Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2022/00019

 

 

 

 

 

      2021          12              22                                            184/ШШ2022/00019

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 0 гудамж, 00 дугаар байр 00 тоот хаягт оршин суух У овогт М Б /РД: 000000000,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг 00 дугаар хороо, өөрийн байранд байрлах “С б” ХХК /РД: 00000/,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, чингэлгийг буцаан авах тухай нэхэмжлэлд 2021 оны 11–р сарын 16–ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч М.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь “С б” ХХК-д холбогдуулан 2020 оны 4-р сарын 24-ний өдрийн Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, чингэлгийг буцаан авахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хуучин сэлбэгийн худалдаа эрхлэгч М.Б нь “С б” ХХК-ийн хашааны гадна өөрийн чингэлгээ байршуулан талбайн түрээс 250,000 төгрөгийг сар бүр “С б” ХХК-д өгдөг байсан.

2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “С б” ХХК-тай Чингэлэг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хашаан дотор орсноор 1 сарын түрээсийн төлбөр 350,000 төгрөг болж нэмэгдсэн. Дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т худалдагч тал чингэлэгт худалдаа, үйлчилгээ явуулах /цаашид гэрээний үндсэн дээр/ давуу эрхийг эзэмшинэ. Уг давуу эрхэнд доорх нөхцөлүүд хамаарна. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1-т Тэргүүн ээлжинд чингэлэг түрээслэх гэрээ байгуулах эрхтэй гэж заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Эд хөрөнгө хөлслөх гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан.

Гэтэл 2021 оны 9 дүгээр сард хуучин сэлбэгийн худалдаа эрхлэгч буюу 20 тн контейнер түрээслэгчдийн орчин, нөхцөлийг сайжруулах нэрийдлээр дотор зах руу нүүж орохыг шаардсан. Хуучин сэлбэгийн худалдаа эрхлэгч нь дотор зах руу нүүн орох боломжгүй бөгөөд орсон тохиолдолд талбайн түрээс болон агуулахын төлбөр нэмэгдэх юм.

Энэхүү асуудлаар “С б” ХХК-ийн удирдлагатай удаа дараа уулзаж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад манайх гэрээний үүргээ биелүүлж эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан бөгөөд гэрээгээ сунгах эсэх нь таны эрхийн асуудал гэж тайлбар өгсөн. Гадаа хуучин сэлбэгийн худалдаа эрхлэгч нарын орчин нөхцөлийг сайжруулах нэрийдлээр сэлбэгийн худалдаа эрхлэгч миний эрх зүйн байдлыг дордуулж байна.

Энэ байдлаас харахад “С б” ХХК нь зориуд миний 5,000,000 төгрөгийн үнэ бүхий чингэлгийг зах зээлийн үнээс хэт хямд үнээр тооцож худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдаа эрхлэгч нартай удаан хугацаагаар хамтарч ажиллахгүй, хууран мэхэлсэн гэж үзэж байна.

Мөн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Чингэлэг худалдах, худалдан авах гэрээнд Худалдан авч тал буюу “С б” ХХК-ийн захирал Б.Б нь гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй болно.

Иймд дээрх нөхцөл байдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулж байгаа тул “С б” ХХК-тай байгуулсан Чингэлэг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, чингэлгийг өөрийн эзэмшилдээ буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

С б ХХК-тай холбогдуулан иргэн М.Б гаргасан Чингэлэг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай, чингэлгийг өөрийн эзэмшилдээ буцаан авах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Манай компанийн зүгээс нэхэмжлэгч М.Б гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно.

Үүнд нь: М.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “С б” ХХК-тай 20 тоннын контейнероо худалдахаар Чингэлэг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний нөхцөлийг талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу тохиролцож, М.Б нь 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) мянган төгрөгөөр худалдан борлуулахаар санал болгосныг Худалдан авагч буюу С б ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрч талууд сайн дурын үндсэн дээр, бусдын дарамт шахалт болон бусад нөлөөлөлд авталгүйгээр хүсэл зоригоо бүрэн илэрхийлэн худалдах, худалдан авах гэрээг байгуулсан болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанаар манай компани 5,000,000 төгрөгийн үнэ бүхий чингэлгийг зах зээлийн үнээс хэт хямд үнээр тооцож худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэдэг нь үндэслэлгүй байна.

С б ХХК болон нэхэмжлэгч М.Б нар нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чингэлэг түрээслэх үүднээс Эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулан ажиллаж байсан. С б ХХК-ийн зүгээс чингэлэгийн үнийг бүрэн төлж барагдуулсан төдийгүй гэрээгээр хүлээсэн бусад үүргээ шударгаар, бүрэн биелүүлж ажилласан болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...С б ХХК нь худалдаа эрхлэгч нартай удаан хугацаагаар хамтарч ажиллахгүй, хуурч мэхэлсэн үйлдэл гаргасан гэж үзэж байна” гэжээ. Бид захын үйл ажиллагааг илүү сайжруулах зорилгоор “С б үйл ажиллагаа, үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгаа”-г түрээслэгч нарынхаа дунд явуулсан бөгөөд тус судалгаанд 20 тонн чингэлэгийн түрээслэгч нар чингэлэгрүү ус ороод байна, замаа засуулмаар байна, орчин нөхцөлөө сайжруулах тав тухтай баймаар байна гэж санал гаргасныг дүгнэж үзээд түрээслэгч нарынхаа тав тухыг сайжруулах үүднээс дулаахан дотор талбайд үйл ажиллагаа явуулах. чингэлэгээ агуулахын зориулалтаар үргэлжлүүлэн хөлсөлж болох тухай санал тавьсан болно. Энэ нь тухайн түрээслэгч нарын өөрсдийнх нь хүсэлт шаардлагад үндэслэсэн гэдгийг дурдах нь зүйтэй бөгөөд энэ саналд ямар нэгэн дүр эсгэсэн. нэрийдсэн төдий зүйл үгүй болно.

Талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өдөр байгуулагдсан Эд хөрөнгө хөлслөх гэрээний 6 дугаар зүйлийн 6.10.1- 6.10.3 ДЭХ ХЭСЭГТ “Хөлслүүлэгч (С б) нь хөлсөлсөн талбай болон Захын барилга, өнгө үзэмжийг сайжруулах, өргөтгөх, томсгох, багасгах, шинээр барих, өөрчлөх болон бусад хэлбэрээр өөрчлөн засварлах зэргийг оролцуулан захын барилга, талбайг бүхэлд нь болон түүний аль нэг хэсгийг (талбайг оролцуулан) өөрчлөх, шинээр барих эрхтэй. Хөлслүүлэгч нь энэ заалтын дагуу эрхээ хэрэгжүүлэхдээ гуч (30) хоногийн өмнө Хөлслөгчид урьдчилан бичгээр мэдэгдэх бөгөөд энэ нь гэрээний зөрчилд тооцогдохгүй. Хөлслөгч нь мэдэгдлийг хүлээн авснаас хойш арван таван (15) хоногийн дотор Захын барилга, талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах тухайгаа Хөлслүүлэгчид бичгээр мэдэгдэж болно.

Хөлслөгч ийнхүү мэдэгдсэнээс хойш гуч (30) хоногийн дотор Хөлслүүлэгч болон Хөлслөгч нь талбайн талаар (байрлал өөрчлөхөөр үл хязгаарлагдан) тохиролцоонд хүрч холбогдох нэмэлт гэрээнд гарын үсэг зурна. Бусад тохиолдлуудад гуч (30) хоногийн мэдэгдлийн хугацаа дууссанаар энэхүү Эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлагдсанд тооцох бөгөөд Хөлслүүлэгч нь барьцааг энэ гэрээний дагуу Хөлслөгчид буцаан олгоно.” гэж тус тус заасны дагуу Захын өнгө үзэмжийг сайжруулах, түрээслэгч нарынхаа тав тухыг хангах, хэрэглэгчдийн нэвтрэлтийг сайжруулах, зогсоол шинээр гаргах, түрээслэгчдийнхээ орлого ашгийг нэмэгдүүлэх үүднээс дээр дурдсан саналыг хүргүүлсэнд нэхэмжлэгч М.Б татгалзаж, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өдөр Эд хөрөнгө хөлслөх гэрээгээ цуцлах тухай хүсэлтээ ирүүлсний дагуу гэрээг нь хуулийн дагуу цуцалж, барьцаа төлбөрийг нь гэрээнд заасны дагуу буцаан олгосон болно.

Энэ нь талуудын хооронд байгуулагдсан Эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу нэхэмжлэгч М.Б нь тус гэрээгээр олгогдсон эрхээ сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлсэн явдал бөгөөд Чингэлэг худалдах, худалдан авах гэрээнд хамааралгүй үйлдэл болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...С б ХХК-ийн Захирал Б.Б гэрээнд гарын үсэг зураагүй, .... тиймээс хүчин төгөлдөр бус гэрээ” гэж бичжээ, Гэрээнд талууд хоёулаа гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ талууд хэдийн биелүүлсэн, гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгч хүлээн авсан болно. Тиймээс М.Б гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-14/

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс 2020 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн “Чингэлэг худалдах, худалдан авах гэрээ” /хавтаст хэргийн 6 дахь тал/, хариуцагчаас 2020 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн “Чингэлэг худалдах, худалдан авах гэрээ”, 2020 оны 10-р сарын 07-ны өдрийн “Эд хөрөнгө хөлслөх гэрээ”, М.Б С б ХХК-д гаргасан “Эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцалж барьцаа 350,000 төгрөгийг буцаан авах тухай” өргөдөл, 2020 оны түрээс төлөлтийн мэдээлэл, тооцооллын баримт, М.Б рүү барьцаа шилжүүлсэн баримт /2021-12-10 13:50/ /хавтаст хэргийн 15, 16-21, 22 дахь тал, 23-24/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “С б” ХХК нь чингэлгийг зах зээлийн үнээс хэт хямд үнээр тооцож худалдан авсан, гэрээнд худалдан авч талын захирал Б.Бя нь гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй, худалдаа эрхлэгч нартай удаан хугацаагаар хамтарч ажиллахгүй, хууран мэхэлсэн гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: М.Б нь 1,200,000 төгрөгөөр худалдан борлуулахаар санал болгосныг худалдан авагчийн зүгээс зөвшөөрч талууд сайн дурын үндсэн дээр, бусдын дарамт шахалт болон бусад нөлөөлөлд авталгүйгээр хүсэл зоригоо бүрэн илэрхийлэн худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, гэрээгээр хүлээсэн үүргээ талууд биелүүлсэн гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн 2020 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн “Чингэлэг худалдах, худалдан авах гэрээ”, 2020 оны 10-р сарын 07-ны өдрийн “Эд хөрөнгө хөлслөх гэрээ”, М.Б 2021 оны 9-р сарын 17-ны өдрийн С б ХХК-д гаргасан “Эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцалж барьцаа 350,000 төгрөгийг буцаан авах тухай” өргөдөл, 2020 оны түрээс төлөлтийн мэдээлэл, тооцооллын баримт, М.Б рүү барьцаа шилжүүлсэн баримт /2021-12-10 13:50/-аар дараах үйл баримт тогтоогдлоо.

2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээгээр GESU 223467 сери дугаартай, хөх өнгөтэй, 176 тоот номертой, 20 тн даацтай чингэлгийг худалдан авагчийн талд шилжүүлж, худалдан авагч тохиролцсон үнэ буюу 1,200,000 төгрөгийг худалдагч талд төлсөн байна.

Талуудын маргааны зүйл нь чингэлгийг хямд үнээр тооцсон, гэрээнд худалдан авч талын захирал Б.Б нь гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй, худалдаа эрхлэгч нартай удаан хугацаагаар хамтарч ажиллахгүй, хууран мэхэлсэн зэрэг байна. Худалдах худалдан авах болон эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан, түрээсийн төлбөр зэрэгт маргаагүй байна.

Зохигч 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлэг Худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, тус гэрээний үндсэн дээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна. /хавтаст хэргийн 6, 15 дахь тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б “... 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ЧХХАГэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулсан, хэт хямд үнээр худалдан авсан, хуурч мэхэлсэн” гэх үндэслэл, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй, үндэслэлээ нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйл, заалтыг үндэслэн хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн байна.

Хэргийн баримтаар маргааны зүйл болж буй дээрх худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх байдал, үндэслэл тогтоогдохгүй байх ба уг гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулаагүй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн хавтас хэргийн 6 дугаар талд авагдсан гэрээнд худалдан авч талын захирал Б.Б гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй харагдах боловч уг баримтанд 2020 оны 4-р сарын 24-ний өдөр нотариатч Д.Х үнэн зөвийг гэрчилсэн, хариуцагч тал хавтас хэргийн 15-р талд гарын үсэг, тэмдэг дарагдсан байгаа зэргээс үзэхэд талууд хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй бөгөөд ийм алдаа гаргасан этгээд түүнийгээ засах эрхтэй, үүнээс үүдэн хэлцлийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч ийм учир шаардах эрхгүй байна.

Иймд дээрх хэрэгт авагдсан баримт, Иргэний хууль, гэрээнд заасныг үндэслэн хариуцагч “С б” ХХК-д холбогдох “Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, чингэлгийг буцаан авах” тухай М.Б нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийн шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9,4,2, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “С б” ХХК-д холбогдох, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Чингэлэг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, чингэлгийг буцаан авах тухай нэхэмжлэгч М.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардах авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.           

      4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         В.АМАРТҮВШИН