| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 500/2020/0002/Э |
| Дугаар | 2020/ДШМ/1258 |
| Огноо | 2020-09-29 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Энхболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2020/ДШМ/1258
Г.З-, С.Б- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Энхболд,
яллагдагч, хохирогч Г.З-, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,
яллагдагч, хохирогч С.Б-, түүний өмгөөлөгч Ө.Оргил, С.Дэлгэрмаа,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЗ/1391 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Энхболдын бичсэн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 51 дугаартай эсэргүүцлээр Г.З-, С.Б- нарт холбогдох эрүүгийн 1910028010474 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Г.З-, 1981 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 7, оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
2. С.Б-, 1976 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 4, оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
Г.З- нь 2019 он 11 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэцээ гүн хотхон дотор хохирогч С.Б-той маргаж, улмаар түүний эрүүл мэндэд халдаж “зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, духны цус хуралт, зүүн талын нүдний ухархайн доод, дотор ханын хугарал, зүүн талын cribriform plate-н хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
С.Б- нь 2019 он 11 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэцээ гүн хотхон дотор хохирогч Г.З-той маргаж, улмаар түүнтэй зодолдож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, дух зулайн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.З-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, С.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14316 дугаартай дүгнэлтэд “Хохирогч С.Б-ийн биед зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, духны цус хуралт, зүүн талын нүдний ухархайн доод, дотор ханын хугарал, зүүн талын cribriform plate-н хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан...” гэжээ. Хохирогч С.Б- нь дээрх шинжээчийн дүгнэлт гарснаас хойш буюу 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эмнэлэгт хэвтэж, улмаар 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр ухархайн доод ханын цөмөрсөн хугарал гэмтлийн улмаас мэс засалд орсон ба дээрх гэмтэл авснаас хойш хохирогчийн зүүн нүдний булчингууд хэвийн ажиллахгүй, зүүн нүдний хараа буурсан талаарх эмнэлгийн баримт ирүүлжээ. С.Б-ийн өвчний түүхэнд бичигдсэнээр үндсэн онош: ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, дагалдах онош: зүүн талын шүүрсэн ялтасны хугаралтай гэжээ. Шинжээч эмч Ж.Ганцэнгэл нь хохирогч С.Б-ийн “зүүн талын cribriform plate-н хугарал” буюу гавал ясны жижиг хугарал гэж тайлбарласан. Гэтэл хохирогчийн өвчний түүхэнд үндсэн онош: ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, дагалдах онош: зүүн талын шүүрсэн ялтасны хугаралтай гэжээ. Дээрх байдлаас үзвэл шинжээчийн 14316 дугаартай дүгнэлт нь эргэлзээтэй байх тул мэс заслын болон нүдний нарийн мэргэжлийн эмч нараас оролцуулан бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дахин дүгнэлт гаргуулах нь зүйтэй...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор П.Энхболд тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14316 дугаартай дүгнэлтэд “...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ГССҮТ-ийн үзлэгт: тархи доргилт, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн ханын хугарал, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн толгойн КТГ-д: зүүн талын нүдний ухархайн доод хананд дотогшоо хоншоорын хөндий рүү цөмөрч орсон босоо тэнхлэгт 2,1х1,0 см хэмжээтэй хугаралтай ба гайморын хөндийд +70Н нягтралтай цустай байна. Зүүн нүдний ухархайн дотор ханын 6х8 мм хэмжээтэй хугаралтай, зүүн элэгийн арын хөндийд бага хэмжээний +70Н нягтралтай цустай байна. Зүүн талын cribriform plate-д бага зэргийн дотогшоо цөмөрсөн хугарлын шугамтай, ... шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэжээ. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 2.3.1-д “гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар заасан байна. Хэрэгт авагдсан баримтаар, хэрэг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны орой гарсан, хохирогч С.Б-, Г.З- нар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргасан, мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ариунболд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр С.Б-, Г.З- нарын биед шинжээч томилж, С.Б-ийн дүгнэлт мөн өдрөө, Г.З-гийн дүгнэлт 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр гарсан, мөн хохирогч, гэрч нарын мэдүүлгээр С.Б-, Г.З- нарын гэмтэл тухайн цаг хугацаанд учирсан үйл баримт тогтоогдож байх тул шүүгчийн захирамжид дурдсан дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулж шаардлагагүй гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
Яллагдагч, хохирогч С.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэмтэж компьютер томографийн онош тавиулсан. Гэтэл зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн талын шүүрсэн ялтасны хугарал буюу гавал ясны суурийн хугаралтай гэж оношлогдсон. Түүнээс гадна эмнэлэгт хэвтэх үед миний хамар залгиураар тархи нугасны шингэн залгигдаж одоо хүртэл зогсохгүй байгаа. Гуравдугаар эмнэлэгт яаралтай журмаар хэвтээд нүдний хагалгаанд орох болоход тархи нугасны шингэн тогтохгүй бол давхар тархины хатуу, зөөлөн бүрхүүлийг нөхөх хагалгаатай хамтарч нүдний хагалгаа хийнэ гэсэн. Гэтэл тархи нугасны шингэн гоожилт зогсоогүй, тархины хагалгаанд ороогүй. Гэхдээ тэр явдлаас хойш би тодорхой зовиуртай үлдсэн. Зүүн талын хамрын угалзны зүүн хэсэг, зүүн үүдэн шүдний тал хэсэг мэдээгүй, хагалгаа хийлгэснээс хойш зүүн нүдний хараа муудаж 10 хувийн бууралттай байсан. Хавар хяналтад ороход нүдний эмч зөвлөгөөнөөр оруулж шаардлагатай бол давтан хагалгаанд оруулна гэсэн. Гавал ясны суурийн хугарал гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж үзэж байгаа. Хэдийгээр прокурор шүүх хуралдаанаар хэлэлцэж хэргийг тогтооё гэж байгаа боловч шүүгч гэмтлийн зэрэг тогтоодоггүй учир шүүх хуралдаанаас өмнө өөрийн эрүүл мэндийн хохирлыг үнэн зөвөөр тогтоолгох хүсэлтэй байна.” гэв.
Яллагдагч, хохирогч Г.З- тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.
Яллагдагч, хохирогч С.Б-ийн өмгөөлөгч Ө.Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шинжээчийн дүгнэлтэд “зүүн талын cribriform plate-н хугарал” буюу гавал ясны жижиг хугарал гэж тогтоогдсон. Үүнийг 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Ганцэнгэлээс мэдүүлэг авсан тэмдэглэлд “cribriform plate” гэдэг нь гавал ясны суурь жижиг хугарал гэж тайлбарласан. Энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т “гавлын төвтэй ба суурь ясны хугарал”, үүнд гавлын орой, дух, зулай, чамархай, дагз, суурь яс, өмнө, дунд ар ховдлын эрвээхийний хугарал, заадсан ясны хугарал зэрэг хамаарна” гэж заасны энэхүү С.Б-т учирсан гэмтэл нь гавлын ясны өмнө хонхрын хугаралд хамаарахаар мэргэжлийн эмч тодорхойлдог. Иймээс гавлын ясны суурь хугарал, мөн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.3-т гэмтлээс үлдсэн уршиг өнөөдрийг хүртэл арилаагүй байгаа зэргээс үзэхэд С.Б-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэдэгт хамаарах эсэх нь эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана гэсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Яллагдагч, хохирогч С.Б-ийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нүдний хараа муудах үйл явц хагалгаанаас хойш болдог үйл явц тул үүнд гэмтлийн зэрэг тогтоох ёстой гэж үзэж байна. Мөн гэмтлийн зэрэг тогтоох шалгуур шинжээр нүдний хараа гэмтлээс өмнө 0,8 байсан бол гэмтлээс хойш үлдэц нь 0,5 болж буурсан. Гэмтлийн шалгуур шинжээр “cribriform plate” буюу гавлын суурь ясны хугарал нь өвчний түүх зэргээс харахад өмнөх хэсэгт байрлана. Энэ хонхор хэсэгт байрлах хугарал нь дараагийн үйл явцаас хамаарч дахин хагалгаанд орох эсэх асуудал үүснэ. Тэгэхээр гэмтлээс үүссэн хор уршиг арилаагүй байгааг харгалзан үзнэ үү. Хэрэг болсноос хойш 10 сарын хугацаа өнгөрсөн байгаа ч хохирогчийн эрүүл мэндэд үүссэн уршгийг дахин тогтоох шаардлагатай. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед дахин шинжээч томилуулах хүсэлт тавьсныг шүүх харгалзан хэргийг прокурорт буцаасан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
Яллагдагч, хохирогч Г.З-гийн өмгөөлөгч С.Соронзонболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Учир нь, С.Б- 2019 оны 11 дүгээр сарын 29-ий өдөр компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн байдаг. Тухайн шинжилгээгээр түүнд учирсан бүх гэмтлүүдийг тогтоосон. Үүний дагуу Гуравдугаар эмнэлэгт хагалгаанд орсон байдаг. Гарах үеийн эмчийн дүгнэлтэд хагалгаа амжилттай, хүндрэлгүй, нүд хэвийн ажиллаж байгаа гээд дусаагуур бичиж өгсөн. Үүнээс хойш С.Б- дахин эмнэлэгт хандсан, компьютер томографийн шинжилгээ нэмж хийлгэсэн гэх баримт хэрэгт байдаггүй. Тиймээс Шүүх эмнэлгийн шинжээч нар анхны шинжилгээний баримтад тулгуурлаж дүгнэлтээ гаргасан тул эргэлзээтэй зүйл байхгүй гэж үзэж байна. Нүдний хараа муудсан, аманд нугасны ус залгигдсан гэж ярьж байгаа боловч энэ талаар баримт хэрэгт байхгүй, үндэслэлгүй. Зөвхөн цаг хугацаа хожих гэсэн санаа гэж үзэж байна. Иймд гэм буруугийн хуралдааныг яаралтай хийх шаардлагатай гэж үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Г.З-г 2019 он 11 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэцээ гүн” хотхон дотор хохирогч С.Б-той маргаж, улмаар түүний эрүүл мэндэд халдаж “зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, духны цус хуралт, зүүн талын нүдний ухархайн доод, дотор ханын хугарал, зүүн талын cribriform plate-н хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
С.Б-ийг 2019 он 11 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэцээ гүн” хотхон дотор хохирогч Г.З-той маргаж, улмаар түүнтэй зодолдож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, дух зулайн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгч хэргийг хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх явцад талуудын гаргасан хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсны үр дүнд “...хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүх эмнэлгийн шинжээчийн 14316 дугаартай дүгнэлт дэх өвчний онош эргэлзээ бүхий байх тул мэс заслын болон нүдний нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дахин дүгнэлт гаргуулах нь зүйтэй. ...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээтэй холбогдсон асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл С.Б-, Г.З- нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шинжээчийн дүгнэлт дэх өвчний оноштой холбогдсон эргэлзээ бүхий асуудлыг тодруулах зорилгоор шинжээчийг оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус заасан “хэргийг прокурорт буцаах” заалтууд нь шүүхийн онцгой бүрэн эрх бөгөөд нэг ойлголт мэт боловч анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, цаг хугацаа, хянан шийдвэрлэх журмын хувьд тус тусдаа хуулийн зохицуулалт болно.
Анхан шатны шүүхийн шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор ... дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана:”, мөн зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ.” гэж тус тус заасныг баримтлан талуудын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлон явуулж, улмаар хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус давхар баримталсан нь төдийлөн зохимжгүй болсныг цаашид анхаарвал зохино.
Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, С.Б-, Г.З- нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЗ/1391 дугаартай захирамжийг хүчингүй болгож, С.Б-, Г.З- нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас дахин хянан хэлэлцүүлэх хүртэл С.Б-, Г.З- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН