Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2022/00059

 

 

 

 

 

 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр             151/ШШ2022/00059                                    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .....газар оршин суух Г.Б,

Хариуцагч: ..... тоотод оршин суух Э.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: 3,786,600 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ануужин, хариуцагч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюут.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь гэрээний үүрэгт 3,786,600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо:

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ТЗ-702/384 тоот дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дагуу “Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч-ийн үйл ажиллагаа эрхлэдэг. 2020 оны 12-р сард ойрын танил болох н.Баттөмөр, түүний эхнэр н.Сараа гэх хүмүүс ...Манай нэг танил алтаа зарах гээд байна. Та нэг харж үзээд авчихаач...” гэж гуйсан. Миний итгэдэг ойрын хүмүүс учраас итгээд “...За харж үзье” гээд фэйсбүүк хуудсаар дамжуулан алтны зургийг харсан. Тэр үед улс орон даяар хатуу хөл хорио тогтоосон байсан учраас биечлэн уулзаж алтыг харах ямар ч боломж байгаагүй юм.

Тэгээд зургийг харахад жинхэнэ алт уу, эсвэл хуурамч алт уу гэдэг нь мэдэгдэхгүй байсан. Э.Б нь тухайн үед ...ямар нэгэн асуудалгүй алт байгаа... гэж хэлж байсан, мөн ойрын хүмүүс гуйсан юм чинь гэж итгээд Э.Б гэх эмэгтэйгээс нийт 64.44 грамм алтыг 7,906,600 төгрөгөөр худалдаж авсан. Эхлээд 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 6,338,000 төгрөгийг Э.Б-ийн Хаан банкны .... тоот данс руу, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1,568,600 төгрөгийг шилжүүлсэн.

Тэгээд худалдаж авсан алтыг биечлэн харж үзэхэд жинхэнэ алт байгаагүй. Өөрөөр хэлбэр, алтны шаар байсан. Тухайн үед яг хаанаас уг алтны шаарыг олсныг мэдэхгүй ч уг алтыг цааш нийлүүлэх ямар ч боломжгүй байсан. Мөн миний бие ч Э.Б гэх эмэгтэйтэй холбогдож ...энэ хуурамч алтыг би цааш нийлүүлж чадахгүй учраас мөнгөө буцааж авмаар байна. Чи энэ алтаа ав...” гэхэд буцаахгүй гэж хэлсэн.

Тэгээд би алтыг зарж, зарсан дүнг тооцон Э.Б-д өгсөн мөнгөнөөс суутгах тухай Э.Б-д өөрт нь мэдэгдсэн бөгөөд уг алтны шаарыг урт цагааны ченжэд 4,120,000 төгрөгөөр тохиролцож, худалдан борлуулсан. Тэгээд уг үнийн дүнг 7,906,600 төгрөгнөөс тооцож хасаад үлдэгдэл 3,786,600 төгрөг өгөхийг хариуцагчаас шаардсан боловч өгөхгүй гэсэн. Сүүлдээ хууль хяналтын байгууллагаар гаргуулаад ав гэх өнгө аястай хандах болсон... Иймд хариуцагч Э.Б-аас  3,786,600 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “2020 оны 12 дугаар сарын 27-ны орой Батбаяр гэдэг хүнтэй утсаар ярьж, лан гаруй алт байгаа талаар ярилцсан. Ингэж ярилцахдаа Facebook-ээр тухайн алтны зургийг явуулсан.

Б нь тухайн алтыг 1 цэнг нь 420,000 төгрөгөөр бодож авах тухай санал болгосноос хойш 30 орчим минутын дараа алтаа зарахаар тохиролцож, өөрийн биеэр Жаргалант сумаас 40 орчим километрийн зайд байрлах "Нарт" хэмээх газар хүргэж өгөхөөр тохиролцсон.

Ингээд Б, С гэх хоёр хүнээр зам заалгаж "Нарт" хэмээх газар очиход Б-ын бие төлөөлөгч гэх 1 эрэгтэй, 1 эмэгтэй нийт 2 хүн байсан бөгөөд тэр хоёр хүн алт мэддэг хүнээр үзүүлж авна гээд 20 орчим минут хүлээлгэсний эцэст 1 эрэгтэй орж ирсэн.

Миний бие нөхрийн хамт хүнээс байгалиас нь мөнгөн усаар ялгаж авсан лан гаран алтыг зохих хэмжээний ашиг олох зорилготойгоор худалдаж авсан бөгөөд худалдаж авсан алтаа Б-т зарахдаа түүний бие төлөөлөгч гэх 2 хүнд, мөн түүний алт сайн мэддэг гэх 1 хүнд тус тус үзүүлж харуулсан бөгөөд эдгээр хүмүүс нь тухай алтыг үзэж шалгаж байхдаа утсаар дүрс дүрсээ харалцан Б-тай холбогдож өөрт нь мөн сайн үзүүлж харуулж хоорондоо сайн ярилцсан.

Ингэж үзэж шалгаж байхдаа тухайн лан гаран алтыг шижир алт биш байгалиас нь гаргаж авсан алт гэдгийг нь мэдсээр байж худалдаж авсан.

Энэ бүгдээс үзэхэд тухайн алт нь хуурамч биш гэдэг нь тодорхой юм. Мөн алтны шаар биш гэдэг нь дээрх нөхцөл байдлаас харахад бас тодорхой байна.

Б нь тухайн алтыг хуурамч, мөн алтны шаар гэж мэдсэн юм бол хайлуулж, зарахаасаа өмнө надад мэдэгдэх байсан, гэтэл тэгээгүй. Түүнээс гадна алт хуурамч байсан бол дахин борлуулах боломжгүй байсан.

Иймд үндэслэлгүйгээр 3,786,600 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.  

 

Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл олгох тухай Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол, үнэмлэх, иргэний үнэмлэхийн хуулбарууд, нэхэмжлэгчийн эзэмшлийн “Хаан банк” ХХК дахь депозит дансны хуулга, “алт”-ны зургийг фэйсбүүк /facebook/ хаягаар харилцсан гэх, хайлуулаад гарсан алтны зураг гэх баримтууд (хх-1-19);

Хариуцагчаас шүүхэд иргэний үнэмлэхний лавлагаа, хариу тайлбар, урт цагааны ченжид зарсан алтны болон мөнгө, сорьцыг нэхэмжлэгч бичиж өгсөн баримт гэх баримт (хх-28, 35-38) баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Г.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэрлэлээ. 

Нэхэмжлэгч Г.Б- нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Э.Б- нь ...ямар нэгэн асуудалгүй алт байгаа... гэж хэлсэн, мөн ойрын хүмүүс гуйсан учир итгээд нийт 64.44 грамм алтыг 7,906,600 төгрөгөөр худалдан авч, 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 6,338,000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1,568,600 төгрөгийг Э.Б-ийн Хаан банкны .... тоот данс руу шилжүүлсэн бөгөөд алтыг хайлуулахад үед алт биш алтны шаар байсан тул Э.Б-д буцаахыг шаардсан боловч буцаахгүй гэхээр нь урт цагааны ченжид 4,120,000 төгрөгөөр худалдсанаас 3,786,600 төгрөгийн хохирол учирсан тул доголдлыг арилгахыг шаардах эрхтэй гэжээ.

Хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ: “Хүнээс арилжаагаар авсан алтаа Г.Б-т зарсан. Алт мэддэг хүмүүсээр үзүүлж харуулж байгалаасаа олборлосон 5 хэсэг алтыг өөрийн хүнээрээ дамжуулан хүлээн авсан, алтыг хайлуулчихсан хойноо надад ийм боллоо, ирж үз гэж дуудахаар найзаа төлөөлүүлж явуулахад 999 хувийн сорьтой алтыг 4,120,000 төгрөгөөр зарлаа гэж харуулсан байсан. Хэрэв хуурамч алт гэж байгаа бол 999 хувийн сорьцтой алт гарахгүй байсан. Байгалаасаа гарсан алтыг шижир алт гэж зараагүй. Миний зарсан хэлбэр дүрсээр нь буцаагаад өгсөн бол би авах байсан. Хайлуулаад миний зарсан алт мөн биш нь тодорхойгүй зүйлийг үндэслээд мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Э.Б нь Х.С, А.Б нараар зуучлуулан нэхэмжлэгч Г.Б-тай фэйсбүүк /facebook/ хаягаар зарахаар санал болгож буй алтыг үзүүлж, 1 лан алтыг 420,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2 бүхэл хэсгийг, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр үлдсэн 3 жижиг 3 хэсгийг, нийт 64,44 грамм алтыг Нарт гэх газарт амьдардаг Г.Батбаярын заасан этгээдэд хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч Г.Б нь 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 6,338,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1,568,600 төгрөг, нийт 7,906,600 төгрөгийг Э.Б-ийн Хаан банкны ... тоот данс руу шилжүүлсэн байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Э.Б нарын хооронд үүссэн хэлцэл, талуудын тайлбар, хэргийн үйл баримтаас дүгнэхэд талуудын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д хамаарах худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгуулагджээ.

Хариуцагч нь Э.Б нь алтыг 3 тонн будаа, 7 тонн овъёосоор арилжаалж, алт мэдэх хүнд шалгуулаад, алдагдалгүй гэж тооцож, байгалийн гар аргаар олборлосон хүнээс авсан гэж тайлбарлаж байна.  

Алт олборлох зөвшөөрөл бүхий байгууллага, иргэд нь алтыг олборлож, Үнэт металл сорьцын хяналтын газар сорьцоо баталгаажуулан, Монголбанк, Арилжааны банкинд худалдахаар хуульчилсан байдаг ба алтыг хууль бусаар олборлосон, зарсан эсэх асуудлаар талууд шүүхэд маргаагүй.    

          2021 оны 01 дүгээр сарын 10-ний үед Г.Б нь Э.Б-аас худалдаж авсан уг алтыг хүлээн аваад, 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр урт цагааны ченжээр хайлуулж, цэвэршүүлэхэд алтны шаар болох нь мэдэгдсэн, сорьцдоо хүрэхгүй байсан учраас хариуцагч Э.Б-д доголдлын талаар мэдэгдсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж, хариуцагч тал алтыг хайлуулахад байлцаагүй, миний зарсан алт мөн бишийг мэдэхгүй хайлуулсан алтыг зарлаа, хорогдол гарлаа гэж их хэмжээний мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй гэж шаардлагыг эс зөвшөөрчээ.

Хариуцагч буюу худалдагч Э.Б нь алтыг нэхэмжлэгч буюу худалдан авагч Г.Б-ын заасан этгээд /тогооч/-д 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээлгэн өгснөөр тухайн гэрээний зүйл болох алтыг худалдан авагчид шилжүүлсэн гэж үзнэ.

Худалдах, худалдан авахаар харилцан анх тохиролцсон алтыг биет байдлаар хүлээн авсан болохоо худалдан авагч Г.Б хүлээн зөршөөрч, энэ талаар талууд маргаагүй, гэрчээр асуугдсан Х.С, А.Б нар нь тухайн алтыг нэхэмжлэгчийн заасан этгээдэд үзүүлэх, хүргэж өгөхөд хамт байсан, хүлээлгэн өгсөн болохыг мөн нотолж байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж худалдан авагчийн шаардлага гаргах эрхийг хуульчилсан бөгөөд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д худалдан авагч нь шаардлага гаргах эрхээ алдах хуулийн үндэслэлийг тусгайлан заажээ. 

Тодруулбал, “Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т “аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол” шаардлага гаргах эрхээ алдана” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Б нь “Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу авсан этгээд болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-6/

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь үнэт металлын арилжаа эрхлэгч этгээдийн хувьд гэрээний дагуу шилжүүлэн авсан алтыг өмчлөлдөө ирсэн даруйд доголдлыг шалгах, илрүүлэх, доголдолтой бол энэ талаар худалдагч талд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй байжээ.

Худалдан авагч Г.Б нь дээрх хуулиар хүлээсэн шалгах үүргээ биелүүлсэн болохоо шүүхэд нотлоогүй, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд худалдан авсан алтыг хайлуулж, цэвэршүүлсний дараа сорьцны хувьд доголдолтой байсан үндэслэлээр шүүхэд маргаж байгаа нь үндэслэлгүй, шаардах эрхээ алдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар хариуцагч Э.Б-аас 3,786,600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,535.60 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Хэрэгт нотлох баримт гэж нэхэмжлэгч, хариуцагч нар гар утсаар цахим хэлбэрээр захидлаар харилцсан талаарх баримт (хх-17-18), хайлуулсан алтны зураг (хх-19), урт цагааны ченжид зарсан алтны зураг, хэмжээ, сорьцыг бичсэн баримт (хх-36-38)–уудыг шүүхэд гаргасан боловч нотлох баримтын шаардлага хангахгүй, нотлогооны хэрэгслээр бэхжүүлээгүй, энэ талаар зохигч талууд шүүхэд хүсэлт гаргаагүй тул нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1,                                          255 дугаар зүйлийн 255.1.2-т заасныг баримтлан хариуцагч Э.Б-аас 3,786,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,535.60 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНХБҮРЭН