Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2020/ДШМ/1255

 

М.М-, М.Мо- нарт холбогдох

     эрүүгийн хэргийн тухай      

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Уранцэцэг,

шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Ч.Отгонжаргал,

шүүгдэгч М.Мо-ын өмгөөлөгч Д.Наранцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/1335 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч М.Мо-, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.М-, М.Мо- нарт холбогдох эрүүгийн 2006003711537 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. М.М-, 1997 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй,

            2. М.Мо-, 1998 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Булган аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,

            - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/834 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            М.М-, М.Мо- нар бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн А.А-гийн “Samsung Galaxy A50” загварын гар утсыг “Утсаар яриад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гар утсыг авч, хохирогч А.А-д 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.М-, М.Мо- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.М-, М.Мо- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож 30 хоног хорих ял дээр, өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 834 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн М.Мо-ын нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, М.М-од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, М.Мо-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч М.Мо- гаргасан давж заалдах гомдолдоо: “...насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэгт холбогдож байсан. Тухайн үед ял хойшлуулсан гэдгээ мэдээгүй, сайн ойлгоогүй байсан. А.А-гийн гар утсыг авах санаа надад байгаагүй. Бид хоёрыг ярилцаж байхад М.М- “Утсаар чинь аавтайгаа яръя” гэж хэлж аваад автомашинд суугаад ганцаараа яваад өгсөн. Хохирлыг нь төлсөн болохоор гайгүй байх гэж бодоод торгуулъя гэсэн. Урьд авсан ялаа нэмэгдэнэ гэж бодоогүй. Хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байна. Миний ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсье.” гэжээ.

            Шүүгдэгч М.Мо-ын өмгөөлөгч Д.Наранцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх М.Мо-ын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэсэн. Ингэхдээ урьд цагдан хоригдсон 36 хоногийг хасаж тооцоогүй. Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдлыг харгалзан үзээгүй байна. М.Мо- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Тухайн үед урьд ял шийтгүүлсэн талаарх шийтгэх тогтоолын хуулбар хэрэгт авагдаагүй байсан. Үүний дараа ял хойшлуулсан байсан гэдгээ мэдсэн. Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг эдлүүлэхээр заасан боловч шүүгдэгчийн нийгэмшиж, хүмүүжиж байгаа нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсье. ...” гэв.

            Шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Ч.Отгонжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Мо- нь М.М-ыг дагуулан найз охин дээрээ очиж гар утсыг нь авсан. Ингэхдээ урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан ба энэ түүний гэмт санаа зорилгыг илтгэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Б.Уранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх М.М-, М.Мо- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль, шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

- хохирогч А.А-гийн “...би 2020 оны 1 дүгээр сарын эхээр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шархад”-нд найз Ням-Эрдэнийн гэрт байж байхад хамт ажилладаг байсан Мо- гэх залуу чатлаад “Гараад ир” гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа “Ирчихлээ” гэхээр нь ганцаараа гарсан. Тэгэхэд Мо- найзтайгаа ирсэн байсан. Тэгээд хэсэг юм ярьж байгаад Мо-ын найз нь “Утсаа өгч байгаа ч эхнэртэйгээ ярья” гэхээр нь өгсөн. Тэр найз нь гудамжинд утсаар ярьж байгаад автомашиндаа суугаад явчихсан. Тухайн үед Мо- автомашины араас гүйгээд бас алга болсон. Ингээд би цагдаад мэдэгдсэн. Миний гар утас “Samsung Galaxy A50” загварынх бөгөөд 2019 оны 9 дүгээр сард “Mobicom”-оос 850.000 төгрөгийн лизингээр худалдаж авч байсан. ...” /хх 11-14/,

- шүүгдэгч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр найз Мо-той уулзахад “Өнөөдөр орой яах юм, гарах юм уу” гэхээр нь би “Мөнгөгүй байна” гэж хэлтэл “Хоёулаа манай найз охин дээр очоод мөнгө авчихъя” гээд “Шархад” руу очсон. Тэгээд Мо-ын найз охин бид гурав гадаа юм ярьж зогсож байгаад би тэр охиноос “Утсаар чинь нэг ярьчихъя” гэж хэлээд гар утсыг нь аваад таксин дотор суугаад эгч рүүгээ залгатал холбогдохгүй байсан. 20-30 минутын дараа Мо- автомашинд орж ирж суугаад “За за явъя” гэхээр нь би “Утсыг нь өгчихье” гэхэд “Зүгээрээ би дараа нь хэлчихье, хэд хоногоос өгье, ломбарданд тавьчихъя” гэсэн. Бид хоёр нөгөө такситайгаа “Модны 2” луу яваад нэг ломбард руу орж гар утсыг 180.000 төгрөгөөр барьцаалж зээл авсан. Бид хоёр мөнгөөрөө баар, караоке, зочид буудал орж үйлчлүүлсэн. ...” /хх 17-18, 47-49/,

- шүүгдэгч М.Мо-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...А- руу залгаад “Уулзъя” гэхэд “Чи манай найзынд хүрээд ир” гэж хэлсэн. 15 цагийн үед М-ыг дуудаад бид хоёр “Шархад” руу А-тай уулзахаар такси бариад явсан. Би А-г “Найздаа мөнгө байвал зээлээч” гэж хэлтэл “Мөнгө байхгүй” гэсэн. Тэгэхээр нь “Чи тэгвэл утсаа ломбарданд тавьчихаач, би цалин буухаар авч өгье” гэхэд “Үгүй” гээд зөвшөөрөөгүй. Тэгээд байж байтал М- таксинаас бууж ирээд А-г “Утсаа өгч байгаач, ярьчихаад өгье” гэж хэлээд авсан. Тэр таксинд суугаад 20 орчим минут болсны дараа хөдлөөд явчихсан. Би араас нь очиж суугаад “Гар утсыг нь ломбарданд тавьчихъя, маргааш цалин буухаар аваад өгье” гээд бид хоёр хөдлөөд “Модны 2”-т байдаг “Лорд” нэртэй ломбарданд 180.000 төгрөгөөр барьцаалж зээл авсан. Бид хоёр мөнгөөрөө дэлгүүрээс идэж уух юм аваад, зочид буудлын мөнгө өгөөд дуусгасан. ...” /хх 15-16, 56-59/ гэсэн мэдүүлгүүд,

- алдагдсан гар утасны үнэлгээ /хх 25/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад, 2020 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр М.Мо- нь өөрийн найз М.М-ын хамтаар урьд хамт ажиллаж байсан найз эмэгтэй болох А.А-тай уулзахаар Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт очсон ба энэ үед М.М- нь А.А-гаас “Утсаар чинь нэг ярьчихаад өгье” гэж хэлээд 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung Galaxy A50” загварын гар утсыг авч таксинд суун холдсон, улмаар М.Мо- араас нь очсоноор тэд тухайн гар утсыг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж 180.000 төгрөгийн зээл авч, хамтдаа хэрэглэсэн үйл баримт тогтоогдсон байна.

            Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд гэмт этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буцаан өгөхгүй, өмчлөх эрхийг сэргээхгүй байх санаа зорилгыг агуулдаг.  

            Энэ гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэрэг, тухайлбал хулгайлах, дээрэмдэх гэмт хэргээс өмчлөгч хууртагдсан итгэсэн учраас гэмт этгээдэд эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхээ сайн дураараа өгсөн байдгаараа ялгаатай.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч А.А- нь хууртагдсаны улмаас өөрийн эд хөрөнгө болох гар утсыг сайн дураар шүүгдэгч нарт өгсөн байх ба шүүгдэгч нарын санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн байдал зэрэг нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч М.М-, М.Мо- нарыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон ба шүүхээс тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан уг ял дээр М.Мо-ын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэсэн хэмээн дүгнэх боломжтой байна.

Гэвч ийнхүү шийдвэрлэхдээ, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарт тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хамгийн хөнгөнийг сонгож оногдуулах болсон шалтгаан үндэслэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг хэрхэн харгалзан үзсэн тухайгаа тусгаагүйн зэрэгцээ шүүгдэгч М.Мо-ын шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн нөхцөл байдалд огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан, мөн мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч М.Мо-ын урьд ял шийтгүүлсэн талаарх шийтгэх тогтоолын хуулбар хэрэгт авагдсан байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэг болон шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт түүнийг “ял шийтгэлгүй” мэтээр тусгасан, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт урьд цагдан хоригдсон хоногийг ял оногдуулахдаа хэрхэн тооцох асуудлыг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтуудын шаардлагад нийцээгүй байна. 

Эдгээр нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэсэн шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах зарчим, зорилгод үл нийцэх тул цаашид ийм хайнга, хариуцлагагүй алдаа гаргахгүй байхыг анхааруулав.

Иймээс давж заалдах шатны шүүх дээрх асуудлыг нөхөн гүйцэтгэж, шүүгдэгч М.Мо-ын эдэлбэл зохих ялын хэмжээг эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцүүлэн дараах байдлаар тогтоолоо.

Шүүгдэгч М.Мо- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/834 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан байхдаа дахин гэмт хэрэг санаатай үйлджээ.

Энэ тохиолдолд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг сэргээн эдлүүлэх журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ойлгох бөгөөд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ялыг нэмж оногдуулахаар хуульчилсан байдаг.

Ийнхүү өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг сэргээн эдлүүлэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг харгалзан үзэхийн сацуу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай.

Шүүгдэгч М.Мо- 1998 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн ба урьд гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн, 18 насанд хүрээгүй байсан нь тогтоогдож байна.

2015 онд батлагдсан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд энэ хуулийн Наймдугаар бүлэгт “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” үндэслэл, журмыг тогтоохдоо 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж тус тус заасан тул эдгээрийг үндэслэн түүнд тохирох эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч М.Мо-д өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял болгон багасгаж, уг ялыг шинээр үйлдсэн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох /450:15=30 хоног/ ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 1806 09662 0502 дугаартай хэрэгт цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч М.Мо-, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нарын “...ял хөнгөрүүлж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлуудыг хүлээн авлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/1335 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч М.Мо-ын эдлэх хорих ялын нийт хэмжээг 3 жил 1 сараар тогтоосугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч М.Мо-ын эдлэх хорих ялын нийт хэмжээг 1 жил 7 сарын хугацаагаар тогтоосугай.” гэж,

- 4 дэх заалтын “...3 жил 1 сарын хугацаагаар...” гэснийг “...1 жил 7 сарын хугацаагаар...” гэж тус тус өөрчилж,

- шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мо-ын эрүүгийн 1806 09662 0502 дугаартай хэрэгт цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                              ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                              ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН