Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 45

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2017/0054/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                      Н.Болор-Уянга

Улсын яллагч                                                      Я.Сансар

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                Г.Баярсайхан

Шүүгдэгч                                                              Д.Бархаст нарыг оролцуулан

     Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Д.Бархаст холбогдох 201723000075 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1984 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 12-07 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, Хөвчийн жонон овогт Даваасүрэнгийн Бархас /РД: СЗ84111712/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллагдагчаар татах тогтоолд дурьдсанаар/

Шүүгдэгч Д.Бархас нь хувийн таарамжгүй харьцааны улмаас Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Л62-01 тоотод оршин суух иргэн Д.Батболдыг 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хэрлэн сумын 3 дугаар багт уурын зууханд ажлаа хийж байхад нь маргалдаж улмаар түлхэн унагааж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

                                                                                                                                                

                                                          ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                                                                             

           Хохирогч Д.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн: ... Тэгээд архиа ууж дуусаад манай хоёр найз яваад Бархас бид хоёр галаа түлж эхэлсэн. Галаа түлж байхад Ялалт гэдэг залуу хамт гарахаар ирсэн. Бид гурав хамт байж байхад Бархас нэг шилж архи гаргаж ирээд тэрнээс нь би гурав татаад үлдсэнг нь Бархас уусан. Тэгээд би жаахан согтоод Бархастай гал түлэх дээрээс болж маргалдсан. Тэгээд байж байтал слесерь Бат-Эрдэнэ орж ирээд градус 40 хэм байна галаа түл гэхээр нь би жижиг зуух руу очоод градус харж байсан чинь гэнэт ухаан алдаж унасан. Тухайн үед намайг Бархас боосон байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-13хуу/

         Гэрч Э.Ялалтбатын мөрдөн байцаалтад өгсөн: ...0.75 граммын тэргүүн нэртэй архи гарч ирсэн. Тэгээд Бархас ах Батболд ах бид гурав амралтын өрөөнд сууж байсан чинь Батболд ах Бархас ахыг цохих гээд дайраад агсраад байсан. Тэгэхээр нь Бархас ах чи надад гай болно шүү гээд Батболд ахыг хажуугаар нь гарахдаа мөрлөөд гарсан чинь Батболд бөгсөөрөө газар унасан. Тэгээд би араас нь гараад Бархас ах бид хоёр галаа түлчээд буцаад амралтын өрөөнд орсон чинь Батболд ах шалан дээр хэвтэж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 15-16хуу/

         Гэрч О.Бат-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: ... Батболдыг гэрээс нь очиж аваад уурын зууханд авчираад Бархастай цуг орхиод галаа түлж байгаарай гэж хэлээд тухайн өдөр ажилд гарах байсан хүмүүсээ олохоор явсан. ... орой 19 цагийн үед уурын зууханд очиж халаалтаа шалгах үед амралтын өрөөний шалан дээр Батболд унтаж байсан. ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-15хуу/

         Шүүгдэгч Д.Бархасын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэгээд намайг галаа түлэх гээд гарах гэхээр гаргахгүй барьж аваад болохгүй болохоор нь би гарч галаа түлэхгүй бол градус унчлаа гээд хажуугаар нь чихээд гарсан чинь Батболд бөгсөөрөө газар унаад суугаад үлдсэн. Тэгээд Ялалт араас гарч ирээд бид хоёр галаа түлж байгаад 1 цаг гарны дараа амралтын өрөө рүү орсон чинь Батболд газар хэвтэж байхаар нь очоод харсан чинь өмд нь нойтон шээсэн байдалтай байж байсан. Тэгэхээр нь би слесер Батболдыг дуудаж харуулаад ар гэрийнх нь хүнийг дуудахад эхнэр нь ирээд би өргөлцөж өгөөд ажлаас гаргаж өгсөн гэх мэдүүлэг.

         Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 112 дугаартай дүгнэлт:

          Д.Батболдын биед тархины доргилт, хүзүүний нугаламын баруун хөндлөн сэртэнгийн цууралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

          Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

           Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт зэрэг болно.

 

           Шүүгдэгч Д.Бархас нь хувийн таарамжгүй харьцааны улмаас Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Л62-01 тоотод оршин суух иргэн Д.Батболдыг 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хэрлэн сумын 3 дугаар багт уурын зууханд ажлаа хийж байхад нь маргалдаж улмаар түлхэн унагааж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжэлгээний албаны шинжээч эмчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

          Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгчид эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

         Хавтаст хэргийн 39 дүгээр хуудсанд “ ... Д.Батболд миний бие нь Д.Бархастай төлбөр тооцоог тохирч хохиролгүй болсон тул цаашид цагдаагийн газраар шалгах шаардлагагүй болсон тул хэргийг хааж өгнө үү гэсэн баримтыг нотариатаар батлуулж хэрэгт хавсаргуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

         Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэргийн 34 дүгээр хуудсанд авагдсан ял шалгах хуудсаар тогтоогдож байна.

          Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон хэдий ч түүний анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч сайн дураар шүүгдэгчтэй эвлэрсэн, энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар барагдуулсан байдлуудыг нь харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хөвчийн жонон овогт Даваасүрэнгийн Бархасыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бархаст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бархасыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Бархаст авсан батлан даалтын таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.МӨНХТУЛГА