| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0368/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/961 |
| Огноо | 2024-09-05 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү Э.Хилчинбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/961
2024 09 05 2024/ШЦТ/961
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч Ц.Сайнхүү, Э.Хилчинбаатар,
Хохирогч Л.П, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,
Хохирогч М.Э,
Шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б, Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Ш.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2406 00044 1141 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.... оны .... дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 3... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /хайгуулын ангид жолооч/ гэх, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ..... дүгээр хороо, .....дугаар хороолол, Да хүрээ гудамж, ........байрны 1............. тоотод оршин суудаг гэх, урд нь ял шийтгэгдэж байгаагүй, ..........................регистрийн дугаартай, Х овогт Ш Б.
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ш.Бийг 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 40 дүгээр хороо ............. тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “архи асгалаа, гэрээсээ хөөлөө” гэх шалтгаанаар иргэн Л.П руу агсарч түүний толгой, нүүр, шанаа, нуруу тус газар гараараа цохиж, гуяан тус газар өвдөглөж биед нь эрүү ясны хугарал, доод уруулын язарсан шарх, баруун гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, улмаар тухайн цаг хугацаанд уг зодооныг салгахаар ирсэн иргэн М.Эыг түлхэн унагаж биед нь баруун шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.П өгсөн мэдүүлэгтээ:
“Тэр өдөр бид 4 үүлээ байсан. Баянаа байнга архи ууж, эхнэр хүүхдээ зодож байсан. Би 3, 4 удаа эрүүлжүүлэхээс хүртэл батлан даалтад гаргаж авч байсан. Тэгэхэд байцаагч энэ хүнд дахиж эхнэр, хүүхдээ зодох юм бол тантай хариуцлага тооцно гэж хэлсэн. Тэгээд би Баянаатай нийлэхээ болиод, ахын дүү өглөө битгий 5 цагт хаалга нүд, шөнийн 2, 3 цагт битгий хаалга нүдээд бай. Би айлуудаас ичиж байна. Дандаа согтуу ирж байна. Ах нь чамайг өрөвдөөд байхаар чи давраад байна гэж хэлсэн. Эхнэр, хүүхдүүд нь манай хаяг дээр 3 сар бүртгэлтэй байна гэж хэлээд бүртгүүлсэн боловч 3 жил болсон байсан. Хорооноос над руу жил бүр ярихаар нь би миний дүү эхнэр хүүхдийнхээ нэрийг очиж хасуул гэж хэлдэг байсан. 13-ны өдөр хорооноос ярихаар нь би энэ хасуулахгүй юм байна гээд өөрөө очиж хасуулаад, Бид хэлсэн. Тэгээд архи уугаад, хаалга битгий нүдээд бай гэж хэлсэн. Манайд Мийгаа тамхи татах гэхээр нь би гарч тат гэж хэлсэн. Гэтэл Баянаа араас нь гараад, буцаж орж ирэхдээ 0.75 граммын архи аваад ороод ирсэн. Тэгээд би наад хүндээ битгий архи өг, асуудалд орвол би хариуцлага хүлээнэ гээд Баянаад өгөх архийг нь аваад асгаад байсан. Мийгааг гараад явсны дараа би Баянааг чи бас гар гэж хэлсэн. Энэ хоёр жилийн өмнө миний хөл дээр дараад хугалж байсан. Тэгээд яг тэр хугарсан хөлөн дээр дараад байхаар нь “чи ахыгаа дахиад хагалгаанд орох гэж байгааг мэдсээр байж ингэж байгаа юм уу” гэж хэлсэн чинь ядаг юм” гээд намайг буланд шахаж байгаад, хэд хэдэн удаа цохисон. Би хөлөө хамгаалах гээд хариу үйлдэл үзүүлээгүй. Э намайг өмөөрөөд босож ирээд “яаж байгаа юм өвчтэй хүнийг” гэж хэлсэн чинь савж, хана руу цохиод, гэрээр дүүрэн цус болсон. Би эхлээд цагдаа дууд, дараа нь 103 дууд гэж хэлсэн. Гэтэл “би өөрийгөө барьж өгөхгүй” гээд пудволкоо тайлаад манай шалыг арчаад, миний цамцыг өмссөн. Би яаж байгаа юм гэхэд “103 ирэхэд би ингээд сууж байх уу” гэж хэлсэн. 103-ын эмч ирэхэд гэр сайхан цэвэрлээд тавьсан байсан. Би эрүү хугарсан гэдгээ мэдэхгүй, ярьж чадахгүй байсан. Тэгээд 103-т хүргэж өгчхөөд “чи муу хугарсан гэж хэлэхгүй бол чамайг ална” гээд намайг дахиад хэд хэд цохисон. Би “чи юу яриад байна. Чамтай үзье” гээд босоод ирсэн чинь “Энхээ ахыг өөрөө унасан гээд хэлчих. Хоёулаа амаа нийлүүлье” гэж хэлсэн. Би “тийм юм байхгүй” гэж хэлсэн. Би ярьж чадахгүй, амнаас юм бөглөрчих гээд болохгүй байсан. Орой нь би Энхээд “Баянаа ийм сонин юм яриад байна. Яах вэ” гэхэд Э “за яах вэ? Түр азнаж бай” гэж хэлээд, тэр өдрөө цагдаа дуудаагүй. Би юм идэж чадахгүй гэртээ 7, 8 хоног болсон. Орой нь Б гарахдаа түлхүүр хугалаад, та гарч чадахгүй, утас чинь эвдэрсэн юм чинь цагдаа дуудаж чадахгүй гэж хэлээд гарсан. Миний эрүү хугарсан тул юм ярьж чадахгүй шүлс гоожоод байгаа. Хугарсан байсан хөл тэр өдөр сэдэрсэн тул дахин хагалгаанд орох гэж байгаа. Би 15.762.000 төгрөг нэхэмжилсэн. Мөн сэтгэл санааны хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө нэхэмжилж байна. Яагаад гэвэл намайг хүн цохисон гэж гүтгэсэн. Надтай бол уулзаж, мөнгөний санал тавиагүй. Хоёр удаа согтуу ирж гэрийн хаалга цохисон. Ээж нь над руу залгаж ярьсан. Би дахиад нэг хүний хөлийг хугалсан гэж хэлсэн чинь 1, 1 сая төгрөг өгчихье гэж ээж нь намайг загнаад байсан. Би өмнө нь хүнд зодуулж үзээгүй тул баримтууд хэрэг болно гэж санаагүй. Баримт олон байсан боловч хаясан. ...1.600.000 төгрөг өгсөн байгаа.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Э өгсөн мэдүүлэгтээ:
“Миний хувьд Бтой хэд хэдэн удаа уулзсан. Уулзахад мөнгөний асуудал ярьж байсан. Гэхдээ миний хохирлын хэмжээнд хүрэхгүй хэмжээгээр ярьсан тул би тийм мөнгө авахгүй. Би хохирлын хэмжээний мөнгө гаргуулж авна. Өөр чамтай би илүү, дутуу юм ярихгүй гэж хэлсэн. Саяхан 2, 3 хоногийн өмнө мөн надтай уулзсан. Тэгэхэд мөнгөний хэмжээ хэлсэн. Гэхдээ би наадах чинь итгэлгүй сонсогдож байна гэж хэлсэн. Тухайн өдөр Л.П бид хоёр гаднаас орж ирээд, Л.Пын гэрт нь байж байхад түүний хөрш н.Мийгаа, Ш.Б хоёр орж ирээд, архи уусан. Л.П Ш.Бид их битгий өг гээд архийг нь асгаж байсан. Би хойд буйдан дээр хэвтэж байхад энэ хоёр хоорондоо зууралцаад авсан. Би очиж салгах гэтэл намайг хойш нь түлхэж унагаасан. Би хойшоо унахдаа хөлөө хугалсан. Тэгээд Ш.Б 103 дуудаад, намайг үүрээд эмнэлэгт хүргэж өгсөн. Түүний дараа энэ хоёрын хүний дунд ийм зүйл болсон байх. Би сарын өмнө Гэмтлийн эмнэлэгт очиж хөлийн зураг авхуулсан. Би 2-3 удаа очиж шинжилгээ өгсөн. Жил гаран болж байж яс нь бороолдог гэж хэлсэн. Жил болоогүй байгаа. Миний авхуулсан зураг, эмчийн бичиж өгсөн эмчилгээний карт дээрх баримт байгаа. Би өөрөө баримт цуглуулаад байдаггүй. ...Завсарлага авсан хугацаанд 1.900.000 төгрөг авсан.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хх.05/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Пын өгсөн:
“2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би гэртээ буюу Баянзүрх дүүргийн 40 дүгээр хороо ............... тоотод байсан, манай гэрт Э бид 2 гэрт сууж байтал хаалга тогшоод гаднаас Мийгаа гэрийн түлхүүр байдаггүй гээд орж ирсэн. Тэгээд Мийгаа мөнгө босгож архи авч ууя гээд 0,5 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи авч уусан. Э бид 2 гарах ажилтай байсан болохоор архинаас амсаад л өгсөн. Тэгээд Мийгаа архинаасаа ганцаараа шахуу ууж байтал гаднаас Б орж ирээд шартаж үхлээ, Мийгаа ахаа надад ганц шил архи аваад өгчих гэд шалаад байсан тэгээд Мийгаа, Б 2 дэлгүүр орох гэж гараад Мийгаа дэлгүүрээс 0,75 литрийн хараа нэртэй архи аваад ороод ирсэн. Тэгэхээр нь би Мийгаад “наад Бдоо яах гэж архи авч өгдөг юм наадах чинь согтохоороо авгай хүүхдээ зодоод шөнө унтуулахгүй хаалга үүд балбаад байдаг юм” гэж хэлсэн. Миний хэлсэнийг Б сонсоод сууж байсан. Тэгээд Б, Мийгаа 2 архи ууж байгаад надад өгөхөөр нь би уухгүй гээд нүдийг нь хариулж байгаад архийг нь асгасан, тэгтэл Б харчихаад “Та яагаад архи асгаад байгаа юм, та намайг яасан их муулдаг юм, яасан их доромжилдог юм” гээд надад агсан тавьж эхэлсэн. Тэгтэл Мийгаа бас согтчихоод гэрт тамхи татах гээд байхаар нь би гэрээс гарч тамхиа тат битгий гэр доромжпоод бай гэж хэлсэн тэгтэл Мийгаа гарлаа гээд Б гэрээс гаргаж өгсөн. Тэгээд Б буцаж орж ирэхээр нь би “Чи яах гэж орж ирсэн юм, яв гээд түлхтэл байж бай гээд миний 2 шанаа руу 2 гараараа ээлжилж цохиод гуя руу өвдөглөөд, гар нуруу руу гараараа цохиж зодоод байсан, миний 2 шанаа руу маш хүчтэй цохьсон болохоор би хэсэг манарч зогсоод зодуулаад байсан. Тэгтэл араас нь Э болиоч гээд Бийг таттал Б Эыг түлхээд газар унагасан. Э ёооёо гээд орилоод хэвтээд байсан. Тэрийг Б харчихаад ха ха хөл нь хугарчихсан гээд инээгээд зогсоод байсан. Тэгээд би чи яаж байгаа юм бэ, цагдаа, 103 дуудаач ээ гэтэл өө цагдаа нар чинь намайг яаж ч чадахгүй би өөрийгөө барьж өгөхгүй гээд инээгээд өөрийнхөө цус болсон пудволкийг тайлаад ураад миний хамарнаас гарсан цусыг арчаад шалан дээр дуссан цусыг бас арчаад ингээд нотлох баримтгүй яах юм гээд орилоод байсан. Тэгтэл эмнэлэг ирээд Эыг авч яваад Б хамт машин руу өргөж оруулж өгсөн. Б буцаж орж ирээд цагдаа нарт намайг зодсон гэж хэлэхгүй шүү, хэлвэл ална шүү гэж дарамтлаад дахиад миний баруун шанаа руу 3, 4 удаа цохиод миний шанаа бүр өвдөөд янгинаад байсан. Тэгтэл Б Э ахыг өөрөө унасан гэж хэлье тэгэх үү ахаа гуйж байна. Одоо цагдаа гээд гай болно, хоёулаа амаа нийлүүлье Э ах өөрөө унасан шүү гээд байхаар нь би чи яасан хүн чанаргүй юм бэ гар гээд гэрээсээ хөөж гаргасан. Тэгээд маргаашнаас нь миний эрүү ам өвдөөд ангайж чадахгүй, цэрэндээ хахаад 8, 9 хоног гэртээ ганцаараа хэвтсэн тэгээд манай ах Цэрэндаваа гэрт ирээд намайг эмнэлэг рүү дагуулж явсан...” гэх мэдүүлэг /хх.10-11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Эы өгсөн:
“2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би хөрш П ахын гэрт нь орсон, бид 2 гадуур ажил хөөцөлдөх гээд гарах санаатай цай уугаад сууж байсан. Тэгтэл гаднаас бас манай хөрш Мийгаа дотор муу байна үхлээ хатлаа гээд 0,5 литрийн хараа нэртэй архи оруулж ирээд уусан, би уг архинаас нь амсаад өгсөн уугаагүй, тэгтэл бас гаднаас манай байрны хөрш Б орж ирээд бас шартаад үхлээ гээд ганц шил архи аваад өгчих л дөө гээд гуйгаад байсан. Тэгтэл Мийгаа, Б хоёр гэрээс гарч 0,75 литрийн хараа нэртэй архи авч орж ирээд уусан. Тэгээд П бид хоёрт өгөөд байсан би ч уухгүй гээд буйдан дээр нь хэвтэж байсан харин П ах нууцаар архийг нь асгаад байгаа бололтой байсан би ч харчихаад уугаагүй байсан нь дээр дээ гэж бодоод тоогоогүй тэгтэл тэрийг нь Б харчихаад П руу архи асгалаа гээд агсраад байсан, тэгээд хажуугаар нь Мийгаа гэрт нь тамхи татах гээд П ах гар гэрт тамхи татахгүй гээд хөөгөөд байсан. Тэгээд Б, Мийгаа 2 гэрээс гараад удалгүй Б ганцаараа гэрт орж ирсэн би буйдан дээр хэвтэж байсан болохоор анзаараагүй байтал өрөөний буланд Пыг хананд шахчихсан заамдаад Б нүүр, толгой руу нь цохиод байхаар нь би хүүеэ болиоч ээ гээд босож очоод салгах гэтэл Б эргэж хараад намайг газар түлхэж унагасан тэгтэл миний баруун хөлний шилбэ шагай хэсэг янгинаад маш хүчтэй өвдөлт өгөөд би ёоолж орилсон тэгтэл Б намайг хараад “Еээ хүүрээ хөл нь хугарчихлаа ш дээ" гэсэн тэгээд би түргэн дуудаач гэж орилоод Б эмнэлэг дуудсан тэгээд намайг эмнэлгийн машин руу оруулж өгсөн. Б Пыг хананд шахаад зодоод байхаар нь би боль та нар гээд салгах санаатай Бийн араас нь татах гэтэл л Б эргэж хараад намайг нэг гараараа цаашаа бай гээд түлхтэл би газар унасан, нилээн хүчтэй түлхсэн. Босож чадахгүй маш их өвдөж байсан.” гэх мэдүүлэг /хх.15-16/,
Яаралтай тусламжийн хуудас, Л.Пын эмнэлгийг үйлчилгээ авсан тухай баримт /хх.35-60/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Ц.Оюун-Эрдэнийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 349 дугаартай:
“Л.Пын биед эрүү ясны хугарал, доод уруулын язарсан шарх, баруун гуяны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.62-64/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Б.Ганзоригийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5263 дугаартай:
“М.Эы биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.67-68/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Бийн яллагдагчаар өгсөн:
“...Тухайн өдөр 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө би 10 цаг өнгөрч байхад П ахын гэр рүү ороход П, Мийгаа, Э тэр 3 архи уусан нэлээн согтсон байсан. Мийгаа ах гаднаас 0,75 литрийн хараа нэртэй авч ирээд бид 4 хувааж уусан. Мийгаа П 2 хоорондоо маргалдаад байсан юунаас болж маргалдсаныг нь би ойлгоогүй. Тэгээд би битгий маргалдаад бай гээд Пыг унтуулах гэтэл босож ирээд Мийгаагийн толгойг нь аягаар цохиод хагалсан. Мийгаагийн толгойноос нь цус гараад байхаар нь би пудволкаа тайлаад цусыг нь арчсан. Мийгаа ах гэрээс гараад явсан. Тэгээд би Птай маргалдаад шанаа руу нь 2 удаа цохисон. Э орон дээр унтаж байгаад босож ирээд миний хөл эвгүй болоод байна гэхээр нь би яасан юм гэтэл мэдэхгүй гэхээр нь би хугарчихсан юм болов уу гээд би эмнэлэг дуудсан. Эмнэлэг ирээд би Э ахыг эмнэлгийн машин руу хүргэх өгсөн. Би Пын шанаа руу гараараа 2, 3 удаа цохисноо санаж байна гэхдээ би нэлээн согтуу байсан болохоор зарим зүйлээ сайн санахгүй байна. Э ахыг бас яаж хөлөө хугалсныг нь би мэдэхгүй байна, миний санахаар бол би Эы биед хүн халдаагүй гэж л бодож байна. ... П ах Мийгаа ахтай маргалдаад толгойг нь аягаар цохиод хагалчихаар нь би Мийгаа ахыг өмөөрөөд Птай маргалдаж шанаа руу нь 2 3 удаа цохисон гэхдээ би нарийн ширийн зүйлийг бол санахгүй байна. Харин Э бол орон дээр унтаж байгаад босож ирсэн. Тэгэхдээ миний хөл эвгүй байна гэхээр нь би яасан юм гэтэл мэдэхгүй гэхээр нь хугарсан юм болов уу гээд би эмнэлэг дуудсан. М.Эыг яаж хөлөө хугалсныг бол мэдэхгүй байна. Өвдөөд байна гэхээр нь л хугарчихсан юм болов уу гэж хэлсэн. Гэхдээ хамт ууж байх үед бол Э унаж хүнд зодуулсан зүйл болоогүй ээ. ... Би Пын биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа харин Эыг бол би яаж хөлөө хугалсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх.80/,
Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх.87/,
Хохирогч нарын хохирлын баримтууд /хх.120-127/,
Хохирол төлбөр төлсөн тухай баримт /шинээр гаргаж өгсөн баримт/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.108/, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.110-119/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Үйл баримтын талаарх дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Ш.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 40 дүгээр хороо ................ тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “архи асгалаа, гэрээсээ хөөлөө” гэх шалтгаанаар иргэн Л.П руу агсарч түүний толгой, нүүр, шанаа, нуруу тус газар гараараа цохиж, гуяан тус газар өвдөглөж биед нь эрүү ясны хугарал, доод уруулын язарсан шарх, баруун гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, улмаар тухайн цаг хугацаанд уг зодооныг салгахаар ирсэн иргэн М.Эыг түлхэн унагаж биед нь баруун шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Ш.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.
Хохирогч Л.П, М.Э нарын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогч нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ш.Бийн хохирогч Л.П, М.Э нарын биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангасан байна.
Гэм буруугийн талаар:
Ш.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Ш.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсний төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2.234.000 төгрөгийн зардалыг санхүүжүүлжээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байна.
Шүүгдэгч Ш.Б нь 2.234.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд хохирогч Б.Паас 602.100 төгрөгийн хохирлын баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн нь тухайн хэрэгт хамааралтай, хохиролд тооцон шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хохирол учирсаны улмаас мэдэрч буй өвдөлт шаналал, сэтгэл санааны байдал өөрчлөгдсөн байдал, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа болон харилцаа алдагдах, өөрчлөлт орох зэргээр хүний хэвийн амьдрах нөхцөл байдалд орсон өөрчлөлтийн улмаас түүний сэтгэцэд хор уршиг учирдаг.
Ийнхүү учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалт үйлчилж байна.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дахь хэсэгт заасны дагуу хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь гуравдугаар зэрэглэлд хамаарах бөгөөд нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон олгохоор зохицуулсан.
Мөн тогтоолд “гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчид учирсан гэмтэлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, түүнээс үүссэн сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, түүнийгээ гэмшиж байгаа байдал, гэмт этгээдийн холбогдсон хэргийн талаар гаргаж байгаа дүгнэлт, хувийн байдал зэргийг харгалзан” нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохоор заажээ.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөгөөр тогтоосон болно.
Сэтгэцэд учирсан гэм хорын хохиролыг тогтоохдоо хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн бүхий л нөхцөл байдлыг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хохирогч Б.Пын хувьд 13 дахин буюу 8.580.000 төгрөг, хохирогч М.Эы хувьд 18 дахин буюу 11.880.000 төгрөгөөр тус тус тогтоон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улмаар хохирогч Л.П, М.Э нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ш.Боос жич нэхэмжлэх эрхтэй юм.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарын зүгээс дээрх гаргуулж шийдвэрлэсэн хохирол төлбөрийг барагдуулахаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж хуралдаан ажлын 5 хоногийн хугацаагаар завсарласан.
Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгчийн 1.600.000 төгрөгийг хохирогч Б.Пд, 1.900.000 төгрөгийг хохирогч М.Эд төлсөн тухай баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.
Ш.Б гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг судлахад шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасанд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалт “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоос төлсөн”, 1.4 дэх заалт “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.
Хохирогч Б.П нь тухайн оршин суугаа өөрийн байрандаа тэр хавийнхаа согтууруулах ундаа хэрэглэдэг иргэдийг цуглаж согтууруулах ундааг хэрэглэх боломж нөхцөлийг бүрдүүлсэн байх бөгөөд энэ байдал нь хэвшмэл шинжтэй болсон нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх эх үндэс болсон байх бөгөөд энэ нь түүний зүй бус үйлдэл юм.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ш.Бийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, санаа сэдэл, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгаас нөхөн төлсөн, үлдэгдлийг нөхөн төлөхөө илэрхийлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийн талаарх дүгнэлт, хохирогч нарын санал гомдол, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан торгох ялыг бага хэмжээгээр оногдуулж, тодорхой хугацаа тогтоож хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Б цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч Ш.Бид урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х ургийн овогт Ш Бийг хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Бийг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бид оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Б цагдан хоригдсон хоноггүй, Эрүүл мэндийн даатгалын санд 2.234.000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Боос 9.980.000 төгрөг гаргуулж хохирогч М.Эд, 7.582.100 төгрөг гаргуулж хохирогч Л.Пд тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.П, М.Э нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ш.Боос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Бид урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БААСАНБАТ