Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2022/00079

 

Баян-Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Б аймгийн С сумын 7 дугаар багт оршин суудаг, О овогт Ш-ын С;

Хариуцагч: Баян-Б аймгийн С сумын 1 дүгээр багт оршин суудаг, Б овогт Ж-ын Х;

Хамтран хариуцагч: Баян-Б аймгийн Б сумын 13 дугаар багт оршин суудаг, Б овогт Б-ын Е

Нэхэмжлэлийн шаардлага: Шатахууны үнэ 2672000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ш.С,

Хариуцагч: Ж.Х,

Хамтран хариуцагч. Б.Е,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ш.С хариуцагч болон хамтран хариуцагч нараас шатахууны үнэ 2672000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1) Миний бие 2019 оноос С сумын 1 дүгээр баг “Жалпах” гэх газарт хувийн шатахуун түгээх станц ажиллуулдаг.С сумын Монгол Ардын намын хорооны даргаар ажиллаж байсан Б.Е надтай холбогдож 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр болсон Улсын Их Хурлын сонгуультай холбоотой иргэдэд бензин тараах тухай санал тавьж, ингэхэд С сумын 1 дүгээр багийн МАН-ын үүрийн дарга Ж.Х-ы гарын үсэгтэй зөвшөөрлийн хуудсаар шатахууныг зээлээр өгч дараа нь тооцоо хийхээр тохиролцсон.

2) 2020 оны Улсын Их хурлын сонгуулийн үеэр нийт 2672000 төгрөгийн үнэтэй А-80 маркийн шатахууныг зээлээр олгосон юм. Түгээгч нар Ж.Х-ы гарын үсэг тамгатай бичгийг үндэслэн иргэдэд бензин тарааж зөвшөөрлийн бичгийг хадгалаад байсан.

3) Хамгийн сүүлд 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тооцоо нийлэхэд нийт авсан бензиний үнэ 2672000 төгрөг гаргасныг  баталгаажуулж намын үүрийн дарга Ж.Х, шадар туслах А.Х, туслах Х.Анар гарын үсэг зурж тамга дарсан.

4) Cонгууль дууссаны дараа Б.Е-аас тараагдсан шатахууны үнийг асуухад “маргааш өгнө, А гишүүнээс асууж өгнө, одоохон шийдвэрлэж өглөө” гэх мэтчилэн шалтган шалтгаан тоочиж сунжруулаад яваад байсан, би ч байнга холбоотой байж зурвас бичиж, залгаж ярих болгонд дахиад дээрх тайлбараа хэлдэг байсан. Иймд зээлээр авсан шатахууны үнэ болох 2672000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгөхийг хүссэн байна.

2.Хариуцагч Ж.Х нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа: 1) Миний бие 2000 оноос эхлэн С сумын Монгол Ардын Намын үүрийн даргаар ажиллаж байгаа ба 2020 онд манай сумын намын хорооны дарга, сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Е нь намд орж ирсэн бүх төсөв, санхүүг сумын намын хорооны даргын хувьд зарцуулдаг байсан. Миний хувьд намын хорооны даргаас өгсөн чиглэл, зөвлөмжийн дагуу шатахуун авах хүмүүст тамга дарж өгсөн нь үнэн. 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа явагдаж байх үеэр сумын МАН-ын хорооны дарга Б.Е нь “Иргэн Ш.С-ын ШТС-аас сонгуулийн сурталчилгааны бензин олгохоор болсон. Та багийн сурталчилгаанд явах иргэдэд бензин олгох бичиг хийж өгч бай, тэгэхгүй бол хэн дуртай нь бензин авч дараа нь хариуцах эзэнгүй болно, олгосон бензиний тооцоог бид өөрснөө хийнэ” гэсэн чиглэл өгсөн. Би тэрний дагуу сурталчилгаанд оролцох машинуудад бензин олгох талаар цохолт хийж өгч байсан. Би цохолт өгөхдөө өөрөө дур мэдэн шийдвэр гаргаагүй. Зөвхөн сумын МАН-ын хорооны дарга Б.Е-ы аман шийдвэрээр цохолт хийж өгч байсан.

2) Ш.С нь сурталчилгаанд бензин олгох талаар надтай ямар нэгэн гэрээ, хэлцэл хийж байгаагүй. Харин Ш.С нь сумын МАН-ын хорооны дарга Б.Е-тай сурталчилгаанд бензин олгох талаар харилцан тохиролцсон байсан. Багийн МАН-ын үүрийн дарга хөрөнгө шийдвэрлэх ямар нэгэн эрх мэдэлтэй албан тушаалтан биш. Ямар нэгэн дансгүй, хөрөнгө шийдвэрлэх эрх мэдэлгүй. Ерөнхийдөө миний албан тушаал бол төсөв мөнгө захиран зарцуулдаг албан тушаал биш. Өнөөдрийн маргаан бүхий шатахуун авч байхад нэхэмжлэгч болон хамтран хариуцагч нар хоорондоо тохиролцсон, ямар байдалтай тохиролцсон талаар мэдэх зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг Б.Е барагдуулах ёстой. Ш.С шатахууны мөнгийг надаас биш гэрээ байгуулж хамтран ажиллах болсон сумын Монгол Ардын Намын хорооны дарга байсан Б.Е-аас нэхэмжлэх төлөх ёстой гэв.

3.Хамтран хариуцагч Б.Е нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа: 1) Миний бие шатахуун авах үед С сумын намын хорооны даргаар ажиллаж байсан. Тухайн үед намын дээд шатны байгууллагаас сонгуулийн санал хураалттай холбоотой манай сумын иргэдийг зөөх мөнгө хэмээн 16,0 сая төгрөг хуваарилагдсан тухай хэлсний дагуу би намын санхүүгээс очиж уг мөнгийг авч байсан. Би уг мөнгийг сумын намын үүрийн дарга нарт хуваарилж өгөх ёстой байсан ба намын үр болгоны дарга нартай гар утсаар холбогдож урьдчилан тооцог нь лавлахад нийтдээ манай сумын иргэдийг зөөхөд 23,0 сая гаруй төгрөг гарах тухай тооцоо гаргасан. Ингээд би дээд шатны байгууллагад холбогдож “энэхүү 16,0 сая төгрөг хүрэхгүй байна, яах уу гэхэд намын дэд дарга Асхарт хандахад “чи наад мөнгө тарааж байгаарай, сонгуулийн дараа илүү гарсан зардлыг намаас гаргаж, зохицуулж өгнө” гэснээр би эдгээр хүмүүст төлөвлөсний дагуу шатахуун тарааж өгөх тухай хэлснээр намын үүрийн дарга нар шатахуун тараасан.

2) Сонгуулийн дараа би аймгийн намын хороонд очиж манай суманд нийт 23,0 сая гаруй төгрөг гарсан ба 7,0 сая гаруй төгрөгийг өртэй үлдсэн тул үүнийг яаралтай шийдвэрлэж өгнө үү гэж хэлж байсан. Би энэхүү мөнгийг гаруулах тухай удаа дараа шаардсанаар Б, А гишүүн нар 3,0 сая төгрөг өгсөн. Мөн би хувиасаа 1,0 сая төгрөг гаргасан. Ингээд энэ хүнээс гадна өөр хэдэн хүний өр шийдэгдээгүй үлдсэн.

3) Мөн төв намаас орж ирсэн мөнгөнөөс нэг ч төгрөг идэж уугаагүй, би энэ хүнд мөнгийг чинь А гишүүнээс авч өглөө гэж хэлсэн шалтгаан маань тухайн үед А гишүүн өгнө хэмээн хэлснийг би дамжуулж хэлж байсан. Тэр хүн бас надад өнөө маргаашдаа явууллаа, туслахдаа өгөөд явууллаа гэх мэтчилэн хэлсээр байгаад 2,0 сая төгрөгийг арай гэж өгөөд, 2,0 сая төгрөгийг өгөөгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн өр төлөгдөхгүй гэсэн байна.

4) Харин өнөөдөр надад хувиасаа нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг гаргаж өгөх боломж байхгүй. Хийж байгаа ажил төрөлгүй болохоор үнэхээр боломжгүй байна. Би энэ хүний мөнгийг Улсын Их хурлын гишүүд, төв намаас авч өгөхийн тулд тэдгээр хүмүүстэй хэрэлдээд, муудалцах хүртэл асуудал гарч байсан. Нэхэмжлэгч сонгуультай холбоотой шатахуун гаргаж өгсөн нь үнэн, хохирч байгаа нь ч үнэн.

5) Ер нь товч нэг зүйлийг тайлбарлахад би сумын намын хорооны даргаар ажиллаж байхад хувиасаа зөндөө мөнгө гаргаж л байсан. Харин өнөөдөр өөрөө сонгуульд ялагдаад, эрхэлсэн тодорхой ажилгүй болсон. Би намын хорооны даргын ажлаа шилжүүлэн өгч байхад бид эдгээр хүмүүст өртэй, гэхдээ уг өрийг би өөрөө Улсын Их хурлын гишүүд болон төв намтайгаа ярилцаж шийдэх гэж байгаа хэмээн хэлж байсан. Өнөө маргаашдаа төлөх ямар ч боломж байхгүй гэв.

4.Нэхэмжлэгчээс Ж.Х, А.Х, Х.Анарын гарын үсэгтэй, “Баян-Б аймаг Монгол Ардын Намын үүр 131” гэсэн тамга дарж баталгаажуулсан 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тооцоо нийлсэн гэх гарын баримт; хамтран хариуцагч Б.Е-аас УИХ-ын гишүүн Т.А гишүүнтэй мессенжерээр харьцаж тооцоог явуулж байсан гэх мессеж, Баян-Б аймгийн С сумын Монгол Ардын Намын Хорооны дарга Б.Е-ы 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн албан бичиг, “С сумын УИХ-ын сонгуульд хүн зөөхөд зарцуулсан бензиний дүн” гэсэн бичгийн нотлох баримтуудын тус тус шүүхэд гаргаж өгсөн байна. 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хамтран хариуцагч Б.Е-аас шатахууны үнэ 2520000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 152000 төгрөгийг болон хариуцагч Ж.Х-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

1) С сумын Монгол Ардын намын хорооны даргаар ажиллаж байсан Б.Е надтай холбогдож 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр болсон Улсын Их Хурлын сонгуультай холбоотой иргэдэд бензин тараах тухай санал тавьж, ингэхэд С сумын 1 дүгээр багийн МАН-ын үүрийн дарга Ж.Х-ы гарын үсэгтэй зөвшөөрлийн хуудсаар шатахууныг зээлээр өгч дараа нь тооцоо хийхээр тохиролцсон.

2) 2020 оны Улсын Их хурлын сонгуулийн үеэр нийт 2672000 төгрөгийн үнэтэй А-80 маркийн шатахууныг зээлээр олгосон юм. Түгээгч нар Ж.Х-ы гарын үсэг тамгатай бичгийг үндэслэн иргэдэд бензин тарааж зөвшөөрлийн бичгийг хадгалаад байсан.

3) Хамгийн сүүлд 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тооцоо нийлэхэд нийт авсан бензиний үнэ 2672000 төгрөг гаргасныг  баталгаажуулж намын үүрийн дарга Ж.Х, шадар туслах А.Х, туслах Х.Анар гарын үсэг зурж тамга дарсан.

4) Cонгууль дууссаны дараа Б.Е-аас тараагдсан шатахууны үнийг асуухад “маргааш өгнө, А гишүүнээс асууж өгнө, одоохон шийдвэрлэж өглөө” гэх мэтчилэн шалтган шалтгаан тоочиж сунжруулаад яваад байсан, би ч байнга холбоотой байж зурвас бичиж, залгаж ярих болгонд дахиад дээрх тайлбараа хэлдэг байсан. Иймд зээлээр авсан шатахууны үнэ болох 2672000 төгрөгийг гаргуулахыг хүссэн байна

3. Хариуцагч Ж.Х нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

1) Миний бие 2000 оноос эхлэн С сумын Монгол Ардын Намын үүрийн даргаар ажиллаж байгаа ба 2020 онд манай сумын намын хорооны дарга, сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Е-ы өгсөн чиглэл, зөвлөмжийн дагуу шатахуун авах хүмүүст тамга дарж өгсөн нь үнэн.

2) Нэхэмжлэгч болон хамтран хариуцагч нар хоорондоо тохиролцсон, ямар байдалтай тохиролцсон талаар мэдэх зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг Б.Е барагдуулах ёстой гэсэн байна.

4.Хамтран хариуцагч Б.Е нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

1) Миний бие шатахуун авах үед С сумын намын хорооны даргаар ажиллаж байсан. Тухайн үед намын дээд шатны байгууллагаас сонгуулийн санал хураалттай холбоотой манай сумын иргэдийг зөөх мөнгө хэмээн 16,0 сая төгрөг хуваарилагдсан тухай хэлсний дагуу би намын санхүүгээс очиж уг мөнгийг авч байсан. Би уг мөнгийг сумын намын үүрийн дарга нарт хуваарилж өгөх ёстой байсан ба намын үр болгоны дарга нартай гар утсаар холбогдож урьдчилан тооцог нь лавлахад нийтдээ манай сумын иргэдийг зөөхөд 23,0 сая гаруй төгрөг гарах тухай тооцоо гаргасан. Ингээд би дээд шатны байгууллагад холбогдож “энэхүү 16,0 сая төгрөг хүрэхгүй байна, яах уу гэхэд намын дэд дарга Асхарт хандахад “чи наад мөнгө тарааж байгаарай, сонгуулийн дараа илүү гарсан зардлыг намаас гаргаж, зохицуулж өгнө” гэснээр би эдгээр хүмүүст төлөвлөсний дагуу шатахуун тарааж өгөх тухай хэлснээр намын үүрийн дарга нар шатахуун тараасан.

2) Сонгуулийн дараа би аймгийн намын хороонд очиж манай суманд нийт 23,0 сая гаруй төгрөг гарсан ба 7,0 сая гаруй төгрөгийг өртэй үлдсэн тул үүнийг яаралтай шийдвэрлэж өгнө үү гэж хэлж байсан. Би энэхүү мөнгийг гаруулах тухай удаа дараа шаардсанаар Б, А гишүүн нар 3,0 сая төгрөг өгсөн. Мөн би хувиасаа 1,0 сая төгрөг гаргасан. Ингээд энэ хүнээс гадна өөр хэдэн хүний өр шийдэгдээгүй үлдсэн.

3) Мөн төв намаас орж ирсэн мөнгөнөөс нэг ч төгрөг идэж уугаагүй, би энэ хүнд мөнгийг чинь А гишүүнээс авч өглөө гэж хэлсэн шалтгаан маань тухайн үед А гишүүн өгнө хэмээн хэлснийг би дамжуулж хэлж байсан. Тэр хүн бас надад өнөө маргаашдаа явууллаа, туслахдаа өгөөд явууллаа гэх мэтчилэн хэлсээр байгаад 2,0 сая төгрөгийг арай гэж өгөөд, 2,0 сая төгрөгийг өгөөгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн өр төлөгдөхгүй гэсэн байна.

4) Харин өнөөдөр надад хувиасаа нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг гаргаж өгөх боломж байхгүй. Хийж байгаа ажил төрөлгүй болохоор үнэхээр боломжгүй байна. Би энэ хүний мөнгийг Улсын Их хурлын гишүүд, төв намаас авч өгөхийн тулд тэдгээр хүмүүстэй хэрэлдээд, муудалцах хүртэл асуудал гарч байсан. Нэхэмжлэгч сонгуультай холбоотой шатахуун гаргаж өгсөн нь үнэн, хохирч байгаа нь ч үнэн.

5) Ер нь товч нэг зүйлийг тайлбарлахад би сумын намын хорооны даргаар ажиллаж байхад хувиасаа зөндөө мөнгө гаргаж л байсан. Харин өнөөдөр өөрөө сонгуульд ялагдаад, эрхэлсэн тодорхой ажилгүй болсон. Би намын хорооны даргын ажлаа шилжүүлэн өгч байхад бид эдгээр хүмүүст өртэй, гэхдээ уг өрийг би өөрөө Улсын Их хурлын гишүүд болон төв намтайгаа ярилцаж шийдэх гэж байгаа хэмээн хэлж байсан боловч өнөө маргаашдаа төлөх ямар ч боломж байхгүй гэсэн байна.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

1) 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тооцоо нийлсэн гэх Ж.Х, А.Х, Х.А-ын гарын үсэгтэй баримтад нийт шатахуун 1580л х1600=нийт 2528000 төгрөг гэж бичиж “Баян-Б аймгийн Монгол Ардын намын үүр 131” гэсэн бичигтэй тамгыг дарж баталгаажуулсан боловч 1580л х1600 гэсний дараа нийт 2528000 төгрөг гэсний өмнө өр өнгийн балаар “2672000” гэж нэмж бичсэн нь тооцооны хувьд алдаатай ба 267200 төгрөгийн шатахуун өгсөн гэдэг нь хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

2) Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хариуцагч Ж.Х-ы Баян-Б аймгийн Монгол Ардын намын үүр 131 гэсэн бичигтэй тамгыг дарж баталгаажуулан шатахууныг олгохыг зөвшөөрсөн гарын баримтуудыг шинжлэн судлан тооцоо хийхэд нийтдээ 87 ширхэг баримтаар 2020 оны 6 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд нийтдээ 1575 л шатахуун авсан, 1л шатахууныг 1600 төгрөгөөр тооцоход 2520000 төгрөгийн шатахуун олгосон болох нь нотлогдож байна.

3) Энэхүү хариуцагч Ж.Х-ы Баян-Б аймгийн Монгол Ардын намын үүр 131 гэсэн бичигтэй тамгыг дарж баталгаажуулан шатахуун олгохыг зөвшөөрсөн гарын баримтуудыг шинжлэн судлан тооцоо хийхэд нийтдээ 87 ширхэг баримтаар нэхэмжлэгч нийтдээ 2520000 төгрөгийн шатахуун олгосон нь тогтоогдож байгаа ба нэхэмжлэгч 152000 төгрөгийн шатахууны үнийг илүү нэхэмжилсэн нь нотлогдож байна.

4) Хамтран хариуцагч Б.Е-ы гаргаж өгсөн УИХ-ын гишүүн Т.Ат  тухайн үед мессенжерээр тооцоог явуулж байсан гэх мессежийг “Тилеуханы А” гэсэн фейсбуук хаягт хамтран хариуцагч Б.Е-аас явуулсан гэдэг нь тодорхойгүй бөгөөд үүнийг хэн явуулсан нь эргэлзээтэй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

5) 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Баян-Б аймгийн С сумын Монгол Ардын Намын Хороо гэсэн албан бичигт “Аймгийн Намын хорооны орон тооны дэд дарга Ш.Асхар танаа” гэсэн боловч энэ албан бичгийг аймгийн Намын хороонд хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй, мөн хавсаргасан “С сумын УИХ-ын сонгуульд хүн зөөхөд зарцуулсан бензиний дүн” гэсэн баримтыг ямар эх сурвалжийг үндэслэн дүн мэдээг хэн хэзээ гаргасан нь тодорхой бус эх сурвалжаа зааж өгөөгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй.

6) Хамтран хариуцагч Б.Е нь “...тухайн үед намын дээд шатны байгууллагаас сонгуулийн санал хураалттай холбоотой манай сумын иргэдийг зөөх мөнгө хэмээн 16,0 сая төгрөг хуваарилагдсан, намын үр болгоны дарга нартай гар утсаар холбогдож урьдчилан тооцог нь лавлахад нийтдээ манай сумын иргэдийг зөөхөд 23,0 сая гаруй төгрөг гарах тухай тооцоо гаргасан, тэгээд би дээд шатны байгууллагад холбогдож “энэхүү 16,0 сая төгрөг хүрэхгүй байна, яах уу гэхэд намын дэд дарга Асхарт хандахад “чи наад мөнгөө тарааж байгаарай, сонгуулийн дараа илүү гарсан зардлыг намаас гаргаж, зохицуулж өгнө...” гэж мэдүүлсэн боловч холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

7) Нэхэмжлэгч Ш.С, хамтран хариуцагч Б.Е нар нь 2020 оны сонгуулийн үеэр шатахуун зээлээр авах тухай харилцан тохиролцсон гэдэгт маргаагүй, мөн хамтран хариуцагч Б.Е нь “...намын үүрийн дарга нарт шатахуун тарааж өгөх тухай үүрэг өгснөөр намын үүрийн дарга нар шатахуун тараасан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хариуцагч Ж.Х-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

6.Талуудын маргааны зүйл нь 2020 оны Улсын Их хурлын сонгуулийн үеэр зээлээр шатахуун авсан, үнийг төлөөгүй гэдэгт маргахгүй байна.

7.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ш.С, хамтран хариуцагч Б.Е нарын хороонд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Нэхэмжлэгч Ш.С нийтдээ 1575 литр буюу 2520000 төгрөгийн шатахууныг зээлээр өгсөн гэдэг нь нотлогдож байгаа тул шатахууны үнийг нэхэмжлэх эрхтэй байна.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57702 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 55270 төгрөгийг хамтран хариуцагч Б.Е-аас гаргуулан нэхэмжлэгч Ш.Сад олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч Б овогт Б-ын Е-аас шатахууны үнэ 2520000 (хоёр сая таван зуун хорин мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О овогт Ш-ын С-ад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 152000 (нэг зуун тавин хоёр мянга) төгрөг болон хариуцагч Ж.Х-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57702 (тавин долоон мянга долоон зуун хоёр) төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 55270 (тавин таван мянга хоёр зуун далан) төгрөгийг хамран хариуцагч Б.Е-аас гаргуулан нэхэмжлэгч Ш.С-ад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МАНГИЛИК