Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 152/ШШ2022/00029

 

    Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

    Нэхэмжлэгч: Д ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: И ХХК-д холбогдох,

  Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 9,801,625 төгрөг, алданги 4,900,812 төгрөг, нийт 14,702,437 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г, Д, харицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Д ТӨХК-ийн гүйцэтгэх захирал А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д ОНӨААНТҮГ нь И ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээ байгуулсан. Тус гэрээнд зааснаар дулааны төлбөрийн нэхэмжлэлээ сар бүрийн 22-ны өдөр өгдөг ба тухайн дулаан хэрэглэгч байгууллага нь нэхэмжлэл хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор төлбөрийг төлж барагдуулах ёстой байдаг. Гэрээ байгуулсан цагаас хойш нийт 13,602,160 төгрөг төлөх ёстойгоо 8,500,810 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 9,801,625 төгрөгийг хугацаанд нь төлөөгүй хугацаа хожимдуулсан учир алданги 4,900,812 төгрөг, нийт 14,702,437 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд Д ТӨХК-нд учирсан гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн төлбөр 9.801.625 төгрөг, алданги 4,900,812 төгрөг, нийт 14,702,437 төгрөгийн хохирлыг И ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д ОНӨААНТҮГ нь И ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээ байгуулсан. Тус гэрээнд зааснаар дулааны төлбөрийн нэхэмжлэлээ сар бүрийн 22-ны өдөр өгдөг ба тухайн дулаан хэрэглэгч байгууллага нь нэхэмжлэл хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор төлбөрийг төлж барагдуулах ёстой байдаг. Гэрээ байгуулсан цагаас хойш нийт 13.602.160 төгрөг төлөх ёстойгоо 8,500,810 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 9,801,625 төгрөгийг хугацаанд нь төлөөгүй хугацаа хожимдуулсан учир алданги 4,900,812 төгрөг, нийт 14,702,437 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд Д ТӨХК-нд учирсан гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн төлбөр 9,801,625 төгрөг, алданги 4,900,812 төгрөг, нийт 14,702,437 төгрөгийн хохирлыг И ХХК-иас гаргуулж өгнө үү. Уг төлбөр нь И ХХК-ийн 2020 оны 12 сарын байдлаар төлөгдөөгүй төлбөр юм. 2020 оны 12 дугаар сараас хойшхи төлбөр байхгүй, төрөөс төлөгдсөн байгаа. 2018 оны тайланд үлдэгдэл 11,302,565 төгрөг байсан ба 2018 оны 8 сард 11,300,000 төгрөг төлж 2,565 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байдаг. Ингээд 2018 оны 9 дүгээр араас эхлэн өр үүсч эхэлсэн. 2020 оны 12 сарын байдлаар тооцоо гаргахад 11,501,895 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байсан ба 1,700,000 төгрөг төлөөд 9,801,625 төгрөг үлдсэн юм... гэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц миний бие дараахь тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Д-ын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д ТӨХК нь И ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дулаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсан байна. Гэрээ байгуулсан цагаас хойш 13,602,160 төгрөг төлөх ёстойгоос 8,500,810 төгрөг төлсөн, үлдэгдэл 9,801,625 төгрөг, алданги 4,900,812 төгрөг, нийт 14,702,437 төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна. 13,602,160 төгрөгөөс 8,500,810 төгрөг төлөөд 5,101,350 төгрөг үлдэх ёстой. Үүнээс үзэхэд 5,101,350 төгрөгийн үлдэгдэлтэй харагдаж байгаа хэдий ч И ХХК нь төлбөрөө төлсөн байгаа. Мөн нэхэмжлэлд дурдсан алданги 4,900,812 төгрөг нь Иргэний хуульд заасан алданги үндсэн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэх заалтыг зөрчсөн байна. Мөн 2020 оноос хойш дэлхий даяар цар тахал нүүрлэн Монгол улсын Засгийн газраас аж ахуйн нэгж байгууллагын дулааны төлбөрийг чөлөөлсөн байгаа. Тэгтэл үндэслэлгүйгээр дулаан эрчим хүчний төлбөр 14,702,437 төгрөг нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин 5,101,350 төгрөг төлөх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

     Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Д ТӨХК нь хариуцагч И ХХК-нд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 9,801,625 төгрөг, алданги 4,900,812 төгрөг, нийт 14,702,437 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь И ХХК нь 5,101,980 төгрөг төлнө. Алдангийг үндэслэлгүй үндсэн үнийн дүнгээс хэтэрсэн дүнгээр нэхэмжилсэн. Мөн 2020 оноос хойш дэлхий даяар цар тахал нүүрлэн Монгол улсын Засгийн газраас аж ахуйн нэгж байгууллагын дулааны төлбөрийг чөлөөлсөн байхад төлбөр нэхэж байгаа нь үндэслэлгүй гэж маргаж байна.

     Д ТӨХК, И ХХК-ийн хооронд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан бөгөөд гэрээний 2.2-т Хангагч нь Дулааны сүлжээний албанаас төвлөрсөн пункт /ЦТП/-д ирж буй хэмийн дагуу дулаанаар тасралтгүй хангана, 3.9-д Хэрэглэгч нь хэрэглэсэн дулааны төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй, 4.5-д Хэрэглэгч хэрэглэсэн дулааныхаа төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн дүнгийн 0,5 хүртэл хувиар алданги ногдуулна гэж тус тус заажээ.

     Ингээд И ХХК-ийн төлбөрийн үлдэгдэл гэх баримтаар эцсийн үлдэгдэл 9,801,625 төгрөг гэх баримт, Д ОНӨААТҮГ-ын 2018 оны 7 дугаар сарын борлуулалтын тайланд эцсийн үлдэгдэл 1,702,835 төгрөг, Д ТӨХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын борлуулалтын тайланд эцсийн үлдэгдэл 3,000,005 /6-р сар/ төгрөг, Д ТӨХК-ийн 2019 оны 7 дугаар сарын борлуулалтын тайланд эцсийн үлдэгдэл 3,000,545 /12-р сар/ төгрөг, Д ТӨХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын борлуулалтын тайланд эцсийн үлдэгдэл 9,801,625 /6-р сар/ төгрөг, Д ТӨХК-ийн 2020 оны 7 дугаар сарын борлуулалтын тайланд эцсийн үлдэгдэл 9,801,625 /12-р сар/ төгрөг гэсэн баримтуудаас үзэхэд И ХХК нь дулааны эрчим хүчээр хангуулсны төлбөрийн үлдэгдэл 9,801,625 төгрөг байгаа нь тогтоогдож байна.

    Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар эрчим хүчээр хангах, хангуулах буюу худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хууль болон гэрээний дагуу Д ТӨХК нь төлбөрийн үлдэгдэл болон алдангийг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

      Хариуцагчийн зүгээс 2020 оноос хойш дэлхий даяар цар тахал нүүрлэн Монгол улсын Засгийн газраас аж ахуйн нэгж байгууллагын дулааны төлбөрийг чөлөөлсөн байхад төлбөр нэхэж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарласан ба 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл аж ахуй нэгж байгууллагуудын цахилгаан, дулаан, уурын төлбөрийг төр хариуцахаар болсон болох нь Эрчим хүчний зохицуулах хорооны даргын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/1551 тоот Тооцоо ирүүлэх тухай албан бичгээр, мөн үйлчлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан болох нь Монгол Улсын Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1/2836 тоот Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах тухай албан бичгээр тогтоогджээ.

    Мөн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, няцаах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

    Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар хариуцагч И ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 9,801,625 төгрөг, алданги 4,900,812 төгрөг, нийт 14,702,437 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ТӨХК-нд олгож шийдвэрлэлээ.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Д ТӨХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч И ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 231,462 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар хариуцагч И ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 9,801,625 төгрөг, алданги 4,900,812 төгрөг, нийт 14,702,437 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ТӨХК-нд олгосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Д ТӨХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч ИХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 231,462 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         П.БОЛОР