Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 120

 

Ж.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00757/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1011 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.М-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01-Б/16 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, 2018 оны улирлын урамшууллын мөнгө гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, эдгээр дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/510 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч  Б.Содболдын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.М-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Ж.М-:

Миний бие Ж.М- нь Дархан-Уул аймгийн Дархан-Уул сумын 12-р сургуулийн захирлаар /Энэрэл цогцолбор/ ажиллаж байхад Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01-Б/16 тоот захирамжаар ажлаас халж, тухайн захирамжийг 2018 оны 05 дугаар сарын 21-ны өдөр танилцуулж, ажлаа өг гэсэн.

Хөдөлмөрийн гэрээг цуцлах гэж байгаагаа огт мэдэгдээгүй ба хөдөлмөрийн гэрээг зөрчсөн ноцтой үйлдлийг гарган ажил олгогчийн итгэлийг алдах үйлдэл гаргаагүй, сахилгын зөрчил давтан гаргаагүй байхад ажлаас халсан нь үндэслэлгүй тул намайг Дархан-Уул аймгийн 12-р сургуулийн захирлын /Энэрэл цогцолбор/ ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэж нэхэмжилсэн байна.

Нэхэмжлэгч Ж.М- нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/Б/16 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, 2018 оны улирлын урамшууллын мөнгө гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт тус тус бичилт хийлгүүлэх тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, мөн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/510 тоот Захирамжийн хавсралтыг холбогдох хэсгийг засварлах захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тус тус нэмэгдүүлжээ.  

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

1. Дархан-Уул аймаг, Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн /Энэрэл цогцолбор/ захирлаар ажиллаж байсан Ж.М- нь Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллүүдийг шилэн дансны цахим системд байршуулахдаа хугацаа хоцроосон, 2017 оны 2 дугаар улирлын тайланг илгээгээгүй зэрэг зөрчлийг давтан гаргасан тул Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “энэ хуулийн 3.1.1-д заасан төсвийн байгууллага, албан тушаалтны шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.1-д” Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасны дагуу аймгийн Засаг даргын 2017 оны А/419, 2017 оны А/510 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2-т заасны дагуу Ж.М-д албан тушаалын цалингийн 1 сар хүртэлх хугацаагаар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан болно.

2. Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу төсөвт байгууллагуудын 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд баталгаажуулах аудит хийхэд Дархан сумын “Энэрэл цогцолбор” сургуулийн санхүүгийн тайлан нь үнэн зөв байдал, иж бүрэн байх, оршин байх зэрэг батламж мэдэгдлүүдийг хангаагүй тул хязгаарлалтай санал дүгнэлт авсан болно. Ж.М- нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа Санхүүгийн тайланд илэрхийлэгдсэн хүнсний материалын үлдэгдэл 4.360.000 төгрөгөөр дутагдсан, авлагын үлдэгдэл 2.331.100 төгрөгөөр бодит бус байгаа зөрчлүүд нь санхүүгийн тайланд оршин байх батламж мэдэгдлийг хангахгүй байгаа нь Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 176 дугаар Аудитын гэрчилгээ, 01/15 дугаар албан шаардлагаар тогтоогдсон болно.

3. Дээрх зөрчлийг Ж.М- нь давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хууль, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын А/67 дугаар тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч, соёлын байгууллагын дарга нарын мөрдөх сахилгын дүрэмийн 2 дугаар хэсгийн 2.8, 4 дүгээр хэсгийн 4.2.1 дэх заалт, Аймгийн Засаг даргатай Ж.М-гийн байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дэх хэсгийн 4.1.1-д заасны дагуу Хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь халсан болно.

Иймд аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01- Б/16 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй тул Ж.М-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ж.М- нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр анх нэхэмжлэл гаргахдаа 12 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн ганц шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байсан.

Үүнээс 1 сар 5 хоногийн дараа /36 хоногийн дараа/ буюу 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01-Б/16 тоот хөдөлмөрийн гэрээ цуцалж ажлаас халах тухай захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах 2018 оны улирлын мөнгө гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байсан.

Дараа нь 2018 оны 08 дугаар сарын 22 ны өдөр 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/510 дугаар захирамжийн хавсралтын холбогдох хэсгийг засварлах тухай захирамжийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн байдаг.

Эндээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зөрчсөн байна.

А/510 дугаар захирамж хүчингүй болгуулах тухай маргааныг захиргааны шүүхэд гаргах ёстой юм. Цалин хөлстэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх ёстой. Иймд харьяалал буруу гэж үзэж байна.

...”Пийк ом” аудит “Энэрэл цогцолбор” сургуулийн 2017 оны санхүүгийн тайланд аудитын шалгалт хийсэн. Үүнийг нь төрийн аудитын байгууллага хүлээж авч баталгаажуулж, төрийн аудитын байгууллагын Дархан-Уул аймаг дахь салбар эрх хэмжээнийхээ хүрээнд Төрийн аудитын тухай хуулийн 15.2.1-д заасан орон нутгийн төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүн санхүүгийн байдалд аудит хийх эрхтэй, энэ эрхийнхээ хүрээнд “Пийк ом” аудит-ын актыг хүлээж авч аудитын дүгнэлт хүчинтэй болсон, аудитын гэрчилгээ гаргаад албан тоотоор хүргүүлсэн байдаг. Ж.М- нь 2016 оны 08 сард “Энэрэл цогцолбор” сургуулийн захирлын ажлыг хүлээн авсан байдаг. Энэ хугацаанд аудит хийгээд зөрчил дутагдлыг тогтоосон байхад төлж барагдуулаагүй, нуун далдалж байсан нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг зөрчсөн нь нотлогдож байна. Мөн 2017 оны аудитын шалгалтаар зөрчилтэй гэж акт тогтоогдсон нэр бүхий 47 байгууллагын удирдлагуудад албан бичиг ирсэн байхад ганцхан “Энэрэл цогцолбор” сургууль нягтлан бодогч Оюунцэцэгийн нэрээр гаргасан байсан. Үүнийг дараа нь илрүүлээд Засаг даргын А/510 тоот захирамжаар төсвийн шууд захирагчийн нэрийг андуурч бичсэн тул Ж.М- болгон өөрчилсөн байдаг. Энэ хүний гаргасан зөрчил дутагдал Төрийн аудитын байгууллагаар батлагдсан байхад дахин сахилгын хороог хуралдуулах шаардлагагүй юм. Иймд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм. Иймд Ж.М-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг баримтлан ажлаас халсан нь үндэслэл бүхий бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1011 дүгээр шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Хүлэг бариач овогт Жамбаагийн М-г Дархан-Уул аймаг Дархан сум /Энэрэл цогцолбор сургууль/ Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн захирлын ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар Ж.М-н ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 5.217.683 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгч Ж.М-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Ж.М-н ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2018 оны улирлын урамшууллын мөнгө гаргуулах, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/510 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 98.433 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймгийн Засаг даргын хувьд нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон захиргааны акт буюу Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын акт дүгнэлтээр тогтоогдсон зөрчилд нь тус байгууллагын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/15 дугаартай албан шаардлагын дагуу зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэж эрх хэмжээнийхээ хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-т заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Өөрөөр нэхэмжлэгч Ж.М-гийн тус “Энэрэл цогцолбор” сургуулийг удирдаж, төсвийн шууд захирагчаар ажиллаж байх хугацаандаа гаргасан санхүүгийн зөрчлийг мэргэжлийн байгууллага буюу Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын байгууллага шалгаж тогтоосон тул тус актын хууль зүйн үндэслэлийг шалгах эрх ажил олгогчид байхгүй харин нэхэмжлэгч “Энэрэл" цогцолбор сургуулийн захирал Ж.М- Аудитын байгууллагын акт, гэрчилгээ, санал дүгнэлт зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд тус актыг хүчингүй болгуулахаар тухайн цаг хугацаандаа харьяаллын дагуу дээд шатны захиргаа, Захиргааны хэргийн шүүхэд хандах замаар Дархан- Уул аймаг дахь Төрийн аудитын газрын актыг шүүхээр хянуулах боломжтой байсан.

 Гэтэл энэ тухай баримт хэрэгт огт авагдаагүй, нэхэмжлэгч тус захиргааны актыг эс зөвшөөрч аль нэг шүүхэд гомдол гаргаагүй гэдэг тайлбар гаргасаар байхад иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж, хэргийн харьяаллыг зөрчиж захиргааны актын хууль зүйн үндэслэлд үнэлэлт дүгнэлт өгөх замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

 Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын актын хууль зүйн үндэслэлд үнэлэлт дүгнэлт өгч хянах эрх иргэний хэргийн шүүхэд олгогдоогүй, мөн хэрвээ актын хууль зүйн үндэслэлийг аль нэг шүүхээр хянах тохиолдолд хариуцагч нь тус актыг гаргасан байгууллага буюу энэ тохиолдолд Дархан-Уул аймгийн Төрийн аудитын байгууллага татагдан оролцож актаа хамгаалах учиртай.

Эрх бүхий байгууллага хууль тогтоомжоор олгогдсон эрхийнхээ хүрээнд тогтоосон актыг хянах эрх гагцхүү тус актын улмаас эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийн гаргасан гомдлоор дээд шатны захиргааны байгууллага, мөн захиргааны хэргийн шүүхэд олгогддог тухай холбогдох хууль тогтоомжид тодорхой заасан байдаг. Гэтэл иргэний хэргийн анхан шатны шүүх ажил олгогчийг тус актын үндэслэлийг хянаагүйд буруутгасан дүгнэлт хийгээд хэргийг шийдвэрлэж байгаа явдал нь хэргийн харьяалал болон Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг бүхэлд нь зөрчсөн хууль бус дүгнэлт гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Ж.М- нь анх хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд  гаргажээ.

Дараа нь хэрэг хянан шийдвэрлэх явцад хуульд заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагаа Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01-Б/16 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болон 2018 оны улирлын урамшууллын мөнгө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж,  дэвтэрт бичилт хийхийг даалгах, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017.12.28-ны өдрийн А/510 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар  тус тус нэмэгдүүлсэн байна.

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

            Хэргийг хуульд зааснаар бүхэлд хянахад нэхэмжлэгч Ж.М- нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/20 дугаартай захирамжаар Дархан-Уул аймгийн Энэрэл цогцолбор сургуулийн /Дархан-Уул аймаг Дархан сум Ерөнхий Боловсролын 12 дугаар сургууль/ захирлаар томилогдон, аймгийн Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь хуульд заасан үүргийнхээ дагуу Ж.М-тай 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулснаар зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзнэ.

Энэхүү дээрх хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн харилцааг иргэний эрх зүйгээр зохицуулахаар Иргэний хуульд заажээ.

             Нэхэмжлэгчийг ажлаас халсан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01-Б/16 дугаар тушаалын үндэслэлийг хянаж үзэхэд ...Дархан сумын 12 дугаар сургуулийн захирал Ж.М- нь аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай А/419 дүгээр захирамжаар албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаагаар 10 хувь бууруулах сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан сахилгын зөрчил гаргасан... гэж заасан байна.

Дээрх тушаалын хавсралтаас үзэхэд нэхэмжлэгч Ж.М-д бус харин тус сургуулийн Д.Оюунцэцэг гэх хүнд арга хэмжээ авсан нь тогтоогдсон гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж зохицуулсан байдаг.

Хариуцагч нь нэхэмжлэгч Ж.М-гийн гаргасан сахилгын зөрчлийг тухайн үед шалгасан талаарх материал, сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэх тухай хуралдаан зохион байгуулж хэлэлцсэн хурлын тэмдэглэл, энэ талаар зөрчил гаргагчид мэдэгдсэн эсэх, түүнээс тайлбар авсан зэрэг баримтыг шүүхэд ирүүлээгүй байх ба сахилгын шийтгэл ногдуулсан тухай Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017.12.28-ны өдрийн А/510 дугаартай захирамжийг нэхэмжлэгч Ж.М-д гардуулан өгөх буюу түүнд мэдэгдэх арга хэмжээ авснаа шүүхэд хуульд заасан үүргийнхээ дагуу нотлоогүй, энэхүү захирамжийг нэхэмжлэгчийг ажлаас халсан тухай тушаалын үндэслэлд заагаагүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

Хариуцагч талаас шүүхэд нотлох баримт болгон ирүүлсэн захирлын ажлын чиг үүргийн талаарх ажлын байрны тодорхойлолтод нэхэмжлэгчийн нэр заагдаагүй бөгөөд уг тодорхойлолтыг маргаан үүссэнээс хойш буюу 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр баталгаажуулалт хийсэн байх тул энэ баримтыг шүүх үнэлэх боломжгүйгээс Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газраас болон Пийк Ом Аудит ХХК-ийн хийсэн аудитаас илэрсэн зөрчлийг нэхэмжлэгч Ж.М- шууд хариуцах эсэх нь тодорхойгүй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийг хуульд заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэсэн ойлголтод хамруулан ажлаас халсан нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэх баримт тогтоогдоогүй болно.

Иймээс нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, мөн хөдөлмөрийн гэрээ, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч, соёлын байгууллагын дарга нарын мөрдөх сахилгын дүрэмд заасан хөдөлмөрийн гэрээ цуцлах ноцтой  зөрчил гаргасан  гэж үзэх үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ гэж хуульд заасны дагуу үнэлсэн байх тул хариуцагчийн “Төрийн аудитын газрын актын хууль зүйн үндэслэлд үнэлэлт дүгнэлт өгч хянах эрх иргэний хэргийн шүүхэд олгогдоогүй” тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай гомдлыг хангах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэг авагдсан нотлох баримтыг зөв, ач холбогдолтой талаас нь үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул гомдлыг хүлээн авахгүйгээр шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлого болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1011 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  98.450 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

 

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                     Л.АМАРСАНАА

                                                                                                                      С.ОЮУНЦЭЦЭГ