Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар  130/ШШ2022/00202

 

Баян-Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Д аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суудаг, Т овогт Ч.К,

Хариуцагч: Баян-Д аймгийн Д сумын 3 дугаар багт оршин суудаг, Х овогт Б-ы Э,

Нэхэмжлэлийн шаардлага: Хонины үнэ 2160000 (хоёр сая нэг зуун жаран мянган) төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ч.К,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек.

(Хариуцагч Б.Э-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.К нь хариуцагч Б.Э-аас хонины үнэ 2160000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1) Хариуцагч Б.Э нь 2020 оны 11 дүгээр сард надаас 12 эр хонь авч, нэг бүрийн 180000 төгрөгөөр тооцож бүгд 2160000 төгрөг өгөхөөр үнэлж худалдан авч, цэнхэр портер машинтай хүн дагуулж ирээд манай хашаанаас 12 эр хонь авч явсан. Би мөнгө нэхээд асуухад 2021 оны 3 дугаар сарын 01-ний хүртэл 2 унагатай гүү эсхүл мөнгийг өгнө гээд баримт бичиж өгсөн. Түүнээс хэд хэдэн удаа нэхсэн боловч өгөөгүй. Тохирсон хугацаа 9 сарын өмнө дууссан боловч мөнгийг минь буцааж өгөхгүй байна. Миний бие Д гэдэг хүнийг танихгүй, худалдаа наймаа хийж байгаагүй болно. Иймд 12 эр хонины үнэ 2160000 төгрөгийг Б.Э-аас нэхэмжилж байна.

Хариуцагч Б.Э хариу тайлбартаа: Миний бие К гэдэг хүнээс хонь аваагүй. Өөрөө Говь-Алтайн Дэлгэр сумын Д гэдэг хүнд ачуулсан. Дараа нь гэрт нь очиход уурлаад байхаар бичиг хийж өгсөн. Иймд нэхэмжлэгч Ч.К мөнгөө Дас нэхэмжлэх нь зүйтэй, миний бие нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

2.Нэхэмжлэгчээс хариуцагч Б.Э-ы бичиж, талууд гарын үсэг зурсан гэх гарын баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хариуцагч Б.Э-аас хонины үнэ 2160000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.К-т олгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

1) Нэхэмжлэгч 2020 оны 11 дүгээр сард 12 эр хонийг нэг бүрийг 180000 төгрөгөөр үнэлж бүгд 2160000 төгрөгөөр хариуцагч Б.Эд худалдсан байна.

2) Хариуцагч Б.Э нь 12 хонины үнэд 2 унагатай гүү эсхүл 2160000 төгрөг бэлэн 2021 оны 3 дугаар сарын 01-нд Ч.К-т өгөхөөр тохирч баримт үйлдэж, талууд гарын үсэг зурсан байна. Тохирсон хугацаа 9 сарын өмнө дууссан боловч 12 эр хонины үнэ 2160000 төгрөгийг Б.Э өгөөгүй тул нэхэмжилсэн байна.

3.Хариуцагч Б.Э нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний бие К гэдэг хүнээс хонь аваагүй. Ч.К өөрөө Говь-Алтайн Дэлгэрийн Д гэдэг хүнд хонио ачуулсан. Дараа гэрт нь очих болгонд уурлаад байсан болохоор миний бие бичиг хийж өгсөн. Иймд нэхэмжлэгч Ч.К нь Д-гаас нэхэмжлэх ёстой, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

1) Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хариуцагч Б.Э бичсэн гэх  Ч.К-ын гаргаж өгсөн  гарын баримтаар “Баян-Д, Б сумын 3-р багийн иргэн Ч.К-оос 12 эр хонь 180000 зуун наян мянгаар тооцож өгнө. Нийт 2160000 төгрөгийн оронд 2 унагатай гүү авч ирж өгнө, унагатай. Гүү бүтэхгүй бол мөнгийг нь өгнө” 2021 оны 3 дугаар сарын 01-ээс өмнө авч ирж өгнө. Баримт үйлдсэн Б.Э, баримт үйлдүүлсэн (БЭ58100511) Ч.К  гэж тус тусын гарын үсгийг зурж баталгаажуулсан байна.

2) Энэ гарын баримтаар нэхэмжлэгч (худалдагч) Ч.К 12 эр хонийг нэг бүрийн үнэ 180000 төгрөгөөр тооцож 2160000 төгрөгөөр хариуцагч (худалдан авч) Б.Э шилжүүлэн өгснөөр нэхэмжлэгч Ч.К, хариуцагч Б.Э нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

3) Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт ”зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч Ч.К Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэн Д гэгчтэй худалдаа хийсэн гэснийг нотлох баримт байхгүй ба энэ нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Мөн хариуцагч Б.Э “...нэхэмжлэгч Ч.К 12 эр хонийг Д-д ачуулсан, Д-ас хонины үнийг нэхэмжлэх ёстой” гэж тайлбарладаг боловч холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй ба хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна.

4.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үүргийнхээ дагуу  нэхэмжлэгч Ч.К 12 эр хонийг хариуцагч (худалдан авагч)  Б.Э-ы өмчлөлд шилжүүлэн хүлээлгэн өгсөн, хариуцагч Б.Э 12 эр хонийг хүлээн авч, хонины үнэ 2160000 төгрөгийн оронд 2 унагатай гүү, эсхүл бэлэн мөнгөө 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл  авчирч өгөхөөр баримт үйлдсэн боловч тохирсон хугацаанд үнийг төлөөгүй, үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Ч.К хонины үнэ 2160000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй болно.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.К-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49510 (дөчин есөн мянга таван зуун арван) төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагад оногдох улсын тэмдэгтийн хураамж 49510 (дөчин есөн мянга таван зуун арван) төгрөгийг хариуцагч Б.Э-аас гаргуулан нэхэмжлэгч Ч.К-т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Х овогт Батчулууны Э-аас хонины үнэ 2160000 (хоёр сая нэг зуун жаран мянган) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т овогт Ч-ийн К-т олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Ч.К-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49510 (дөчин есөн мянга таван зуун арван) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Э-аас 49510 (дөчин есөн мянга таван зуун арван) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.К-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МАНГИЛИК