Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 121

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                             Хэргийн индекс: 135/2018/00906/и

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1060 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.М-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч О.Г-т холбогдох

    

“Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч О.Г-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

 

          2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.М-, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагч О.Г-, түүний өмгөөлөгч Л.Цуурай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

 

           Нэхэмжлэгч Э.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Би О.Г-той 2013 онд танилцаад 2015 онд 6 дугаар сарын 4-ний өдөр охин Г.Тодгэрэл төрсөн. 2017 оны дундуур О.Г- гэрээсээ явсан. Г.Тодгэрэлийн төрсөн эцэг нь мөн болохыг тогтоож тэтгэлэг гаргуулахыг шаардаж байгаа. Одоо охин маань 1 нас 4 сартай. Өөрөө хүүхдээ өсгөх боломжтой гэжээ.

 

            Хариуцагч О.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            Бид 2013 оноос танилцаад 2017 он хүртэл хамт амьдарч байсан. 2015 оны 6 дугаар сарын 4-ны өдөр охинтой болсон. Анх амьдарч байхдаа өөрийнх нь төлөө л
 

 

D:\Magadlal 2018\Ariunjargal-Arvingereldoc

 

зүтгэдэг байсан. Хүүхэд төрснөөс хойш би хүүхдээ усанд оруулах, салхилуулах, угжих гээд охиноо өдөр бүр хардаг байсан... Би нэг удаа ажилд явсан хойно сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн байсан. Тэгээд хүн танихгүй хүүхдээ ч танихгүй, орондоо шээгээд ер нь дэмийрлийн байдалтай байсан. Би эхнэрээ маш их өрөвдсөн. Хүүхэд маань миний хүүхэд мөн, ээж нь хүүхдээ өсгөөд явж чадахгүй... Би хүүхдээ ирээдүйд санаа зовох зүйлгүй амьдруулмаар байна. Охин маань 3 сартайгаас эхлээд хөхнөөс гарсан. Яагаад гэвэл эх нь сэтгэцийн эм өндөр тунгаар ууж байсан...гэжээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1060 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төрсөн Г.Тодгэрэлийг эх Э.М-ын асрамжид үлдээж, хариуцагч О.Г-ын хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Г.Тодгэрэлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг О.Г-оор тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Г-оос 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.М-д, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 29.836 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч О.Г- давж заалдсан гомдолдоо:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би М-тай хамтран амьдарч байх хугацаандаа болон охиноо төрсөн цагаас эхлэн охин, эхнэр хоёроо хайр халамжаар дутаахгүй сайн сайхан амьдруулах гэж хичээж зүтгэж ирсэн. Гэтэл нэг л өдөр Э.М- сэтгэл гутрал гэх өвчнөөс болоод төрүүлсэн охиноо, эцэг эх гэр бүлийнхэн мөн намайг ч танихгүй болж эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болсон. Би өвчтэй байх хугацаанд нь аль чадахаараа асарч халамжилж охиноо ч гэсэн би сайн харж ханддаг байсныг анхан шатны шүүх харгалзсангүй... Э.М-ыг одоо биеийн эрүүл мэндийн байдал хэвийн болсон гэж эмчийн тодорхойлолтоор тогтоогдсон ч энэ нь сэтгэц болон сэтгэл гутрал гэх өвчин нь бүрэн эрүүлжсэн гэх үндэслэлгүй ...ийм хүнд охин хүүхдийг зүгээр л хүүхдийн насны байдал, төрсөн цагаасаа эхийнхээ асрамжид байсан гэх зэрэг дүгнэлтийг үндэслэн шүүх охиныг минь Э.М-ын асрамжид үлдээж миний охиноо гэх сэтгэл, төрсөн цагаас нь харж халамжилж асарч тэтгэдэг байсныг минь харгалзахгүйгээр охиныг минь эхийнх нь асрамжид үлдээсэнд би гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:


            Нэхэмжлэгч Э.М- нь хариуцагч О.Г-т холбогдуулан хүүхдийн эцгээр тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч О.Г- нь нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч, харин хүүхдийн асрамжийн талаар маргасан болно.

 

Хариуцагч О.Г- нэхэмжлэгч Э.М-д холбогдуулж хүүхдийг өөрийн асрамжинд авахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч охиноо өөрөө асрамжиндаа авна гэжээ.

 

Анхан шатны шүүх 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төрсөн Г.Тодгэрэлийг эх Э.М-ын асрамжид үлдээж, эцэг О.Г-оос хуульд заасан журам хэмжээгээр хүүхдэд тэтгэлэг тогтоож, хариуцагч О.Г-ын хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүх хуульд зааснаар хэргийг бүхэлд нь хянахад:

 

- Нэхэмжлэгч Э.М-, хариуцагч О.Г- нарын хамтран амьдарч байх үе буюу 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр охин Г.Тодгэрэл төрсөн бөгөөд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эрх бүхий бүртгэлийн байгууллагад хандаж хүүхдийг эцгээр нь овоглосон,

 

- Нэхэмжлэгч Э.М- нь 2017 оны 9 дүгээр сарын 19-нд Дархан-Уул аймгийн Сэтгэц наркологийн эмнэлэгт сэтгэл гутрал оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан талаар маргаагүй бөгөөд одоо биеийн эрүүл мэндийн байдал хэвийн болсон  үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч Э.М- нь Сонголон хайрхан ХХК-ны бетон зуурмагийн хэсэгт туслах ажилтнаар 600.000 төгрөгийн цалин хөлстэйгөөр ажилладаг болох Сонголон хайрхан ХХК-ны тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн, хариуцагч О.Г- нь хувиараа авто угаалгын газар ажиллуулдаг, сарын 1.300.000 төгрөгийн цалин орлоготой талаар тайлбар гаргасан байна.

 

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхцөл байдлын үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилсны дагуу 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дүгнэлтийг ирүүлсэн.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, охин Г.Тодгэрэлийн бага насны байдал, хүүхэд төрсөн цагаасаа эхийнхээ асрамжинд байсан, шинжээчийн дүгнэлтээр асрамжийн талаар дутагдалтай асуудал тогтоогдоогүй тул ээнэгшин дассан орчинг өөрчлөхгүйгээр эх Э.М-ын асрамжинд үлдээснийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлтийг няцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Э.М-ыг хүчирхийлэлд автаж байсан тухай хариуцагчийн гаргасан тайлбар болон давж заалдах гомдол нь хэрэг авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Э.М- нь урьд нь сэтгэл гутрал оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан боловч цаашид энэ өвчнөөр өвдөх магадлалтай гэсэн үндэслэлээр хариуцагчийн хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. 

 

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул гомдлыг хүлээн авахгүйгээр шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1060 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

 

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.НАРАНГЭРЭЛ

                                                               ШҮҮГЧИД                                     С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                     С.ОЮУНЦЭЦЭГ