| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2021/00457/И |
| Дугаар | 132/ШШ2021/00493 |
| Огноо | 2021-10-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 132/ШШ2021/00493
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х албаны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н овогт Т-ийн Ц-д холбогдох
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах шаардлага бүхий 132/2021/00457/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Т.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Ц нь 2012 оны 08 сарын 01-ний өдрийн Дугаар 109 тоот гэрээгээр 5,000,000 төгрөгийн FT-200 маркийн хадлангийн иж бүрдлийг урьдчилгаа 50% болох 2,500,000 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр гэрээ байгуулсан.
Гэвч өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 08 сарын 30-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 2,500,000 төгрөг байна.
Дээрхи гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232.4 дэх заалтыг баримтлан анз тооцоход 109 тоот гэрээний алданги нь 1,250,000 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас нийт 3,750,000 төгрөгийг гаргуулж Хөдөө аж ахуйг дэмжих санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байх тул шүүх хуралдааныг миний эзгүйд хийж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Ц нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бага оврын трактор олгосныг малчдынхаа аж амьдралыг дээшлүүлэх зорилгоор төрөөс өгч буй дэмжлэг гэж ойлгож байсан. Миний төлөх ёстой гэх үндсэн төлбөр 2,500,000 төгрөгийн тухайд 2012 оноос хойш нэг ч удаа шаардсан мэдэгдэл ирээгүй. 2017 оноос алданги тооцсон, хугацаа хэтэрсэн тухай мэдэгдэл бидэнд хүргүүлээгүй бөгөөд 2021 оны 10 сарын 17-ны өдөр шүүхээс дуудаж үндсэн төлбөр 2,500,000 төгрөг, алданги 1,250,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөгийг төлөх тухай нэхэмжлэл гардуулсан. Би сард 393,000 төгрөгийн тэтгэвэр авдаг ба үүгээрээ амьжиргаагаа залгуулдаг. Иймээс миний боломж бололцоо болон ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг үндэслэн алданги 1,250,000 төгрөгийг төлөхгүйгээр зөвхөн үндсэн төлбөр 2,500,000 төгрөгийг сар бүр 50,000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлт гаргаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөдөө Аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь хариуцагч Т.Ц-д холбогдуулан, гэрээний үүрэгт 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
2012 оны 08 сарын 01-ний өдөр 109 тоот “Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/”-ийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийн үнэ бүхий FT-200 маркийн хадлангийн иж бүрдэл нэг ширхэгийн эд хөрөнгийг 5 жилийн хугацаатай, урьдчилгаа 50% болох 2,500,000 төгрөгийг эд хөрөнгийг хүлээн авахдаа төлөх, үлдэгдэл төлбөрийг гэрээний хугацаанд төлж барагдуулахаар гэрээг байгуулжээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж тус тус заасан.
Талуудын хооронд 2012 оны 08 сарын 01-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний хугацаа 5 жил байх бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дууссан байна. Хуульд зааснаар худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол худалдагч тал худалдан авагч талыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
Тодруулбал худалдан авагч Т.Ц нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй бол худалдагчид 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шаардах эрх үүсэх бөгөөд үүнээс хойш 3 жилийн хугацаанд буюу 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд шаардах эрхтэй байхад нэхэмжлэгч тал 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Иймд Т.Ц ээс гэрээний үүрэгт 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай Хүнс, Хөдөө, Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Хөдөө Аж Ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт, энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй, нотолж чадаагүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжгүй байна.
Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө, өглөг, авлагыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлсэн болох нь Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 16 дугаар тогтоол, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дугаартай тушаалаар тус тус тогтоогдож байх тул Х албыг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзсэн болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар Х албаны нэхэмжлэлтэй, Т.Ц эд холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэл 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.