| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2021/03445/И |
| Дугаар | 184/ШШ2022/00020 |
| Огноо | 2021-12-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2022/00020
,
2021 12 22 184/ШШ2022/00020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 байр, 0 тоот хаягт байрлах “Т з” ХЗХ /2414708/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух А овогт Ж Б /РД:00000000/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 18,747,280 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлд 2021 оны 10 дугаар сарын 20–ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т з” ХЗХоршоо нь Ж.Б холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 18,064,400 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тдорхойлж байна. Үүнд:
Ж овогтой Б нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Барьцаат зээлийн болон баталгаат ипотикийн 139 тоот гэрээгээр 15,000,000 төгрөгийн зээлийг сарын 3.8 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай авсан, тухайн зээлийг гэрээний хавсралтанд заасан хувиарын дагуу 1 удаа хийсэн боловч сүүл саруудад хуваарийн дагуу төлбөрөө хийгээгүйн дээр 2021 оноы 7 сараас хойш огт төлбөр хийсэнгүй.
Зээлийн гэрээнд заасан 18 сарын хугацаа дуусч түүнээс хойш 5 сар өнгөрч байна. Талууд зээлийн болон ипотекийн гэрээг нотариатаар гэрчлүүлэн, барьцаа хөрөнгө болох СХД 0 дугаар хороо, Баянхошуу гудамж 00 дугаар байр, 00 тоот 00 м.кв талбайтай автомашины зогсоолын зориулттай үл хөдлөх эд хөрөнгийг эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар бүртгүүлж баталгаажуулсан бол хөдлөх хөрөнгө NORTYBENZ маркийн 00-00 УНХ улсын дугаартай Миксер тээврийн хэрэгслийг хоршооны өмчлөлд бүртгэлтэй болно.
Мөн Иргэний хуулийн 451-453 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг үндэс болгон талуудын бичгээр байгуулсан зээлийн гэрээний 3 хэсгийн 3.10 заасан барьцаат болон ипотекийн гэрээний хугацаа дангаараа цуцласан нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй байх үндэслэл болохгүй гэснийг үндэс болгон төлвөл зохин үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хуримтлуулж тооцсон хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож нэхэмжлэлдээ тусгав.
Мөн зээлдэгч нь зээлийн гэрээний 6.2, Ипотекийн гэрээний 1.1 зээлийн төлбөр барагдаагүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг зөвшөөрч гэрээ хийсэн байх тул барьцааны хөрөнгө болох өмчлөгдсөн авто зогсоол, тээврийн хэрэгсэлээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжилж байна.
Нэмэгдүүлсэн хүү 682,880 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн зээл 14,650,000 төгрөг, гэрээний хувиарын дагуу төлвөл зохих хүү 3,414,400 төгрөг, нийт 18,064,400 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У 2021 оны 10-р сарын 27-ны өдөр шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндсэн зээлийн үлдэгдэл 14,650,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч хэдийд ч уг төлбөрийг биелүүлэх боломжтой. Харин зээл ашигласан хугацааны хүү, түүний нэмэгдүүлсэн хүүг санхүү мөнгөний хувьд төлөх боломжгүй. Иймд 14,650,000 төгрөгийг төлбөр барагдуулах дээр эвлэрлийн гэрээ хийх, гэрээ хийгдэх үед бэлнээр өгч авалцах боломжтой байна. Зээл ашигласан хугацааны 18 сарын хүүг бүрэн төлсөн болно гэжээ./хх-28/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад хариу тайлбараа өгсөн. Үндсэн зээлээс 14,650,000 төгрөгт эвлэрэх тайлбар өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцахад 2019 оны 11-р сарын 18-ны өдөр байгуулагдсан 139 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 139 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 2019 оны 11 сарын 20-ны өдөр байгуулагдсан 139 дугаартай фидуцийн гэрээ нь тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасны дагуу хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэдэг нь харагдсан.
Энэ нь нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсарган өгсөн Тэргүүлэгчдийн хурлын тогтоол, гишүүнчлэлээр элсүүлсэн өргөдөл, гэрчилгээ гэх мэт баримтуудаар уг хадгаламж зээлийн хоршооны гишүүн гэж тодорхойлогдоод байгаа иргэн Ж.Б нь албан ёсны гишүүнчлэлтэй гишүүн бус гэдэг нь нотлогдож байна. Ийм учраас өнөөдрийн шүүх хуралдаанд миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 5,344,650 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 13,402,630 төгрөгийг төлөхийг татгалзаж байна. Учир нь уг зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байгаа тул өгсөн авсанаа буцаах үүрэг хуулийн өмнө хүлээдэг. Хариуцагч 15,000,000 төгрөг хүлээн авсан нь маргаангүй. Үүнээс 9,925,090 төгрөг төлсөн.
Хоршоонд Ж.Б 2019 оны 8-р сарын 29-ний өдөр гишүүнчлэлээр элсэх өргөдлөө өгсөн, гишүүнчлэлээр авах гэрчилгээ авагдсан. Уг гэрчилгээ нь 448 дугаартай, 2019 оны 08 сарын 29-ний өдөр гэсэн огноотой. Энэ гэрчилгээ нь хуульд заасан хүчин төгөлдөр гэрчилгээ биш юм. Өөрөөр хэлбэл гэрчилгээнд тэргүүлэгчдийн хурлын тогтоолын дугаар бичигдээгүй.
Т з ХЗХ-ны тэргүүлэгчдийн хурлын тогтоол 2019 оны 12-р сарын 17-ны өдөр гарч Ж.Б 2019 оны 8-р сарын 29-ний өдрөөр гишүүнчлэлээр элсүүлж бүртгэсэн.
Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 21 дүгээр зүйлд гишүүнээр элсэх зохицуулалт байгаа. Уг хуулийн 21.1-т “...хуульд өөрөөр заагаагүй бол гишүүнээр элсэх журмыг хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр тогтооно” 21.2-т “... гишүүнээр элсэхийг хүссэн этгээд энэ тухай өргөдлөө тухайн хадгаламж, зээлийн хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлд гаргана” гэж заасан. Нөгөөтэйгүүр гишүүнээр элсүүлэх журмыг хуулинд өөрөөр заагаагүй бол хоршооны дүрмээр зохицуулна гэж хуульчилсан байдаг. Хэрвээ хадгаламж зээлийн хоршоо дүрмээрээ зохицуулаагүй бол өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх тухай зохицуулалт Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 21.3-т зохицуулагдсан.
Ж.Б 2019 оны 08 сарын 29-ний өдөр гаргасан өргөдлийг 2019 оны 12 сарын 17-ны өдөр шийдвэрлэж байгаа нь хуулиа зөрчиж байна. Хавтаст хэрэгт Т з ХЗХ-ны дүрэм авагдаагүй. Хэрэгт дүрэм авагдаагүй учраас хуулийн зохицуулалт үйлчилнэ. Ж.Б 2019 оны 08 сарын 29-ний өдөр гаргасан өргөдлийг 2019 оны 09 сарын 29-ний өдрийн дотор шийдвэрлээд гишүүнээр элсүүлж авсан бол гишүүнчлэлийнхээ ахуй амьдралыг хангах боломжоор зээл олгож болно. Гэтэл зээлийн гэрээ нь Тэргүүлэгчдийн хурлын тогтоол гарахаас өмнө байгуулагдсан учраас Ж.Б хоршооны гишүүнчлэлээр элсээгүй байхад олгосон зээл гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар Т з ХЗХ, иргэн Ж.Б 2019 оны 11 сарын 18-ны өдөр байгуулагдсан 139 дугаартай Баталгаат зээлийн гэрээ нь хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэдэг нь нотлогдож байна.
Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т хадгаламж зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж зээлийн хоршооныхоо дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгоно гэж, 18.1.2-т ... гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татахыг хориглосон. Тэгэхээр Ж.Б байгуулсан уг зээлийн гэрээ нь гишүүн бус этгээдтэй байгуулсан зээлийн гэрээ учраас Иргэний хуулийн 56.1.9 дэх заалтад нийцэж байна. Иймд Иргэний хуулийн 56.5-д заасны дагуу өгсөн авсан зүйлээ буцаах үүргийнхээ дагуу 5,334,910 төгрөгийг төлөхөө илэрхийлээд байна.
Хоёрдугаарт хадгаламж зээлийн хоршоо зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргасан. Үндсэн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, фидуцийн гэрээ нь салгаж үл болох хэлцлүүд юм. Үндсэн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулж байх учраас фидуцийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ нь давхар хүчин төгөлдөр бус болно. Тиймээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй юм.
Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 448 дугаар гишүүний гэрчилгээ /хавтаст хэргийн 4 дэх тал/, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хоршоонд гишүүнээр элсэх өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаар тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тогтоол /хавтаст хэргийн 6 дахь тал/, Ж.Б иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 7 дахь тал/, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 139 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” /хавтаст хэргийн 8-9 дэх тал/, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 139 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ” /хавтаст хэргийн 10 дугаар тал/, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 139 дугаартай “Фидуцын гэрээ” /хавтаст хэргийн 11 дэх тал/, зээл, зээлийн тооцоо /хавтаст хэргийн 12 дахь тал/, Ж.Б өмчлөлийн Ү-00000000 дугаартай үл хөдөл эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 13 дахь тал/, NORTHBENZ маркийн 0000 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 14 дэх тал/, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Мөнгө олгохыг хүссэн өргөдөл /хавтаст хэргийн 15 дахь тал/, Г депозит дансны дэлгэрэн хуулга /хавтаст хэргийн 16 дахь тал/, Т з ХЗХ-ны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 17 дахь тал/, 2006 ны 10 дугаар сарын 26-ны өдрийн ТЗ401/30 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 18-19 дэхь тал/, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаартай Мэдэгдэл /хавтаст хэргийн 20 дахь тал/, зээл, зээлийн тооцоолол /хавтаст хэргийн 39-40 дахь тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.
Шүүх журмаар Т з ХЗХ-ны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журам, Ж.Б анкет /хавтаст хэргийн 52-68/, Т з ХЗХ-ны улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, 2020, 2021 оны хурлын тэмдэглэл, тогтоол шийдвэр, дүрмийн хуулбар /хавтаст хэргийн 69-130/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.
Хэргийн оролцогчдын цуглуулж, гаргаж өгсөн нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т з” ХЗХ-ны нэхэмжлэлээс 5,334,910 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 12,729,490 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:...
Нэхэмжлэгч “ТТ з” Хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/ нь хариуцагч Ж.Б 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Барьцаат зээлийн болон баталгаат ипотек болон фидукцийн 139 тоот гэрээгээр 15,000,000 төгрөгийг сарын 3.8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлсэн, зээлийн гэрээ хугацаа дуусч 5 сар өнгөрсөн, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баянхошуу гудамж 00 дугаар байр, 00 тоот 12 м.кв талбайтай автомашины зогсоолын зориулттай үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх хөрөнгө NORTYBENZ маркийн 0000 УНХ улсын дугаартай Миксер тээврийн хэрэгслийг барьцаалсан. /хавтаст хэргийн 1, 39 дэхь тал/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... хадгаламж зээлийн хоршооны гишүүн бус этгээдэд зээл олгосон, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчээс 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 448 дугаар гишүүний гэрчилгээ /хавтаст хэргийн 4 дэх тал/, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хоршоонд гишүүнээр элсэх өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаар тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тогтоол /хавтаст хэргийн 6 дахь тал/, Ж.Б иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 7 дахь тал/, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 139 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” /хавтаст хэргийн 8-9 дэх тал/, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 139 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ” /хавтаст хэргийн 10 дугаар тал/, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 139 дугаартай “Фидуцын гэрээ” /хавтаст хэргийн 11 дэх тал/, зээл, зээлийн тооцоо /хавтаст хэргийн 12 дахь тал/, Ж.Б өмчлөлийн Ү-0000000 дугаартай үл хөдөл эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 13 дахь тал/, NORTHBENZ маркийн 0000 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 14 дэх тал/, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Мөнгө олгохыг хүссэн өргөдөл /хавтаст хэргийн 15 дахь тал/, Г депозит дансны дэлгэрэн хуулга /хавтаст хэргийн 16 дахь тал/, Т з ХЗХ-ны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 17 дахь тал/, 2006 ны 10 дугаар сарын 26-ны өдрийн ТЗ401/30 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 18-19 дэхь тал/, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаартай Мэдэгдэл /хавтаст хэргийн 20 дахь тал/, зээл, зээлийн тооцоолол /хавтаст хэргийн 39-40 дахь тал/, Т з ХЗХ-ны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журам, Ж.Б анкет /хавтаст хэргийн 52-68/, Т з ХЗХ-ны улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, 2020, 2021 оны хурлын тэмдэглэл, тогтоол шийдвэр, дүрмийн хуулбар /хавтаст хэргийн 69-130/ зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Зохигчийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 139 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”, “Баталгаат ипотекийн гэрээ”, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 139 дугаартай “Фидуцын гэрээ” байгуулагдсан байна. /хавтаст хэргийн 8-11 дэх тал/,
Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгчийн хувьд Ж.Б зээлийн болон барьцааны гэрээнд заасан зээл, хүүд 18,064,400 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч ... хоршоо гишүүн бус этгээдэд зээл олгосон тул үйл ажиллагааны зорилго, чиглэлээ зөрчиж хэлцэл хийсэн тул 13,402,370 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, улсын бүртгэлд нэмэгдсэн бүртгэл хийгдээгүй гэж маргаж байна.
Харин зээлдэгч Ж.Б 15,000,000 төгрөг шилжүүлсэн болон хариуцагчаас буцааж зээл, хүүд 9,656,350 төгрөг төлсөн, зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө барьцаалсан талаар маргаагүй байна. /хавтаст хэргийн 13-16, 59 дахь тал/ Мөн хариуцагч тал үндсэн зээлийн үлдэгдэл болох 5,334,910 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүг гаргуулах шаардлагаас татгалзсан.
Нэхэмжлэгч Хадгаламж зээлийн хоршоо нь энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8-д заасны дагуу Монголбанкнаас төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан "эрх бүхий хуулийн этгээд" байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1.-д зааснаар "зээл" гэж банк, эрх бүхий хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр тодорхой зориулалт, хугацаа, эргэн төлөгдөх нөхцөлөөр хүүтэй буюу хүүгүй бусад этгээдэд аливаа хэлбэрээр олгосон мөнгөн хөрөнгийг ойлгоно.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-р зүйл, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх, зээл олгох, буцаан төлөх тухай хуулийн зохицуулалтанд нийцэхгүй байна.
Иймд нэхэмжлэгч Ж.Б олгосон зээлээс хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй байна.
Хадгаламж зээлийн хоршооний гишүүнээр элсэх өргөдлийг хариуцагч Ж.Б нь 2019 оны 8-р сарын 29-ний өдөр тус хоршоонд гаргасан байх бөгөөд Хөрөнгө оруулагч болон гишүүнийг 2019 оны 12-р сарын 17-ны өдрийн тогтоолоор элсүүлж шийдвэрлэсэн нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 21-р зүйлд заасан “... Хуульд өөрөөр заагаагүй бол гишүүнээр элсэх журмыг хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр тогтооно. Тухайн хадгаламж, зээлийн хоршоо гишүүнээр элсүүлэх асуудлыг дүрэмд өөрөөр заагаагүй бол тэргүүлэгчдийн хурлаар 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.” гэснийг зөрчсөн байна. /хавтаст хэргийн 5,6 дахь тал/
Өргөдлийг үндэслэн тэргүүлэгчдийн зөвлөл 30 хоногийн дотор буюу 2019 оны 9-р сарын 28-ны өдрийн дотор хуралдан, олонхийн саналаар эцэслэн шийдвэрлэх байжээ. Хариуцагч 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гишүүнээр элсэх өргөдөл өгснийг үндэслэн нэхэмжлэгч Т з ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2019 оны 12-р сарын 17-ны өдрийн хурлын тогтоолоор шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.
Хавтаст хэрэгт баримтаар авагдсан нэхэмжлэгч Т з ХЗХ-ны зээлийн хорооны 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоол зэрэг нь хариуцагчид зээл олгосон үйл баримтыг нотлоход ач холбогдолтой боловч хариуцагчийн татгалзлыг үгүйсгэх, хариуцагчийг гишүүнээр элсүүлэх асуудлыг хууль, дүрэмд заасан журмын дагуу, хугацаанд нь шийдвэрлэсэн болохыг нотлохгүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдах цаг хугацаанд буюу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч Ж.Б нь хоршооны гишүүнээр бүртгэгдээгүй, цаашлаад нэхэмжлэгч нь гишүүн бус этгээддээ зээл олгосон нөхцөл байдал тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Х шүүх хуралдаанд “...хуульд зааснаас өөрөөр буюу хоршооны дүрэм, зээлийн журмаар өөрчлөн тогтоосон” гэж тайлбарлах боловч Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 21-р зүйлийн 21.1, 21.3-т зааснаар хэрэгт авагдсан хадгаламж зээлийн хоршооны дүрмийн 8.6.2, 8.6.3-д “...өргөдлөө хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлд бичгээр гаргана, Өргөдлийг үндэслэн тэргүүлэгчдийн зөвлөл 30 хоногийн дотор хуралдан, олонхийн саналаар эцэслэн шийдвэрлэнэ” гэж тогтоосныг хуульд зааснаас өөрөөр тогтоосон гэж үзэхгүй бөгөөд дүрэмд хуульд зааснаар өөрөөр зохицуулаагүй байна. /хавтаст хэргийн 63 дахь тал/
Зээлийн үйл ажиллагааны журмын 1.9-д “...хөрөнгө, хадгаламжийн доот хэмжээг хоршооны харилцах дансанд байршуулсан өдрөөс гишүүнд элссэн гэж тооцно” гэснийг дүрмээр тогтоосон гэж үзэхгүй тул түүний тайлбар, нэхэмжлэл үндэслэлгүй байна. /хавтаст хэргийн 55 дахь тал/
Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно.” гэж, энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 21.3-т “....Хуульд өөрөөр заагаагүй бол гишүүнээр элсэх журмыг хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр тогтооно.”, “...Гишүүнээр элсэхийг хүссэн этгээд энэ тухай өргөдлөө тухайн хадгаламж, зээлийн хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлд гаргана.”, “...Тухайн хадгаламж, зээлийн хоршоо гишүүнээр элсүүлэх асуудлыг дүрэмд өөрөөр заагаагүй бол тэргүүлэгчдийн хурлаар 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.” гэж зааснаар өргөдөл өгснөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх байтал 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тогтоолоор шийдвэрлэсэн хуульд зөрчсөн, гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татахыг хориглосныг зөрчсөн байна.
Хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 Тэргүүлэгчдийн зөвлөл нь гишүүдийн бүртгэлийг хөтөлж, хадгалах ба түүний үнэн зөвийг хариуцаж, гарсан өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд Хороонд мэдэгдэнэ, хуулийн 20.3 Хадгаламж, зээлийн хоршоо, түүний тэргүүлэгчдийн зөвлөл, гүйцэтгэх захирал болон албан тушаалтан нь тухайн этгээдэд хамаарах гишүүний бүртгэлд туссан мэдээллийг саадгүй гаргаж өгөх, холбогдох баримт бичигтэй танилцах боломжоор саадгүй, шуурхай хангах үүрэгтэй гэжээ.
Хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “...нотлох баримтыг гаргах өгөх, цуглуулах” үүрэгтэй бөгөөд хадгаламж зээлийн хоршооны дүрмийг хэн аль нь шүүхэд ирүүлээгүй тул энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу гаардан авахаас татгалзах эрх”-ийг шүүх эдлэнэ” гэж заасны дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газраас хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай баримтыг тодруулахаар Хадгаламж зээлийн хоршооны дүрэм, нэмэлт өөрчлөл, шинэчлэлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтсээс болон нэхэмжлэгчээс, зээлийн үйл ажиллагааны журам, Ж.Б гишүүний анкетыг нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргуулж бүрдүүлсэн.
Зохигч хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр барьцаат зээлийн гэрээ, Баталгаат ипотекийн гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр фидуцын гэрээнд заасан нэхэмжлэгчээс үйл ажиллагааны үндсэн чиглэл, мөнгөн хөрөнгийг өөрийн нэрийн өмнөөс гишүүд буюу хариуцагчид шилжүүлж, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээсэн байдал зэргийг Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17, 18, 20, 21 дүгээр зүйлүүдийн холбогдох заалтуудтай шалгаж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэж үзэхээр боловч Дээрх Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байх тул талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна.
Талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагч Ж.Б шаардах эрхгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрчилгээний хавсралтаар нэхэмжлэгч нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллагын хувьд бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдээс ялгарах онцлог нь зөвхөн гишүүддээ үйлчилж, тэдний эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилготой байгуулагдаж, үйл ажиллагаа явуулдагт оршино.
Энэ шаардлагын үүднээс Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 17 дугаар зүйлийн 17.1-д “Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-д “гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татахыг хориглоно” гэж заасан.
Хариуцагч Ж.Б зээл олгосноос хойш хоршооны гишүүнээр бүртгэсэн эсэх асуудлаар маргаж, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... хариуцагчийг хоршооны гишүүнээр бүртгэгдээгүй байхад зээл олгосон тул талуудын хооронд хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бус, хариуцагч Ж.Б нь 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гишүүнээр бүртгүүлэх өргөдөл өгсөн байх боловч өргөдлийг 2019 оны 12-р сарын 17-ны өдөр Хадгаламж зээлийн хоршооны гишүүнээр бүртгэсэн гэж үзнэ гэсэн тайлбар үндэслэлтэй.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-д хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан тул шүүх нэхэмжлэгч Тэргүүн зоос ХЗХ, хариуцагч Ж.Б нарын хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр барьцаат зээлийн гэрээ, Баталгаат ипотекийн гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр фидуцын гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэв.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 “... Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан ба талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар хариуцагч Ж.Б нь зээлийн гэрээний дагуу нийт 9,925,090 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй тул хариуцагчийг хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлэн авсан мөнгөний энэ хэсгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн гэж үзнэ.
Иймд хариуцагч Ж.Б 5,334,910 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т з ХЗХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,729,490 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулж нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг 321,697 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 100,308 төгрөг нөхөн төлүүлж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Б 5,334,910 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т з ХЗХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,729,490 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321,697 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 100,308 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН