Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/44

 

   

 

 

 

 

 

 

 

                                 

    

 

                                                           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

             Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

             Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,   

             Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Бд холбогдох эрүүгийн 2419000000029 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгчийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ш.Б

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ш.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 73 хүний гишүүнтэй “Зүүнбаян Малчид” фэйсбүүк групп чатад Ч.Бд хандан “huuli busaar zaragdsan gazar nutgaa awmar bn shv helchiii, Gariin vseg chin bhad bolo henn zarsn n oldn” гэж чат бичиж нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

           Шүүгдэгч Ш.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 73 хүний гишүүнтэй “Зүүнбаян Малчид” фэйсбүүк групп чатад Ч.Бд хандан “huuli busaar zaragdsan gazar nutgaa awmar bn shv helchiii, Gariin vseg chin bhad bolo henn zarsn n oldn” гэж чат бичиж нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйл баримт тогтоогдож байна.

 

           Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ч.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13 цагийн орчим фэйсбүүк цахим орчинд Зүүнбаян багийн малчдын нэгдсэн групп чат дээр өвс тэжээл авах нь авахаа хэл айл хөрш холбоотой байдаг айлууддаа хэлээд өгөөрэй, хүнд ажил заасан хүмүүс байдаг юм гэж бичээд үлдээсэн чинь “...” гэсэн фэйсбүүк хаягтай Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн малчин Ш.Б нь тухайн чатад хууль бусаар зарагдсан газар нутгаа авмаар байна шүү хэлье гэхээр нь фэйсбүүк чатад нь хуулиа судлаа зарсан хүнээс нь  нэхээд аваарай би газар зарах эрхтэй хүн биш шүү гэсэн чинь гарын үсэг чинь байхад болоо хэн нь зарсан байх нь олдоно гэж бичсэн байсан. Би тэр газрыг нь зарах эрх бүхий албан тушаалтан биш байхад намайг хууль бусаар зарсан гэж Дорноговь аймгийн Зүүнбаян багийн малчдын нэгдсэн 75 хүнтэй групп чатад худал мэдээлэл тарааж миний нэр хүндэд халдсан. Энэ газар нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын гармын хойно байрлах 30 га газар бөгөөд энэ газар нь Дорноговь аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/358 дугаартай захирамжийн дагуу дуудлага худалдаа зарлагдаж "Шижир зүүн баян хөгжил" ХХК нь ялагч болж худалдан авсан байсан газар юм. Би энэ асуудлаас болж сэтгэл санаагаар унаж маш их хямарч, ажил хийх ямар ч эрч хүч, урам зориггүй болсон. Миний зүгээс сэтгэл санааны хохирол гэж мөнгөн дун нэхэмжлэхгүй. Ш.Б нь албан ёсоор над дээр ирж уучлалт гуйгаад Зүүн баян малчдын чат групп дээр миний нэр хүндэд халдсан талаар залруулга хийж хүмүүст миний талаар үнэн зөв мэдээлэл тараасан тохиолдолд би уучилж болно. Цаашид Ш.Бтэй харилцаа хандлагаа сайжруулах хэрэгтэй байна. Учир нь би иргэдийн эрх ашгийг хамгаалж төр, иргэн хоёрыг холбож ажилладаг учраас дахиж ийм асуудал гаргуулахгүй байхыг хүсч байна...” гэсэн мэдүүлэг /хх 10-12-рт/,

           - Ч.Бгийн цагдаагийн байгууллагад хандан гарсан гомдол /хх 3-рт/,

           - Ш.Бгийн “...2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр фэйсбүүк цахим орчинд Зүүнбаян малчдын нэгдсэн групп чат дээр өвс тэжээл тараана гэж ярилцаж байхад би групп чат дээр газар нутгаа эргүүлж авъя гэж бичсэн. Тэгсэн чинь Ч.Б “хуулиа судла, зарсан хүнээс нь асуу, би газар зардаг хүн бишээ" гэхээр нь би ТВ-9 телевизийн Монгол комментын Билгээ, Пүүжээ 2-т байгаа байхаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 13-рт/,

