| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2021/00574/И |
| Дугаар | 156/ШШ2022/00034 |
| Огноо | 2022-01-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 156/ШШ2022/00034
156/ШШ2022/00034
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2021/00574/и
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 41-08 тоотод оршин суух, Боржигон овогт Пэрэнлэйн Цэндсүрэн /РД:СФ88081801/
Хариуцагч: Хэнтий аймаг, Батноров сум, Бэрх 7 дугаар хороо, 57-1-9 тоотод оршин суух, Шарнууд овогт Мөнхбаатарын Шинэбаяр /РД:СФ86091413/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: П.Цэндсүрэн /онлайн/,
Хариуцагч: М.Шинэбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.Цэндсүрэн нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2004 онд Шинэбаяртай танилцаж, улмаар 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтийн 0095251 тоот баталгаагаар бүртгүүлж, гэр бүл болсон. Тэр үеэс хойш Ш.Эрхэс нь миний асрамжид өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул хүү Ш.Эрхэсийг миний асрамжид үлдээж, бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч М.Шинэбаяр нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүү Эрхэс нь миний ээж дээр амьдарч байгаа бөгөөд тэндээ 12-р анги төгстлөө сурах хүсэлтэй байгаа юм. Би хүүгээ төрсөн цагаас нь хойш байнга эргэж, уулзаж хэрэгцээтэй бүхнээр ханган хувцас, тоглоом, утас, ном дэвтэр зэргийг авч өгдөг байлаа. Мөн заримдаа над дээр ирж амьдардаг байв. Ш.Эрхэс нь миний ганц хүү тул би өөр дээрээ авч дунд сургууль төгсгөн амьдралын замд хөтлөн оруулахыг хүсч байна. Хүүгээ өөр дээрээ авсан ч хүүгийн ээж Цэндсүрэнгээс хүүхдийн тэтгэлэг авахгүй гэжээ.
3. Хариуцагч М.Шинэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй гэв.
4. Хүүхдийн санал: Гэрлэгчид нь дундаасаа нэг хүүхэдтэй ба 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүү Ш.Эрхэс төрсөн. Ш.Эрхэс нь 7 насанд хүрсэн байх тул шүүхээс хүүхдийн санал асуухад хүү Ш.Эрхэс нь ээжтэйгээ хамт амьдарна гэсэн саналыг гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Цэндсүрэн нь хариуцагч М.Шинэбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Гэрлэгчид 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 0095251 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүү Шинэбаярын Эрхэс төрсөн болох нь ... дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тус шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. / хэргийн материалын 10-11-р тал/
Нэхэмжлэгч П.Цэндсүрэн, хариуцагч М.Шинэбаяр нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, нэхэмжлэгч, нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж, хүүхэд төрүүлсэн болох нэхэмжлэгчийн тайлбараа тогтоогдож байх тул эвлэрүүлэх хугацаа тогтоолгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүү Ш.Эрхэсийг эх П.Цэндсүрэнгийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Ш.Эрхэсийг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч М.Шинэбаярын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг М.Шинэбаяр нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэхэд эх П.Цэндсүрэн нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар Шарнууд овогт Мөнхбаатарын Шинэбаяр /РД:СФ86091413/, Боржигон овогт Пэрэнлэйн Цэндсүрэн /РД:СФ88081801/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Ш.Эрхэсийг эх П.Цэндсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Ш.Эрхэсийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг М.Шинэбаяраас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч М.Шинэбаяр, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч П.Цэндсүрэн нарт тус тус даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 033 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Шинэбаяраас 105 033 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид оруулсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Одцэцэгт даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