Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 46

 


    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
Хэргийн индекс:180/2017/0055/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                           Н.Болор-Уянга
Улсын яллагч                                        Ц.Цэен-Ойдов
Шүүгдэгч                                                              Ч.Хонгорзул, Э.Дуламсүрэн
 нарыг оролцуулан

     Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ч.Хонгорзул, Э.Дуламсүрэн нарт холбогдох 201723000061 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Бэрх хотод 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хэнтий аймаг Хэрлэн сум 4 дүгээр баг А32 дугаар байрны 14 тоотод оршин суух хаягтай, урьд улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, Чорос овогт Эрдэнэбадрахын Дуламсүрэн /РД: СФ86101505/
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Бэрх хотод 1983 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, татварын хяналтын шалгалтын нягтлан мэргэжилтэй, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Б-53 дугаар байрны 20 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, Боржигон овогт Чадраавалын Хонгорзул /РД: СФ83092603/

Шүүгдэгчийн нарын холбогдсон хэргийн талаар:  /яллагдагчаар татах тогтоолд дурьдсанаар/
Шүүгдэгч Ч.Хонгорзул нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 23 цагийн үед Хэрлэн сумын 4 дүгээр баг 53 дугаар байрны 20 тоотод Э.Дуламсүрэнг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч Э.Дуламсүрэн нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 23 цагийн үед Хэрлэн сумын 4 дүгээр баг 53 дугаар байрны 20 тоотод Ч.Хонгорзулыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.
    
    ТОДОРХОЛОХ нь:
            Шүүгдэгч Ч.Хонгорзул, Э.Дуламсүрэн нар нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 23 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Б-53 дугаар барны 20 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж улмаар нэг нэгнийхээ биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
        Хохирогч, шүүгдэгч Ч.Хонгорзулын мөрдөн байцаалтад өгсөн: ... Дуламсүрэн согтчихоод Азжаргалтай урьдны ажлын асуудлаа яриад хоорондоо маргалдаад ширээн дээр байсан идээний шар тосыг авч шидээд байсан. ... Тэгээд Уянга, Дуламсүрэн бид 3 тухайн үед согтсон байсан болохоор архи нэмж уугаагүй хоорондоо юм яриад сууж байхад Дуламсүрэн мөн л сонин зан гаргаад ширээн дээр байсан тавагтай алимыг аваад Уянга бид хоёр луу шидээд байхаар нь бид хоёр тухайн үед тоглоом болгоод шидсэн алимыг нь тоогоогүй. Тэгсэн сүүлдээ мөн чихэр авч шидээд байхаар нь чи зүгээр байгаарай гэж хэлсэн чинь Дуламсүрэн чи намайг чи гэдэг хэн бэ гээд над руу агсраад давраад байгаарай эцэггүй хоёр хүүхэд төрүүлчихээд гэж хэлэхээр нь би тухайн үед уурлаад Дуламсүрэнгийн толгойн тус газар нь гараараа 2 удаад цохьсон. Тэгсэн Дуламсүрэн миний зүүн талын шанаа руу цохьсон. Бас намайг эцэггүй 2 хүүхэд төрүүлчихээд гээд хэл амаар доромжлоод байхаар нь Дуламсүрэнг чи одоо манайхаас гар гээд орон дээр сууж байхад үүд рүү хувцаснаас нь чангаагаад тэгээд бид хувцаснаасаа зууралдаад байж байж үед Уянга бид хоёрыг салгасан гэх мэдүүлэг. /хх-ийн 14-15хуу/
        Хохирогч, шүүгдэгч Э.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Уянга, Хонгорзул, бид гурав буйдан дээр юм яриад сууж байтал гэнэт Хонгорзул танай аав, ээж хоёр чинь салаад ах та хоёрыг чинь аав дээр чинь орхиод ээж чинь яваа биздээ гэхээр нь би миний амьдрал чамд хамаагүй шүү гэсэн чинь гэнэт над руу дайрч би толгой, нүд, нүүр лүү нь цохьсон. Бас миний хоолойг багалзуурдсан гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13хуу/
         Гэрч Уянгын мөрдөн байцаалтад өгсөн: ... Дуламсүрэн, Хонгорзул бид гурав юм ярьж сууж байсан юм. Тэгээд Дуламсүрэн, Хонгорзул хоёр аав ээжийнхээ талаар ярьж байгаад л гэнэт муудалцаад Хонгорзул гэнэт босж ирээд Дуламсүрэнгийн нүүр лүү цохиод тэр хоёр хоорондоо муудалцаад зууралдаад байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 18-19хуу/
         Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 108 дугаартай дүгнэлт:
         Э.Дуласүрэнгийн биед хамрын таславчийн мурийлт, зүүн талын хамар ясны цөмөрсөн хугарал, баруун, зүүн, дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
         Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
         Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
        Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт. /хх-ийн 27хуу/
        Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 116 дугаартай дүгнэлт:
         Ч.Хонгорзулын биед доод эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шууны дотор хэсгийн олон тооны, баруун гарын хоёрдугаар хурууны үений урагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
         Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
        Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
        Цаашид дээр гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт. /хх-ийн 39хуу/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
        
         Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Хонгорзул, Э.Дуламсүрэн нарт холбогдуулан эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
         Шүүгдэгч нар нь харилцан тохиролцож хохирол төлбөргүй болон сайн дураар эвлэрсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан эвлэрлийн гэрээгээр батлагдаж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
         Шүүгдэгч нарын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, харилцан тохиролцож эвлэрсэн болон хувийн байдлуудыг харгалзан үзэж тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.


Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Чорос овогт Эрдэнэбадрахын Дуламсүрэнг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн
               шүүгдэгч Боржигон овогт Чадраавалын Хонгорзулыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дуламсүрэн, Ч.Хонгорзул нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дуламсүрэн, Ч.Хонгорзул нарыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба тэдний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

5. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Дуламсүрэн, Ч.Хонгорзул нарт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


        


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.МӨНХТУЛГА