Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар  2023/ШЦТ/140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

Улсын яллагч хяналтын прокурор Б.Дашням,

Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Д.Хд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Д.Х

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Х нь согтуугаар 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Викториа баарны гадна Ч.Эыг шалтаг, шалтгаангүйгээр цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулын дотор салстын шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Дорноговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Хгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 18-ны орой баарнаас гарч нэг хүнтэй маргалдсан.  Тэр хүн нь 3, 4 хүнтэй нийлж намайг зодсон. Тэгээд дараа нь Ч.Э ирэхээр нь салгах гэж байна гэж мэдээгүй, тэр хүмүүсийн нэг нь байна гэж бодоод нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ч.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 23 цагийн орчим ... үүдний шатан дээр нэг залууг гурваас дөрвүүлээ тууж, бөөндөө зодоод байсан, Тэгэхээр нь би ганцаараа очоод “Боль” гээд зодуулаад байгаа залуу руу очсон чинь намайг шууд нүүр рүү нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 5-6 дугаар тал),

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ... дугаартай шинжээчийн “...Ч.Эын биед дээд уруулын дотор салстын шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 15 дугаар тал),

Шинжээч Б.А-ын “...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтад гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэж байгаа. Ч.Эын биед учирсан дээд уруулын дотор салстын шарх гэмтэл нь 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулах гэмтэл юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),  

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 38 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Х нь согтуугаар 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Викториа баарны гадна Ч.Эыг шалтаг, шалтгаангүйгээр цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулын дотор салстын шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Хохирогч Ч.Эын эрүүл мэндэд учирсан “...дээд уруулын  дотор салстын шарх...” гэмтэл нь шүүгдэгч Д.Хгийн хохирогчийн нүүр рүү нь цохисон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондоо шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байна.

Дээрх үйл баримтын улмаас хохирогч Ч.Эын биед дээд уруулын дотор салстын шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан байх тул энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг  мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.Х нь гэм буруутай болох нь :

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ч.Мөнхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 23 цагийн орчим ... үүдний шатан дээр нэг залууг гурваас дөрвүүлээ тууж, бөөндөө зодоод байсан, Тэгэхээр нь би ганцаараа очоод “Боль” гээд зодуулаад байгаа залуу руу очсон чинь намайг шууд нүүр рүү нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтууд, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Тэр хүн нь 3, 4 хүнтэй нийлж намайг зодсон. Тэгээд дараа нь Ч.Э ирэхээр нь салгах гэж байна гэж мэдээгүй, тэр хүмүүсийн нэг нь байна гэж бодоод нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан..” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Хгийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр насанд хүрээгүй хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.

Иймд хяналтын прокуророос шүүгдэгч Д.Хд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Д.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна.

 Шүүгдэгч Д.Х нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 Хохирол төлбөрийн талаар:

Уг гэмт хэргийг улмаас хохирогч Ч.Эын биед хөнгөн хохирол учирсан ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд улсын яллагчийн зүгээс хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг гаргасан тул хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

            2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Д.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Х нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин урьд тус 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 248 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан  санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн гэж үзэж хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-с дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-с дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ОДБАЯР