| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 183/2024/07614/И |
| Дугаар | 001/ХТ2025/00127 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2025/00127
Д.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01859 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2025/00722 дугаар магадлалтай,
“Т” ХХК-д холбогдох
Гүйцэтгэх захирлын хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг товлон зарлахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.И-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Х, түүний өмгөөлөгч Ц.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Б хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг товлон зарлахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01859 дүгээр шийдвэрээр;
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-гийн хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гаргасан компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаас татгалзсан гүйцэтгэх захирлын 2024.10.02-ны өдрийн ГЗТ-24/01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахыг гүйцэтгэх захиралд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2025/00722 дугаар магадлалаар;
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01859 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5.2” гэснийг “Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.И-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.И Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.05.02-ны өдрийн 210/МА2025/00722 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5.2-т заасныг баримталж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6 дахь хэсэгт гэж хууль хэрэглээний зөрүүтэй байдал үүсгэсэн. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна.” гэж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрх”-д хамаарах асуудлуудыг нэг бүрчлэн дурдаж хуульчилсан. “Т” ХХК-ийн 3 хувьцаа эзэмшигч 2024.05.18-ны өдөр хуралдаж тодорхой асуудлаар шийдвэр гаргасан бөгөөд уг шийдвэртэй холбоотой асуудлыг эргэн харж, хүчингүй болгох эсхүл өөрчлөлт оруулах асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх ёстой. Энэ агуулгаар хувьцаа эзэмшигч Д.Б шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хоёр шатны шүүх хууль хэрэглээний зөрүү үүсгэж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6 дахь хэсэгт заасныг баримталсан нь ойлгомжгүй байна. Хэрэв давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний хувьд дээрх хуулийг үндэслэл болгож байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах учиртай. Аливаа компани нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна.” гэж заасан ба компанийн хувьцааг хуваах, нэгтгэх, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан бусад асуудлыг гагцхүү хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлаар хэлэлцэж шийдвэрлэдэг болохыг шүүх анхаараагүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.И-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.06.12-ны өдрийн 001/ШХТ2025/00618 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.И-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.
7.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаас татгалзсан гүйцэтгэх захирлын 2024.10.02-ны өдрийн ГЗТ-24/01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахыг гүйцэтгэх захиралд даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ; “... “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Б нь үйлдвэрийн барилга барих зорилгоор 2024.05.18-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлын ХЭХШ-24/01 дүгээр шийдвэрийг гаргуулж, 2024.05.22-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээг байгуулж хувьцаа эзэмшигч Д.Б, Н.Д нарын хувьцааг худалдан авч урьдчилгаа төлбөр тус бүр 250,000,000 төгрөг шилжүүлж барилгын ажлын баримт бичгийг бүрдүүлбэрийг хангаж ажилласан. Гэтэл “У” ОНӨААТҮГ, “Б” ТӨХК-аас тус газар дээр барилга барих боломжгүй гэх албан бичиг ирүүлсэн, гэрээний нөхцөл биелэгдэх боломжгүй талаар 2024.10.01-ний өдөр компанийн хувьцаа эзэмшигчид мэдэгдэж, хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах санал гаргасан боловч компанийн гүйцэтгэх захирлын 2024.10.22-ны өдрийн шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн хурал зарлахаас татгалзсан тул Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6 дахь хэсэгт зааснаар гомдол гаргасан” гэж тайлбарласан.
8.Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... Хувьцаа эзэмшигч Д.Б-гийн гаргасан санал, шаардлага нь Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлыг хуралдуулахад тавигдах шаардлагыг хангаагүй. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулагдсан гэрээтэй холбоотой асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэхгүй. Д.Б нь өөрийн данснаас дээрх хоёр иргэнд тус бүр 250,000,000 төгрөг өгсөн.” гэж маргасан.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “... “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарна. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2, 61.2, 61.3-т тус тус зааснаар саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д гаргах эрхтэй, санал шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ээлжит бус хурал хуралдуулах болсон шалтгаан, хэлэлцэн шийдвэрлэх асуудал, хурлаас гарах шийдвэрийн төсөл, өөрийн эзэмшиж байгаа хувьцааны төрөл, тоог заахаар зохицуулсан. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах болсон шалтгаан үндэслэл нь “2024.05.18-ны өдрийн ХЭХГ-24/01 дугаар хувьцаа эзэмшигч нарын хоорондын гэрээнээс татгалзах” агуулгаар тодорхойлсноос үзэхэд Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудал биш гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй. Хүчин төгөлдөр гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах эсэх асуудал нь гэрээний талуудын эрхээр тодорхойлогдох тул хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэвэл зохих асуудал гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч Д.Б-гийн 2024.10.09-ний өдөр “Т” ХХК-ийн гүйцэтгэх захиралд гаргасан санал нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангаагүй.” гэж дүгнэсэн.
10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг зөв гэж үзсэн. Харин “... нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 болон Компанийн тухай тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5.2 дахь заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг хасна. Харин Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6 дахь хэсэгт заасныг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах нь зүйтэй.” гэж үзжээ.
11.Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтын талаар ижил дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон адил шийдэл гаргасан боловч хоёр шатны шүүх хэргийн үйл баримтад Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн эсэх талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийн хүрээнд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэв.
12.Хэргийн баримтаар, “Т” ХХК нь 3 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2024.05.18-ны өдрийн 24/01 тоот шийдвэрээр 33 хувийн хувьцаа эзэмшигч Н.Д, 33 хувийн хувьцаа эзэмшигч Д.Б нар өөрсдийн эзэмшлийн хувьцааг 34 хувийн хувьцаа эзэмшигч Д.Б-д тус тус худалдахаар шийдвэрлэж, хувьцаа эзэмшигчдийн хоорондын 2024.05.22-ны өдрийн ХАХГ-24-01 дугаартай гэрээг байгуулсан, уг гэрээнд заасны дагуу Д.Б нь 500,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг худалдагч нарын дансанд шилжүүлсэн, үлдэгдэл 1,200,000,000 төгрөгийг төлөөгүй, “Т” ХХК-ийн 5,998 м.кв талбай бүхий газар нь ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд байрласан талаар Улаанбаатар хотын У, кабель шугамын трасст хөндлөн огтолсон талаар “У” ТӨХК тус тус тодорхойлсон, улмаар Д.Б нь төслийн компанийн газар дээр барилга барих боломжгүй, гэрээний нөхцөлөөр хувьцааг худалдан авах боломжгүй талаар Н.Д, Д.Б нарт мэдэгдэл хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.
13.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан хувьцаа худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар хоёр шатны шүүх зөв дүгнэсэн.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
14.Талуудын хооронд байгуулагдсан хувьцаа эзэмшигчдийн хоорондын ХАХГ-24-01 дугаартай гэрээний 3.6-д “Б нь гэрээний 3.4-т заасан төлбөрийг бүрэн төлсний дараа Компанийн гүйцэтгэх захирал нь ... холбогдох шийдвэрийг гарган улсын бүртгэлд бүртгүүлнэ.” гэж заасан ба хариуцагч “Т” ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэлд гүйцэтгэх захирлаар Д.Б бүртгэлтэй байна.
15.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “Т” ХХК-д “...компанийн газар дээр барилга барих боломжгүй талаар эрх бүхий байгууллагаас мэдэгдсэн үндэслэлээр 2024.05.22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээнэс татгалзсан.” талаар мэдэгдэж хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлага гаргасан боловч тус компанийн гүйцэтгэх захирлын 2024.10.22-ны өдрийн ГЗТ-24/01 дугаар шийдвэрээр Д.Б-гийн гаргасан санал нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудал биш гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
16.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх үүрэг хүлээдэг бол хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр компанийн өмчлөлийн хөрөнгө эзэмших эрхийг шилжүүлдэг онцлогтой. Хувьцаа эзэмших эрх нь Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөд хамаарах бөгөөд хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэн авснаар тухайн компанийн хөрөнгийн тодорхой хэсгийг эзэмших эрхтэй болдог байна.
17.Д.Б нь Н.Д, Д.Б нартай хувьцаа худалдах-худалдан авах гэрээг байгуулсны дараа хувьцаа худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах үндэслэл бий болсон эсэх асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарахгүй талаар хоёр шатны шүүх зөв дүгнэсэн. Түүнчлэн; хариуцагч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг товлон зарлахыг даалгаснаар хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээний үр дагавар арилахгүй юм. Гэрээнээс үүдсэн шаардлагыг гэрээний нэг тал нөгөө талдаа холбогдуулан гаргах эрхтэй.
Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлээр компанийн хувьцаа шилжүүлэхэд баримтлах дараалал, давуу эрхийн зарчимтай холбоотой зохицуулалт үйлчилдэг бөгөөд ихэнхдээ гишүүд хоорондоо эсхүл гуравдагч этгээдэд хязгаарлалтай буюу хаалттай хүрээнд хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, хэлцлээр дамжин явагддаг.
Өөрөөр хэлбэл, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд гишүүдийн хоорондын тохиролцоо, гэрээ, хэлцэл чухал үүрэгтэй байдаг. Энэ утгаараа хувьцаа худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах үндэслэл бий болсон эсэх асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарахгүй гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.
18.Нэхэмжлэгч Д.Б нь компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх тухайн маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 болон Компанийн тухай тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5.2-т заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу болсон ба давж заалдах шатны шүүх уг алдааг залруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт нийцсэн тул “...давж заалдах шатны шүүх Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6 дахь хэсэгт заасныг баримталсан нь ойлгомжгүй...” гэсэн агуулга бүхий нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2025/00722 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.И нь 2025.05.26-ны өдөр 140,400 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН