Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 132/ШШ2022/00131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Н.Б -ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: П.А -д холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай 132/2022/00066 индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд:

          Нэхэмжлэгч Н.Б /цахимаар/,

          Хариуцагч П.А /цахимаар/,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч П.Ат холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

  1.  Миний бие нь 2000 онд эхнэр П.А-тай анх танилцсан. Бид хоёр 2006 онд гэрлэлтээ батлуулсан ба эхнэр бид хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй. Том охин Б.О 2000 онд төрсөн одоо 22 настай, бага хүү Б.Т 2006 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн одоо 15 настай. Эхнэр бид хоёр хүү Б.Т-ийг 8 сартай байхад нь хувийн таарамжгүй харьцааны улмаас салж тусдаа амьдрах болсон. Охин Б.О ээж дээрээ өссөн, хүү Б.Т над дээр өссөн.
  2.  Бид хоёр салаад 15 жил болж байна. Энэ хугацаанд аль аль нь тус тусдаа шинэ гэр бүлтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна.
  3.  Дундын эд хөрөнгийн маргаангүй, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч тал өөрөө хариуцах ба хариуцагчаас гаргуулахгүй гэв.

          Хариуцагч П.А хариу тайлбартаа: Миний зүгээс гэрлэлтээ цуцлахад татгалзах зүйлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Б.Т нь аавын асрамжинд, охин Б.О нь миний асрамжинд өсч хүмүүжиж гэв. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт байхгүй болно.

          Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний болон оршин суугаа хаягийн лавлагаа,  гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б.Т-ийн төрсний төрсний бүртгэлийн лавлагаа, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүх хуралдаанд дэмжиж оролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

          Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2000 онд танилцсан. Хамт амьдрах хугацаандаа 2 хүүхэд төрүүлсэн бөгөөд хувийн таарамжгүй харилцааны улмаас салж тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдрах хугацаанд хэн аль нь хоёр дахь амьдралаа зохиосон гэв.

          Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

          Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

          Н.Б, П.А нар нь 2000 онд танилцаж, хамтран амьдарч байгаад 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Тэдний дундаас 2000 онд охин Б.О, 2006 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүү Б.Т нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлт бүртгэлийн лавлагаа , хүү Б.Тийн төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

          Гэрлэгчид цаашид гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан ... гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүргийг хүлээхгүй болсон.  Мөн гэр бүлийн харилцаагаа сэргээх хүсэлгүй байгаа бөгөөд хэн аль нь хоёр дахь амьдралаа зохиосон болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэлээр нотлогдож байна.

          Зохигч дундын эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн маргаангүй болохоо нэхэмжлэл болон тайлбартаа гаргасан.

          Зохигчийн хооронд нь 2006 оны 10 дугаар сарын 2-ны өдөр гэрлэлтийн харилцаа үүссэн бөгөөд хувийн таарамжгүй харилцааны улмаас 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд тусдаа амьдарсан. Гэрлэлтийн харилцаагаа хэн аль нь сэргээх хүсэлгүй гэх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэх нь Гэр бүлийн тухай хуульд нийцэж байна.

          Нэхэмжлэгч нь хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулахгүй гэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд үлдээх нь зүйтэй.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт зааснаар Б,  А нарын гэрлэлтийг цуцалсугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагчаас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулахгүй гэснийг дурдсугай.

          3. Зохигч хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

        4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин Т болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Д-д даалгасугай.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

          6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.Х