| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 101/2024/02918/И |
| Дугаар | 001/ХТ2025/00124 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2025/00124
“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/01694 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2025/00652 дугаар магадлалтай,
“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Бд холбогдох
Бохир усны шугамын эвдрэл гэмтлийг засварлахад саад учруулахгүй байхыг даалгах, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол буюу засварын зардал 1,086,106 төгрөг, олох байсан орлого 11,400,000 төгрөг, нийт 12,486,106 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц, У, хариуцагч Б, хариуцагчийн өмгөөлөгч Т нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У, Ц, хариуцагч Б, хариуцагчийн өмгөөлөгч Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч Бд холбогдуулан бохир усны шугамын эвдрэл гэмтлийг засварлахад саад учруулахгүй байхыг даалгах, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол буюу засварын зардал 1,086,106 төгрөг, олох байсан орлого 11,400,000 төгрөг, нийт 12,486,106 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/01694 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Бд ...орон сууцны гал тогооны ханын ард далд байрлах бохирын шугам сүлжээнд бий болсон эвдрэл гэмтлийг мэргэжлийн байгууллага оношилж, засварлахад саад учруулахгүй байхыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас гэм хорын хохиролд олох байсан орлого 11,400,000 төгрөг, ус алдсаны улмаас үл хөдлөх хөрөнгийг засварлах хөлс 1,086,106 төгрөг, нийт 12,486,106 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 284,928 төгрөг /214,728 төгрөг, 70,200 төгрөг/-ийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 сарын 30-ны өдрийн 101/ШЗ2024/12267 дугаартай захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг дурдаж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2025/00652 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/01694 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “нэхэмжлэлийн шаардлагаас гэм хорын хохиролд олох байсан орлого 11,400,000 төгрөг, ус алдсаны улмаас үл хөдлөх хөрөнгийг засварлах хөлс 1,086,106 төгрөг, нийт 12,486,106 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “хариуцагч Бгээс гэм хорын хохиролд 1,086,106 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож, үлдэх 11,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “70,200” гэснийг “100,816” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214,728 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц, У нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг буюу олох ёстой байсан орлого 11,400,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэг, 172.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт, гэм буруу, түүний шалтгаант холбоо зэргийг зөв үнэлж дүгнэн “ус алдсаны улмаас үүссэн хохирол 1,086,106 төгрөг” гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон бөгөөд гагцхүү шүүхээс хохирол буюу “олох ёстой байсан орлого 11,400,000 төгрөг” гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.
Давж заалдах шатны шүүх хариуцагч нь 2021 оны 05 сараас хойш өөрийн 18 тоотод орон сууцны шугам хоолойноос ус алдсан эвдрэлийг мэргэжлийн байгууллага засвар хийхэд саад учруулж, шугамын эвдрэлийг засварлах боломжгүй байгаа нөхцөл байдлаас шалтгаалан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн эд хөрөнгөд үргэлжлэн хохирол учирсан гэж үзэх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар уг хохирлыг хариуцагч Б хариуцах үүрэгтэй гэж үндэслэлтэй, зөв дүгнэсэн атлаа олох ёстой байсан орлого 11,400,000 төгрөгийг магадлалын Хянавал хэсгийн 7 1, 7.2, 7.3, 7.4-т дурдсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, үндэслэлгүй байна.
Хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох ... тоотын далд шугамаас ус алдаж, үүний улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн ... тоотод бохир болон усан хангамжийн татан зайлуулах босоо шугам дагаж ус алдсан. Иймээс нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид гэмтэл гарсан шугамыг яаралтай засварлаж хэвийн байдалд оруулах шаардлагатай байгаа талаар удаа дараа мэдэгдсэн. Гэвч хариуцагчийн зүгээс шугамыг засварлуулахаас үндэслэлгүйгээр татгалзсаар өдийг хүрсэн. Хариуцагч нь эхлээд үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө өгөхийг шаардаж байсан ба энэ урт удаан хугацааны явцад өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүйгээр улмаар сүүлдээ СӨХ-г буруутгаж хариуцлагаас зайлсхийж байгаад нэхэмжлэгч гомдолтой байна.
Ус алдалт зогсоогүйн улмаас нэхэмжлэгч хөрөнгөө захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж чадаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай, илэрхий нотлогддог. Тухайлбал “Д” ХХК нь 2020 оноос эхлэн түрээслэгч “Э” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгөө түрээсэлж эхэлсэн.
Гэвч хариуцагч оршин суугчийн үүргээ үл биелүүлэн мэргэжлийн байгууллагаар тухайн шугамыг засварлуулаагүйн улмаас ус алдалт зогсоогүй тул түрээслэгч “Э” ХХК нь түрээсийн гэрээгээ цаашид сунгаагүй. Хэрэв шугам засварлагдаж ус алдалт зогссон тохиолдолд түрээслэгч “Э” ХХК түрээсийн гэрээгээ сунган түрээслэх, аль эсхүл өөр этгээдэд түрээслүүлэх, хөлслүүлэх байдлаар нэхэмжлэгч өөрийн хууль ёсны өмч, хөрөнгөө захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс уг харилцааг дүгнэхдээ зөвхөн “Э” ХХК-тай байгуулсан гэрээгээр хязгаарлан дүгнэж, “Э” ХХК-тай байгуулсан гэрээ цуцалж, дуусгавар болох хүртэл хохирол учраагүй гэж үзсэн нь учир дутагдалтай. Гэрээ цуцалж дуусгавар болсноос хойш хариуцагчийн гэм буруугаас нэхэмжлэгчид хохирол учирч байгааг харгалзан үзээгүйд гомдолтой байна.
“Э” ХХК-ийн 2021.03.02-ны өдрийн 3/21 тоот “Түрээсийн байрны талаар” гэх албан бичигт түрээсийн гэрээг цуцлах болсон үндэслэлээ “...2 удаа засвар хийсэн боловч дахин ус алдаж ус орж ирээд байна...” гэж тодорхой тусгасан. Үүнээс үзвэл ус алдалтыг зогсоогоогүйн улмаас түрээсийн гэрээ цуцлагдах нөхцөл бүрдсэн ба үүнд нэхэмжлэгч бус, хариуцагчийн эс үйлдэхүй шууд шалтгаант холбоотой.
Нөгөө талаас тухайн үед Ковид 19 цар тахал гарсан эсэхээс үл хамааран ус алдаагүй байсан бол нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд буюу 2024 он хүртэл, цаашлаад өнөөдрийг хүртэл өөрийн хууль ёсны үл хөдлөх хөрөнгөө түрээсэлж, орлого олох боломжтой байсан боловч хариуцагчийн буруутай эс үйлдлийн улмаас өмчлөх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх ёстой бөгөөд хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нь хохироод үлдэх ёсгүй. Хариуцагч гэм хор учруулсан тул нэхэмжлэгчид учруулсан хохирлоо бүрэн арилгаснаар иргэний эрх зүй дэх тэгш эрхийн зарчим хангагдана.
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “...Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй...” гэж заасан ба уг заалтыг Монгол Улсын дээд шүүх тогтоолдоо “...Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх замаар гэм хорыг арилгаж, зөрчигдсөн эрхийг сэргээнэ. Өөрөөр хэлбэл эрх зөрчигдсөнөөс түүнийг сэргээн тогтооход гаргах ёстой зардал, тэрчлэн түүний эд хөрөнгийг алга болгосон ба гэмтээсэн бодит хохирлоос гадна олох ёстой байсан орлого хохиролд тооцогддог байна” хэмээн тайлбарласан.
Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2009.05.22-ны өдрийн 15 дугаартай “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай” тогтоолын 6.1.1-т “...Эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг тодорхойлоход Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэж, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тогтооно” гэж тайлбарласан байна.
Үүний дагуу хариуцагч нэхэмжлэгчид гэм хор учруулсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрдүүлсэн хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай, илэрхий тогтоогдсон тул түүнээс үүсэх хохирол болох олох ёстой байсан орлогыг тэрээр төлж барагдуулах, нэхэмжлэгчид учирсан хохирол, гэм хорыг арилгах үүрэгтэй болно.
Хариуцагчид нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа мэдэгдэл илгээж, мэргэжлийн байгууллага, “М” СӨХ-оос ч шугамыг засварлах шаардлагатай талаар мэдэгдсээр олон жилийн хугацааг зарцуулсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгөө ашиглуулж орлого олох боломжтой байтал хариуцагч үүнийг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгчийг хохироосон, гэм хор учруулсан тул хариуцлага хүлээж хохирол, гэм хорыг арилгах ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ шүүхээс холбогдох хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, мөн хууль хэрэглээний зөрүү гарсан гэж үзэж байна.
Иймд энэхүү гомдолд нэг бүрчлэн дурдсан үндэслэл бүрийг хянан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч Б, хариуцагчийн өмгөөлөгч Т нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.
Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, хариуцагч нь биш гэдгийг нотлох баримт, мөн шүүх хуралдааны явцад амаар гаргасан тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг няцааж мэтгэлцсэн. Гэвч давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзээгүй, мөн хуулийн 40.1, 40.2-т заасны дагуу нотлох баримтыг бодитоор, үнэн зөв үнэлээгүй.
5.1. Давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтыг бүхэлд нь шинжлэн судалж үзэхгүйгээр хариуцагчид Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийг үндэслэл болгон засвар хийлгэхэд саад учруулсан гэж үзэж гэм буруутайд тооцсон нь хэргийн нотлох баримттай нийцэхгүй байна.
Учир нь хариуцагч Б нь мэргэжлийн байгууллага /контор/-аар өөрийн орон сууцны гал тогооны ханыг эвдүүлж, нүхлүүлсэн бөгөөд ханын цаадах далд шугамаас ус гоожоогүй, ямар ч гэмтэл байгаагүй, ус шүүрч нэвчсэн зүйл огт байхгүй байхад ус алдсаны улмаас үүссэн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол буюу засварын зардал 1,086,106 төгрөгийг хариуцагч Бд тохож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь шугамыг засварлахад саад болоогүй бөгөөд харин өөрийн өмч, эд хөрөнгөө эвдүүлж, шугамыг ил гаргасан, ханын цаадах далд шугамаас ус гоожоогүйг мэргэжлийн байгууллага нь нотолсон байхад уг нотлох баримтыг үнэлэхгүйгээр ус алдсаны улмаас үүссэн хохирол 1,086,106 төгрөгийг хариуцагчаас төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн нотлох баримттай нийцэхгүй байна.
Харин хариуцагч 18 тоот, Б нь нэхэмжлэгч “Д” ХХК болон Хэрэглэгчид үйлчлэх төв /ХҮТЗ/-ийн батлагдаагүй олон удаагийн таамаг, оношоор өмч, эд хөрөнгөө эвдүүлж хохирсон бөгөөд одоо болтол буцааж хэвийн байдалд нь оруулж засаагүй, зөв зүгээр байсан гэрийн хана, тавилгаа эвдүүлж, хохирчоод байгаа билээ.
5.2. Давж заалдах шатны шүүх нь Хянавал хэсгийн 5.1-д (...дундын өмчлөлийн эд зүйлсийг Сууц өмчлөгчдийн холбоо арчилж, хамгаалах үүрэгтэй бөгөөд бохирын босоо шугамаас ус алдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн, “...тус компанийн эд хөрөнгөд гэм хорын хохирлыг Сууц өмчлөгчдийн холбоо хариуцан арилгах боломжтой байжээ) гэж бодит үндэслэлтэй үнэн зөв тодорхойлсон мөртлөө 5.2-т “...гэм хорын хохирлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй” гэсэн нь давж заалдах шатны шүүх 5.1-д зөв тодорхойлсон заалтаа 5.2-оор үгүйсгэж байгаа нь авцалдахгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ус алдсаны улмаас үл хөдлөх эд хөрөнгийг засварлахад шаардлагатай хөлс 1,086,106 төгрөгийн хохирлыг хариуцагч үгүйсгэж, няцаан мэтгэлцээгүй” гэж үндэслэлгүй худал хэлж мэдүүлснийг давж заалдах шатны шүүх үнэнийг нотлохгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд дээр дурдсан бүх үндэслэл нотолгоо, хавтаст хэргийн нотлох баримтыг үндэслэн ус алдсаны улмаас үүссэн хохирол 1,086,106 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх нь нотлогдохгүй байгаа тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
6. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц, У, хариуцагч Б, хариуцагчийн өмгөөлөгч Т нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.06.12-ны өдрийн 001/ШХТ2025/00617 дугаар тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
7. Хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
8. Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч Бд холбогдуулан бохир усны шугамын эвдрэл гэмтлийг засварлахад саад учруулахгүй байхыг даалгах, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол буюу засварын зардал 1,086,106 төгрөг, олох байсан орлого 11,400,000 төгрөг, нийт 12,486,106 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...“Д” ХХК ... давхарт байрлах 459 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө 2018 оноос бусдад түрээслэн үйл ажиллагаа явуулсан. 3 давхрын зүүн урд жигүүрт байрлах 34 м.кв талбай бүхий 307 тоот өрөөний дээрээс ус алдсаныг шалгуулахад тус байрны 18 тоотын далд шугамаас ус алдаж байгаа болох нь Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3 төвийн хэсгийн инженерийн тодорхойлолтоор тогтоогдсон.
Гэвч тус байрны 18 тоотын оршин суугч Б нь өөрийн эзэмшлийн бохир болон усан хангамжийн шугамын гэмтлийг засварлах ажилд үндэслэлгүйгээр саад учруулж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхээр очсон инженер, засварчныг оруулахгүй, 5 жил орчим хугацаанд нэхэмжлэгчийн болон бусад оршин суугчдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсаар байна. Үүнээс болж 307 тоот оффисын түрээслэгч компани нь түрээсийн гэрээгээ цуцалж олох ёстой байсан орлого буюу нэг жилийн 11,400,000 төгрөгөөр хохирсон.
Түүнчлэн тус үл хөдлөх эд хөрөнгөд 1,086,106 төгрөгийн хохирол учирсан нь “Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнэлгээгээр нотлогдсон.
Иймд хариуцагч Бд шугам сүлжээнд бий болсон эвдрэл гэмтлийг засварлахад саад уруулахгүй байхыг даалгуулж, олох ёстой байсан орлого, хохиролд нийт 12,486,106 төгрөг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан,
Хариуцагч хариу тайлбартаа: “...2021 онд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3 гэх мэргэжлийн байгууллагууд 18 тоот байрны хананы цаана байрлах далд шугамтай холбоотой асуудлаар үзлэг хийсэн.
Мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлт, мөн сууц өмчлөгчдийн холбооны хуулиар бол уг нэхэмжлэлийн хариуцагч нь тус байрны “М” СӨХ юм. Өөрөөр хэлбэл, тус газарт үзлэг хийхэд гал тогооны өрөөний хананы сувагт далд байрлах бохир усны шугам гэмтсэнээс ус алдаж байгааг тогтоосон.
...Шугамыг засварлахын тулд айлын хана өмчийг эвдэхэд хүрч байна, иймээс СӨХ, “Д” ХХК, сууц өмчлөгч нар 3 талт гэрээ байгуулж, хана эвдүүлэхэд гарах хохирлыг хэн, хэрхэн барагдуулах талаар харилцан тохиролцох тухай албан хүсэлт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч хариу өгөөгүй.
Түүнчлэн “Д” ХХК дундын өмчлөлийн шугам сүлжээг дураараа өөрчилсөн нь уг асуудлыг үүсгэсэн. Учир нь Барилгын норм ба дүрэм БНбД40-04-16, БНбД40-05-16-д заасан бохир ус, хаягдал нь өөрийн уналтаар шууд доошоо унаж байхаар шулуун байх ёстой гэснийг зөрчиж, бохирын шугамыг 3 дугаар давхарт хэвтээ байдлаар ил болгосон.
Гэм хорын хохиролтой холбоотой нэхэмжилж байгаа мөнгийг мөн хариуцах хууль зүйн үндэслэлгүй, учир нь энэ далд шугам хуульд зааснаар СӨХ-ны шугам сүлжээ учир уг хохирлыг хуульд зааснаар СӨХ нь бүрэн хариуцах хуулийн зохицуулалттай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарласан.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: “...ус алдсан шалтгаан нь ... байрны 18, 19 тоотын бохирын ф100-ийн диаметртэй тройникоос ус шүүрч байгаагаас шалтгаалсан болох нь “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3-н гэмтлийг тогтоох ажилбараар тогтоогдсон, ...хариуцагчийн өмчлөлийн орон сууц болох 18 тоотын гал тогооны хананы ард далд байрлах бохирын шугамын гэмтлийг засварлахын тулд хана болон гал тогооны тавилгыг нүхэлж цоолох шаардлагатай болсон, хариуцагч нь холбогдон гарах зардлыг хэн, хэрхэн төлж хариуцах нь тодорхой болсны дараа холбогдох мэргэжлийн байгууллагын ажилтныг оруулж засварлуулна гэсэн үндэслэлээр татгалзсанаас бохирын шугамын засвар үйлчилгээг хийх боломжгүй байгаа нь тогтоогдож байна. ...Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д Сууц өмчлөгчид нь ...инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар, үйлчилгээ эрхэлж буй мэргэжлийн байгууллагад саад учруулахыг хориглоно, мөн Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.4, 148.2.5-т зааснаар орон сууц өмчлөгч нь дангаар өмчлөх хэсэгт байгаа дундын өмчлөлийн зүйлийн хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээ хийх зорилгоор нэвтрэн орохыг зөвшөөрөх, шугам сүлжээг байрлуулахтай холбогдсон зайлшгүй арга хэмжээг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй. ...Ус алдсан бохирын шугам хоолой нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах тул ус алдсаны улмаас үл хөдлөх хөрөнгийг засварлах шаардлагатай 1,086,106 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. ...нэхэмжлэгч “Д” ХХК барилгыг захиалан бариулахдаа холбогдох дүрэм ба стандартыг мөрдөөгүй үйл ажиллагаанаас хамаарч ус алдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул ус алдсаны улмаас олох байсан түрээсийн төлбөрийн орлогыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй...” гэж дүгнэсэн.
Давж заалдах шатны шүүх: “...Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6 дахь хэсэгт зааснаар “М” СӨХ нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ гүйцэтгэхэд нь хариуцагч Б саад учруулсан эс үйлдэхүй гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /1хх-68-73, 221-223/ Иймд хариуцагч Б Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэм буруутай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Харин эд хөрөнгөд учирсан хохирол буюу засварын зардал 1,086,106 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.
Нэхэмжлэгчийн тодорхойлж буй цаг хугацаанд тус компанийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг СӨХ хариуцан арилгах боломжтой байжээ. Хэргийн баримтаар хариуцагчийн саад болсон эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохиролтой шалтгаант холбоотой байх тул гэм хорын хохирлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. Хариуцагч нь 2021 оны 05 сараас хойш өөрийн 18 тоотод орон сууцны шугам хоолойноос ус алдсан эвдрэлийг мэргэжлийн байгууллага засвар хийхэд саад учруулж, шугамын эвдрэлийг засварлах боломжгүй байгаа нөхцөл байдлаас шалтгаалан эд хөрөнгөд үргэлжлэн хохирол учирсан гэж үзэх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар уг хохирлыг хариуцагч Б хариуцан арилгах үүрэгтэй. Харин олох ёстой байсан орлогод 11,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, дүгнэлтэд өөрчлөлт оруулах нь зүйтэй...” гэж дүгнэн, энэ үндэслэлээр эд хөрөнгөд учирсан хохирол 1,086,106 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
10. Хоёр шатны шүүх үйл баримтыг адил тогтоосон боловч эрх зүйн талаар өөр өөр дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хянан хэлэлцлээ.
11. ... 18 тоотод оршин суух Бгийн өмчлөлийн орон сууцны далд бохирын шугамаас ус алдсан болох нь 2021.05.20-ны өдрийн №1/13, 2023.09.11-ний өдрийн №2/15 дугаар бүхий Орон сууцны байруудын инженерийн шугам сүлжээнд гарсан гэмтлийн тодорхойлолтоор, тухайн гэмтлийг шалгах, засвар үйлчилгээ хийхийн тулд мэргэжлийн байгууллагын ажилчдыг нэвтрүүлэхийг хариуцагч Б-д удаа дараа мэдэгдэж байсан, хариуцагч нь дээрх засвар үйлчилгээтэй холбоотой хувь хүний өмчид учрах хохирлыг хэн хариуцах, хэрхэн барагдуулах асуудлаар харилцан тохиролцсон нөхцөлд өөрийн орон сууцанд нэвтрүүлэхээр саналаа бичгээр өгсөн боловч хариу өгөөгүй гэх үндэслэлээр засвар үйлчилгээг хийлгээгүй нь нотлогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д Сууц өмчлөгчид нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх, орон сууцны байшингийн дэвсгэр болон орчны газрыг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхдээ инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлж буй мэргэжлийн байгууллагад саад учруулахыг хориглоно гэж, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.4-т сууц өмчлөгч нь дангаар өмчлөх хэсэгт байгаа дундын өмчлөлийн зүйлийн хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээ хийх зорилгоор нэвтрэн орохыг зөвшөөрөх үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.
Хуулийн дээрх заалтад үндэслэн хариуцагч Бд орон сууцны дангаар өмчлөх хэсэгт байгаа дундын өмчлөлийн зүйлийн хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээ хийхэд саад учруулахгүй байхыг даалгаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, шүүхийн энэ шийдвэрт хариуцагч гомдол гаргаагүй байна.
12. ...18 тоотын далд бохирын шугамаас ус алдсанаас тус орон сууцны 1-3 дугаар давхарт 1,086,106 төгрөгийн хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээний “И” ХХК-ийн Хохирол үнэлгээний тайлангаар нотлогдсон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулсан.
Тогтоолын 11-д зааснаар хариуцагч нь Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д заасан үүргээ биелүүлээгүй гэм буруутай гэж үзнэ.
Хэдийгээр гэмтэл гарсан бохир усны шугам сүлжээ дундын өмчлөлд хамаарч, засвар үйлчилгээг СӨХ хариуцах боловч уг гэмтлийг засахаар 2021 оноос хойш мэдэгдсээр байхад засвар үйлчилгээ хийлгээгүй хариуцагчийн гэм буруутай эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээ буюу ус алдсаны улмаас хийх засварын зардал нэмэгдсэн гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагчаас эд хөрөнгөд учирсан хохиролд 1,086,106 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Хариуцагч нь ус алдаж, хохирол учирсанд нэхэмжлэгчийг буруутгаж, “Д” ХХК нь анх уг барилгыг барихдаа барилгын норм ба дүрэмд заасан шугам сүлжээний гэмтэл тогтоох, засвар үйлчилгээ хийхэд зориулагдсан “хяналтыг шалгах хайрцаг /таг/”-ыг огт хийгээгүй, бохир ус хаягдал нь өөрийн уналтаар шууд доошоо унаж байхаар шулуун байх ёстой гэснийг зөрчиж, дураараа өөрчлөн бохирын шугамыг 3 дугаар давхартаа хэвтээ байрлалтай ил болгосон нь хохирол учрахад нөлөөлсөн гэж тайлбарлах боловч тайлбар, татгалзаа баримтаар нотлоогүй, шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлсэн байна.
Иймд магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.
13. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д үүрэг бүхий этгээд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зохицуулсан.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай эс үйлдэхүйн улмаас олох ёстой байсан орлогод 11,400,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасныг хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Алдагдсан ашиг орлогыг өмч, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн арилгавал зохих гэм хорын хүрээнд хамааруулан тооцох ёстой. Учир нь гэм хор учруулсан үйл явдал болоогүй бол бүрдэх байсан тэр нөхцөл байдлыг сэргээн тогтоох хүрээнд хохирогчийн олж болох байсан буюу алдагдсан ашиг орлого хамаарч байгаа юм. Энэ ашиг орлогод хохирогчид гэм хор учрах тэр мөчид хараахан шилжин очоогүй, харин хожим нь боломжгүйгээс шилжин очоогүй эд хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, давуу байдал үүсгэх ашиг орлогыг ойлгож болох ч энэ ашиг орлогод “эдийн засгийн” агуулгатай ашиг орлого хамаарахгүй.
Нэхэмжлэгч нь тус байрны 307 тоот оффисын зориулалттай талбайг 2020 оны 06 дугаар сараас “Э” ХХК-д түрээсэлж эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байсан 2021 оны 03 сараас ус алдаж, чийгтэй орчинд үйл ажиллагаа явуулах боломжгүй үндэслэлээр “Э” ХХК түрээсийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдсон боловч талбай түрээслэн орлого олох байсан гэх тайлбар нь бизнесийн үйл ажиллагаатай нь холбоотой “цэвэр эдийн засгийн” агуулгатай байхын зэрэгцээ баримтаар нотлогдоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.
Дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, олох байсан орлогыг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй.
14. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 16.2-т заасан шаардлагад нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2025/00652 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц, У, хариуцагч Б, хариуцагчийн өмгөөлөгч Т нарын гомдлыг тус тус хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Д” ХХК-аас 2025.05.22-ны өдөр урьдчилан төлсөн 197,350 төгрөгийг, хариуцагч Бгээс 2025.05.20-ны өдөр урьдчилан төлсөн 30,616 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Х.ЭРДЭНЭСУВД