           - Дорноговь аймгийн засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хуулбар /хх 15-рт/, 

           - Багийн засаг даргын албан тушаалын тодорхойлолт /хх 18-12-рт/,

           - Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6/36 дугаартай Ч.Бг ажилд томилох тухай захирамжийн хуулбар /хх 24-рт/,

           - “Зүүнбаян Малчид” гэх нэртэй фэйсбүүк группийн чатад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 26-36-рт/,

           - Гар утас болон фэйсбүүкт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-43-рт/,

           - “Шижир зүүн баян хөгжил” ХХК-ийн аж, ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 17-рт/,

           - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 57-рт/,

            

           -Шүүгдэгч Ш.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт “...Үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид ирж, очих зардлын мөнгийг төлсөн. Малчин болохоор энэ жил зуд ихтэй байгаа 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгож өгнө үү...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж дүгнэлээ.

 

             Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн нь “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх...эрхтэй” бөгөөд гагцхүү энэхүү эрх нь Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргийг ёсчлон биелүүлэх” үүргээр хязгаарлагдана.

          

           “Хүний нэр төр” гэж тухайн хүний хувийн ёс зүй, ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг, “алдар хүнд” гэж бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг тус тус ойлгоно.

 

           “Илт худал мэдээлэл” гэж огт үндэслэлгүй, худал, хуурмаг мэдээ, баримт, сэлтийг, “Олон нийтэд тараасан” гэж худал мэдээллийг нэг буюу түүнээс олон хүнд түгээсэн байхыг тус тус ойлгох бөгөөд мэдээллийг амаар, бичгээр, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчны аль алинаар нь тарааж болно.

 

           Худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь гэмт этгээд нь хохирогч руу шууд чиглэн түүний хувийн болон ёс зүй, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, эрүүл мэнд, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, гадна төрх, хөгжлийн бэрхшээл, гэр бүлийн байдалтай нь холбогдуулан илт худал мэдээллийг санаатайгаар олон нийт буюу бусдад тарааж ярьснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй юм.

 

            Шүүгдэгч Ш.Бгийн “huuli busaar zaragdsan gazar nutgaa awmar bn shv helchiii, Gariin vseg chin bhad bolo henn zarsn n oldn” гэсэн илт худал мэдээллийг бичсэнээр хохирогчийн хуулиар хамгаалагдсан нэр алдар хүндэд халдаж буй дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэв.

 

           Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүний нэр төр, алдар хүндэд халдах, гутаах зорилготой байна.

 

           Шүүгдэгчийн “huuli busaar zaragdsan gazar nutgaa awmar bn shv helchiii, Gariin vseg chin bhad bolo henn zarsn n oldn”...” гэсэн мэдүүлгээр түүнийг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч нь худал мэдээлэл тараах гэмт хэргийг үйлдээгүйгээ нотолж чадаагүй байна гэж шүүх үзлээ.

 

           Иймд шүүгдэгч Ш.Бгийн “huuli busaar zaragdsan gazar nutgaa awmar bn shv helchiii, Gariin vseg chin bhad bolo henn zarsn n oldn” гэсэн агуулга бүхий илт худал мэдээллийг тавьсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

             Хохирол, хор уршгийн талаар:

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлж хуульчилсан.   

 

Шүүгдэгч Ш.Б нь хохирогч Ч.Бгийн талаар худал мэдээлэл тарааж, хохирогчоос замын зардалд 80,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ш.Б төлж барагдуулсан нь хавтаст хэргийг 73 дугаар хуудаст авагдсан дансны хуулгаар нотлогдож байх тул шүүгдэгч Ш.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх заасан “Худал мэдээлэл тараасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

       Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Ш.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус тооцож, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ш.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Ш.Бд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Ш.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ш.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдал, хохирогчид хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал, улсын яллагчийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзээд улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.   

           Бусад асуудлаар:

          

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Ш.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ш.Бд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОДБАЯР