Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 132/ШШ2021/00461 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: У овогт И-ийн П-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б сумын Тамгын газарт холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин 15,519,176 /арван таван сая таван зуун арван есөн мянга нэг зуун далан зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2021/00441/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д , хариуцагчийн төлөөлөгч Ч.Одонтуяа, нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие нь Бугат сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/41 тоот захирамжаар тус сумын Соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.

Энэ асуудлаас үүдэн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад анхан шатны шүүхээс намайг ажилд минь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор 6,040,467 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч надад олгохоор шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянуулахаар гомдол гарган явсаар 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хяналтын шатны шүүх шийдвэрлэсэн боловч анхан шатны шүүхэд хэрэг нь ирэхгүй байсаар тогтоолыг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гардаж авсан.

Улсын дээд шүүхийн тогтоолоор ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул 2020 оны 05 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 16 сар 8 хоногийн хугацааны цалинтай тэнцэх олговор /947903*16 сар=15,166,448 төгрөг, 8*44091=352,728 төгрөг/ нийт 15,519,176 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Цалинг анхан шатны шүүхийн шийдвэрт тооцсон өдөр сарын цалин бодолтоор тооцсон. Иймд хариуцагчаас 15,519,176 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ч.О шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийг 2021 оны 09 сарын 20-ны өдөр хүлээн авсан. Нэхэмжлэгч И.П нь Засаг даргын зөвлөлийн хурлаар 3 удаа орсон. Нэхэмжлэгчтэй албан хаагч нар нь хамтран ажиллах боломжгүй гэдэг. Хэрвээ И.Пыг ажилдаа эргэн орвол ажилчид нь ажлаасаа гарна гэсэн хүсэлт гаргасан. Энэ мэт алдаа дутагдлыг гаргасан. Би холбогдох материалтай танилцсан. Нэхэмжлэгчийг ажлаас халагдсанаас хойш 3 сарын хугацаанд ажлын байр нь сул байсан. Тэгээд Соёлын төвийн эрхлэгчээр өөр хүнийг ажиллуулсан. Энэ хүн өнөөдрийг хүртэл бид нартай ирж уулзаагүй. Ажилд нь эгүүлэн томилох шүүхийн шийдвэр 09 сард гарсан. Тухайн үед би коронавирусын халдвар аваад эмчилгээ хийлгэсэн. Мөн Мэргэжлийн хяналтын газраас манай суманд шалгалт ирсэн байсан. Би ажилдаа ороод Төрийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтнээ энэ хүний гэр лүү явуулахад гэрт нь хүн байгаагүй. 2 удаа гэр лүү нь хүн явуулсан. Шүүхийн шийдвэрийг дагаж нэхэмжлэгчийг ажилд нь буцаан томилно. Одоо Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байгаа Монголжинд ажил хүлээлцэхэд бэлдээрэй гэж хэлсэн. Энэ хүн Бугат суманд огт байдаггүй. Тийм байж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Одоо цаг үеийн нөхцөл байдлаас болж төсөв мөнгө танагдсан байгаа. Миний хувьд 6,000,000 төгрөгийн цалинг гаргаж, ажилд нь буцааж томилох саналтай байна.  Харин нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг гаргах ямар ч боломжгүй байна. Энэ хүн ажилдаа буцаж орохгүй байснаар нэхэмжлэлийн шаардлага нь нэмэгдэж байна. Одоо төрийн албаны нөхцөл байдал ямар байгаа билээ. Та хувь хүнд нэхэмжлэл гаргаагүй. Уг мөнгийг гаргаж өгөхөд манай байгууллагад хүндрэлтэй байна. Удирдах албан тушаал хашиж байсан хүний хувьд та үүнийг мэдэж байгаа. Бид бүхэн ковидын эсрэг зардлаасаа танд гаргаж өгнө. Тэгээд ч таньд бид бүхэнтэй хамт ажиллахад хэцүү байх гэж бодож байна. Бид бүхэн бусад зардлаасаа болон ямар нэг аргаар 6,000,000 төгрөгийг гаргах боломжтой. Харин 15,519,176 төгрөгийг гаргах ямар ч боломжгүй гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И.П нь хариуцагч Б сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 15,519,176 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шаны шүүхийн  2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 436 дугаар шийдвэрээр И.П-ыг Булган аймгийн Бугат сумын Соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоосон байх ба Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 530 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч И.П-ыг Булган аймгийн Бугат сумын Соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Бугат сумын Засаг даргын Тамгын газраас 6,040,467 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.П-д олгосугай” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба зохигчид эдгээр үйл баримтын талаар маргаагүй. 

Хариуцагч нь шүүхийн шийдвэрээр тогтоосон нөхөн олговрыг төлнө, бусад нөхөн олговрыг төлөх боломжгүй гэж маргаж байгаа хэдий ч ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд нь эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй ажил олгогч үүргээ биелүүлээгүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т зааснаар ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосноор шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийг шийдвэр гарснаар дуусгавар болно.

Хэдийгээр анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш зохигч хуульд зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхээ эдэлсэн боловч энэ хугацаа нь ажилтны цалин хөлсийг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж И.Пыг  Булган аймгийн Бугат сумын Соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилох хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хэвээр байна гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу ажилтан ажилд эгүүлэн тогтоогдсон бол ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулах үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасныг баримтлан И.Пын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагч Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газарт даалгах нь зүйтэй.

Нэхэмжлэгч И.Пын нэг сарын цалингийн дундаж хэмжээг 947,903 төгрөгөөр тооцон 2020 оны 05 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны буюу 16 сар 8 хоногийн цалинтай тэнцэх олговор /947903*16 сар=15,166,448 төгрөг, 8*44091=352,728 төгрөг/ 15,519,176 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Шүүх цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо И.П-ын №00997269 дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг үндэслэж тооцсон болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч 2020 оны 05 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 16 сар 8 хоногийн  цалинтай тэнцэх хэмжээний олговор 15,519,176 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Пад олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б сумын Засаг даргын Тамгын газраас И.П-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 15,519,176 /арван таван сая таван зуун арван есөн мянга нэг зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.П-д олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан И.Пын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И.Паас улсын тэмдэгтийн хураамжид 235, 546 /хоёр зуун гучин таван мянга таван зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулж ,Төрийн санд оруулж, хариуцагч Б сумын Засаг даргын Тамгын газраас 235, 546 /хоёр зуун гучин таван мянга таван зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ОДОНЧИМЭГ