| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2021/03500/И |
| Дугаар | 184/ШШ2022/00152 |
| Огноо | 2022-01-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2022/00152
2022 01 06 184/ШШ2022/00152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, өнөр хороолол, москва 00 дүгээр байр 00 тоот хаягт оршин суух Ө овогт Ц У /РД: 00000000/
Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, Ногоон чулуут 00 дүгээр гудамж, 00 тоот хаягт оршин суух Б овогт Т О /РД: 0000000/
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1,202,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 22–ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Ц.У, хариуцагч Т.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч Т.О, Г.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,202,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Ц.У миний бие Т.О хүсэлтээр 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг сарын 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлсэн. Үүнээс зээлийн үлдэгдэл 550,000 төгрөгийг зээлийн үлдэгдэл өөрийнх нь хүсэлтээр 2 удаа гэрээ сунгасан боловч зээлээ төлнө гээд төлөхгүй байгаа болно.
Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 550,000 төгрөг, хүү 385,000 төгрөг, төлбөл зохих 935,000 төгрөг алданги 467,000 төгрөг нийт 1,402,000 төгрөг.
Үүнээс 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 150,000 төгрөг 6 дугаар сарын 04-нд 50,000 төгрөг өгсөн сар бүр хуваагаад төлнө гэсэн боловч төлөхгүй олон удаа дараалан гэрт нь очиж ярих зэрэг такси унааны мөнгөө зарлагдсан.
Иймд зээлдэгч Т.О гэрээний дагуу төлөх 1,202,000 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Т овогтой О нь Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо 00-00 тоотод нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг. 2019 оны 10 дугаар сард энэ Ц.Удвал гэдэг хүнээс 1,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авсан.
Тухайн үед хар хорин зах дээр гутал зардаг байсан боловч жирэмсэн болоод биеийн байдал муудан зах дээр зогсох боломжгүй болсон. Хувиараа ажил хийдэг байсан нөхөр маань 2020 оны 6 дугаар сард улаан хоолойн хүнд хагалгаанд орж хүүхдийн мөнгөнөөс өөр орлоггүй болсон.
Ингээд банкны зээлтэй болохоор энэ хүнд 550,000 төгрөг төлөөд үлдсэнийг нь төлж чадаагүй явсаар 2021 оны 4 дүгээр сард 150,000 төгрөг, 6 дугаар сард 50,000 төгрөг төлсөн. Нийт 750,000 төгрөг төлсөн. Одоо энэ хүн надаас хүү алданги гээд 1,202,000 төгрөг нэхэмжилж байна би энэ их хүүг төлөх боломжгүй байгаа тул энэ асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.
Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ201923 дугаартай “зээлийн гэрээ” /хавтаст хэргийн 3 дахь тал/, Т.О иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 4 дэхь тал/, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ201923-01 дугаартай “зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах” гэрээ /хавтаст хэргийн 5 дахь тал/, Т.О хүсэлт /хавтаст хэргийн 6 дахь тал/, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ201923-02 дугаартай “зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах” гэрээ /хавтаст хэргийн 7 дахь тал/, Г.Г хүсэлт /хавтаст хэргийн 8 дахь тал/, Т.О хүсэлт /хавтаст хэргийн 9 дахь тал/, хариуцагчаас Төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 24 дэхь тал/, Т.О Хаан банкны депокит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 31-35 дахь тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.У нэхэмжлэлээс 625,000 төгрөгийг хангаж, 577,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Ц.У нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хариуцагчийг тодорхойлох, хариуцагчаас татгалзах эрхтэй бөгөөд шүүх хуралдааны шатанд хариуцагч Г.Г/Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, Хайрханы 00 дугаар гудамж, 00 тоот хаягт оршин суух, /РД:0000000/-ээс татгалзав. Иймд хариуцагч Т.О холбогдох хэргийг хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.У дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд “...Т.О хүсэлтээр 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг сарын 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлсэн. Үүнээс зээлийн үлдэгдэл 550,000 төгрөгийг төлөөгүй. Иймд зээлийн гэрээний үүрэг, алданги бүгд 1,202,000 төгрөг гаргуулах” гэж,
Хариуцагч Т.О нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд “... 2021 оны 4 дүгээр сард 150,000 төгрөг, 6 дугаар сард 50,000 төгрөг төлсөн. Нийт 750,000 төгрөг төлсөн. Одоо энэ хүн надаас хүү алданги гээд 1,202,000 төгрөг нэхэмжилж байна би энэ их хүүг төлөх боломжгүй” хэмээн тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзажээ. /хавтаст хэргийн 30 дахь тал/
Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар гэрээний талууд 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ201923 тоот зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Ц.У, хариуцагч Т.О 1,000,000 төгрөгийг 26 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн, хариуцагч уг зээлийн эргэн төлөлт, хүүнд 550,000 төгрөг төлсөн, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ201923-01 дугаартай “зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах” гэрээгээр үндсэн зээлийн үлдэгдэл 550,000 төгрөг, төлөгдөөгүй хүү, алданги 165,000 төгрөг нийт 715,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ201923-02 дугаартай “зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах” гэрээгээр үндсэн зээлийн үлдэгдэл 715,000 төгрөг, төлөгдөөгүй хүү алданги 71,500 төгрөг нийт 786,500 төгрөгийг 6 сарын хугацаатай буюу 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл сунгасан, хариуцагч Т.Оюунгэрэл нь 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 150,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 50,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдлоо.
Зохигч 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл нийт 26 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлсэн, зээлийн эргэн төлөлтөнд 550,000 төгрөг төлсөн, үүний 450,000 төгрөг нь үндсэн төлбөр, 100,000 төгрөг нь хүүнд төлөгдсөн, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаарх үлдэгдэл төлбөр 550,000 төгрөг, үүнээс хариуцагч Т.О нь 200,000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 350,000 төгрөгийг төлөх талаар маргаагүй байна.
Харин нэхэмжлэгч Ц.У нь “...зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 550,000 төгрөг, төлөгдөөгүй хүү 385,000 төгрөг нийт 935,000 төгрөг, алданги 467,000 төгрөг нийт 1,402,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 200,000 төгрөгийг хасч үлдэх 1,202,000 төгрөгийг хариуцагч Т.О гаргуулж өгнө үү” гэж тайлбарлаж, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн гэрээг баримтаар өгсөн байх боловч 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл сунгасан, нэмэлт гэрээгээр тохирсон хүү, алданги шаардаагүй, шаардахгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгээс татгалзсан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар “... Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.”, 282.4-д “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж тус тус заасан.
Иргэд хоорондын зээлийн гэрээтэй холбоотой маргааны хувьд зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоосон нь Иргэний хууль зөрчөөгүй боловч хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдвол хариуцагч хүүг багасгах талаар хүсэлт гаргах, багасгуулах эрхтэй, гэвч хариуцагчаас хүсэлт гаргаагүй тул гэрээнд заасан ёсоор хариуцагч хүү төлөх үүрэгтэй.
Иймд зохигч хооронд 2019 оны 10-р сарын 13-ны өдөр 1 сая төгрөгийг 26 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги тооцох тухай “Зээлийн гэрээ”-ний харилцаа үүсэн, гэрээ хүчин төгөлдөр байна. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан “Зээлийн гэрээ”-ний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч Ц.У нь зээл 450,000 төгрөг, зээлийн хүү 100,000 төгрөгийг авсан байх тул зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, үндсэн зээл 550,000 төгрөгийг шаардах эрхтэй, хариуцагч Т.О энэ хариу үүргийг гүйцэтгэх үүрэгтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д “... Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.”, “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасан.
Гэтэл талууд гэрээний 2.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргээс 1 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуульд нийцээгүй тул хуулийн дээрх заалтыг баримтлан алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцов.
Зээлийн гэрээнд зааснаар зээлдэгч хугацаандаа үүргийг гүйцэтгээгүй бол хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр заасан тул хугацаа хэтрүүлсэн хоногоор алданги тооцох үндэслэлтэй. Хэтэрсэн хугацаагаар тооцох алдангийн хэмжээ, нэхэмжлэлээр шаардсан алдангийн хэмжээнээс их байх тул хуульд заасан хэмжээгээр бодож хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй.
Гэвч зээлдэгч нь зээл, зээлийн хүүг төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй байхад зээлдүүлэгч хугацаа алдаж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зээлдэгчээс төлөх алдангийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Хэргийн дээрх байдлыг болон зээлдүүлэгч нь зээлийн эргэн төлөлтийг буруу тооцож, зээлдэгчийн итгэлийг алдаж, тооцооны болон хуульд заасны дагуу бус, алдаа гаргаснаас зээлдэгч зээлийн төлөлтөө зогсоосон зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан хариуцагчаас төлөх алдангийн хэмжээг 50 хувиар багасгах нь зүйтэй.
Хариуцагч 2019 оны 11-р сарын 07-ны өдөр 550,000 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй, гэрээгээр 1 хоногт 2,750 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байсан байх ба энэ өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл 790 хоног хугацаа хэтрүүлсэн, нийт 2,172,500 төгрөгийн алданги гарсан байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн байх тул хуульд нийцүүлэн 275,000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч зээлийн гэрээг 2 удаа буюу 2019 оны 12-р сарын 06-ны өдөр 26 хоногоор, 2020 оны 01-р сарын 02-ны өдөр 6 сараар тус тус сунгасан, гэхдээ 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн гэрээний хүү шаардахгүй, үүнийг үндэслээгүй гэж, 2 гэрээг нөхөж хийсэн гэж тайлбарлаж байна.
Зээлийн гэрээний сунгалтыг талууд гэрээний хугацаа дуусахаас өмнө харилцан тохиролцох ёстой бөгөөд нэгэнт хугацаа өнгөрсний дараа хугацааг нөхөн сунгасан, хүү тооцсон нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7-д “...хугацааг сунгах тохиолдолд хугацааг дууссан үеэс шинэ хугацааг тоолно” гэж заасантай нийцэхгүй байна.
Гэрээний хугацааг сунгах тохиолдолд хугацаа дуусахаас өмнө тухайн хугацааг үргэлжлүүлэн сунгах хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн байх шаардлагатай ба ийнхүү хүсэл зоригоо илэрхийлсэн хавтаст хэрэгт авагдсан гар бичмэл 6,8,9 талд авагдсан баримт нь хугацаа дууссаны дараа илэрхийлсэн, хугацаа сунгах талаар бус зээлээ төлж барагдуулах агуулгатай байх тул ... 2 гар бичмэлийг хугацааг сунгасан, хүү тохирсон гэж үзэх үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд бичигдсэн “зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” гэрээ /гар бичмэл/-гээр зээлийн хугацааг сунгасан гэж үзэхгүй, улмаар хариуцагчийг олон сарын туршид, өндөр хувийн хүү төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй. Зээлийг зөвшөөрсөн гэх агуулгатай бичвэрийн хувьд уг бичгийн агуулга нь бодит үнэн зөвийг, гэрээний хугацааг сунгасныг нотлохгүй.
Иргэний хуулийн 282 дугаар сарын зүйлийн 282.2-т “... хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү шаардах эрхээ алдана.” гэж зохицууласан байх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ сунгагдаагүй тул нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй.
Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг шилжүүлэн өгөөгүй гэж тайлбарлаж байх тул Зээлийн гэрээний хугацааг сунгасан, хүү тогтоосон гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч Ц.У энэ хугацааны хүү 385,000 төгрөгийн шаардах эрхгүй.
Иймд хариуцагч Т.О нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 550,000 төгрөг, алданги 275,000 төгрөг нийт 825,000 төгрөг, үүнээс хариуцагчийн 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 150,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 50,000 төгрөг нийт 200,000 төгрөгийг хасаж үлдэх 625,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.У олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 577,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулж нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 38,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 19,400 төгрөг нөхөн төлүүлж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Т.О 625,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.У олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 577,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 19,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч Г.Г холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН