гэж худлаа хэлсэн нь үнэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24-р худас/
3. Гэрч П.Б-гийн “Би 2015 оны 10 сарын 10-ны өдөр хуурай эгч Ө- 11-12 цагийн үед утсаар яриад хороололд Чка буудалд найзуудтайгаа байна хүрээд ирээч гэхээр нь би гэртээ амарч байсан болохоор Ө- эгч дээр очиход зүс таних Заяа, Даваа Б- нартай байсан. Би очоод архины мөнгө өгөөд нэг шил архи авахуулсан. Тэгээд бид нар архи уугаад тэндээ орой болтол байсан. Ө- эгч оройхон согтоод нэг хэсэг унтаад өгсөн. Даваа, Заяа, Б- гурав нь явлаа гээд гарсан. Би Ө- эгчийг сэрээх гэсэн чинь жаахан унтаж байгаад явъя гээд байсан. Бид хоёрыг байж байхад Б- нь буцаж орж ирээд хамт сууж байхад Ө- эгчийг сэрээх гэсэн чинь жаахан унтаж байгаад явъя гээд байсан. Бид хоёрыг байж байхад Б- буцаж орж ирээд хамт сууж байхад Ө- эгч сэрээд үлдсэн. Архиа ууж байхад гаднаас Б-гийн найз гээд танихгүй залуу орж ирээд нэг шил архи авч уусан. Тэр архийг ууж дуусгаад бид нар бөөнөөрөө гараад хорооллын эцсийн дэлгүүр ороод нэг шил архи аваад манай гэрийн гадаа зогсож байгаад уугаад би гэр рүүгээ орсон. Ө- эгч Б-тай хамт харина гээд явсан. Маргааш өглөө нь 7 цаг өнгөрч байхад Ө- эгчийн нөхөр Анхбаяр ах дуудахаар нь яваад очиход та нар өчигдөр хаана архи уусан, хэнтэй байсан, Ө- эгчийг өглөө гэртээ орж ирсэн гэж хэлсэн. Би орой салаад гэртээ орсон гэдгээ хэлсэн чинь Анхбаяр ах уурлаад бөөн юм болоод гал түлж байгаа түлээний мод аваад Ө- эгч рүү шидсэн чинь хөлөнд нь оносон. Ө- эгч нөхөртөө хэлэхдээ шөнө гарч яваад танихгүй 3 залуу машинд суулгаж авч яваад архи өгөөд хүчиндсэн гэж хэлсэн гэсэн. Анхбаяр ах цагдаад өргөдөл өгч шалгуулна гээд байсан. Би тухайн үед Дорнод аймаг руу ажил гарсан учраас явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-р хуудас/
4. Гэрч Ц.Д-ын “Манай найз болох Ө- нь 2015 оны 10 сарын 10-наас 11-ний хооронд Б-тай хамт Чка буудалд хоносон талаар надад мэдэх зүйл байхгүй. Эхлээд А-, Б- бид гурав гарч явсан. Тэрнээс хойш юу болсныг хэлж мэдэхгүй байна. Би А-тай гэрт нь очиж хоносон. Надад Б-тай хоносон гэж ерөөсөө хэлээгүй. Намайг дуудахад А-гаас юу болсон талаар асуухад Ө- Б-тай хамт буудалд хоноод маргааш нь нөхөр нь хардаад сүүд болсон. Тэгсэн хүнд хүчиндүүлсэн гэж худлаа хэлээд одоо цагдаа дээр дуудагдаад байна гэж хэлсэн гэсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-р хуудас/
5. Гэрч Н.А-гийн “Манай найз болох Ө- нь 2015 ны 10 дугаар сарын 10-наас 11-ний хооронд Б-тай хамт Чка буудалд хоносон талаар тухайн үедээ ерөөсөө хэлээгүй. Харин маргааш нь нөхөр Анхбаяр дуудаад та нар өчигдөр архи уусан уу гэхэд нь тэгсэн гэсэн чинь эхнэрийгээ гэртээ ирж хоноогүй гээд бөөн ууртай хүн байсан. Тухайн үед Ө- согтуу буудалд унтаад үлдсэн болохоор тэрийг нь хэлсэн чинь та нар нуугаад хэлэхгүй байна гээд уурлаад байсан. Ө- үүрээр гарч яваад машинтай үл таних 3 залуу авч яваад хүчиндсэн гэж хэлсэн байсан. Нөхөр Анхбаяр нь уурлаад түлээний мод авч шидээд хөлөн дээр нь оносон. Мөн гараас нь татаж угзраад маш их уурлаад байсан. Тэгээд хүчиндүүлсэн бол цагдаад өргөдөл өгч шалгуул гээд байсан. Б-тай хоносон талаар сая ирж уулзаад хэлэхэд мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/ болон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 сарын 30-ны өдрийн 971 дугаартай дүгнэлт болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ө- нь эрүүгийн 201514000546 дугаартай хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгөхдөө 2015 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу багийн нутагт үл таних 3 залууд хүчиндүүлсэн гэж худал мэдүүлсэн болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Ө-т ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Б.Ө-т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хужиртийхан овгийн Б-ы Ө-ыг худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1.-д зааснаар шүүгдэгч Б.Ө-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.-д зааснаар шүүгдэгч Б.Ө-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, болохыг тус тус дурд сугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4.-д зааснаар шүүгдэгч Д.Ө-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө-т авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС