Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашын Мөнхбүрэн |
Хэргийн индекс | 151/2021/0005/и |
Дугаар | 151/ШШ2021/00749 |
Огноо | 2021-09-30 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 151/ШШ2021/00749
2021 09 30 151/ШШ2021/00749
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух ... овогт Ж.Х-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... оршин суух Б.Т,
Хариуцагч: .... тоотод оршин суух ... овогт Н.Ө нарт холбогдох
Гэм хорын хохиролд 13,313,765 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, хариуцагч Б.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагч Н.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж, иргэдийн төлөөлөгч Б.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 11 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын автобусны буудлын явган хүний гарцаар зам гарч явах үед Х.Портер маркийн 4307 ТӨА улсын дугаартай машины жолооч Б.Т нь намайг мөргөж гэмтээсэн. Улмаар түргэн тусламжаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж, тэндээ яаралтай хагалгаанд орон, зүүн духны дэлгэгдэж урагдсан шарх, зүүн хөмсөгний 4 хэсгээр сэтэрсэн болон дээд уруул сэтэрсэн зэрэгт нийт 18 см оёдол тавиулсан. Мөн уг эмнэлэгт тархины томограф зураг авахуулан, зүүн нүдний доод ухархайн яс цөмрөн хугарсан болон хамрын яс хугарсан, тархины доргилт, хий, хаван, цус хуралттай зэрэг онош тавьсан билээ. 2020 оны 02 дугаар сарын 16-24-нд гэмтэл согогийн “Эм Би Жи” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, нүд болон хамартаа хагалгаа хийлгэсэн.
Улмаар эмчийн зааврын дагуу хэвтрийн дэглэм баримталсан болно. Гэвч толгойн болон нүдний өвчин зовуурь огт багасаагүй, нурууны доод хэсгээр болон сүүж, өгзөг орчмоор өвдөж эхэлсэн учир нүдний болон гэмтэл, мэдрэлийн эмч, эмнэлгүүдэд үзүүлж, зураг авахуулан, зөвлөгөө авч эмчилгээгээ үргэлжлүүлэх шаардлагатай болсон. Мөн бариачид ч хандсан. Одоо ч нүд бүрэлзэх, нүдэнд гэрэл гялсхийх нь зүгээр болоогүй, толгой өвдсөөр байгаа тул эмчилгээ хийлгэж байгаа.
Дээрх эмчилгээ, эм тарианы шууд төлбөрөөс гадна ослоос улбаатай дам хохирлууд ихийг амслаа. Үүнд: 1.Гоо сайхны хохирол: Хөмсөг: Ослын улмаас зүүн хөмсөг хэдэнтээ сэтэрсэн нь одоо дахин хөмсөг ургахааргүй болжээ. Хөмсөг суулгах болон шивүүлэхээр гоо сайхны эмнэлгүүдэд хандсан ч өнөөг хүртэл мэдээ ороогүй, үхэжсэн байгаа тул мэс ажилбар үр дүнгүй болох учир 1-1,5 жилийн дараа л боломжтойг зөвлөлөө. Үс суулгах эмчилгээ нь дунджаар 2,500,000 төгрөг байдаг аж.
Дух: Зүүн духанд босоо болон хөндлөн байрлалтай 3 хэсгээр салаалан тогтсон 6 см сорвийг арилгахад лазер эмчилгээ шаардлагатай. Энэ нь арьсыг гэмтээх тул нөхөн сэргээх, эдгэрэлтийг дэмжих PRP эмчилгээтэй давхар хийгдэх ба сэрүүний улиралд хийлгэх ёстой, 2 жил үргэлжилнэ хэмээв. Мөн хөмсөг өргөх болон зангидах булчинд эмгэг өөрчлөлт үүссэн тул энэхүү булчингийн өргөлтийг багасгах зорилгоор ботокс тарилга 4-6 cap тутамд хийлгэх юм. Гэвч эдгээр эмчилгээний үр дүнд сорви бүдгэрэх боловч бүрэн арилах боломжгүй гэлээ.
Уруул: Дээд уруул хамгийн зузаан хэсгээрээ буюу уруулын дээд өнцгөөр сэтэрсэн тул оёдол тавихад баруун уруулын дээд өнцөг гадагш татагдан оёгдсон. Үүний улмаас нүүрний тэгш хэм алдагдаж, энгийн төв байдлаар зураг ч авахуулж болохооргүй болсон. Үүнийг засварлах талаар судлахад, уруулын хүрээг дахин гаргаж шивүүлэх, мөн уруул дээрх оёдлын цагаан сорвийг дарж бүрэн шивүүлж болох бололтой. Гэвч уруулын оёдол бүрэн эдгэж өвчин нь арилаагүй, эмзэг хэвээр байгаа тул мөн л 1-1,5 жилийн дараа л ийм үйлчилгээ авч болохыг зөвлөлөө. Уруул шивэхэд энгийн салонд дунджаар 300,000 төгрөг байна.
Доод зовхи: Нүдний доод ухархайн хагалгааны улмаас зүүн нүдний доод зовхи дээш татагдан оёгдож, баруун зовхитойгоо адилгүй болсон.
Шүд: Уруулын оёдол үргэлж хөдөлгөөнтэй байдаг булчин учраас эдгэрэхгүй удаж 45 хоногийн дараа оёдлыг авсан. Амаа ангайж чадахгүй, хоол цайг гуурсаар идэж ууж, шүдээ угааж чадахгүйгээс олон шүд өвчилж, 4 шүд ломбодуулсан.
2.Цалин хөлсний алдагдал: Миний бие “Монсудар паблишн” ХХК-д ажилладаг бөгөөд 2020 оны 02 дугаар сараас “Унших бичгийн сурах бичиг” төслийн ажилд зохиогчоор оролцож байсан. Уг төсөл 5 дугаар cap хүртэл үргэлжлэх, цалин 2,500,000 төгрөгөөр тогтсон байв. Гэвч 2 дугаар сарын дундуур осолд орсноос ажлаа гүйцэтгэж чадахгүй, мөн сарын эцсээр хийсэн ажлаа тайлагнаж чадаагүй тул ажлаас суурь цалин болох 500,000 төгрөгийг л олгосон. Улмаар биеийн байдал сайжрахгүй байсан тул 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл эмчилгээгээ хийлгэсэн. Энэ хугацаанд хамаарах цалингийн алдагдал 2 дугаар сарын үлдэгдэл цалин 2,000,000 төгрөг, 3 дугаар сарын цалин болох 2,500,000 төгрөг, 4 дүгээр сарын цалинд ногдох 1,200,000 төгрөг болж байна. ...
Иймд надад учруулсан хохирол болох эм, эмчилгээний төлбөр 809,765 төгрөг, гоо сайхны нөхөн төлбөр 6,804,000 төгрөг, цалингийн орлого болох 5,700,000 төгрөг, нийт 13,313,765 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч Б.Т, Н.Ө нараас тэнцүү хэмжээгээр гаргуулан өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 30 минутын орчимд гэрээсээ гараад, хүнс цуглуулахаар зам гарч яваад, портер машинд мөргүүлж гэмтсэн. Түргэн тусламжийн машинаар гэмтлийн эмнэлэгт очиж анхан шатны тусламж аваад, гэмтлийн эмнэлэгт ор байхгүй гэсэн учраас гадуур өөр эмнэлэгт оч гэсэн. Гэмтлийн эмнэлэгт духны болон уруулын оёдлыг хийлгэсэн. “Эм Би Жи” эмнэлэгт 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 9 хоног хэвтээд гарсан. Тэр эмнэлэгт нүдний ухархайн, хамрын хагалгаа хийлгэсэн. Хагалгааны өмнө болон хойно томографын зураг авдаг гээд авсан. Тархины үзлэг, оношилгоо хийлгээд, онош гарсны дараа тархины хаван буулгах тариа хийлгэсэн. 2 өнжөөд боолт хийлгэ гэсэн зөвлөмжтэйгөөр эмнэлгээс гарсан. Өнжөөд очих гэхээр манай гэр 16-р хороололд, эмнэлэг маань 3 дугаар эмнэлгийн хажууд тул ирж очиход маш хүндрэлтэй байсан. Өөрөө явж чадахгүй, таксигаар явахаар 10,000 төгрөг, гэртээ харихад мөн 10,000 төгрөг гардаг байсан. Гэртээ шингэн савангаар угаагаад, цэвэрлээд байж болно, хэвтрийн дэглэмээ бариад, утас, компьютер оролдож болохгүй гэсэн. 3 удаа нүдний болон духны боолт, уруулын оёдол хийлгэсэн. Энэ ослоос болж гоо сайхнаараа хохирсон тул хохирлоо нэхэмжилж байгаа. Дух соривтой болсон. Нүдэнд хажуу талаас цагаан юм гүйгээд ирж байгаа юм шиг харагдаад байдаг болсон. Одоо болтол зүгээр болоогүй. Уруул бүрэн зүгээр болоогүй, удаан ярихаар уруул татваганадаг, толгой, дагзаар өвддөг жирийн парацетмол уугаад зүгээр болохгүй. Эмнэлэгт үзүүлж хаван буулгадаг тариа дахиж хийлгэсэн. Толгойн эмчилгээгээ энэ хугацаанд хийлгэсээр байсан. Сүүлд бариачид хандаад 2, 3 удаа толгой, нуруугаа бариулаад арай гайгүй болсон. Нүдний хараа эрс муудаж шил зүүхээр болсон. Ослын дараагаас сарын тэмдэг ирэхээ больсон. 2, 3 удаа эмнэлгээр явж... эмчид үзүүлсэн. Гэтэл “гэнэтийн цочролоос үүдэлтэй саатал. Аз байвал хэсэг хугацааны дараа ирнэ. Удах юм бол цэвэрших ч магадлалтай. Өнчин тархитай холбоотой” гэсэн. Би энэ тухайгаа нэхэмжлэл дээрээ бичиж чадаагүй. Би ганц бие, одоо болтол хүнтэй суугаагүй. Гэтэл тархиндаа гэмтэл аваад зогсохгүй, царай зүс ийм болсон. Сарын тэмдэг ирэхгүй байхаар нь судалж байгаад иог хийж байгаа. Энэ мэтээр би маш их хичээж байгаа. Зүв зүгээр замаар гараад явж байсан хүнийг ийм болгосон... Миний 2020 оны цалин буурсан байгаа. Би толь бичиг, сурах бичиг, сурагчийн гарын авлага хийдэг. Бид нар ном зохиолоо бусдад танилцуулдаг. Телевизээр, лайв, подкаст хийж ярих болдог. Ийм байдалтай гээд тэр болгоноос хоцроод байдаг... Олны өмнө гарахаас ичиж байна. Байгууллага, хамт ажиллагсад маань эхэндээ ойлгодог байсан. Сүүлдээ өөрсдийнхөө эрх ашгийг бодож, намайг гэрээр ажиллахыг санал болгож байгаа. Хагалгаанд ороод 7 кг хассан. Би Солонгос яваад косметик хагалгаанд ороод ирье гээгүй. Тэнгэрийн үнэ нэхэмжлээгүй. Улиралд нэг эмнэлэгт хэвтээд, нэхэмжлээд байх боломжтой байсан. Олны өмнө нь арай гайгүй царай зүстэй болчих юмсан гэж байгаа. Бүх эмнэлгүүд сорив нь арилахгүй гэсэн” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч сэтгэл зүйн таагүй байдлаас болоод сайн ярьж чадахгүй байх шиг байна. Би нэхэмжлэлийн шаардлагын талаар ярья. Анх 13,134,000 төгрөгийг хариуцагч Б.Т-өөс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Ө-ыг хамтран хариуцагчаар татсан. Хэрэг хянан шийдвэрлэх явцад хийлгэсэн эмчилгээний зардал буюу 920,960 төгрөгийн баримтыг өмнөх шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар гарч байгаа. Нэгдүгээрт, эмчилгээний зардал 1,730,000 төгрөг, цалингийн зөрүү 5,600,000 төгрөг, гоо сайхны эмчилгээ 5,804,000 төгрөг, нийт 13,134,000 төгрөгийг шаардаж байгаа. Хариуцагч Б.Т-өөс 6,567,000 төгрөг, хариуцагч Н.Ө-аас 6,567,000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна. Анхны нэхэмжлэлийн шаардлагаас бол 179,765 төгрөгийг багасгасан. Нэхэмжлэлийн бүрдүүлбэрт болоод өмнөх шүүх хуралдаан дээр 2 эмнэлгийн баримт гаргаж өгсөн. Монгол Улсад гоо сайхны эмчилгээ хийдэг эмнэлгийг Ж.Хишигжаргал өөрийнхөө хэмжээнд судлаад, бие, эрүүл мэндээ үзүүлээд нотлох баримтыг гаргасан. Синдерелла эмнэлгийн хувьд нөхөн сэргээлт хийлгэхэд 4,400,000 төгрөг, “Цаглашгүй Дэлгэр” гоо сайхны компани 6,828,000 төгрөг болох юм байна гэж тодорхойлолт гаргаж өгсөн. Эдгээрийг дундажлаад үзэхээр гоо сайхны зардал 5,804,000 төгрөг гарахаар тооцсон. Цалинд анх 5,700,000 төгрөг нэхэмжилж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажил олгогч “Монсудар” хэвлэлийн компаниас ирсэн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл, нийт сарын цалин 2,500,000 төгрөг, 2, 3, 4 дүгээр сарын цалин бодогдохоор 7,500,000 төгрөгийн цалин авах юм. 2 дугаар сард 600,000, 3 дугаар сард олгогдоогүй, 4 дүгээр сард 1,300,000 төгрөгийн цалин авсан. Иймд 7,500,000 төгрөгөөс 1,900,000 төгрөгийг хасч тооцохоор 5,600,000 цалингийн зөрүү гарч байгаа. Ийм байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бодсон” гэжээ.
Хариуцагч Б.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн асуудал болсон гэм буруу дээр маргахгүй байгаа. Энэ асуудал болсноос хойш хариуцагч “Эм Би Жи” эмнэлэгт хагалгаанд орсон зардал, эмчилгээний зардал гээд нийт 5,610,000 төгрөгийн хохирлыг цаг тухайд нь өгсөн. Өнөөдрийн нэхэмжилж байгаа төлбөрөөс эмчилгээний төлбөрийг зөвшөөрч байгаа. Эмчилгээний зардлыг сүүлд өгсөн баримтын хэмжээнд нэмэгдүүлсэн гэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байгаа бол түүнийгээ бичгээр өгөөд хариуцагч талаас хариу тайлбар өгөх ёстой. Шүүх хуралдаан дээр баримт өгсөн. Гэхдээ нэмэгдүүлсэн шаардлага байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэх байх. Өмнө огт сонсоогүй зарим асуудлыг өнөөдөр шүүх хуралдаан дээр сонслоо. Өмнөх шүүх хуралдаан дээр ч яригдаагүй. Баримтаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дурдсанаараа 712,000 төгрөгийг төлнө. Б.Т-ийн хувьд эрүүл мэндэд нь хохирол учруулсан учраас хариуцлагаа хүлээнэ гэж байгаа. Гэхдээ тухайн нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар тогтоогдсон байх ёстой. Гоо сайхны нөхөн төлбөр 5,804,000 төгрөгийг “Синдерелла клиник” ХХК, “Цаглашгүй дэлгэр” ХХК гэсэн 2 эмнэлгийн баримтаар ийм эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзэж байгааг зөвшөөрөх боломжгүй. Иргэний хуульд ирээдүйд гаргах хохирлыг зайлшгүй шаардлагатай бол төлнө гэж байгаа. Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу шинжээч томилсон. Шинжээчийн дүгнэлтэд эмчилгээ хийлгэх боломжтой гэсэн. Эмчилгээгээ хийгээд ороод ирвэл бид төлнө. Тэрнээс биш хувийн эмнэлэг дээр очоод бичиг авчраад, энэ баримтаар ирээдүйд хийлгэх эсэх нь тодорхойгүй зардлыг зайлшгүй гэж үзэж төлөх боломжгүй.
2020 оны 2, 3, 4 дүгээр сарын зөрүүг нэхэмжилжээ. Үндсэн цалин “Монсудар паблишн” ХХК-ийн тодорхойлолтоор 1,600,000 төгрөг гэсэн. Хаанаас 2,500,000 төгрөг гаргаж ирсэн юм. Хавтаст хэргээс харахад 2020 оны 3 сард л ажлаа хийгээгүй байгаа. 4, 5 дугаар сард ажлаа хийсэн. Ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан нь тогтоогдохгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн гэмтлийн зэрэг тогтоосон баримтууд байгаа. Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн гэмтэл бол 14 хүртэл хоногийн хугацаанд үргэлжилнэ. Тэрнээс бол хөдөлмөр эрхлэх боломжийг хаасан зүйл байхгүй. Би хөдөлмөр эрхлээгүй гэж 2 болон 3 дугаар сарын цалин нэхэмжилж байгаа бол үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Анх нэхэмжлэлийн шаардлагаа арай өөрөөр гаргасан гэж ойлгосон. Ном хэвлэх гээд ажил гүйцэтгэх гэрээгээр эх бэлтгэл дээр нь ажиллах ёстой байсан гэж нэхэмжилж байна гэж ойлгосон. Тэгсэн өнөөдөр цалингийн зөрүү гэж яриад байна. Ажил гүйцэтгэх гэрээний үндсэн 3 сар ажиллаагүй ч гэсэн ажил хөдөлмөрөө эрхэлж байсан нь харагддаг. Үндэслэлтэй зүйл нэхэмжилсэн бол төлөх байсан. Үүнийг төлөх боломжгүй. Эмчилгээний төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан баримтаар зөвшөөрч байгаа” гэжээ.
Хариуцагч Н.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 02 дугаар 16-ны өдөр осол болсон. Н.Ө-ын хувьд Б.Түмэн-Өлзийд машинаа шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа эмчилгээний төлбөрийн 1,740,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн осол болдог өдөр нь 5,610,000 төгрөгийг “Эм Би Жи” гэдэг эмнэлэгт төлсөн. Хариуцагчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд, өөрийнхөө бололцоогоор эмчилгээний төлбөрийг төлсөн байдаг. Гоо сайхны зардалд 5,804,000 төгрөг гэжээ. “Синдерелла клиник” ХХК-ийн эмчийн дүгнэлтээр 4,400,000 төгрөгөөр энэ эмчилгээг хийх боломжтой гэж, “Цаглашгүй дэлгэр” ХХК-аас 6,828,000 төгрөг гэжээ. Нэхэмжлэгч талаас гоо сайхны төлбөрт 5,804,000 төгрөг гарахыгаа яг аль баримтаар нэхэмжилж байгаа нь тодорхойгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй.
Цалин 5,600,000 төгрөгийн хувьд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2740 дугаартай дүгнэлт, дахин шинжээч томилоод 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 439 дугаартай дүгнэлтээр авто ослоос үүдэлтэй хөнгөн гэмтэл учирсан гэж гарсан. Тухайн учирсан гэмтэл хөдөлмөрийн чадвараа алдахад нөлөөлөхгүй. Б.Х нь 2 болон 3 дугаар сард ажил үүргээ гүйцэтгэсэн. Хавтаст хэргийн 100-р талд авагдсан нийгмийн даатгалын шимтгэлээр тогтоогдож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн хүсэлтэй байна” гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Б.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хариуцагч Б.Т нь эмчилгээний зардлын мөнгөө өгсөн учраас мөнгөө өгөх шаардлагагүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Х нь хариуцагч Б.Т-д холбогдуулан эм, эмчилгээний төлбөр 809,765 төгрөг, гоо сайхны нөхөн төлбөр 6,804,000 төгрөг, цалингийн орлого болох 5,700,000 төгрөг, нийт гэм хорын хохиролд 13,313,765 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Н.Ө-ыг татаж, хариуцагч тус бүрээс гэм хорын хохирлыг ижил хэмжээгээр хуваан төлүүлэхээр шаарджээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд эм эмчилгээний төлбөр 809,765 төгрөг, гоо сайхны нөхөн төлбөр буюу эмчилгээнд зарцуулсан 921,235 төгрөг, гоо сайхны эмчилгээнд ирээдүйд гарах зайлшгүй зардалд 5,804,000 төгрөг, дутуу авсан цалин хөлсөд 5,600,000 төгрөг, нийт 13,134,000 төгрөгийг буюу өмнөх нэхэмжлэлийн шаардлагыг 179,765 төгрөгөөр багасган, хариуцагч тус бүрээс 6,567,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэн шийдвэрлэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Ж.Х нь гэм хорын хохиролд 6,567,000 төгрөгийг тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Т-өөс, 6,567,000 төгрөгийг тээврийн хэрэгслийн эзэмшигч Н.Ө-аас тус тус гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч Б.Т-, Н.Ө-нар нь гэм бурууд маргахгүй боловч эмчилгээний зардлын 712,965 төгрөгөөс бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, зохигч талууд мэтгэлцсэн болно.
Хариуцагч Б.Т-й нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 30 минутын үед Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын автобусны буудлын урд замд Хьюндэй Портер маркийн 4307 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ж.Х-ыг мөргөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Тээврийн прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 250 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2740 дугаартай дүгнэлт, мөн хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 439 дугаартай дүгнэлт, зам тээврийн осол, хэргийн газарт хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, тус үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг хуульд заасан журмаар бүрдүүлж цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-141-173/
Хьюндэй Портер маркийн 4307 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Н.Ө байх бөгөөд хариуцагч Б.Т- тус тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар нотлогдож байна. /хх-174, 197-198/
Иргэний хуулийн 228 дугаар зүлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдаснаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд гэм хорыг нөхөн төлөх үүрэг үүснэ.
Шүүх хуралдаанд хариуцагч Б.Т, Н.Өнар нь гэм буруугийн асуудалд маргахгүй гэж тайлбарласан учир шүүх дүгнэлт хийхгүй.
Хариуцагчийн хууль бус, гэм буруутай, болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хорын хохирол учирсан, үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. /хх-71-72, 90-95, II-хх-43-44/
Харин хариуцагч нар эм, эмчилгээний зардлын нотлогдож буй хэсгийг зөвшөөрч, ирээдүйд гарах гоо сайхны зайлшгүй зардал, дутуу авсан цалин хөлсний хэмжээг эс зөвшөөрч, гэм хорын хохирол хүлээх хариуцлагын хэмжээний асуудлаар маргаж байх учир нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Ж.Хишигжаргал нь эрүүл мэндэд учирсан гэм хорын улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй боловч гарсан бодит хохирлын хэмжээ тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийг хангах нөхцөл бүрдэнэ.
Эм, эмчилгээний зардлын тухайд:
Нэхэмжлэгч Ж.Х-ын шүүхэд ирүүлсэн эм, эмчилгээтэй холбогдох зардалд 809,765 төгрөгийг шаардсанаас 712,000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нотлогдож байна гэж үзэн, хариуцагч тал тус зардлыг төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлж, маргаагүй болно. /хх-35-41/
Нэхэмжлэгч нь шүүхийн зардалтай холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байх боловч нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, зарим нотлох баримт шаардлага хангахгүй байх учир 97,765 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Гоо сайхны нөхөн төлбөрийн тухайд:
Нэхэмжлэгч гоо сайхны хохиролд хөмсөг, уруул шивүүлэх, духны сорви арилгах лазер эмчилгээ болон сэргээн засах эмчилгээнд нийт 6,804,000 төгрөгийг зарцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарим эмчилгээ үйлчилгээг авсан гэж гоо сайхны эмнэлгийн төлбөрийн баримтаар 921,235 төгрөгийг, эмнэлгийн дүгнэлтүүдийн дундажаар 5,804,000 төгрөгийг ирээдүйд зайлшгүй зардалд гарна гэж тайлбарлан шаарджээ.
Нэхэмжлэгч ирээдүйд гарах гоо сайхны зардлыг нотлохоор “Синдерелла клиник” ХХК, “Цаглашгүй дэлгэр” ХХК-ийн эмчийн дүгнэлтийг шүүхэд ирүүлж, эмнэлгийн гоо сайхны мэсийн болон мэсийн бус нөхөн сэргээх эмчилгээ хийлгэнэ гэж шаардаж, хариуцагч нар шүүх эмнэлгийн дүгнэлтээр эмчилгээ хийлгэж болно гэсэн боловч зайлшгүй хийлгэх шаардлагатай гэдгийг тогтоогоогүй, эмчилгээ хийлгээгүй байж нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна. /хх-32, II-хх-55/
Ж.Х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гоо сайхны эмчилгээ буюу хөмсөг уруул шивэлт, түүнтэй холбоотой эмчилгээнд нийт 912,711 төгрөгийг зарцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримт, худалдан авалтын и-баримтуудаар нотлогдож байна. /II-хх-52-54/
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар тухайн гоо сайхны эмчилгээний зардал нь зайлшгүй гарах зардал мөн болохыг нотлох үүргээ биелүүлсэнгүй.
Иймд гоо сайхны эмчилгээний зардлыг нотлогдон тогтоогдсон 912,711 төгрөгөөр хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний тухайд:
Нэхэмжлэгч Ж.Х нь 2020 оны 02 дугаар сард 600,000 төгрөг, 4 дүгээр сард 1,300,000 төгрөгийн цалин авсан, 3 дугаар сард цалин аваагүй, цалин, нэмэгдэл хөлстэйгээ нийлээд сард 2,500,000 төгрөгийн орлого олох байснаас 2 дугаар сард 1,900,000 төгрөг, 3 дугаар сард 2,500,000 төгрөг, 4 дүгээр сард 1,200,000 төгрөг, нийт 5,600,000 төгрөгийн олох байсан орлогоо алдсан гэж тайлбарлан шаарджээ.
“Монсудар паблишн” ХХК-д хэл шинжээч ажилтай Ж.Х-ын нэг сарын үндсэн цалингийн хэмжээг компанийн “Цалин хөлсний бодлого”-ын дагуу 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс үндсэн цалинг 500,000 төгрөг, ажилласан жилийн нэмэгдэл 50,000 төгрөг, мэргэшлийн зэргийн нэмэгдэл 50,000 төгрөг, хувьсах цалинг номын төслийн дагуу тооцож олгохоор хөдөлмөрийн гэрээнд тусгасан байна. /хх-114-121/
Осол хэрэг болсны улмаас 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Ж.Х нь ажил хөдөлмөр эрхлээгүй, сурах бичиг боловсруулах гэрээт ажлыг хийж гүйцэтгээгүй, хөдөлмөрийн чадвараа алдсанаас эрүүл мэндээ нөхөн сэргээхээр хэвтрийн дэглэм сахиж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, боолт хийлгэж, оёо авахуулж байсан үйл баримтууд хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /хх-19-30,180-181, 186-195/
Нэхэмжлэгч Ж.Х-ын цалин хөлс нь суурь цалин, хийснээр олгох нэмэгдэл, гэрээт ажлын хөлс зэргээс бүрддэг болох нь ажил олгогчийн шүүхэд ирүүлсэн цалингийн тодорхойлолт, ажил гүйцэтгэх болох хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байх ба цалин хөлсний хэмжээ нь тухайн сард хийж гүйцэтгэсэн ажлаас хамааран өөрчлөгддөг, тогтмол бус байна.
Харин ажил олгогч “Монсудар паблишн” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгч Ж.Х-ын сарын цалин хөлс нь 2,500,000 төгрөг гэсэн тодорхойлолт нь хуульд заасан журмын дагуу төрийн байгууллагуудад тайлагнадаг хувь хүний орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн мэдээлэлтэй тохирохгүй, тухайн гэрээт ажлыг орлон гүйцэтгэсэн хүмүүст олгосон ажлын хөлсөөр давхар нотлогдохгүй байх тул эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримт гэж үнэлж, шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна. /хх-213-214, 240-243/
Иймд хариуцагчийн цалин, түүнтэй адилтгах орлогын хэмжээг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин буюу 2019 оны 11, 12 дугаар сар, 2020 оны 01 дүгээр сарын цалингийн дундажаар нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч Ж.Х-ын цалин хөлсний дундажийг тооцохдоо Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 5 дугаар сарын 13-ний өдрийн 1/179 дугаартай албан тоотоор ирүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн тооцов. /хх-97-100, 129-130/
Нэг сарын дундаж цалин хөлс: 1,386,000+1,499,775+1,248,107=4,133,882 : 3 сар = 1,377,960.66 төгрөг байна.
Хариуцагч Ж.Х-ын 2020 оны 2-4 дүгээр сард дутуу авсан цалин хөлсийг тооцвол:
2 дугаар сард: 1,377,960.66 -600,000 = 777,90.66 төгрөг
3 дугаар сард: 1,377,960.66 -00 =1,377,960.66 төгрөг
4 дүгээр сард: 1,377,960.66 -1,300,000 = 77,960.66 төгрөг,
нийт 2,233,882 төгрөг байжээ.
Иймд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 2,233,882 төгрөгөөр дутуу цалин хөлс авсан гэж тодорхойлон тогтоох үндэслэлтэй байна. Үлдсэн 3,366,118 төгрөгийн шаардлага нотлогдохгүй байна гэж дүгнэлээ.
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар:
Иргэдийн төлөөлөгч Б.Уранчимэг нь “Хариуцагч Б.Т нь эмчилгээний зардлын мөнгөө өгсөн учраас одоо мөнгөө өгөх шаардлагагүй” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Осол хэрэг болсны дараа тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Т нь нэхэмжлэгч Ж.Х-ын эмчилгээнд зориулан 5,610,000 төгрөгийг төлсөн гэдэгт зохигч талууд маргаагүй. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтээс үзвэл, шүүхээс өмнөх шатанд нэхэмжлэгчид Б.Т эмчилгээний мөнгө өгчихсөн учраас шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих агуулгыг илэрхийлж байна. Тухайн дүгнэлт нь 505 дугаар зүйлийн 505.1-д заалтад нийцэхгүй байх учир шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
Дээрхээс нэгтгэвэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлагаас эм, эмчилгээний төлбөрт хариуцагчийн зөвшөөрсөн 712,000 төгрөг, гоо сайхны нөхөн төлбөр буюу хөмсөг, уруул шивүүлсэнтэй холбогдох зардалд 912,711 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөд 2,233,882 төгрөг, нийт гэм хорын хохирлын хариуцлагын хэмжээ нь 3,858,593 төгрөг гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар дээрх гэм хор учруулсны хариуцлагыг тээврийн хэрэгслийн өмчлөгч Н.Ө нь хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь гэм хорын хохирлыг хариуцагчдад ижил хэмжээгээр хуваан хариуцуулахаар шаардсан хэдий ч дээрх хуулийн үндэслэлээр гэм хорын хохиролд 3,858,593 төгрөгийг Н.Ө-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Н.Ө-д холбогдох 2,708,407 төгрөг, хариуцагч Б.Т-д холбогдох 6,567,000 төгрөг, нийт 9,275,407 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Н.Ө-аас 76,687 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэм хорын хохиролд 3,858,593 төгрөгийг хариуцагч Н.Ө-аас гаргуулан нэхэмжлэгч Ж.Х-д олгож, хариуцагч Н.Ө-, Б.Т- нарт холбогдох 9,275,407 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Н.Ө-аас 76,687 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Хишигжаргалд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Б.ТҮВШИНЖАРГАЛ