| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 101/2024/01178/И |
| Дугаар | 001/ХТ2025/00118 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2025/00118
Ж.Ч-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Батзориг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/00270 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2025/00498 дугаар магадлалтай
Г.В Улаанбаатар хотын салбарт холбогдох
2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 146к тоот тушаалыг хүчингүй болгуулж, цалин болон ээлжийн амралтын олговрын зөрүү 8,709,106 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Ч нь хариуцагч Г.В Улаанбаатар хотын салбарт холбогдуулж 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 146к тоот тушаалыг хүчингүй болгуулж, цалин болон ээлжийн амралтын олговрын зөрүү 8,709,106 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/00270 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.В Улаанбаатар хотын салбараас 8,221,852 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ч-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 487,254 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Ч-ын 2023 оны 06 сараас 2024 оны 10 сарын 16-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бүртгэл хийхийг хариуцагч Г.В Улаанбаатар хотын салбарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.В Улаанбаатар хотын салбараас улсын тэмдэгтийн хураамжид 146,499 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ч-т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197,447 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2025/00498 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/00270 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч Г.В Улаанбаатар хотын салбарын 2023 оны 05 сарын 16-ны өдрийн 146к тоот тушаалыг хүчингүй болгуулах, цалин болон ээлжийн амралтын олговрын зөрүү 8,709,106 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Ж.Ч-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь уг хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасныг зөрчиж хэргийг зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаж, нотлох баримтыг буруу үнэлж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг буруу тодорхойлсны улмаас нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг ноцтой зөрчсөн, энэ талаар хуулийг зөрүүтэй хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Ж.Ч нь хариуцагчид холбогдуулан анх шүүхэд 2024.01.29-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн 2023.05.16-ны өдрийн “Ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай” 146к тоот тушаалыг хүчингүй болгуулах, цалин бууруулсан хугацааны цалингийн зөрүү 4,000,000 төгрөг, 2023.07 сарын дутуу олгогдсон 5 өдрийн цалин 250,000 төгрөг, нийт 4,250,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс 2024.12.02-ны өдөр нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулан, нэмэгдүүлж дээрх шаардлагын 250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, 2023.06.01-2024.10.01-ний өдрийг хүртэлх цалингийн зөрүү 8,121,136 төгрөг /16 сар * 507,571 төгрөг/, 2024.10.01-2024.10.16-ны өдрийг хүртэлх 16 өдрийн цалингийн зөрүү 365,534 төгрөг, 2024 оны ээлжийн амралтын цалингийн зөрүү 222,436 төгрөг, нийт 8,709,106 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 487,254 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 8,221,852 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсгийг үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү хэмээн дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Магадлалын хянавал хэсэгт хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянасан гэж бичсэн нь давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэсэн ИХШХШТХ-ийн 166.4-т заасныг зөрчсөн. Магадлалд “Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацааг буруу тодорхойлж, шаардлага гаргах эрхтэй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2, 154.2.2-т нийцээгүй, мөн хариуцагчийн 2023.05.16-ны өдрийн 146к тоот “Ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай” тушаалаар нэхэмжлэгч Ж.Ч ын гүйцэтгэх ажил үүрэг 1.5 орон тоо байсныг 1.0 орон тоо болгон өөрчилж, цалинг 1,522,712 төгрөгөөс 1,015,141 төгрөг болгон бууруулж, энэхүү шийдвэрийг 2023.06.02-ны өдрөөс хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ талаар өмнө нь нэхэмжлэгчид 2023.05.11-ний өдөр “Хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчлөх тухай” мэдэгдэх хуудсаар танилцуулсан" гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2, 154.2.1, 154.2.2-т хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх гомдол гаргах хугацааг заасан байх ба хуулийн 154.2-т маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гомдол гаргах хугацааг тоолохоор заасан буюу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэсэн ерөнхий зохицуулалтыг хуулийн 154.2.1 болон 154.2.2-т ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан /мэдсэн/ өдрөөс хойш гомдол гаргах хугацааг тоолох хуулийн нарийвчилсан зохицуулалттай байна. Түүнээс Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.1-д ажил олгогчийн шийдвэрийг ажилтан хүлээн авснаар мэдсэн, мэдэх ёстой байсан, хуулийн 154.2.2-т заасныг зөвхөн ажилтанд мэдэгдсэн байх, мэдэх ёстой байсан гэдэг тусгай шаардлагыг заагаагүй гэж ойлгож байна. Түүнчлэн, Иргэний хуулийн 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасан байдаг. Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 52.1, 118.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “... 2023.06.02-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлд өөрчлөлт оруулж, слесарийн албан тушаалын 1.0 орон тоонд ажлын цагийг тогтоох агуулга бүхий “Хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчлөх тухай” мэдэгдэх хуудсыг 2023.05.11-ний өдөр нэхэмжлэгч Ж.Ч-т өгсөн ба уг мэдэгдэл ажил олгогчийн албан ёсны шийдвэр, тушаал биш юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 118.1-д “ажил олгогч нийт ажилтны цалин хөлсний хэмжээг хамтын гэрээний дагуу өөрчлөх тухай шийдвэрийг мөрдөж эхлэхээс 10-аас доошгүй хоногийн өмнө нийт ажилтанд мэдэгдэж, ажилтны хүсэлтээр хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулна”, 52.1-д “Талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж болно” гэж заасан боловч хамтын гэрээнд өөрчлөлт ороогүй, нийт ажилтны цалин хөлсний хэмжээг өөрчлөөгүй, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулаагүй болохыг 2 шатны шүүх зөв дүгнэсэн.
Харин хариуцагч мэдэгдлийг ажилтанд танилцуулснаас хойш 5 хоногийн дараа буюу 2023.05.16-ны өдөр “Ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай” 146к тоот тушаалыг бичгээр гаргасан байх боловч 2023.11.29-ний өдрийг хүртэл нэхэмжлэгчид огт танилцуулаагүй, гардуулаагүй. Тушаалыг нэхэмжлэгчид гардуулсан, мэдэгдсэн талаар хариуцагчийн зүгээс нотолж чадаагүй бөгөөд нэхэмжлэгч уг тушаалын агуулга, нэр, огноог анх хариуцагчийн 2023.11.29-ний өдрийн өргөдлийн хариунаас мэдсэн ба энэхүү хугацаанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.2-т заасан 90 хоногийн хугацаанд дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд 2024.01.24-ний өдөр гомдол гаргаж, 3 талт хорооны шийдвэрийг эс зөвшөөрч мөн хуулийн 154.8-д заасан 10 хоногийн хугацаанд шүүхэд гомдол гаргасан билээ. Нэхэмжлэгч Ж.Ч хариуцагчийн мэдэгдлийг хүлээн авсан ч мэдэгдэлд цалин хөлсний хэмжээнд өөрчлөлт оруулах тохиолдолд ажилтны хүсэлтийг харгалзан, мөн ажилтантай харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах хуулийн зохицуулалтыг заасан байсан тул нэхэмжлэгчийн зүгээс нийт ажилтны цалинд өөрчлөлт орж байгаа юм байна, нэмж слесарь авч миний ажлын ачааллыг бууруулж байгаа юм байна, цалин хөлсийг надтай тохиролцож хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах юм байна, албан ёсны шийдвэр тушаал гарна гэсэн итгэлээр хүлээцтэй хандаж ирсэн. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэхдээ ажилтан 2023.10.26-ны өдөр ажил олгогчид хандан албан ёсоор хариу авах буюу тушаал, шийдвэр гаргуулах өргөдлийг өгсөн, хариуг 2023.11.29-ний өдөр өгсөн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Мөн анхан шатны шүүх ажил олгогчийн 2023.05.16-ны өдрийн 146к тоот тушаал нь “Ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай” гэх нэршилтэй боловч өөр ажилд шилжүүлээгүй, ажилтны цалин хөлсийг бууруулсан агуулгатай учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.2-т заасан 90 хоногийн хугацаанд гомдол гаргасан нь гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна гэж үндэслэл бүхий дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх “Нэхэмжлэгчид 2023 оны 6 сарын цалинг бүтэн олгосноор нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, гомдол гаргах эрхийг 2023.07.01-ний өдрөөс эхлэн тоолох ёстой, үүнээс 90 хоногийн дотор буюу 2023.09.28-ны өдөр гомдол гаргах хугацаа дууссан, нэхэмжлэгч хариуцагчтай тохиролцохоор чармайлт гаргасан нь амжилтгүй болсон, энэ хугацаанаас гомдол гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн мэтээр дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтуудыг бүрэн дүүрэн судалж, үнэлээгүй, хэргийг зөвхөн гомдлын хүрээнд хянасан нь тодорхой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.1-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй гэж заасан ба ажилтан Ж.Ч энэ үүргээ хэрэгжүүлснийг шүүх буруутгах үндэслэлгүй, харин өргөдлийн хариуг хариуцагч хуулийн хугацаа хэтрүүлэн өгсөн. Хариуцагчаас гарган өгсөн 2023.06 сарын цалингийн тооцооны хуудсаар 6-р сарын цалинг 1,015,141 төгрөгөөс тооцон суутгалуудыг хийж 2023.06.15-ны өдөр 418,280 төгрөг, 2023.06.30-ны өдөр 404,280 төгрөг, нийт 822,280 төгрөгийг цалинд шилжүүлсэн гэх боловч нэхэмжлэгч Ж.Ч ын дансанд 2023.06.30-ны өдөр цалин гүйлгээний утгаар 1 удаа 2,272,326 төгрөг олгосон байна. Мөн хэрэгт авагдсан хариуцагчийн 2023.06.19-ний өдрийн 190к тоот “Ажилтнуудад ээлжийн амралт олгох тухай” тушаалын дагуу нэхэмжлэгч Ж.Ч нь 2023.07.10-2023.08.23-ны өдрийн хооронд ээлжийн амралтаа авч амарсан ба 2023.07, 08 сарын цалин хуучин буураагүй цалин болох 1,522,712 төгрөгөөс тооцон бодож 2023.07 болон 2023.08 сард тус тус хуваан олгосон байдаг.
Түүнээс гадна, хариуцагчаас нэхэмжлэгчийн 2023 оны 07, 08 сарын цалинг бодохдоо ээлжийн амралтын цалин дээр ээлжийн амралт авахаас өмнө ажилласан 5 хоногийн хугацааны цалин, мөн 8 сард амралтаа эдлээд орж ирсний дараа ажилласан 4 хоногийн цалинг бууруулаагүй хуучин цалингаас бодож ажилтанд олгосон байгаа нь нэхэмжлэгчийн эрх 2023 оны 06-08 сард зөрчигдсөн гэж үзэхээргүй байх ба давж заалдах шатны шүүх үүнийг анхаараагүй. Харин 2023 оны 09 сард цалинг олгохдоо буурсан 1,015,141 төгрөгөөс
бодож 2023.09.15, 2023.09.29-ний өдөр хоёр хуваан олгосон тул нэхэмжлэгч 2023.10.26-ны өдөр хариуцагчид хандан цалинг нөхөж олгох, албан ёсны хариу буюу тушаал шийдвэр гаргуулахаар өргөдөл гаргасны хариуг 2023.11.29-ний өдөр өгсөн, энэ хугацаанаас гомдол гаргасан нь Иргэний хуулийн 76.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.2-т заасан хугацааны дотор гомдол гаргасан нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Мөн Давж заалдах шатны шүүх “Нэхэмжлэгч 2023.06 сараас 2023.10.16-ны өдрийг хүртэлх цалинг нэхэмжилсэн учир гомдол гаргах хугацааг сар тус бүрээр нь өөрөөр тооцох учиртай гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн цалингийн зөрүү нэхэмжилсэн хугацааг нийт 4 сарын цалингийн зөрүү гэж нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсны улмаас нэхэмжлэгч 2024.01.24-ний өдөр БЗД-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороонд гомдол гаргаснаас өмнөх 90 хоногийн хугацаанд нэхэмжлэгчийн цалин хөлсний зөрүүг шаардаж буй хугацаа хамаарч байгаа эсэхийг тодорхойлоход уг хугацаа 2023.10.26-ны өдрөөр хязгаарлагдаж байна гэж хөөн хэлэлцэх хугацааг мөн буруу тодорхойлсон байна.
Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлсэн шаардлагыг анхааралгүй нэхэмжлэлийн шаардлагыг дутуу үнэлсэн нь хэргийг бүхэлд нь хянах үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч 2024.12.02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2023.06 сараас 2024.10.16-ны өдрийг хүртэлх цалин буюу нийт 16 сар 16 хоногийн цалин нэхэмжилсэн байхад 2023.06-2023.10.16-ны өдрийг хүртэл 4 сарын цалин цалингийн зөрүү нэхэмжилсэн гэж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.03.24-ний өдрийн 00498 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2025.01.17-ны өдрийн 00270 дугаартай шийдвэрээр хариуцагчаас нийт 8,221,852 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.05.22-ны өдрийн 001/ШХТ2025/00530 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч Ж.Ч нь хариуцагч Г.В Улаанбаатар хотын салбарт холбогдуулан 2023.05.16-ны өдрийн 146к тоот тушаалыг хүчингүй болгуулах, цалингийн зөрүү 4,000,000 төгрөг гаргуулах, 2023 оны 7 сард дутуу олгогдсон 5 өдрийн цалин 250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... 146к тоот тушаалыг хүчингүй болгуулах, цалингийн болон ээлжийн амралтын олговрын зөрүү 8,709,106 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэлд зохих өөрчлөлт хийхийг хариуцагчид даалгах гэж өөрчилсөн байна. Тэрээр шаардлагынхаа үндэслэлийг “...би энэ сургуульд 2008 оноос ажилласан. 2016 онд ажлын ачааллыг 1.5-аар тогтоон хөдөлмөрийн гэрээнд 01/16 нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэтэл 2023.05.11-ний өдөр гэрээний нөхцөл өөрчлөх "Мэдэгдэх хуудас"-аар цалинг бууруулахаар мэдэгдсэн нь хууль зөрчсөн үйлдэл юм. Цалин бууруулсан үндэслэл, тайлбарыг хүлээсээр захиргаанд 2023.10.26-ны өдөр гаргасан өргөдлийн хариуг 2023.11.29-нд өгөхдөө “...2023.05.16-ны 146к тоот тушаалаар слесарийн 1.5-аас 1.0 рүү шилжүүлсэн” гэсэн. Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан. Түүнчлэн гэрээний нөхцөлийг өөрчлөх тухай мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзсан гэж сахилгын шийтгэл ногдуулсан ба мөн өдрөө "Ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай" 146к дугаартай тушаал гаргасан болохыг хариуцагчийн шүүхэд өгсөн баримтаас үзэж танилцсан. Ажил олгогчийн хууль зөрчсөн үйлдлээс болж цалин орлогоороо хохирсон” гэсэн агуулгаар тайлбарласан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “... ажилтны гурван талт хороонд гаргасан гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. 2016 онд 01/16 нэмэлт гэрээг байгуулахдаа урьдчилан мэдэх боломжгүй, яаралтай гүйцэтгэхгүй бол салбарын хэвийн үйл ажиллагаанд хохирол учруулж болзошгүй сантехникийн шугам хоолойн гэмтэл доголдлыг арилгахад чиглэсэн хойшлуулшгүй ажлыг, ажлын бус цагт буюу шөнийн цагт гүйцэтгэх зорилго тавьсан байдаг. Гэвч Ж.Ч тус нэмэлт гэрээ байгуулснаас хойш шөнийн цагт цөөхөн тохиолддог сантехникийн гэмтэл, доголдлыг арилгах, хойшлуулшгүй ажилд ирж байгаагүй. Иймээс нэмэлт гэрээг дуусгавар болгосон. Ж.Ч нь 2023.04.12-нд өглөө ажилдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн сахилгын зөрчилд захирлын 2023.05.08-ны өдрийн 138к тоот тушаалаар цалин бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан. Цалин нь 1,522,712 төгрөг байсан бол 2023 оны 06 сараас эхлэн 1,015,141 төгрөг болсон. Захирлын 146к тушаал нь нэхэмжлэгчийг хохироосон зүйл байхгүй, түүнийг ажиллах ёстой 1.0 орон тоонд ажиллуулах талаар шийдвэрлэсэн болохоос, цалинг нь үндэслэлгүй бууруулсан зүйл байхгүй, өмнөх гэрээний дагуу ажиллахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэл үндэслэлгүй” гэж маргасан байна.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...ажил олгогч нь 2023.05.16-ны өдрийн 146к тоот тушаалын дагуу 2016.09.01-ний өдрийн 01/16 тоот нэмэлт гэрээгээр тохиролцсон ажлын ачааллыг 1,5-аар тооцохоор тохиролцсон хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулаагүй гэж үзэх үндэслэлтэй. Ажилтнаас ажил олгогчид 2023.10.26-ны өдөр гэрээний нөхцөл өөрчилсөн тушаал гаргуулах, цалин хөлсний зөрүүг нөхөн олгуулах хүсэлт гаргасан ба ажил олгогчийн ажилтанд өгсөн 2023.05.11-ний өдрийн мэдэгдлийг ажилтан гардан авахаас татгалзсан гэх хариуг 2023.11.29-ний өдөр өгсөн. Нэхэмжлэгч нь 2024.01.24-нд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан, тэрээр уг хороо гомдлыг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг 2024.01.26-нд авч, 2024.01.30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д нийцсэн тул нэхэмжлэгчийг гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Хариуцагч нь 2023.05.16-ны өдрийн 146к тоот тушаалыг ажилтанд гардуулан өгсөн, ингэснээр хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан гэдгийг хуульд зааснаар баримтаар нотлоогүй тул 146к тоот тушаалаар Ж.Ч-ын слесарь 1,5 орон тоог слесарь 1,0 орон тоонд ажиллуулах, цалин хөлс 1,522,712 төгрөг байсныг 1,015,141 төгрөг болгосон нь үндэслэлгүй” гэж дүгнээд, хариуцагчаас цалингийн зөрүү 8,221,852 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ээлжийн амралтын зөрүү 222,436 төгрөг, 16 өдрийн цалингийн зөрүү 264,818 төгрөг, нийт 487,254 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлөлтийн бичилтийг өөрчлөх шаардлагыг хангасан байна. Харин нэхэмжлэлийн шаардлагад заасан 2023.05.16-ны өдрийн 146к тоот “Ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай” тушаалыг “...цаашид эрх зүйн дагавар үүсгэхгүй тул түүнийг хүчингүй болгох шаардлагагүй” гэж үзжээ.
8. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “...захирлын 2023.05.16-ны өдрийн 146к тоот тушаалаар нэхэмжлэгч Ж.Ч-ын нэг сарын үндсэн цалинг 2023.06.02-ны өдрөөс эхлэн 1,015,141 төгрөг болгон бууруулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрээс өмнө мөн сургуулийн захирлын 2023.05.11-ний өдрийн 06/531 дугаартай Хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчлөх тухай мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгч Ж.Ч-т танилцуулсныг нэхэмжлэгч тухайн үед зөвшөөрөөгүй талаар зохигч тайлбарласан. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох ажилтны цалин хөлсний хэмжээнд өөрчлөлт оруулахдаа ажилтантай харилцан тохиролцсон, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймээс Ж.Ч-т 2023 оны 06 сарын цалинг бүтэн олгосноор нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу 1,522,712 төгрөг бус 1,015,141 төгрөгийн цалин олгосны зөрүүг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т заасны дагуу хариуцагчаас шаардаж гомдол гаргах эрхийг 2023.07.01-ний өдрөөс эхлэн тоолох нь хуульд нийцнэ. Энэ өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах байсан” гэж үзэн Ж.Ч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т заасан хугацааг хэтрүүлсэн, шаардах эрхээ алдсан гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн байна.
9. Анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлмөрлөх эрхийн маргаантай холбоотойгоор маргааны үйл баримт, нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах хугацааны талаар ялгаатай дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасныг өөрөөр хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
10. Талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн ба хариуцагч сургуулийн захирлын 2023.05.16-ны өдрийн 146к тоот “Ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай” тушаалаар нэхэмжлэгч Ж.Ч-ын гүйцэтгэх ажил үүрэг слесарь 1.5 орон тоо байсныг слесарь 1.0 орон тоо болгон өөрчилж, ажилтны нэг сарын үндсэн цалин 1,522,712 төгрөг байсныг 2023.06.02-ны өдрөөс эхлэн 1,015,141 төгрөг болгон бууруулахдаа тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалт баримтлаагүй байна.
11. Хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчлөх тухай 2023.05.11-ний өдрийн 06/531 мэдэгдэх хуудаст Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 118 дугаар заалтын дагуу слесарийн албан тушаалын 1,0 орон тоонд ногдохоор ажлын цагийг тогтоож болохыг тусгасан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 52.1-д “Талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж болно.” гэж, 118 дугаар зүйлийн 118.1-д “Ажил олгогч нийт ажилтны цалин хөлсний хэмжээг хамтын гэрээний дагуу өөрчлөх тухай шийдвэрийг мөрдөж эхлэхээс 10 ба түүнээс дээш хоногийн өмнө нийт ажилтанд мэдэгдэж ажилтны хүсэлтээр хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулна” гэж тус тус зохицуулсан байна.
12. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр тогтоогоогүй бол хөдөлмөрийн нормыг үндэслэлтэй тогтоох, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөж байгаа цалин хөлсний тогтолцоо, журмыг ажилтанд мэдээлэх нь ажил олгогчийн үүрэг болохыг тогтоожээ.
13. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 118 дугаар зүйлийн 118.1, 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т заасныг зөв хэрэглэсэн /Тогтоолын 7/ байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангана. Харин нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ажил олгогчийн 2023.05.16-ны өдрийн 146к тоот “Ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай” тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан алдааг хяналтын шатны шүүхээс залруулах боломжтой.
14. Нэхэмжлэгч нь “... 1,5 гэсэн орон тооноос 1,0 орон тоон дээр ажиллуулах тушаалаар цалин хөлс нь буурсан” гэж шаардлагаа тодорхойлсон. Тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн тодорхой зүйл, заалтыг үндэслээгүй байхын зэрэгцээ 2023.05.11-ний өдрийн 06/531 мэдэгдэх хуудаст Хөдөлмөрийн тухай хуулийн 52.1, 118 дугаар заалтын дагуу слесарийн албан тушаалын 1,0 орон тоонд ногдохоор ажлын цагийг тогтоож болохыг тусгасан агуулгаас үзэхэд энэ нь ажилтны хөдөлмөрийн хөлсийг бууруулан тогтоосон шинжтэй байна. Иймээс хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцон өөрчлөлт оруулаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.
Харин ажлын байрыг нэмэх болон хасах, орон тоогоо цөөрүүлэх эсэх нь ажил олгогчийн дангаараа шийдвэрлэх асуудал бөгөөд энэ тухайгаа ажилтанд хуульд заасан журмаар урьдчилан мэдэгдэх, өөр ажлын байр санал болгох, холбогдох тэтгэмж өгөх зэрэг тусдаа зохицуулалттай байдаг. Өөрөөр хэлбэл, орон тоог 1,5 байсныг 1,0 болгож байгаа шийдвэр нь ажил олгогчийн хүсэл зориг буюу орон тооны бүтцээ тогтоох эрхээ ажилтантай тохиролцон хэрэгжүүлэх ёстой байсан гэж дүгнэж болохгүй.
15. Энэ маргааны тохиолдолд ажил олгогч нь тухайн орон тоо байгууллагад хэрэгтэй эсэх тал дээр суурилаагүй буюу 2023.05.11-ний өдрийн 06/531 дугаартай Хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчлөх тухай мэдэгдэх хуудастаа Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 118 дугаар зүйлийн 118.1 дэх заалтуудыг барьснаас үзэхэд тухайн ажилтны цалинд өөрчлөлт оруулах гол хүсэл зоригтой байсан гэж дүгнэх нь зөв. Өөрөөр хэлбэл, ажилтны цалин хөлсөнд нь өөрчлөлт оруулах гэж байгаа бол хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд харилцан тохиролцох үндэслэл бий болно. Иймээс хуульд заасны дагуу ажилтантай тохиролцохгүйгээр хөдөлмөрийн хөлсийг бууруулахаар шийдвэрлэсэн ажил олгогчийн 2023.05.16-ны өдрийн 146к тоот “Ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай” тушаалыг хүчингүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.
16. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд цалин хөлс бууруулсан тухай маргаан үүссэн гэж зөв тодорхойлсон хэдий ч маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 118 дугаар зүйлийн 118.1-д зааснаар цалинг өөрчлөх тухай мэдэгдэл авсан ажилтан хуульд заасны дагуу тохиролцохыг хүлээсэн, улмаар хүсэлтээ бичгээр гаргасны хариуг авсны дараа зохих журмаар маргаан таслах байгууллага болон шүүхэд хандсан үйл баримтыг хуульд нийцүүлэн үнэлж чадаагүй байна. Түүнчлэн ажил олгогч 2023.05.16-ны өдрийн 146к тоот “Ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай” тушаалыг нэхэмжлэгчид гардуулж, танилцуулсан тухайгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байхад “...Ж.Ч-т 2023 оны 06 сарын цалинг бүтэн олгосноор нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу гомдол гаргах эрхийг 2023.07.01-ний өдрөөс эхлэн тоолно” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн гэж үзэхгүй.
17. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрт ажил олгогчийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 146к тушаалыг хүчингүй болгох өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2025/00498 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/00270 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 104 дүгээр зүйлийн 104.1, 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.В Улаанбаатар хотын салбарын захирлын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 146к тоот тушаалыг хүчингүй болгож, тус сургуулиас 8,221,852 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ч-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 487,254 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 147,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАТЗОРИГ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД