Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 152/ШШ2022/00060

 

    Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Увс аймгийн Х сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: С ХХК-д холбогдох,

    Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, хариуцагч С ХХК-ийн захирал Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Х сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 онд Улаангом сумын 200 айлын загвар хашаа төсөл гүйцэтгэх ажлыг эргэн төлөх нөхцөлтэй гарааны санхүүжилт С ХХК /захирал Г/ 30,000,000 төгрөгийг авсан. 2021 оны 01 дүгээр сарын байдлаар 20,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан тул 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Орон нутгийн хөгжлийн сангийн авлага барагдуулах ажлын хэсэг байгуулагдан С ХХК-ийн захирал Г-той ажлын хэсэг хуралдаж авлагатай компанид 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлбөр барагдуулах хугацаатай албан тоот хүргүүлсэн боловч тухайн иргэн нь төлж барагдуулаагүй. Иймд Орон нутгийн хөгжлийн сангийн авлага болох 20,000,000 төгрөгийг С ХХК /захирал Г/-иас гаргуулж төрийн сангийн 100151952400 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд С ХХК-д дэмжлэг үзүүлж орон нутгийн хөгжлийн сангаас 30,000,000 төгрөгийн хүүгүй зээл өгсөн. Тухайн үед дэд бүтэц хөгжүүлэх талаар яригдаж байсан учраас хашаа барьж 1 хашааг 3 саяас 3,500,000 төгрөгөөр зараад орлогоор нь зээлээ эргэн төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг төлснөөс хойш ямар ч төлөлт хийгдээгүй. 2019 онд төлбөр төлүүлэхээр шаардлага хүргүүлсэн, 2021 онд ажлын хэсэг байгуулагдаж Г-ийг дуудаж уулзаад үлдэгдэл төлбөрөө төлөх талаар шаардлага тавихад Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт хашаа өгнө, хашаа зарагдахгүй байгаа учраас мөнгө байхгүй, өөрөөр зээлээ төлөх боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас С ХХК-иас нийт 62 хашаа иргэдэд худалдаж гэрчилгээ гаргасан тухай тоон судалгаа өгсөн ба энэ борлуулалтаар зээлийн гэрээний үүргийг хангалттай гүйцэтгэх боломжтой. Тухайн компаниас хашаа авах ямар ч боломжгүй, мөнгөө л авна. Иймд С ХХК-иас 20,000,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ. 

     Хариуцагч Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С ХХК нь Улаангом сумын 200 айлын загвар хашаа төсөл гүйцэтгэх ажлыг эргэн төлөгдөх нөхцөлтэй гарааны санхүүжилт болох 30,000,000 төгрөгөөр эхлэн гүйцэтгэх бөгөөд 2 тал хашаа 2,500,000 төгрөг, 3 тал хашаа 3,250,000 төгрөг, 4 тал хашаа 3,500,000 төгрөгийн үнээс илүүгүйгээр хэрэглэгчдэд нийлүүлэхээр 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаангом сумын Засаг даргатай харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусгавар болоход 10,000,000 төгрөгийг төлж, тус бүр нь 2,500,000 төгрөгөөр тооцогдох 2 хашаа буюу 5,000,000 төгрөгийн хашааг хүлээлгэн өгсөн болно. Иймд С ХХК төлөгдөөгүй 15,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг хүлээн зөвшөөрч уг үнийн дүнд дээрх үнээр хашаа нийлүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилж байна. Манай компани 2014 онд хашаа бариад 2015 онд Т ХХК-д Х сумын Засаг даргад зээлийн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүнд хашаа өгөх санал тавихад тийм боломжгүй, мөнгөн хэлбэрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн. Нийт 84 хашаа бариад 62 хашаа зарагдсан судалгааг ГХБХБГазраас судалгаа гарсан ч 20 гаруй айл нь авна гээд гэрчилгээгээ гаргуулчихаад мөнгөө өгөөгүй. 62 хашаа зарагдсан тухай судалгаа нь манай хамтарч хашаа барьсан компаний судалгааг гаргасан байна. Тухайн үед зээл олгохдоо сумын зүгээс дэд бүтцийн асуудлыг бүгдийг нь шийдэж өгнө, сургууль, цэцэрлэг, худаг, өрхийн эмнэлэг зэргийг улсаас шийдэж өгнө танайх бүх бололцоогоо дайчлаад хашаагаа барьчих гэсэн гэв. Т ХХК-д 2 хашаа 5.000.000 төгрөгөөр өгсөн учраас 15.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ мөнгөндөө барьсан хашаагаа өгмөөр байна... гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Увс аймгийн Х сумын Засаг дарга нь хариуцагч С ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

      Хариуцагч Г Би 15,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ мөнгөндөө барьсан хашаагаа өгмөөр байна хэмээн маргажээ.

     Нэхэмжлэгч Увс аймгийн Х сумын Засаг дарга нь хариуцагч С ХХК-тай Тендер шалгаруулалт Улаангом сумын 200 айлын гэр хорооллын хашаа төсөл гүйцэтгэх гэрээ №УГХАТ-03/2014 тоот гэрээ байгуулж захиалагч нь Х чсумын 200 айлын загвар хашаа төсөл гүйцэтгэх төслийг гүйцэтгүүлэх, эргэн төлөгдөх нөхцөлтэй гарааны санхүүжилт болох 30,000,000 төгрөгөөр эхлэн гүйцэтгэх бөгөөд 2 тал хашаа 2,500,000 төгрөг, 3 тал хашаа 3,250,000 төгрөг, 4 тал хашаа 3,500,000 төгрөгийн үнээс илүүгүй үнээр хэрэглэгчдэд нийлүүлэхээр төслийг гүйцэтгэхээ үүгээр хүлээн зөвшөөрөв. Эргэн төлөгдөх гарааны санхүүжилт болох 30,000,000 төгрөгөөр ажлын санхүүжилт хийх болно. Энэхүү гэрээгээр 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр эхэлж, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтад оруулна. Эргэн төлөгдөх нөхцөлтэй 30,000,000 төгрөгийг гэрээ болон гэрээний хавсралтаар нэг удаа шилжүүлэх бөгөөд гэрээ дуусгавар болсон тохиолдолд эргэж төлөх болно гэж заасан бөгөөд Увс аймгийн Х сумын Засаг дарга2014 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 1199 тоот С ХХК-нд Улаангом сумын 400 айлын жишиг хороолол барих ажлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дууссан тул эргэн төлөгдөх 30,000,000 төгрөгийг төрийн сангийн 151952400 тоот дансанд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор төвлөрүүлэхийг мэдэгдье гэх албан тоотыг хүргүүлж байжээ.

      Нэхэмжлэгчийн зүгээс Х багт газар худалдан өмчилж авсан иргэдийн судалгаа /С ХХК/ гэх 2 хуудас нотлох баримт ирүүлсэн бөгөөд үүнээс үзэхэд нийт 62 айлын нэрс байв. Харин хариуцагч нь Г-ийн 3 ширхэг дугаар 000687970, 000687977, 000687971 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг ирүүлжээ.

     Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

   Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна. 

     Гэвч хариуцагч С ХХК-иас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Увс аймгийн Х сумын Засаг даргын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

     Тодруулбал Увс аймгийн Х сумын Засаг даргаС ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дууссан байх боловч Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог бөгөөд хариуцагч С ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 201оны 12 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна. 

     Дээрх үүргийн гүйцэтгэлээс үзэхэд хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс буюу 201оны 12 дугаар сарын 10ы өдрөөс эхлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хугацааг тоолоход шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2017 оны 12 дугаар сарын 10ы өдөр дуусч, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ.

     Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн Х сумын Засаг даргын хариуцагч С ХХК-нд холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Х сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн Х сумын Засаг даргыг хариуцагч С ХХК-нд холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Х сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             П.БОЛОР