| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 181/2023/02209/И |
| Дугаар | 001/ХТ2025/00120 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2025/00120
Г.Ө , А.Г нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2025/00484 дүгээр магадлалтай
Н.О д холбогдох
Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, 203,367,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ө, А.Г, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Э, хариуцагч Н.О , хариуцагчийн өмгөөлөгч О.Э, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Ө , А.Г нар нь хариуцагч Н.О д холбогдуулж Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, 203,367,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/00749 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлгүй тул Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хариуцагч Н.О-гоос 203,367,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Ө, А.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ө, А.Г нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,966,885 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2025/00484 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/00749 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.03.21-ний өдрийн 210/МА2025/00484 дүгээр магадлалд ИХШХШтХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулна, хариуцагчид 80.000 койн бэлэн байгааг буцаан шилжүүлнэ гэж тайлбарласан боловч койн нь дижитал хэлбэрээр хийгдэж байгаа шилжүүлэг тул энэ тайлбарын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна. Тодруулбал, хариуцагчаас нэхэмжлэгчид орон сууцны үнэд 80.000 койныг хэзээ хэрхэн шилжүүлсэн нь тодорхойгүй, уг койноор арилжаа хийгээгүй, 80.000 койн бэлэн байгаа гэх боловч энэ нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай...” гэжээ.
Хууль хэрэглээний зөрүү үүссэн нөхцөл: Дээрхээс харвал давж заалдах шатны шүүх Хүснэгт 2-т дурдсан хэргийн оролцогчдын маргаагүй үйл баримтыг заавал тогтоож, нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай гэж үзсэн ба магадлалын 5 нүүрний 1-3 мөрөнд “хэргийн баримтын маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, үйл баримтыг тогтоох буюу койны талаар тодруулах ажиллагааг давж заалдах шатны шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй" гэж тайлбарладаг. Үүнээс үзвэл анхан болон давж заалдах шатны шүүхэд иргэний хуулийн нотлох баримт үнэлэх болон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай процессын хуулийн заалтуудын хууль хэрэглээний зөрүү гаргасан гэж үзэж байна.
Гомдлын үндэслэл: Талууд 2020.02.17-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... гудамж, ... байрны ... тоот 63 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөлийг Н.О-д шилжүүлэн өгч, хариуцагчаас нэхэмжлэгч нарт 50,450,000 төгрөг, 80.000 койн шилжүүлэн өгсөнтэй хэн аль нь маргадаггүй. Нэхэмжлэгч нарын зүгээс анхан болон давж заалдах шатны шүүх дээр 80.000 койн нь төгрөгт хөрвөхгүй байгаа, койн нь төлбөр тооцооны хэрэгсэл биш тул талуудын хооронд байгуулагдсан 2020.02.17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар маргадаг болохоос хариуцагч Н.О-г койныг шилжүүлээгүй гэх талаар огт маргааны зүйл явагддаггүй. Давж заалдах шатны шүүхээс “Маргааны үйл баримт бүрэн тогтоох” тухай хуулийн шаардлагад “талуудын маргаагүй үйл баримтыг тогтоох ажиллагаа орох ёстой” мэтээр хуулийн агуулгад хамааралгүй агуулгаар хуулийг өргөжүүлэн хэрэглэж тайлбарласан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Маргааны үйл баримт бүрэн тогтоох” хуулийн агуулга нь маргалдаж буй, маргааны зүйлийг тогтоох агуулгатай болохоос маргалдаагүй, маргааны зүйл биш асуудлыг тогтооход хамаарахгүй гэж үзэж буй болно. Анхан шатны шүүхээс энэ агуулгаар хуулийг хэрэглэж, хэргийн агуулгад хууль зүйн дүгнэлт хийх замаар үндэслэл бүхий шүүхийн шийдвэрийг гаргасан.
Анхан шатны шүүх хуралдааны үед нэхэмжлэгч Г.Ө-ийн зүгээс хариуцагч Н.О-гоос шилжиж ирсэн 80.000 койн миний дансанд бүтнээрээ байгаа талаар тайлбарласаар байхад давж заалдах шатны шүүхээс 80.000 койн бэлэн байгаа гэх боловч энэ нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэсэн нь талуудын маргаагүй үйл баримтыг тодруулах нь зөв гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Энэ талаар хяналтын шатны шүүхээс хуулийг буруу хэрэглэж байгаа талаар хууль хэрэглээний хувьд практик тогтоох ач холбогдолтой юм. Магадлалд дурдсан койн дижитал хэлбэрээр шилжсэн тул үзлэг хийх шаардлагатай гэж шийдвэрийг дахин хэлэлцүүлэхээр буцааж буй нь үндэслэлгүй бөгөөд өнөө цаг үед бүхий л төлбөр тооцоо дижитал хэлбэрээр хийгдэж, дансны хуулгаар баталгааждаг. Хариуцагч Н.О-гийн зүгээс нэхэмжлэгч рүү койн шилжүүлсэн хуулгаа гаргаж өгсөн байдаг. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.04.21-ний өдрийн 210/МА2025/00484 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.05.29-ний өдрийн 001/ШХТ2025/00555 дугаар тогтоолоор хариуцагчийн өмгөөлөгч Б.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч Г.Ө, А.Г нар нь хариуцагч Н.О-д холбогдуулан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага анх гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...Н.О-той 2020.02.17-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, өөрсдийн өмчлөлийн ... 63.2 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөр үнийг тохирч, 50 хувийг бэлэн мөнгөөр, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг 80,000 койноор тооцож худалдсан. Н.О нь койны ханш өсөж хэд дахин ашиг олох боломжтой гэсэн. Гэтэл ... төлбөрт авсан койн олон улсын хөрөнгийн бирж дээр хөрвөх боломжгүй болсон. Энэ нь зөвшөөрөгдөөгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл, цахим мөнгөнд хамаарахгүй, албан ёсны төлбөрийн хэрэгсэл биш, хууль зөрчиж төлбөр тооцоо хийгдсэний улмаас нэхэмжлэгч хохирсон. Иймд гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9, 56.5, 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчлөхдөө “..Г.Ө-т мөнгөний хэрэг гарсан. Н.О нь байраа миний нэр дээр худалдах-худалдан авах гэрээгээр түр шилжүүл, би мөнгө олж өгье гээд гэрээ хийсэн. Орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдахаар 50,450,000 төгрөг, үлдэх 50 хувьд нь 80,000 койн зоос өгөөд, койн зоос хөрвөдөг болохоор зоосыг Н.О-д буцааж өгөөд бид байраа буцааж авахаар тохиролцсон. Гэвч койн олон улсын хөрөнгийн бирж дээр хөрвөх боломжгүй хүлээгдэж байна гэсэн тул бид хохирч байна. Хариуцагч нь уг орон сууцыг 2022.12.26-ны өдөр Н.М-ийн өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Иймд орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар, хохиролд ... 3 өрөө бүхий орон сууцны үнэ 203,367,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэсэн агуулгаар үндэслэлээ тайлбарласан байна.
7. Хариуцагч Н.О нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “...Onecoin нэртэй сүлжээ компанийн бараа зардаг фейсбүүк групп дээр 2020.01.23-ны өдөр 70/30 мөнгө, койн оролцуулаад 3 өрөө байр зарна гэсний дагуу уулзахад Г.Ө нь байраа 60 сая төгрөг 100,000 койноор зарна" гэсэн ба 2020.02.05-нд 60/40 хэмжээтэй гэж өөрчилсөн байсан. Г.Ө нь ...койны өрөнд орсон, байрыг минь авч надад тус болооч, ...байрыг хэлсэн үнээр авбал ... бараагаа 100 хувь койноор өгнө гэж тайлбарласан.
