| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2023/0209/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/207 |
| Огноо | 2023-12-13 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,
Шүүгдэгч О.Г, Э.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Г, Э.У нарт холбогдох эрүүгийн ....... дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07 -ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, О.Г
Монгол Улсын иргэн, У.У
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.У, О.Г нар нь бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн орчимд Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Викториа баарны гадна хохирогч Ц.Нтай маргалдан улмаар түүний шанаа тус газар нь цохисны улмаас эрүүл мэндэд нь “...эрүү ясны хугарал, доод уруулын дотор салст, буйлны шарх...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.У, О.Г нар нь бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн орчимд Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Викториа баарны гадна хохирогч Ц.Нтай маргалдан улмаар түүний шанаа тус газар нь цохисны улмаас эрүүл мэндэд нь “...эрүү ясны хугарал, доод уруулын дотор салст, буйлны шарх...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ц.Нын “...Тэгээд тэр баар хаах цаг болоод баарны гадна гараад зогсож байтал танил дүү болох У-тай юм яриад зогсож байтал, бааранд байсан ул таних 4 залуу манай найзуудтай муудалцаад байх шиг байсан. Тэгэхээр нь би яваад очтол над руу бас дайраад эхэлсэн. Бид нар ч өөдөөс нь хэрэлдээд байж байтал нэг залуу нь миний эрүү баруун гараараа цохичихсон. Тэгсэн чинь миний амнаас цус гараад ухаан алдаад уначихсан байсан. Манай найзууд хэлэхдээ намайг 5 орчим минут хэвтсэн гэж хэлсэн. Тэгээд намайг хэвтэж байхад манай найзууд миний уруул энэ тэр дээр дараад сэрээсэн байсан. Тэгээд би сэрэнгүүтээ найз Ч руу утасдсан. Ажлын найзуудыгаа болохоор гэр гэр рүү нь явуулчихсан. Удалгүй Ч хүрч ирээд намайг нэгдсэн эмнэлэг рүү дагуулаад явчихсан. Эмнэлэгт очоод үзүүлтэл миний эрүүний яс хугарсан байна гэж хэлээд тухайн эмч нь өөрөө цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг/хх 10-рт/,
-Гэрч М.М-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...орой 00 цагийн орчимд манай найз Б залгаад “Викториа бааранд хүрээд ирээч, хүнтэй муудалцчихлаа” гэж хэлсэн. Бас О.Г гэх манай найз руу залгасан байсан. Тэгээд удалгүй О.Г өөрийнхөө машинтай ирж намайг гэрээс ирж авсан. Тэгээд бид хоёр шууд Викториа баар руу очсон. Бид хоёрыг баарна гадна ирэхэд Б, түүний ах Э.У нарыг хэсэг бүлэг залуучууд урагшаагаа долоон давхар хөөгөөд араас явж байсан. Тэгээд бид хоёр тэд нарын араас нь гуйж очоод О.Г “Юу болоод байгаа юм бэ" гээд хоёр тийшээ хүмүүсийг түлхсэн. Тэгсэн чинь тэр араас нь хөөж явсан цагаан пудволктой залуу хажуугаар орж ирээд О.Г руу “Чи тэгээд яах гээд байгаа юм бэ” гээд түлхэхээр нь О.Г цочоод баруун гараараа баруун шанаа руу нь 1 удаа цохисон. Тэгсэн чинь тэр залуу нь ухаан алдаад унаад өгсөн. Тэгэхээр нь би очоод тэр залуугийн хамрын доод хэсэгт дараад байж байтал цохиулсан залуугийн найзууд нь О.Г руу дайраад эхэлсэн. Тэгэхээр нь би унасан залууг нь найзад нь үлдээгээд тэр хүмүүсийг очиж салгасан. Тэгээд О.Гыг салгаад аваад явцгаасан...” гэсэн мэдүүлэг/хх 19-20-рт/,
-Гэрч Э.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би тухайн үед Сайншанд сумын 6 дугаар баг Жанчивын ... тоотод байх гэртээ байж байхад төрсөн ах болох Э.У нь над руу 23 цагийн орчимд залгаад "Би хүнтэй муудалцчихлаа, ирээд авчих" гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ .... ... улсын дугаартай өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй Викториа баар руу очсон. Намайг бааранд очиход манай ах Э.У нь баарны гадна ул таних хэсэг залуучуудтай юм яриад зогсож байсан. Тэгээд би ахыгаа авч явах гээд очсон чинь бид хоёрыг тэр залуучууд явуулахгүй өдөөд, хоргоогоод байсан. Бараг 7-8 хүн байсан байх. Тэгээд би өөрийн найзууд болох М, О.Г нар руу залгаад хүрээд ирээч гэж дуудсан. Тэд нар удалгүй хүрээд ирсэн. Тэр бид хоёр долоон давхар ухраад зайгаа бариад явж байсан. У ах руу дайраад байсан залууг У ах 1 алгадчихсан. Тэгсэн чинь цагаан пудволктой 1 залуу гарч ирээд “Хөөе боль” гээд урд гараад ирсэн. Тэгсэн О.Г цаанаа хүрч ирээд тэр цагаан пудволктой залууг түлхээд “Салцгаа” гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө цагаан пудволктой залуу О.Г руу дайрсан чинь О.Г тэр залууг цохиод авах шиг болсон. Тэр үед би У ах руу хараад зогсож байсан болохоор яг хаашаа цохисныг нь хараагүй. Тэгсэн чинь тэр залуу ухаан алдаад ойччихсон болохоор М гүйж очоод тэр залуугийн хамран дээр нь дараад сэрээхээр оролдсон. Тэгэхээр нь би О.Гыг цаашаагаа аваад явсан чинь ардаас М хүрээд ирцгээгээд бид нар машиндаа сууцгаагаад яваад өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх 23-24-рт/,
-Гэрч Г.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн "...Тухайн үед манай ажлын найз болох Н-ын төрсөн өдөр болж байсан. Манай ажлын төрсөн өдөр тэмдэглээд Викториа баар руу орцгоосон. Тэгээд баар хаах цаг болоод гарцгаагаад баарны гадна харьцгаах гээд зогсож байсан. Би тэр үед бие засах гээд ойролцоо харанхуй орчхоод буцаад гараад иртэл манай ажлын залуу Н газар унаж байсан. Тэгэхээр нь хүүе боль гээд урд нь зогсож байсан холдуулсан чинь араас нь өөр залуу орж ирээд Н-ыг хөлөөрөө дэвсчих шиг болсон...” гэсэн мэдүүлэг, /хх 27-28-рт/,
-Гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...ажлын залуу Н-ын төрсөн болоод манай ажлын залуучууд Викториа бааранд орж тэмдэглэхээр болсон. Тэгээд бид нар бааранд орж 1 сет авч уучхаад баар хаах цаг болоод бид нар гарцгаасан. Баар хаангуут манай гэрт ус алдаад байна гээд би явах гээд замын эсрэг талд зогсож байсан. Тэнд миний таньдаг залуу таарахаар нь юм яриад байтал замын эсрэг талд 7 давхрын тэнд баахан хүмүүс муудалцаад байсан. Тэгэхээр нь би гүйгээд очтол манай ажлын 2 залуу цохиулаад унасан байсан.” гэсэн мэдүүлэг, /хх 31-32-рт/,
-Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ... дугаартай “...Ц.Нын биед эрүү ясны хугарал, доод уруулын дотор салст, буйлны шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 44-45-рт/,
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 53-55-рт/,
-Шүүгдэгч Э.Уын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Б ганцаараа удалгүй над дээр ирэн хэнтэй муудаад байгаа юм гэж асуухаар нь энэ залуутай гэж хэлсэн чинь баарнаас 7-8 залуучууд гарч ирэн яагаад байгаа юм гэхээр нь би намайг цохисон залуугийн баруун шанаа хэсэгт зүүн гараараа алгадсан. Хохирогч гэх Н нь дүү Б-г чи яах гээд байгаа юм гэж хэлээд түлхсэн, манай дүү уул нь салгахаар голоор орж ирсэн юм. Н-ыг дүүгийн найз О.Г нь Н-ыг цохиж унагасных нь дараа би Н-ыг газраас босгох гэж байхад нь би дээрээс дэвссэн чинь цаанаас нэг хүн шил, чулуу бариад ирэхээр нь би Баяржавхлан, О.Г нарын хамт зугтсан...” гэсэн мэдүүлэг /хх 63-рт/,
-Шүүгдэгч О.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Ц.Нын шанаа хэсэгт цохисон чинь Ц.Н арагш унаад өгсөн чинь Ц.Нын дээрээс Э.У нь толгой дээрээс нь дэвссэн. Миний араас нэг хүн барихаар нь Минжинхангай тэр хүнийг надаас салгах үед Ц.Ныг Э.У нь дахин толгойн нүүрэн хэсэгт дэвссэн...” гэсэн мэдүүлэг /хх 69-рт/,
-Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 84, 85-рт/,
-Шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх 87-91-рт/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.Г, Э.У нар нь бүлэглэн хохирогч Ц.Нын биед учруулсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт заасан хүндэвтэр гэмтэлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бүлэглэж “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч О.Г, Э.У нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогч Ц.Нын эрүүл мэндийн халдашгүй байх эрх чөлөөнд халдаж, эрүү ясны хугарал, доод уруулын дотор салст, буйлны шарх буюу хүндэвтэр гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.
Иймд хяналтын прокуророос шүүгдэгч О.Г, Э.У нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тэдний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч О.Г, Э.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1-д зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч О.Г, Э.У нар нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч О.Г, Э.У нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн талаар: Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Нын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Ц.Над 2.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн болох нь хавтаст хэргийн 69 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч О.Гын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч О.Г, Э.У нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч О.Г, Э.У нарт танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байх тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Г, Э.У нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч О.Г, Э.У нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын хувийн байдал улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч О.Г, Э.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрийг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид 2.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Г, Э.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.Гыг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Э.У 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г, Э.У нарт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хохирогчид 2.000.000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г, Э.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР