Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2021/00739

 

 

 

 

 

 2020         09            27                                       151/ШШ2021/00739

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ,,, тоотод оршин суух .... овогт М.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... оршин суух ....овогт Б.Э-д холбогдох  

Гэм хорын хохиролд 782,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Э, хариуцагч Б.Э, иргэдийн төлөөлөгч Р.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: “Хан-Уул дүүргийн Яармаг Оргил худалдаа үйлчилгээний төвийн урд зам дээр Приус 44-53 машинтай тойрог дээр автобус эргэж байхад хүлээгээд зогсож байхад Тоёота раум маркийн 34-80ТӨВ улсын дугаартай авто машины жолооч Б.Э нь миний машины араас мөргөж эд хөрөнгөд хохирол учруулсан. Ингээд Хан-Уул дүүргийн тээврийн цагдаагийн 3100006200358771 дугаарын шийтгэлийн хуудсанд Б.Э-ыг 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хохирлын 720,000 төгрөгийг бэлнээр нь биелүүлэхийг даалгасан. Б.Э уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан боловч одоог хүртэл хохирлыг барагдуулаагүй. Иймд машинд учруулсан хохирол 732,000 төгрөг, үнэлгээний 40,000 төгрөг, нотариатын үйлчилгээ 10,000 төгрөг, нийт гэм хорын хохиролд 782,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд багасгаж, дахин үнэлсэн үнэлгээгээр тогтоосон 730,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Машинаа засч янзлуулахаар орж ирсэн буферийг 350,000 төгрөгөөр худалдаад авчихсан байгаа ч маргааныг дуустал хүлээгээд засуулаагүй байгаа” гэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн болон шүүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 08 сарын 14-ний өдөр 08 цагийн үед Тоёото Раум маркийн 34-80ТӨВ дугаартай машины жолооч Б.Э нь Хан-Уул дүүргийн яармагийн “Оргил” ХҮТ-ийн буцаж эргэдэг уулзварын харалдаа зорчиж явахад 44-53УНА дугаартай приусийн жолооч М.Э нь араас гүйцэж түрүүлэн урд орж, огцом тормос гишгэхэд Б.Э нь дагаж тормос гишгэсэн боловч араас нь мөргөсөн. Тухайн үед урд буферээ авч өгөхөөр тохиролцоод 2 тийшээ салсан. Тэгтэл М.Э нь “Ашид билгүүн” ХХК-аар хийлгэсэн баримтаа үндэслэсэн 782,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь, миний мөргөлтөд хойд талын хормой хэсгийн хугарсан буфер хагарсан болохоос баруун хойд гэрэл нь хуучин хагарсан байсан тул хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед баруун гэрэл нь тоос, шороо орж харласан, хагарсан гэмтэлтэй гэрэл байсан.

Багажны хаалганд миний мөргөлтнөөс болж ямар нэгэн гэмтэл үүсээгүй, тухайн үед зүгээр байсан. Мөн урд буферэнд мөргөлтнөөс болж гэмтэл үүсэх боломжгүй. Тухайн үед зүгээр байсан.

Буферийн баруун хойд хэсэг нь хуучин сээтгэн торон наалттай байсан. Миний мөргөлтний улмаас наалт налж унжсан. Энэ хуучин наалттай байсан юм уу эгчээ гэсэн чинь тиймээ гэж хэлсэн. Ер нь тухайн үед автын цагдаа дуудаж ослын акт тогтоосноор эд ангийн гэмтлүүд тодорхой болох ёстой байсан боловч Энхтуяа нь өөрөө хүсээгүй. “Ашид билгүүн” ХХК-д очиж миний мөргөсөн, мөргөөгүй, хагарсан, хагараагүй гэмтлүүдээр үнэлгээ хийлгэсэн нь үндэслэлгүй байна.

Мөргөсөн, гэм буруутай гэдэгт маргахгүй. Машин нь ахаасаа 3,500,000 төгрөгөөр худалдаж авсан, төлбөр нь төлөгдсөн, миний машин мөн. Шаардаж байгаа мөнгийн зөвшөөрөхгүй гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Р.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалаасаа мөнгөө аваагүй гэж ойлголоо. Уг нь бага төлбөрийг шууд даатгалаас гаргуулах боломжтой байдаг. Шинээр худалдан авсан буферийн үнэ 350,000 төгрөг, торгуулийн 100,000 төгрөг, тогтоогч зам, засварын хөлс, нийт 510,000 төгрөгийг төлчихвөл тохиролцож болох юм байна гэж үзэж байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч Б.Э-д холбогдуулан гэм хорын хохирол 782,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг 52,000 төгрөгөөр багасган, гэм хорын хохиролд 730,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохирлыг тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Э-аас гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зохигч талууд мэтгэлцсэн болно.

Шүүх бүрэлдэхүүн тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах талаар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”  зааснаар нэхэмжлэгч М.Э нь шаардах эрхтэй, гэм хор учруулсны нөхөн төлбөрийг тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Э нь хариуцан арилгах үүрэгтэй байна гэж дүгнэлээ.

2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 08 цаг 00 цагийн үед Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Наадамчдын гудамж, Оргил худалдааны төвийн урд зам дээр Тоёото раум маркийн 3480ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч  Б.Э нь Тоёото приус маркийн 4453УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж осол гаргасан, тээврийн хэрэгсэлд эвдрэл гарсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-5-10/

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасахад буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлээр Хан-Уул дүүргийн замын цагдаагийн эрх бүхий албан тушаалтны 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 3100006200858771 дугаартай Шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан, тухайн шийтгэлийн хуудаст гомдол гаргаагүй, уг шийтгэл хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-7/

Зам тээврийн осолд холбогдсон Тоёото приус маркийн 4453УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч эзэмшигчээр нэхэмжлэгч М.Э бүртгэлтэй байна. Тоёото раум маркийн 3480ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Б.Ц бүртгэлтэй байх боловч хариуцагч Б.Э нь тээврийн хэрэгслийг худалдаж авсан, эзэмшигч нь мөн гэж тайлбарлан, энэ талаар маргахгүй байна.  /хх-13/

Хариуцагч Б.Э нь тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа М.Э-ийн машиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан, гэм буруугийн асуудалд маргахгүй боловч нэхэмжилж буй хохирлын хэмжээг эс зөвшөөрч маргаж байна.

Хариуцагч Б.Э нь татгалзлын үндэслэлээ нотлохоор шинжээч томилуулж, хохирлын үнэлгээг хийлгэжээ.

Шүүхээс томилогдсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээч нь 4453УНА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд зохигч талуудын байлцуулан үнэлгээ хийхээр дуудсан боловч хариуцагч Б.Э дуудсан цагт хүрэлцэн ирээгүй байна. /хх-39/

Үнэлгээгээр тээврийн хэрэгсэлд хойд буфер, буферийн зам тогтоогч эвдэрсэн, баруун хойд гэрэл хагарсан солих, крыло, кузовын баруун булан зэрэг эвдрэлд орсон засах зэрэг гэмтэл учирсан, хойд лонжром гэмтээгүй, тэнхлэг тохируулах шаардлагагүй гэж дүгнэж, хохирлын үнэлгээг зардлын аргаар тооцон, дараах байдлаар үнэлгээ тогтоосон байна. Үүнд:

Баруун хойд гэрэл – 1 ширхэг – 120,000 төгрөг,

Буфер тогтоогч зам – 1 ширхэг – 30,000 төгрөг,

Хойд буфер – 1 ширхэг -300,000 төгрөг,

Кузов, баруун хойд крыло засаг хөлс – 90,000 төгрөг,

Баруун хойд гэрэл солих ажлын хөлс – 10,000 төгрөг,

Хойд буфер солих ажлын хөлс – 30,000 төгрөг,

Будах хөлс – 80,000 төгрөг,

Будах хөлс -80,000 төгрөг, нийт 730,000 төгрөг. /хх-36-54/

Хариуцагч Б.Э-ын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоотой байна гэж дүгнэв.  

Хариуцагч Б.Э нь Хан-Уул дүүргийн Оргил худалдааны төвийн буцаж эргэдэг уулзварын харалдаа зорчиж явахад 4453УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Э нь автобус эргэж байхад араас гүйцэж түрүүлэн урд орж, огцом тормос гишгэснээс тээврийн хэрэгслийг мөргөсөн буюу хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл байгаа тухай, мөн хохирол төлбөрийг төлөх чадваргүй гэж тайлбарлах боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна. /хх-28/

Тээврийн хэрэгслийн засварт зориулан худалдан авсан буферт будгийн ажил хийх шаардлагагүй болох нь нэхэмжлэгч М.Э-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул үнэлгээнд оруулан тооцсон эд ангийг будах ажлын хөлс 160,000 төгрөг нэмж гарахгүй болох нь нотлогдож байх учир хасч тооцох нь зүйтэй байна.

Иймд шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хохирлын үнэлгээгээр тогтоогдсон зардлаар тооцож, хариуцагч Б.Э-лаас 570,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Э-д олгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэдийн төлөөлөгчийн буферийн үнэ 350,000 төгрөг, торгуулийн 100,000 төгрөг, тогтоогч зам, засварын хөлс, нийт 510,000 төгрөгийг төлүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтээс эвдэрсэн эд анги, солих зардлыг гаргуулах саналыг хүлээн авсан бөгөөд шийтгэх хуудсаар тогтоосон 100,000 төгрөгийг гаргуулах гэсэн дүгнэлт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,318 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 17,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                       ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дугаар зүйлийн 499.1-д зааснаар хариуцагч Б.Э-аас гэм хорын хохиролд 570,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 160,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,318 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-аас 17,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Э-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНХБҮРЭН

ШҮҮГЧИД                          Б.ТҮВШИНЖАРГАЛ

                                                                      Н.ГЭРЭЛТУЯА