Г.Ө нь уг байрны ордероо барьцаанд тавьж мөнгө зээлсэн байснаа надаас авсан мөнгөөр зээлээ хааж, ордероо авсан. Тэрээр байраа зараад Оросоос 100 хувь койноор бараа авчирсан. ...2020.04.10-нд ... АННА орос барааны дэлгүүр нээж 50 хувь мөнгөөр, 50 хувь койноор бараагаа худалдаж байсан. Г.Ө, А.Г нар нь Onecoin компанийн маркетинг, менежмент урамшууллын системийг бусдад тайлбарлаж шинээр гишүүд элсүүлдэг, компанид тодорхой байр суурь эзэлсэн мерчант зэрэг цолтой, онцгой эрх бүхий идэвхтэй гишүүд. Нэхэмжлэгч нар нь надад байр худалдсанаараа ...байраа алдах гэж байсны хүүг зогсоож, зээлээ төлсөн. Хүмүүсээс зээлсэн мөнгөний өр болон койны өрөө төлсөн, дэлгүүр нээж, байнгын ашиг орлоготой ажиллаж байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж маргажээ.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... Зохигчийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Гэрээний үнэд тооцож шилжүүлсэн https://oneecosystem.eu/ сайт дахь OneCoin нь Монголбанкнаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл биш бөгөөд мөнгө болгож хөрвөх боломжгүй хэрэгсэл болох нь Монголбанкны болон Санхүүгийн зохицуулах хорооны албан бичгээр тус тус тогтоогдож байна. Энэ төрлийн төлбөрийн хэрэгсэлтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль, журам талуудын хооронд гэрээ байгуулагдах үед Монгол Улсад байгаагүй. Нэхэмжлэгч нар нь https://oneecosystem.eu/ сайт дахь OneCoin гэх нэртэй койныг 2019 оноос хойш хэрэглэж эхэлсэн ба уг койноор бусдаас бараа худалдан авч, өөрсдийн ANNA нэртэй дэлгүүрт төлбөрийн 50 хувийг койноор хийдэг, түүнчлэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөө 60/40 болон 70/30 хувийн харьцаатайгаар койн оролцуулан худалдахаар Facebook дэх One coin хэрэглэгчдийн группт зар тавьсан, хариуцагчаас койн шилжүүлэн авсныхаа дараа койноор худалдаа, арилжаа хийж байсан тухай үйл баримтыг хүлээн зөвшөөрч, маргаагүй. Улмаар энэ койн нь албан ёсны төлбөрийн хэрэгсэл биш болохыг мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан бөгөөд хариуцагчтай гэрээ байгуулснаас хойш 3 жилийн хугацаанд энэ талаар шаардлага гаргаж байгаагүй. Иймд өөрийн сайн дурын үндсэн дээр цахим мөнгөөр арилжаа хийсэн тохиолдолд түүнээс үүсэн гарах эрсдэлээ өөрөө хариуцах үндэслэлтэй. Нэхэмжлэгч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг One койноор төлбөрт тооцон худалдахаар хүсэл зоригоо илэрхийлэн Facebook дэх One coin хэрэглэгчдийн групп-т хандан зар тавьж, зарын дагуу хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 50,000,000 төгрөг болон 80,000 ширхэг One койноор төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсанд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгч нар өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй захиран зарцуулах эрхийн хүрээнд, худалдан авагчтай гэрээний гол нөхцөлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д нийцжээ. Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээгээр хэлэлцэн тохиролцсоноор худалдан авсан эд хөрөнгийн үнийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг дуусгавар болсон байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь заалтад заасан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн байна.
9. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан гомдлоор хэргийг хянаад, “...Нэхэмжлэгч нар нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулна, хариуцагчид 80,000 койн бэлэн байгааг буцаан шилжүүлнэ гэж тайлбарласан боловч койн нь дижитал хэлбэрээр хийгдэж байгаа шилжүүлэг тул энэ тайлбарын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна. Тодруулбал, хариуцагчаас нэхэмжлэгчид орон сууцны үнэд 80,000 койныг хэзээ хэрхэн шилжүүлсэн нь тодорхойгүй, уг койноор арилжаа хийгээгүй, 80,000 койн бэлэн байгаа гэх боловч энэ нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай. Хэргийн баримтаар маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, үйл баримтыг тогтоох буюу койны талаарх тодруулах ажиллагааг давж заалдах шатны шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй байна” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.
10. Хоёр шатны шүүх маргааны үйл баримтын талаар зөрүүтэй дүгнэлт хийж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх “хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй” үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
11. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлэхгүйгээр “... хариуцагчаас нэхэмжлэгчид орон сууцны үнэд 80,000 койныг хэзээ хэрхэн шилжүүлсэн нь тодорхойгүй, уг койноор арилжаа хийгээгүй, 80,000 койн бэлэн байгаа гэх боловч энэ нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай. Хэргийн баримтаар маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, үйл баримтыг тогтоох буюу койны талаарх тодруулах ажиллагааг давж заалдах шатны шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.
12. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.Ө, А.Г нар нь өөрсдийн өмчлөлийн орон сууцаа хариуцагч Н.О-д худалдахдаа төлбөрт нь бэлэн мөнгө болон койн авсан талаар маргаагүй, харин шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 217 дүгээр зүйлийн 217.1-д “Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлахын зэрэгцээ хариуцагчаас зээл авахдаа түр барьцаанд тавьсан, койн хөрвөхөөр буцааж байраа авахаар тохиролцсон байсан боловч уг байр өөр этгээдэд шилжсэн тул хариуцагчаас 3 өрөө бүхий орон сууцны үнийг одоогийн зах зээлийн ханшаар тооцож 203,367,000 төгрөгийг гаргуулна гэсэн. Хариуцагч Н.О орон сууцыг бэлэн мөнгө болон койноор худалдаж авсан, койныг нэхэмжлэгч нарт шилжүүлсэн тухай тайлбар гаргасан, талууд койн шилжсэн эсэх үйл баримтын талаар маргаагүй, харин олон улсын зах зээл дээр койн хөрвөх боломжгүйгээс энэ маргаан үүссэн байна.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар “ Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж, мөн хуулийн 51 дүгээр зүйлд шүүх хуралдааны тэмдэглэлийн талаар хуулийн зохицуулалт байна. Ийнхүү хуульд зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотлох баримтад хамаарна.
Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдааны явцын тайлбараас үзэхэд хариуцагч Н.О нь худалдах-худалдан авах гэрээний төлбөрт 80,000 койн төлөх үүргээ биелүүлсэн буюу нэхэмжлэгч нар энэ хэмжээний койн авснаа хүлээн зөвшөөрсөн байна. Тодруулбал, нэгдүгээр хавтаст хэргийн 10 дахь талын ар, 11, 41, 56, 123, 2 дугаар хавтас 4, 7, 8 дахь талд нэхэмжлэгч нар 80,000 койныг шилжүүлэн авсан талаараа хангалттай, эргэлзээгүй тайлбар гаргасан байна. Улмаар зохигчид энэ койн олон улсын зах зээл дээр хөрвөхөө больсон талаар маргаагүй, түүнчлэн нэхэмжлэгчийн Оneecosystems.eu сайт дахь дансанд үзлэг хийлгэх тухай хариуцагч Н.О гийн гаргасан хүсэлтийг шүүгчийн 2024.03.14-ний өдрийн 5665 захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Гэвч “...уг сайт нь 2023 онд программын шинэчлэлт хийгдэж, орлого зарлагын гүйлгээний хуулга харагдахаа больсон гэж нэхэмжлэгч тайлбарласан” гэснээр хариуцагч тал энэ хүсэлтээсээ 2025.01.27-ны өдөр татгалзсан нь нэгдүгээр хавтаст хэргийн 221 дэх талд авагдсан байна. Маргааны үйл баримтад хамаарах тайлбар болон баримтыг давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүй байна.
14. Дээр дурдсанаар давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийгээгүй байх тул хяналтын шатны шүүхээс хариуцагч талаас гаргасан гомдлын хүрээнд хууль хэрэглээний дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
15. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д нийцээгүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоос “магадлалыг хүчингүй болгох” хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2025/00484 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 сарын 30-ны өдөр төлсөн 1,174,785 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН