Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/208

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Дд холбогдох эрүүгийн ....... дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, А.Д

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Д нь 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байх “Эргэл захын” үүдэнд хохирогч Ш.Эг үсдэж машины толь мөргүүлж эрүүл мэндэд нь “...дух, зүүн чихний шарх, баруун далны цус хуралт...” бүхий хөнгөн хохирлыг санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

           -Шүүгдэгч А.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Ш.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тосгонд ажиллаж амьдардаг бөгөөд Сайншанд суманд охиныхоо хүүхдийг харахаар түр ирсэн байсан бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Эргэл захаас ахуйн хэрэглээний юмаа цуглуулаад захын гадаа явж байтал гэнэт араас нэг үл таних эмэгтэй миний дал нуруу руу цохиж аваад чи Зүүнбаяны атаман авгай гэсэн билүү гэж хэлээд миний толгой цээж хэсэгт олон удаа цохиж намайг заамдаж байгаад хажууд жижиг хар машины толийг мөргүүлж эвдсэн тэгээд би арай гэж биеэ хамгаалах гээд байж байтал цагдаа нар ирээд тэр эмэгтэйг аваад явсан...Эмчилгээний болох явж суух зардалд нийлээд 100,000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх 18, 52-рт/,

          -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн ... дугаартай “...Ш.Эгийн биед дух, зүүн чихний шарх, баруун далны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо...”, “...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 21-рт/,

         -Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №235 дугаартай “...Машины хохирлын үнэлгээ 90,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх 24-рт,

           Яллагдагч А.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн үед согтуу байсан, согтуу байх үедээ би жоохон агсан хүнтэй муудах зан араншинтай болчихдог. Хохирогч эмэгтэйг би танихгүй “Эргэл” захын тэнд тааралдахад тэр эгч налаар архи авхуулах гээд байхаар нь би уурлаад машины толь мөргүүлсэн тэгээд цохисон өөрөөр яг яасан талаараа бүрэн санахгүй байна...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх 45-рт/,

         -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 34, 44-45-рт/,

         -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 39, 40-43-рт/ зэрэг болно.

 

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

           Шүүгдэгч А.Д нь 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байх “Эргэл захын” үүдэнд хохирогч Ш.Эг үсдэж машины толь мөргүүлж эрүүл мэндэд нь “...дух, зүүн чихний шарх, баруун далны цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч А.Дгийн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг, хохирогч Ш.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тосгонд ажиллаж амьдардаг бөгөөд Сайншанд суманд охиныхоо хүүхдийг харахаар түр ирсэн байсан бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Эргэл захаас ахуйн хэрэглээний юмаа цуглуулаад захын гадаа явж байтал гэнэт араас нэг үл таних эмэгтэй миний дал нуруу руу цохиж аваад чи Зүүнбаяны атаман авгай гэсэн билүү гэж хэлээд миний толгой цээж хэсэгт олон удаа цохиж намайг заамдаж байгаад хажууд жижиг хар машины толийг мөргүүлж эвдсэн тэгээд би арай гэж биеэ хамгаалах гээд байж байтал цагдаа нар ирээд тэр эмэгтэйг аваад явсан...Эмчилгээний болох явж суух зардалд нийлээд 100.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан ... дугаартай “...Ш.Эгийн биед дух, зүүн чихний шарх, баруун далны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

           Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

 

           Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

          

           Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ш.Эгийн эрүүл мэндэд дух, зүүн чихний шарх, баруун далны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон байх бөгөөд прокуророос шүүгдэгч А.Дгийн үйлдэлд холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

 

        Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгч А.Д нь Ш.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогчийн үсдэж унагаасан, унагаах явцдаа автомашины толь мөргүүлсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          

           Иймд шүүгдэгч А.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

           Хохирогч Ш.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь 100.000 төгрөгийг нэхэмжилсэн, шүүгдэгч нь хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгч А.Дгаас 100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Эд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

           Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч болон шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, хоорондын таарамжгүй зан харилцааны байдлын улмаас гарсан байх бөгөөд хохирогчийн зан харилцааны зүй бус үйлдэл нь нөлөөлсөн байна.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “...Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасны дагуу шүүгдэгч А.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

          Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч А.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч нь уг ялыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

 

           Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-с дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелэгдээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дгаас 100.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Эд олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Б.ОДБАЯР