| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0164/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/159 |
| Огноо | 2024-09-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,
Улсын яллагч Д.Ганцэцэг,
Шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ***** аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б овгийн Ж-гийн Д-д холбогдох ************* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ***** аймгийн ***** суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт ***** аймгийн ***** сумын **** багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ***** регистрийн дугаартай, Б овгийн Ж-гийн Д,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Д нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ***** аймгийн ***** сумын **** багт байрлах Монгол элсний тусгай хамгаалалтын газар буюу О.Б-гийн ажпын байран дээр ирж О.Б-г өөрт нь пиво авч өгсөнгүй гэх шалтгаанаар биед нь халдан зодож түүний биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн 2-р хурууны өндөг, 3-р хурууны өндөгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ж.Д нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр **** аймгийн **** сумын ***** багт байрлах Монгол элсний тусгай хамгаалалтын газар буюу О.Б-гийн ажпын байран дээр ирж О.Б-г өөрт нь пиво авч өгсөнгүй гэх шалтгаанаар биед нь халдан зодсон үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримтын улмаас шүүгдэгч Ж.Д нь О.Б-гийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн 2-р хурууны өндөг, 3-р хурууны өндөгт шарх гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Д гэм буруутай болох нь:
1.Хохирогч О.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн өдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн орой 7 цагийн үед ажил дээрээ тайлан тооцооны ажпаа хийж байхад гаднаас Д, Ө нар орж ирээд Д даргын өрөөний хаалгыг татчихаад миний ажлын өрөөнд орж ирээд дарга Ү-г асуухад нь би дарга байхгүй хөдөө ажпаар явсан гэж хэлэхэд утас руу залгаад өг гэхээр нь би дарга Ү рүү залгаад утсаа өгсөн. Д, Ү-тэй ярьж дуусаад чи надад 2 пиво авч өг гэхээр би яасан юм, юу болсон юм бэ? гэхэд пиво уумаар байна пиво авч өгөхгүй бол би чамайг зодно гээд дайраад байхаар чи одоо яв ингэж болохгүй гэж хэлэхэд намайг заамдаж аваад ширээний хажуу тал руу түлхээд эхлээд цээж хэсэг рүү, дараа нь толгойгоор хана руу мөргүүлж, гараараа толгой руу цохиж эхэлсэн. Би Д-г чи болиоч гэхэд болихгүй байсан. Ө-г Д-г салгаач гэхэд Д Ө-г чи зайл пизда минь гээд ойртуулахгүй байсан. Намайг буланд шахчхаад зодоод байхаар нь би эгч О.Г рүү залгаад намайг хүн зодоод байна, цагдаа аваад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Тухайн үед миний биед гэмтэл учирсан байсан. Зүүн гарын хоёр хуруунд оёо тавиулсан. Зүүн талын нүд хөхөрч толгой хавдсан байсан. Тухайн гэмтлийг Д гар хөлөөрөө цохиж учруулсан. Тухайн үед Д-гийн биед гэмтэл учраагүй байсан. Би Ж.Д-г цохиогүй. Ж.Д намайг гараад ир гэж хэлээд татахдаа шилэн ширээн дээр унаад ширээний шилэн тавцан хагарсан. Тухайн үед биед ямар нэгэн гэмтэл байгаагүй. Тухайн зодоон болох үед нэг шилэн тавцантай ширээний шилэн тавцан хагарсан. Тухайн ширээний үнэлгээг гаргуулах шаардлага байхгүй. Ж.Д янзалж өгсөн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ж.Д тухайн үед согтуу байх шиг байсан. Бид хоёрын дунд хэрүүл маргаан болж байгаагүй. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Ж.Д надад эмчилгээний зардал гаргаж өгнө гэсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-41 хуудас/,
2.Гэрч Л.Ө-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...ороход Т ах байхгүй О.Б ах ганцаараа байж байсан. Ж.Д Т ах хайчсан юм бэ гээд О.Б ахаар Т ах руу залгуулаад Т ахтай яриадах пиво аваад өгөөч гэж ярьж байсан. Т ах би *** суманд байна. Чи Б-гээр авхуулчих гэж хэлэх шиг болсон. Ярьж дуусгаад Б ах таныг пиво аваад өг гэж байна гээд Ж.Д О.Б ахад хэлэхэд О.Б ах юу яриад байгаа юм чи гээд уурласан чинь Ж.Д та бас яагаад байгаа юм бэ? гээд маргалдаж байгаад барьцалдаад авахаар нь би очоод Ж.Д-г барьж аваад боль хоёулаа явъя би чамд пиво аваад өгье гэсэн чинь чамаар авхуулахгүй энүүгээр авхуулна гээд О.Б ах авч өгөхгүй гээд хэрэлдээд байсан. Тэгээд тэр 2 зодолдоод эхлэхээр нь би Д-г татаад гаръя гээд миний үгэнд ороогүй. Тэгээд над руу ээж залгаад утсаар ярьчхаад ороод ирэхэд цагдаа ирсэн байсан. Тухайн үед О.Б ажил дээрээ байсан болохоор архи уугаагүй байсан. Ж.Д архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
3.Гэрч О.Г-г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Цагдаа дуудчихаад тусгай хамгаалалтын газарт дүү дээрээ очиход Ж.Д, О 2 тусгай хамгаалалтын газраас миний өөдөөс гарч ирээд Ж.Д танай дүүг пиво авч өг гэсэн чинь авч өгч чадахгүй болохоор нь би зодчихлоо гэж хэлэхээр нь чи яаж байгаа юм бэ? архи уугаад тасарчихсан юм уу гэж хэлчхээд яваад дүү дээрээ очиход дүү О.Б-гийн гар хөл цус болчихсон хамраас нь цус гарсан байдалтай байсан. Гар болон хамраас нь цус гоожсон царай нь улаан хүрэн болсон байсан. Тархины ар талд өвдөөд байна гээд толгойгоо бариад сууж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
4.2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 214 дугаартай ***** аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч Т.Алтайбаатарын “...Иргэн О.Б-гийн биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн 2 дугаар хурууны өндөг, 3 дугаар хурууны өндөгт шарх, зүүн гарын алга, цээжний баруун тал, зүүн шуунд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. О.Б-гийн биед учирсан зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн 2 дугаар хурууны өндөг, 3 дугаар хурууны өндөгт шарх гэмтэл нь тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/” гэх мэдүүлэг, /хх-ийн 37-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Д-гийн хохирогч О.Б-гийн биед халдаж зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч Ж.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 дугаар хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.Д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ж.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд хохирлын баримт гаргаж өгөөгүй.
Хохирогч О.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоолгохгүй” /хх37/ гэсэн бөгөөд иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 361,256 төгрөгийг төлсөн /хх86/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд 361,256 (Гурван зуун жаран нэгэн мянга хоёр зуун тавин зургаа) төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36,10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн Ж-гийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-д 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Ж.Д-д мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд 361,256 (Гурван зуун жаран нэгэн мянга хоёр зуун тавин зургаа) төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР