Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 49

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2017/0050/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Уянга Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
    
            Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг,
            Улсын яллагч: Я.Сансар,
           Иргэдийн төлөөлгч: Ц.Мөнгөнзул
           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Баатарбилэг,
           Шүүгдэгч: Д.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бат-Эрдэнэд холбогдох 201723000050 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд 1965 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сум 4 дүгээр баг Хэрлэнгийн 6 дугаар гудамж 3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Арт овогт Дашнямжаагийн Бат-Эрдэнэ, /регистрийн дугаар: СЮ65122616/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/: Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 28-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 6-8 тоотод өөрийн гэртээ  нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Г.Алтангэрэлийг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн архины шилийг зэвсгийн чанартай хэрэглэн Г.Алтангэрэлийн толгойн тус газар нь цохиж зулайн хэсгийг нь ярж, духанд нь зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь согтуугаар 2017 оны 02 дугаар сарын 28-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 6-8 тоотод өөрийн гэртээ  бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн архины шилийг зэвсгийн чанартай хэрэглэн Г.Алтангэрэлийн толгойн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл учруулж танхайрсан болох нь:
Хохирогч Г.Алтангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 02 сарын 28-ны өдөр буюу шинийн 2-ны орой 22 цаг нилээн өнгөрч байхад найз Зоригтбаатарын хамт манай Галшар сумын Бат-Эрдэнийхээр шинэлэх гэж орсон юм. Намайг гэрлүү нь орох гэж байхад Бат-Эрдэнэ эхнэртэйгээ муудаад байгаа бололтой гэртээ нилээн чимээтэй байсан, тэгээд дөнгөж гэр лүү ортол Бат-Эрдэний эхнэр нь зөрөөд гарсан, харин Бат-Эрдэнэ гэрийнхээ зүүн талд орон дээрээ сууж байсан, би гэр лүү нь ороод зуухных нь зүүн урд талд зогсож байтал Бат-Эрдэнэ “Зайл пизданууд минь” гээд босч ирээд хаанаас ч авсан юм мэдэхгүй нэг архины шил гартаа бариад над руу далайгаад миний толгойны зүүн дээд тал руу 1 удаа цохисон, тэгтэл архины шил нь хагарч бутраад явчихсан, би ч газар унасан, ашгүй манай найз Зоригтбаатар Бат-Эрдэнийг тэврээд зүүн ор луу нь хэвтүүлээд гэрээс нь шууд гарцгаасан. Тэгээд би гэрлүүгээ харьсан, миний толгойноос цус гарч байсан. Гэрт ирэх үед эхнэр цагдаа дуудсан, тэгээд эмнэлэг рүү явж толгойдоо оёдол тавиулсан. ... дөнгөж гэр лүү нь ороод бараг мэнд ус ч мэдээгүй байхад өөдөөс зайл гээд хараагаад над руу архины шил барьж дайраад миний толгой руу цохьсон. ... Намайг нэг л удаа архины шилээр  толгой руу цохьсон, би цохиулаад шууд газар унасан, би Бат-Эрдэнийг цохиж зодсон асуудал байхгүй... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-13 хуудас/
Гэрч П.Зоригтбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр буюу цагаан сарын шинийн 2-ны орой 22 цаг нилээн өнгөрч байхад найз Алтангэрэлийн хамт Галшар сумын Бат-Эрдэнийнхээр шинэлэх гэж орсон юм. Бид хоёрыг гэрлүү нь орох гэж байхад Бат-Эрдэнэ эхнэртэйгээ муудаад байгаа бололтой гэртээ нилээн чимээтэй байсан тэгээд гэрлүү нь ортол Бат-Эрдэнийн эхнэр нь зөрөөд гарсан харин Бат-Эрдэнэ гэрийнхээ зүүн талд орон дээрээ сууж байсан нилээн халамцуу байдалтай байсан. Бид нар хоорондоо золгож бариагүй байхад гэнэт Бат-Эрдэнэ босч ирээд хаанаас авсан юм мэдэхгүй архины шил гартаа бариад Алтангэрэл рүү далайгаад толгойны хэсэгт нь 1 удаа цохисон тэгтэл архины шил хагарсан Алтангэрэл цохиулаад тонгойгоод суусан. Би Бат-Эрдэнийг болиулах гээд тэврээд зүүн ор луу нь хэвтүүлээд гэрээс нь шууд гарцгаасан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/
 Гэрч Л.Ариунаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 02 сарын 28-ны орой 23 цагийн үед манай нөхөр Алтангэрэл нь Бат-Эрдэнэд толгойгоо хагалуулчихлаа гээд толгойгоо бариад цусаа гоожуулаад орж ирсэн. Тэр үед шархыг нь харахад толгойных нь  зүүн дээд хэсэгт язарсан байсан. Нөхрөөсөө юу болсон талаар нь асуухад гэр лүү нь дөнгөж ортол намайг архины шилээр цохиод унагаасан, харин хамт явж байсан манай найз Зоригтбаатар салгаад гэрээс нь гарч ирлээ гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгөөд эмнэлэг рүү очиж шарханд нь оёдол тавиулсан. ... Манай нөхрийг идээ будаа нураагаад агсан согтуу тавихаар нь архины шилээр цохьсон гэж ярьсан, би дуудлага өгсөн даруйдаа цагдаагийн алба хаагчдтай энэ Бат-Эрдэний гэрээр очиход идээ будаа нь зүгээр л байсан, гэрт нь эхнэр нь хэвтэж байсан. Эхнэрээс нь юу болсон талаар асуухад мэдэхгүй ээ, намайг гараад орж ирэхэд барьцалдаад байж байсан, сая Бат-Эрдэнэ Алтангэрэлтэй уулзана гээд гараад явсан гэж хэлсэн. ... би манай нөхөртэй хамт явсан Зоригтбаатараас нь асуухад гаднаас ороход эхнэртэйгээ муудалцсан бололтой их чимээтэй байсан, тэгээд гэр лүү дөнгөж ороод байж байтал харааж ерөөгөөд архины шилээр Алтангэрэлийг цохьчихсон, тэгээд би салгасан, их учиргүй хүн байна лээ. Алтангэрэл тэр хүнтэй хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй гэж надад хэлсэн... гэсэн мэдүүлэг.   /хх-ийн 19-20 хуудас/
 Гэрч Б.Нэргүйн мөрдөн байцаалтанд өгсөн:: Би 2017 оны 02 сарын 28-ны өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Орой 23 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг Хэрлэнгийн 6-8 тоотод Г.Алтангэрэл нь бусдад зодуулсан гэх дуудлага ирүүлсэн, би дуудлагын дагуу очиод Алтангэрэл нь Хэрлэнгийн 7-8 тоотод байх гэртээ очсон байсан. Болсон асуудлын талаар өөрөөс нь тодруулахад Бат-Эрдэний гэр лүү золгох гээд орсон, эхнэртэйгээ маргалдсан бололтой байсан, дөнгөж ороод байж байтал намайг архины шилээр толгой руу цохиж гэмтэл учрууллаа гэж надад хэлсэн. Би энэ мэдээллийн дагуу Бат-Эрдэний гэр лүү Алтангэрэлийн эхнэртэй хамт очиход Бат-Эрдэнэ гэртээ байгаагүй, харин эхнэр нь гэртээ байж байсан. Гэр доторх байдал нь ерөнхийдөө цэвэрлэсэн байдалтай ямар нэгэн цус нөж, архины шилний хагархай байгаагүй. Тэгээд гэрээс нь гараад Бат-Эрдэнийг гудамжиндаа явж байхад олж авсан, тэгээд цагдаагийн газрын албадан саатуулах байранд авчраад согтуурал хэмжигч драгер багажаар хэмжихэд 1.77  хувьтай гарч байсан, харин Алтангэрэлийг 1.64 хувьтай гарч байсан.  Бат-Эрдэнэ нь тухайн үед болсон асуудлын талаар хэлж мэдэхгүй байсан ба би дуудлагын дагуу очиж нөхцөл байдалтай танилцсан байсан болохоор өөрт нь та хоорондоо маргалдаж нэгнийгээ архины шилээр цохиж гэмтэл учруулсан бололтой байна гэж өөрт нь хэлсэн... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24-25 хуудас/     Г.Алтангэрэлийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017.101 дугаартай дүгнэлт. /хх-ийн 33 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Бат-Эрдэний согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн архины шилийг зэвсгийн чанартай хэрэглэн Г.Алтангэрэлийн толгойн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл учруулж танхайрсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт  заасан гэмт хэрэг байна.
Энэ хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлуудыг нь харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан жирийн дэглэмтэй хорих ангид ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Арт овогт Дашнямжаагийн Бат-Эрдэнийг танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-д  зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг  03 жил 05  сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд оногдуулсан 03 жил 05 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй.  
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 13 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
                      
    ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ц.МӨНХТУЛГА
 ШҮҮГЧИД                         Л.УЯНГА
                                                                  Д.ГАНЗОРИГ