| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2020/00392/И |
| Дугаар | 132/ШШ2021/00443 |
| Огноо | 2021-10-15 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 132/ШШ2021/00443
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт Т-ын Я-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б овогт М-ийн Д -т холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/00392/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Я , хариуцагч М.Д /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Я шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид М.*******тай 2017 оноос эхлэн хамт амьдарсан. М.Д өмнөх эхнэртэйгээ гэрлэлтээ батлуулсан байсан тул бид хоёр гэрлэлтээ батлуулж чадаагүй. Энэ хугацаанд бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Том хүү Д.Анар-Эрдэнийг 2018 оны 01 сарын 05-ны өдөр, бага хүү Д.Анхтулгыг 2020 оны 05 сарын 25-ны өдөр төрүүлсэн. М.Д гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Энэ хүн бага насны хүүхэддээ бэлгийн хүчирхийлэл үйлдсэн. Үүнээс болж тусдаа амьдарч байна. М.Д нь 18 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ангид ял эдэлж байна. Тиймээс тусдаа амьдарч байна.
Иймд 2 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Би хүү Д.А , Д.Ан нарыг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Би 18 жилийн хорих ялаар шийтгүүлж хорих байгууллагад хоригдож байна. Хэдий тийм боловч бага ах Баярмагнайгийн асрамжид 2 хүүгээ байлгана. Би хоригдож байгаа тул хүүхдүүддээ тэтгэлэг төлөх боломжгүй. Тэгэхдээ би хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүлээн зөвшөөрсөн. Т.Я бид хоёрын хамтарч бий болгосон бүх эд хөрөнгөө эхнэр, хүүхдүүддээ өгсөн. Би ийм байдалтай байгаа тул хүүхдийн тэтгэлэг төлж яаж чадах билээ. Харин хорих ялаа эдэлж дуусаад өөрийн хүч хөдөлмөрөөр хүүхдийн тэтгэлэг төлнө. Манай бага ах 3 охинтой. Тэднийх эрэгтэй хүүхэдгүй айл. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээхгүй гэсэн шалтгаан нь Т.Я архи ууж, тамхи татдаг. Гэр бүлийнхэндээ агсам согтуу тавьдаг, хүүхэддээ дарамт үзүүлдэг. Миний хийгээгүй хэргийг хийсэн болгож, намайг хорих ялаар шийтгүүлэхэд гүтгэсэн. Би 2 охинтой хүн. Би дагавар охиноо оролдсон тул хаалттай хорих ангид хорих ял эдэлье гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн. Гэтэл шүүхээс надад 18 жилийн хорих ял оногдуулсан. ...Хорих ялаа эдэлж дуусаад хүүхдүүдээ тэжээн тэтгэнэ. Хэрвээ Т.Я ыг надтай ирээд уулзсан бол энэ талаар ярилцах байсан. Би бичиг үсэг мэдэхгүй. Багаасаа мал малласан. Мөн барилгын ажил хийж өдий хүрсэн. 2017 онд би анхныхаа эхнэртэй суусан. Бид хоёр 1 хүү, 2 охинтой болсон. Тэгээд би 2012 онд цэргийн албанд татагдаж, 2013 онд халагдаж ирэхэд эхнэр маань өөр хүнтэй суусан байсан. Би 2 охиноо өөрийн асрамжид авч тусдаа амьдарсан. Тухайн үед миний нуруу өвдөж хэвтэрт орсон байсан тул ээж маань асарч байсан. Ээж маань бага насны 2 хүүхэд асарч чадахгүй гээд ээжид нь буцааж өгсөн. Гэтэл том охин маань надтай хамт амьдарсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би өмнөх эхнэрийнхээ 3 хүүхэд болон сүүлд суусан эхнэрийн 2 хүүхэдтэй. Хүүхдүүддээ тэтгэлэг төлнө гэдгээ амлаж байна. Гэхдээ хорих ял эдэлж байх хугацаанд тэтгэлэг төлж чадахгүй. Хорих ялаа эдэлж дуусаад төлнө. ... Би хүүхдүүдээ өөрийн асрамжид авна. Би ахаараа хүүхдүүдээ өсгүүлнэ. Би хорих ялаа эдэлж дуусаад хүүхдүүд дээрээ очино гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Я нь хариуцагч М.Д-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн, хариуцагч нарын гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Т.Я , хариуцагч М.Д нар нь 2017 онд танилцаж, 2018 оны 01 сарын 09-ний өдөр хүү Д.А , 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Д.Аннар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн зүгээс хүү Д.А , Д.Ан нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч ялаа эдэлж дуусаад хүүхдийн тэтгэлэг төлнө, хоёр хүүгээ өөрийн асрамжид авна гэж маргасан.
Т.Я , М.Д нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдүүдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй байна.
Гэрлэгчид нь хүүхдүүдээ хэний асрамжид үлдээх талаар тохиролцоогүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүүхдийн асрамжийн асуудлыг шүүх шийдвэрлэх журамтай. Шүүхийн зүгээс хүү Д.А , Д.Аннарыг өсөж хүмүүжих ахуй нөхцлийн болон хайр халамж шаардагдах онцлог, нас, эцэг, эхийн ёс суртахууны байдал, хүүхдүүд одоо эх Т.Я ын асрамжид байгаа, мөн хариуцагч М.*******ын ял эдлэж буй нөхцөл байдал зэргийг харгалзан тэднийг эх Т.Я ын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд үүрэг үүсдэг. Эцэг, эх тусдаа амьдарснаар тэдний дундаас төрсөн хүүхдийг асрамжид аваагүй эцэг, эхийн хувьд асран хамгаалах, сурган хүмүүжүүлэх үүрэг нь дуусгавар болдоггүй, Гэр бүлийн тухай хуулийн 21, 26 дугаар зүйлд заасан үүрэг тухайн хүүхдийг насанд хүртэл нь үргэлжилдэг. Харин хүүхдийн асрамжийг шүүх шийдвэрлэж байгаа нь асрамжид авсан эцэг, эх нь зөвхөн хүүхдэдээ ганцаараа халамж, анхаарал тавьж, асрамжид аваагүй эцэг, эхийг үүрэг, хариуцлагаас чөлөөлж байгаа явдал биш асрамж бол хүүхдийг хэнтэйгээ хамт амьдрах оршин суух хаягийг тодорхойлж байгаа явдал юм.
Хүүхдийг хэний асрамжид үлдээснээс үл хамааран эцэг, эхийн хэн аль нь нөгөөгөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д заасан үүргээ хэрэгжүүлэхэд нэгэн адил хязгаар тавихгүй байхыг анхаарвал зохино.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Иймд хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч М.Д-с 2 хүүхдийн тэтгэлэгт ногдох нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс /213800х12=2565600/ улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 55999 төгрөг гаргуулан Төрийн санд олгохоор шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Т.Я ын улсын тэмдэгтийн хурамаажид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2018 оны 01 сарын 05-ны өдөр төрсөн Д.А , 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Д.Ан нарыг эх Т.Я ын асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 01 сарын 05-ны өдөр төрсөн хүү Д.А , 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Д.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг эцэг М.*******аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Т.Я д даалгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгч Т.Я д 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг олгож, хариуцагч М.Д-аас 55.999 /тавин таван мянга есөн зуун ерэн ес/ төгрөгийг Төрийн сан оруулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Ариунжаргалд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