Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Дд холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг 2023 оны 11 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, О.Д

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ... дэлгүүрийн гадна авто зогсоол дээрээс хохирогч Г.Гын эзэмшлийн .... ...улсын дугаартай Тоёота королла маркийн тээврийн эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх 3-4-рт/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх 5, 9-10-рт/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-рт/,

Хохирогч Г.Гын “...Би 2023 оны 09 дүгээр сарын 24-ний 14 цаг 40 минутад Дорноговь аймгийн төвд байдаг ... нэртэй хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх гээд найз Т.У-ын дэлгүүр орсон тухайн үед өөрийн эзэмшлийн цагаан өнгийн тоёота Королла маркийн .... ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очоод түлхүүрээ дотор нь үлдээгээд орсон. Дэлгүүрээс 14 цаг 48 минутад гарч ирэхэд дэлгүүрийн үүдэнд үлдээгээд орсон .... ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл алга болсон байсан. Би ойр орчимд харахад байхгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн дэлгүүрийн камерыг үзэхэд туранхай өндөр доголж явдаг цагаан хартай цамцтай, хар өмдтэй, цагаан пүүзтэй эрэгтэй хүн аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 19-20-рт/,

Шүүгдэгч О.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн зөвшөөрөлгүй унасан машинтайгаа Улаанбаатарт байх төрсөн эгч Уранчимэгтэй уулзахаар явж байсан... Би асаалттай байсан машин дотор ер нь согтуу байх үедээ шууд унаад явчихдаг ...” гэсэн мэдүүлэг /хх 46-рт/,                      

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 61, 72-77 ху/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.О.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ... дэлгүүрийн гадна авто зогсоол дээрээс хохирогч Г.Гын эзэмшлийн .... ...улсын дугаартай Тоёота королла маркийн тээврийн эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 24-ний 14 цаг 40 минутад Дорноговь аймгийн төвд байдаг ... нэртэй хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх гээд найз Т.У-н дэлгүүр орсон тухайн үед өөрийн эзэмшлийн цагаан өнгийн тоёота Королла маркийн .... ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очоод түлхүүрээ дотор нь үлдээгээд орсон. Дэлгүүрээс 14 цаг 48 минутад гарч ирэхэд дэлгүүрийн үүдэнд үлдээгээд орсон .... ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл алга болсон байсан. Би ойр орчимд харахад байхгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн дэлгүүрийн камерыг үзэхэд туранхай өндөр доголж явдаг цагаан хартай цамцтай, хар өмдтэй, цагаан пүүзтэй эрэгтэй хүн аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх 3-4-рт/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх 5, 9-10-рт/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-рт/,

-Шүүгдэгч О.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд авто тээврийн хэрэгслийг зохих зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

                                                                   

           Иймд шүүгдэгч О.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Д болон түүний өмгөөлөгчөөс хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.        

Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч Г.Г нь хохирол төлбөрийн баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

           2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй харин нэг төрлийн санаатай гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ харгалзаж үзлээ.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “1 сарын хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

 

Шүүгдэгч О.Д нь өмнө Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

    -Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус нийт 3 удаагийн үйлдлээр ял шийтгүүлж байсан байх бөгөөд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биеэр эдлэхгүйгээр хорих ялаар солиулж байсан байх бөгөөд дээрх гэмт хэргүүд болон энэ удаагийн гэмт хэргийг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч О.Д нь Шүүх Сэтгэц эмгэг судлалын 198 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх 55-57-рт/-ээр хэрэг хариуцах чадвартай байх бөгөөд архины хэтрүүлэн хэрэглэх олдмол эмгэгтэй болох нь тогтоогдсон байна.

 

Тиймээс шүүгдэгч О.Д-г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч О.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялаар сонгож, уг зүйл хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар хязгаарыг багасгаж тогтоох нь зүйтэй байх бөгөөд түүний хувийн байдалд тохирно гэж үзлээ.

 

Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д “...Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно...” гэж, 2-т “...Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч О.Д-г цагдан хоригдсон 50 хоногийн 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцон хасч, биечлэн эдлэх ялыг 1 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дд 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-г цагдан хоригдсон 50 хоногийн 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцон хасч, биечлэн эдлэх ялыг 1 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Дд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч О.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

       

          

 

 

                                                                                                                  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.ОДБАЯР