Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2022/00183

 

Баян-С аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-С аймгийн С сумын 09 дүгээр багт оршин суудаг, К овогт Д.Ж,

Хариуцагч: Баян-С аймгийн С сумын 09 дүгээр багт оршин суудаг, Н овогт Б.А,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэсний хөлс 800000 (Н зуун мянган) төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Ж,

Орчуулагч: А.Ахмерей,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даулетжан.

(Хариуцагч Б.А-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Ж хариуцагч Б.А-ээс ажил гүйцэтгэсний хөлс 800000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1) Миний бие тодорхой эрхэлсэн ажилгүй ба хотод жижиг тэргээр таксинд явдаг байсан. Би өнгөрсөн 5 дугаар сард Б.А гэх эмэгтэй болон түүний нөхөртэй танилцаж байсан. Миний бие Б.А-ийн санал болгосноор 2021 оны 6 дугаар сард аймгийн төвд баригдаж байгаа Т гэдэг хүний 2-3 давхар барилгын дотор заслын ажлыг барилгын хонгил (подвал)-ын хана болон таазанд бүхэлд нь хар замаск тавьж, мөн 1 дүгээр давхрын таазанд хар замаска хийх ажлыг А-тэй хамт бүрэн гүйцэтгэсэн.

2) Уг заслын ажлыг Б.А болон түүний нөхөр Х.Хурметбек хоёр барилга бариулагч эзэн Т гэдэг хүнтэй гэрээ хийж амлаж авсан ба ажлыг хийхэд би туслахаар нь ажилласан. Харин Б.А нь ажлын хөлсийг барилга бариулж байгаа эздээс нь авсан боловч миний ажлын хөлсийг одоо хүртэл өгөхгүй чирэгдүүлж байна.

3) Уг ажлын 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл хийсэн. Түүний дараа Турк улс руу хүүхдээ эмчлүүлэхээр явсан. Дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд Б.А надад ажлын хөлсөнд 1200000 төгрөг өгөхөөр тохирсон, дараагаар нь 1-р давхрын хананд хар замаск хийхэд би оролцоогүй тул үнийг нь буулгаж 800000 төгрөг өгөхөөр болж тохирсон.

4) Би хүүхдээ эмчилгээнд авч явахаар болсон гэдгээ хэлж тэндээс явсан ба сүүлд өгөхөөр болсон 800000 төгрөгөө өгөөрэй гэж учир байдлаа хэлэхэд өгнө гэж хэлсэн, удаа дараа шаардахад өгнө гэж хэлдэг байсан.

5) Харин сүүл рүүгээ буюу 11 дүгээр сарын 20-ны үеэс эхлэн утас руу нь залгахаар авахгүй, захиа бичихээр хариу өгөхгүй болсон. Түүний өмнөхөн би хотод байхад буюу 11 дүгээр сарын 12-ны өдөр Б.А-ийн утас руу залгахад “...чи яагаад дахин дахин залгаад байгаа юм вэ, одоо чамд өгөх мөнгө байхгүй...” гэх зэргээр муухай аашлан намайг загнасан. Түүнээс хойш холбогдож чадахгүй байна.

6) Намайг Б.А-тэй хамт Т-н 2 давхар барилга дээр ажилласныг тэнд байсан Т болон түүний эхнэр, мөн барилга хариуцсан С.Айдос, барилгын ажилчид Б.Д, А.Мерейгүл нар мэдэж байгаа юм.

7) Ингээд би Б.А-ийн захиалгаар амаар гэрээ байгуулан 2 сар гаруй барилгад хүнд ажилд ажиллачхаад хийсэн хөдөлмөрийн цалин хөлсийг авч чадахгүй байгаа тул Б.А-ээс миний ажлын хөлс 800000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн байна.

2.Нэхэмжлэгчээс хамт ажилласан Б.Д, А.Мерейгүл нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, хариуцагч Б.А-ийн барилгын цутгамал хучилтыг цохилттой дрелээр тэгшилж байгаа үеийн болон нэхэмжлэгч А.Ж-ийн цутгамал хучилтын бетоныг тэгшилж байгаа үеийн гэрэл зураг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

                                    ҮНДЭСЛЭЛ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хариуцагч Б.А-ээс ажлын хөлс 800000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Жийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

1) Хариуцагч Б.А-ийн санал болгосноор амаар  гэрээ байгуулан, нэхэмжлэгч Д.Ж нь 2021 оны ы6 дугаар сарын 20-оос 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл аймгийн төвийн 5-р багт баригдаж байгаа Худалдаа үйлчилгээний зориулалттай 2 давхар барилгын дотор өрөөнүүдийн хана, таазанд хар замаскийн ажил хийхэд туслахаар ажилласан.

2) Иймд 2 сар гаруй барилгад хүнд ажилд хийлгэчхээд хийсэн хөдөлмөрийн хөлсийг авч чадахгүй байгаа тул Б.А-ээс ажил гүйцэтгэсний хөлс 800000 төгрөг гаргуулахыг хүссэн байна.

3.Хариуцагч Б.А-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2-д зааснаар нэхэмжлэлийн нэг хувийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гардуулсан ба хариуцагч Б.А нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй болно.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

1) Нэхэмжлэгч Д.Ж нь 2021 оны 06 дугаар сарын 20-оос 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл аймгийн төвийн 5-р багт баригдаж байгаа Худалдаа үйлчилгээний зориулалттай 2 давхар барилгын дотор өрөөнүүдийн хана, таазанд хар замаскын ажил хийхэд туслахаар ажилласан нь болох нь Б.Д А.М нарын тодорхойлолт, хариуцагч Б.А-ийн барилгын цутгамал хучилтыг цохилттой дрилээр тэгшилж байгаа үеийн болон нэхэмжлэгч А.Ж-ийн цутгамал хучилтын бетоныг тэгшилж байгаа үеийн гэрэл зураг зэрэг баримтаар нотлогдож байна.

4.Нэхэмжлэгч Д.Ж болон хариуцагч Б.А нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээг байгуулагдсан байна. Мөн Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ж болон хариуцагч Б.А нар нь гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлсон байна.

5.Хариуцагч Б.А Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.А-ээс ажлын хөлс 800000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ж-д олгох зүйтэй байна.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Жийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23750 (хорин гурван мянга долоон зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагад оногдох улсын тэмдэгтийн хураамж 23750 (хорин гурван мянга долоон зуун тавин) төгрөгийг хариуцагч Б.А-ээс гаргуулан нэхэмжлэгч Д.Ж-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-ийг тус тус баримтлан хариуцагч Н овогт Б.А-ээс ажил гүйцэтгэсний хөлс 800000 (Н зуун мянга) төгрөг гаргуулан нэхэмжлэгч К овогт Д.Жд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Д.Ж-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23750 (хорин гурван мянга долоон зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.А-ээс 23750 (хорин гурван мянга долоон зуун тавин) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ж-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-С Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МАНГИЛИК